мэдээ
Д.Батлут: Цэрэг хүн улс орныхоо төлөө зогсохдоо амьдралын баталгаагаа төрдөө итгэж даатгах эрхтэй

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН
2025 оны 10 сарын 10

50

УИХ-ын гишүүн , Батлан хамгаалахын сайд Д.Батлуттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-аар ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Энэ жилийн хувьд төсөв улс төрийн ээдрээтэй нөхцөлд хэлэлцэгдэж байгаа. Таны хувьд төсвийн асуудал улс төржиж байна гэж харж байна уу?
–Төсөв бол улс орны хөгжлийн чиг баримжаа, бодлогын гол баримт бичиг. Тиймээс төсвийг улс төрийн өнцгөөс ангид байлгаж бодит шаардлага, эдийн засгийн боломж, иргэдийн амьдралын чанарт тулгуурлан хэлэлцэх ёстой. Миний хувьд улс төрийн маргаанд төвлөрөх бус, төсвийн бодит хэрэгжилт, үр ашиг, хөрөнгө оруулалтын чиглэл зөв хуваарилагдаж байгаа эсэхэд илүү анхаарч байна. Өнөөдөр манай улс амаргүй нөхцөл байдалд байгаа хэдий ч эдийн засаг бага багаар сэргэж эхэлж байна. Энэ бол Засгийн газар богино хугацаанд маш хурдан арга хэмжээ авч, сайн ажилласны үр дүн гэж харж байгаа.
–Ирэх оны төсөвт Батлан хамгаалах салбарт ямар хэмжээний хөрөнгө туссан бэ. Төвлөрөх чиглэл нь юу байна?
-Ирэх онд батлан хамгаалах салбарын төсөв 2025 оноос өсөлттэй буюу нийт 790 гаруй тэрбум төгрөг тусгагдсан. Гэхдээ дэлхий нийт геополитикийн хурцадмал нөхцөлд байгаа энэ үед батлан хамгаалахын салбарын төсвөө ДНБ-ийхээ таван хувьд хүргэхээр зорьж байна. Манай улс ДНБ-ийхээ ердөө 0.6-0.7 хувийг батлан хамгаалахын салбартаа төсөвлөж байгаа нь хангалтгүй үзүүлэлт.
Тиймээс бид төсвөө нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Манай салбарын ирэх жилийн төсөв цалин, нийгмийн хамгааллын зардал төдийгүй материаллаг баазыг бэхжүүлэх, техник хэрэгслийн шинэчлэл, цэргийн барилга байгууламж, сургалтын орчны сайжруулалтруу чиглэнэ. Мөн бид дотоодын үйлдвэрлэлд түшиглэсэн хангамжийн тогтолцоог бүрдүүлэх зорилт тавьсан. Энэ нь урт хугацаандаа төсвийн дарамтыг бууруулж, үндэсний үйлдвэрлэлийг дэмжинэ.
-Гадаад нөхцөл байдал хурцадмал байна. Монгол Улс энэ нөхцөлд батлан хамгаалах салбараа хэрхэн бэхжүүлэх бодлого барьж байна вэ?
-Дэлхийн улс орнууд батлан хамгаалахаа эдийн засгийн салшгүй хэсэг гэж үздэг болсон. Монгол Улс ч мөн адил “хамгийн н а й д в а р т а й б а т а л г а а бол өөрийн бие даасан хамгаалах чадавх” гэдгийг ойлгож байна. Бид дунд, урт хугацаанд батлан хамгаалах салбарын техник, боловсон хүчний шинэчлэлийг үе шаттайгаар хийх, мөн төр, хувийн хэвшил, судалгааны байгуул л агын ха мтын ажиллагаанд тулгуурласан үндэсний батлан хамгаалах аж үйлдвэрийн суурь тавих зорилттой ажиллаж байна. Энэ хүрээнд кибер аюулгүй байдал хамгаалалт, командын удирдлагын орчин үеийн шийдэл, сургалтын симулятор, батлан хамгаалахын шинжлэх ухаан технологи инновацийн төвийг байгуулах зэрэг бодит төслүүд хэрэгжиж эхэлсэн. Мөн хууль эрх зүйн, бодлогын хүрээнд Улсын нисэхийн тухай хууль, Зэвсэгт хүчний зэвсэг техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлого, Үндэсний сөрөн тэсвэрлэх стратегийн баримт бичиг гээд хөгжил дагаж зайлшгүй шинэчлэх шаардлагатай бодлогын бичиг баримтуудыг боловсруулан, батлуулахаар ажиллаж байна.
–Сумны үйлдвэрийн хүчин чадал, бүтээг дэхүүний төрлийн талаар тодруулахгүй юу. Мөн экспортын боломж бий юу?
-Монгол Улс анх удаа өөрийн нутагт сумаа үйлдвэрлэдэг боллоо гэдэг нь стратегийн том алхам. Одоогоор үйлдвэр маань дотоодынхоо хэрэгцээнд бууны сум үйлдвэрлэж байгаа нь чанарын шаардлага, стандарт хангаж байна. Эхний зорилго нь дотоодын хэрэгцээг хангах байсан бол дунд хугацаанд найрсаг харилцаатай орнууд руу экспортлох боломжийг судалж байна. Мөн үйлдвэр зөвхөн сум бус зэвсгийн сэлбэг, хамгаалалтын хэрэгсэл, сургалтын хэрэглэгдэхүүн зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадавх руу шилжихээр төлөвлөсөн. Энэ нь батлан хамгаалах салбарын хувьд орлого бүрдүүлэх шинэ эх үүсвэр болно. Үйлдвэрийн хүчин чадал, бүтээгдэхүүний төрөл нь нууцын зэрэгт хамаардаг учраас олон нийтэд дэлгэх боломжгүй байдаг.
–Дотооддоо зэвсэг, хувцас, тоног хэрэглэл үйлдвэрлэх боломж бий юу?
– Боломж бий , бас шаардлага ч бий. Үндэсний үйлдвэрлэгчид цэргийн хувцас, хантааз, гутал, хамгаалалтын хэрэгслийн үйлдвэрлэлийг шат дараатай хөгжүүлж байна. Энд гол зорилго нь импортын хамаарлыг бууруулах, үндэсний үйлдвэрийн стандартыг олон улсын түвшинд хүргэх. Мөн дотоодын үйлдвэрүүдтэй хамтрахаас гадна бүтээгдэхүүн хөгжүүлэлт туршилтыг хийж өөрсдөө үйлдвэрлэдэг болох боломжийг судлан ажиллаж байгаа.
– Энхийг сахиулах ажиллагаанд оролцох сонирхол их байдаг. Энэ нь орлого нэмэгдүүлэх нэг хэлбэр гэж хүмүүс ойлгодог. Та үүнийг зөв гэж үзэж байна уу?
– Энхийг сахиулах ажиллагаа бол зөвхөн орлого олох хэрэгсэл биш, эх орноо төлөөлж, олон улсын энх тайванд хувь нэмэр оруулах эрхэм үүрэг. Нөгөөтэйгүүр, манай цэргийн албан хаагчдын хувьд энэ нь амьдралаа дэмжих боломж гэдэгтэй маргахгүй. Тиймээс бид дотооддоо ч цэргийн албан хаагчдын цалин, нийгмийн баталгааг шат дараатай нэмэгдүүлэх, орон сууц, сургалт, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах бодлого хэрэгжүүлж байна. Цэрэг хүн улс орныхоо төлөө зогсохдоо амьдралын баталгаагаа төрдөө итгэж даатгах эрхтэй.
–Цэрэг татлага явагдаж байна. Залуусын цэрэгт явах сонирхол нэмэгдэж байна уу?
-Тийм. Сүүлийн жилүүдэд залуусын хандлага илт өөрчлөгдөж байна. Цэргийн албыг зөвхөн үүрэг бус, амьдралын дадлага , хувь хүний төлөвшлийн сургууль, жинхэнэ нөхөрлөл бий болдог газар гэж ойлгодог болсон. Манай салбараас хэрэгжүүлж буй “Мэргэжилтэй цэрэг” хөтөлбөрийн хүрээнд цэргийн албан хаагчид жолооч, цахилгаанчин, гагнуурчин, хэлний сургалт зэрэг мэргэжлийн сургалтад хамрагдаж байна. Энэ нь цэргийн албанаас халагдсан залуусыг ажлын байранд бэлтгэж гаргах бодит хөтөлбөр юм.
–Та сайдаар ажиллаад 100 гаруй хонолоо. Энэ хугацаанд салбарын хамгийн тулгамдсан асуудал юу байна вэ?
– Батлан хамгаалах салбар өргөн цар хүрээтэй. Тулгамдсан асуудал олон ч гурван чиглэлд анхаарч байна. Нэгдүгээрт, материаллаг бааз, техник шинэчлэл. Олон жил хөрөнгө оруулалт хомс байсан учир шинэчлэл зайлшгүй. Хоёрдугаарт, цэргийн албан хаагчдын нийгмийн баталгаа, цалин, орон сууцны асуудал. Гуравдугаарт, дотоодын үйлдвэрлэл, технологийн чадавхыг нэмэгдүүлэх. Эдгээрийг бодлого, төсөв, гадаад хамтын ажиллагааны түвшинд зэрэг хөгжүүлэх шаардлагатай гэж үзсэн. Үүнийхээ хүрээнд ч бодлогын түвшинд, салбарын түвшинд, нөөц бололцоондоо тулгуурлан ажиллаж, мотобуудлага- экологийн, нисгэгчгүй нисэх технологийн анги зэрэг шинэ цэргийн ангиудыг үүсгэх, орон сууцны урьдчилгаа дэмжлэгт 100 гаруй албан хаагчийг хамруулж, энхийг д э м ж и х а ж и л л а г а а н ы нөхөн олговрын хэмжээг 80/20 болгон нэмэгдүүлэх, Шинжлэх ухаан, технологи инновацийн төвийг байгуулж эрдэмтдийнхээ бүтээлийг дэмжих, хэрэглээнд нэвтрүүлэх, дотоодын үйлдвэрлэлүүдийг бий болгох, цэргийн алба хаагчдынхаа ар гэрийг өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжоор хангаж тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх зэргээр олон ажлуудын эхлэлүүдийг амжилттай тавьж чадсан.
–Сошиал орчинд таны нэрийг сэлэм, хутга дээр сийлсэн гэх мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?
-Үгүй. Энэ бол үндэслэлгүй, санаатайгаар тараасан мэдээлэл. Батлан хамгаалах салбарт элэгт э й “ Зэв ” залуусын холбооныхон үйл ажиллагаагаа танилцуулж, хамтран ажиллах санал солилцох үеэр өөрсдийн брэнд дурсгалын зүйл болох сэлмэн дээр миний нэрийг бичиж дурсгасан ийм л үйл явдал болсон. Өнөөдөр цахим орчинд улс төрийн зорилготой гүтгэлэг, төөрөгдүүлэлт их гарч байгаад харамсалтай байна. Манай улсын ардчиллын үнэт зүйлс, гол хэмжүүрүүдийн нэг нь хэвлэлийн эрх чөлөө байдаг. Гэтэл хэвлэлийнхэн маань хэн нэгний халаасанд багтаж юу ч хийхээс буцахгүй болсонд харамсаж байна.
– Засгийн газрын тогтвортой байдал эмзэг байна. Зарим нь огцруулах асуудал яриад эхэллээ. Таны хувьд улс төрд өрнөж байгаа үйл явдалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Төрийн тогтвортой байдал бол хөгжлийн үндэс. Засгийн газрын огцрох, солигдох асуудал улс төрийн цикль бүрд яригддаг. Гэвч төрийн бодлого, ялангуяа батлан хамгаалах, эдийн засаг, боловсролын салбарын бодлого урт хугацааны тогтвортой байдалтай байх ёстой. Төрийн тогтворгүй байдалд хамгийн түрүүнд хохирдог нь ард иргэд, бизнес эрхлэгчид, эдийн засаг байдаг. Тиймээс би хувьдаа аль болох төр тогтвортой, төрийн түшээд хариуцлагатай байж эхлүүлсэн ажлаа дуусгадаг, ард иргэдээр дүнгээ тавиулж, алдаа гаргасан, ажлаа хийж чадаагүй бол хариуцлага тооцдог эрүүл систем рүү орох хэрэгтэй гэж үзэж байна.
-Танай намын дотоод асуудал төрийн асуудал болж хувирлаа гэж шүүмжилж байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Нам доторх асуудал бол аливаа байгууллагын дотоод хяналт, шинэчлэлийн нэг хэлбэр. Үүнийг төрийн бодлогоос салгаж ойлгох ёстой. Гэхдээ нүүрсний хулгайд нэр холбогдсон, ард түмний баялагт гар дүрсэн хэн ч монгол түмнийг төлөөлөх эрхгүй. Энэ бол үнэт зүйл, ёс зүйн асуудал. Нүүрсний хэрэгт холбогдож баялагт гараа дүрсэн эсэх нь иргэдэд эргэлзээ төрүүлж байгаа ийм нөхцөл байдалд хэн ч байсан ажлаа өгөөд шалгуулчих хэрэгтэй . Үнэнээ тогтоолгож, нэрээ цэвэрлэх нь зарчмын хувьд ч, намын үзэл санааны хувьд ч маш том үлгэрлэл болно. Мөн авлигатай тэмцсэн гишүүдийг биш, авлигатай холбогдсон этгээдүүдийг намаас хөөдөг тогтолцоо руу шилжихгүй бол ард түмэн хэнд нь итгэхээ мэдэхгүй, итгэл алдарч байна . Тиймээс бид урагш харж намын дотоод зөрчлөөс илүү ард түмний итгэл, улсын хөгжлийг тэргүүн эгнээнд тавьж, тогтвортойгоор ажиллах ёстой гэсэн байр суурьтай байна.





Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Моди...
8 цагийн дараа
Х.Нямбаатар: Дамбадаржаа станцын үйлдвэрлэсэн дулааны 60 хувийг Сэлбэ, 40 хувийг Дамбадаржаа дэд төв рүү нийлүүлнэ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын бар...
7 цагийн дараа
БНКУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хорхе Феррер Родригестэй уулзлаа
Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Кубын парламентын бүлгийн дарга Ө.Шижир Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин...
7 цагийн дараа
Өнөөдөр Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр
Жил бүрийн 10 дугаар сарын 10-ны өдрийг дэлхий нийтээр сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жил “Гамшиг...
6 цагийн дараа
Аравдугаар сарын 13-15-нд нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ
2025 оны аравдугаар сарын 10-19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Аравдугаар сарын 13-15-нд нутгийн хойд хэсгээр нойтон цас,...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд