мэдээ
С.Ган-Очир: Алтны нийлүүлэлт найман тонн байгаа ч оны эцэс гэхэд 20 тонн хүрнэ

Админ
2025 оны 10 сарын 08

16

Ашигт малтмал, газрын тосны газрын Хайгуул,ашиглалтын газрын дарга С.Ган-Очиртой ярилцлаа.
-Одоо алтны үнэ дэлхийн зах зээл дээр хамгийн дээд түвшиндээ хүрч байна. Гэтэл УИХ дээр алтыг зогсоогоод газрын ховор элемент дээр төвлөрч байна. Яагаад ингэх болсон бэ. Эсвэл танайх үүн дээр сайн ажиллаж чадаагүй юу?
-Алтны үнэ 3500 ам доллар гэх ханштай байна. Энэ бол түүхэндээ байгаагүй өндөр үнэ. Цаашид ч өсөх хандлагатай. Судалгаагаар 2026 он гэхэд алтны үнэ 3900 ам.долларт хүрнэ. Харин 2030 онд оргил үедээ буюу 5000 ам.долларт хүрнэ гэсэн. Үнэ өсөж байгаа энэ үед бид бүх борлуулалтаа хийх ёстой. Алтаа олборлохгүй юм уу гэдэг бол өрөөсгөл асуудал. Олборлолтын ажиллагаа өөрөө хүчин чадалтай. Манай алтны үйлдвэрлэл эрхлэгчдийн хүчин чадал, нөөцийн хэмжээнээс хамаараад 20 тонн орчим алт Монголбанкинд тушаана гэх төлөвлөгөө гарсан. Бид алтны уурхайнуудаас ирсэн төлөвлөлтийг нэгтгээд Монголбанкинд тушаах хэмжээгээ гаргадаг. Алтыг уул уурхайн бусад бүтээгдэхүүнүүд шиг шууд экспортолдог уу гэвэл үгүй. Хуулиараа зөвхөн Монголбанкинд тушаах үүрэгтэй. Хамгийн энгийнээр хэлэхэд, Монголбанк алтыг хүлээж аваад Эрдэнэсийн сангаа арвижуулаад үүгээрээ валютын нөөц бүрдүүлдэг юм.
-Алтны үйл ажиллагааг УИХ дээр зогсоогоод оронд нь газрын ховор элемент дээр төвлөрч байгаа юу?
-Алтыг зогсоосон шийдвэр ерөөсөө гараагүй. Өнөөдрийн байдлаар манай улсад алтны чиглэлээр 578 ашиглалтын тусгай зөвшөөрөл байгаа. Хэрэв УИХ дээр зогсоосон бол энэ тусгай зөвшөөрлүүдийг ч зогсооно. Тийм учраас ийм зүйл огт болоогүй. Өнөөдөр гэхэд алт олборлох боломжтой уулын ажлын төлөвлөгөө ирүүлсэн. Магадгүй “Алт-3” аян дээр иймэрхүү зогссон гэх асуудал үүссэн байх. Энэ бол алтныхаа үйлдвэрлэлийг эрчимжүүлэхийн тулд зарим нэг арга хэмжээг авах уу гэх саналыг манай яамнаас боловсруулсан юм. Үүнийг түр хугацаанд эргэж харсан нь дээр юм биш үү гэх байдлаар УИХ дээр зогсоосон. Түүнээс биш алтны үйл ажиллагааг зогсоосон шийдвэр биш.
-Энэ оны төсөвт 20 тонн алт олборлоно хэмээн тусгасан байдаг. Гэтэл одоогийн байдлаар ердөө наймхан тонн алт нийлүүлсэн байна. Ковидын үед гэхэд алтны экспорт үүнээс илүү байсан. Хил нээлттэй байхад яагаад буураад байна вэ?
-Энэ асуудалтай холбоотой хардалт яваад байгаа. Өөрөөр хэлбэл, хилийн хөдөлгөөн чөлөөтэй байх тусам хилээр хууль бус алт гараад байна уу гэх хардлага явж байна. Одоо гол асуудал бол 20 тонн алт тушаагдахгүй байгаа явдал шүү дээ. Ердөө наймхан тонн алт тушаагдсан байна гээд хардах эрх хэнд ч байгаа. Бид хууль бусаар алт хилээр гарч байна гэж хэлэхгүй. Гэхдээ бидэнд таамаг бий. Энэ нь алтны үнэ өсөөд буйтай холбоотой. Үнэ өсөөд байгаа учраас хүмүүс алтаа өөртөө хадгалж илүү их үнэ хүрэхийг нь хүлээж байгаа гэсэн үг. Гэхдээ алтыг тухайн санхүүгийн жилдээ багтааж тушаах хуультай. Оны эцэст алт тушаалт нэмэгддэг. Тэр жишээгээрээ л оны эцэст 20 тонн алт тушаагдах болов уу гэж бодож байгаа.
-Танайхаас хэчнээн тусгай зөвшөөрөл олгосон байгаа вэ?
-Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар ашиглалтын тусгай зөвшөөрөл 30 жилийн хугацаатай олгогддог. Харин хайгуулын тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаатай олгодог юм. Тодорхой шаардлагуудаа хангаж чадвал дахин гурван жилээр сунгадаг. Ийм байдлаар гурван удаа сунгуулах эрхтэй.
Яг энэ байдлаар өнөөдөр 1000 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр үйлчилж байна. Хайгуулын тусгай зөвшөөрөл өдөр бүр өөрчлөгдөж байдаг. Нэг газарт шинээр олгогдож байхад нөгөө газарт дуусгавар болж байх жишээтэй. Ашиглалтын 1700 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр үйлчилж байна. Нийтдээ 2700 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр явж байгаа гэсэн үг. Алтны чиглэлээр хайгуул хийж байгаа 400 тусгай зөвшөөрөл бий. Яг одоо 2025 онд хайгуул хийхээр төлөвлөгөө ирүүлсэн компаниудын мэдээллийг үзвэл 500 тусгай зөвшөөрлийн талбайд алтны хайгуул хийнэ гэсэн байгаа. 2024 онд хайгуул хийсэн компаниудын тайланг харвал 460 аж ахуйн нэгж алтны чиглэлээр хайгуул хийсэн байсан. Тэгэхээр үндсэндээ нийт хайгуул хийж байгаа компаниудын 50 хувь нь алтны чиглэлээр хайгуул хийж байна гэсэн үг.
-Алтны нөөцийн талаар ярихгүй юу?
-Энэ оны хувьд нийт 26 аж ахуйн нэгж алтны нөөц бүртгүүлнэ. Нийт дүнгээр нь тооцвол алтны нөөц 72 тонноор нэмэгдэх магадлалтай байна.
А.Даваадулам





Гуравдугаар улирлын НӨАТ-ын баримтыг өнөөдрийн дотор бүртгүүлээрэй
2025 оны гуравдугаар улирлын цахим төлбөрийн баримтаа 2025 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 23:59:59 цагаас өмнө бүртгүүлэн НӨАТ-ын б...
7 цагийн дараа
Улаанбаатар хотод энэ онд 100.9 км авто замыг бүрэн шинэчиллээ
2025 онд нийт 44 байршилд 104.4 км авто зам, замын байгууламжийг шинэчлэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 100.9 км авто замыг шинэ...
6 цагийн дараа
Галт тэрэгний гэмтлийг илрүүлж, ослоос сэргийлсэн төмөр замчин бүсгүйг шагнажээ
“УБТЗ” ХНН-т 3 дахь жилдээ ажиллаж буй, “Улхын-Овоо” зөрлөгийн жижүүр М.Оюунзул галт тэрэгний ноцтой осол, сүйрэл гарахаас сэргийлж ...
6 цагийн дараа
БОХХААБХ: Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгуулав
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан /2025.10.08/ 12 цаг 23 минутад гишүүдийн ирц...
6 цагийн дараа
С.Ган-Очир: Алтны нийлүүлэлт найман тонн байгаа ч оны эцэс гэхэд 20 тонн хүрнэ
Ашигт малтмал, газрын тосны газрын Хайгуул,ашиглалтын газрын дарга С.Ган-Очиртой ярилцлаа. -Одоо алтны үнэ дэлхийн зах зээл дээр хам...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд