гадаад
Нобелийн энх тайвны шагнал ба АНУ-ын ерөнхийлөгч

Админ
2025 оны 10 сарын 13

51

Израиль болон ХАМАС Америкийн Нэгдсэн Улсын энхийн төлөвлөгөөний эхний шатанд гарын үсэг зурж, өнгөрсөн баасан гарагт Израиль Газын зурвасын тодорхой бүсэд цэргээ татаж, ХАМАС 72 цагийн дотор буюу өнөөдөр Израилийн барьцаалагдсан хүмүүсийг суллах болов. Тель-Авивийн төв талбайд олон мянган хүмүүс “Баярлалаа, Трамп! Баярлалаа, Виткофф!” гэсэн уриа барьж жагсав. Гэтэл энэ оны Нобелийн энх тайвны шагналыг АНУ-ын ерөнхийлөгч бус Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мария Корина Мачадо гардав. Учир нь түүхчид, судлаачид одоогийн АНУ-ын ерөнхийлөгчийг цэрэгжсэн, дайн тулааны бодлого баримталдаг улстөрч учир энэ шагналыг авах ёсгүй гэж байсан билээ. Харин түүхэнд яг ийм нөхцөлд Нобелийн энх тайвны шагнал авсан ерөнхийлөгч АНУ-ын ерөнхийлөгч л байсан юм.
Нобелийн энх тайвны шагнал авсан АНУ-ын дөрвөн ерөнхийлөгч бий. Тухайн үедээ аль хэдийнэ Цагаан ордноос явсан байсан ч зөвхөн улстөрч бус, хүн төрөлхтний энх тайванд хувь нэмэр оруулсан ёс зүйтэй удирдагч хэмээн Жимми Картерт 2002 онд энэ шагналыг олгосон. Барак Обама АНУ-ын оролцоотой дайнд өртсөн улсуудад очиж уучлалт гуйсан учир төрийн тэргүүн болсон эхний жилдээ “олон улсын дипломат ёс ба хүмүүс хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлсэн” гэж энэ шагналаар шагнагдсан. Вудро Вильсонд дэлхийн I дайны дараа НҮБ-ын оронд байсан Үндэстнүүдийн холбоо(League of Nations)-г байгуулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж 1919 онд уг шагналыг олгосон. Тэгвэл ерөнхийлөгч Теодор Рузвельт Орос болон Японы хооронд эвлэрэл тогтоосны төлөө Нобелийн энх тайвны шагнал авсан анхны америк хүн болж байсан билээ. Энэхүү шийдвэр дэлхий нийтэд маргаан дагуулж, ялангуяа Европын хэвлэлүүд Рузвельтэд энэ шагналыг олгосны дараа элдвээр шүүмжилж бүр “Альфред Нобель авсан дотроо эргэж, уруугаа харсан байх” гэж бичиж байв.
Рузвельт 1897 онд ерөнхийлөгч МакКинлийн засаглалд тэнгисийн цэргийн орлогч сайд болов. Энэ нь АНУ-ын гадаад бодлогын хувьд эргэлтийн үе, тусгаар тогтносон бодлогоос империализм руу шилжиж, өнөөдрийн Трампын “Бид зөвхөн АНУ-ыг бодох ёстой” гэдэг “Монро зарчим”-ыг өөрчилж байсан цаг байв. Иймээс Америкийн Нэгдсэн Улс 1898 онд Испанид дайн зарлаж, дараа нь Куба, Филиппин, Пуэрто-Риког түрэмгийлж, Хавайг эзэмшилдээ оруулав. Тэр үед залуу улс төрийн од Рузвельт олон улсын асуудалд цэргийн хүчээр оролцох ёстой гэдгийг дэмжигч нэгэн байв. Иймээс Теодор Рузвельт тэр үед яг өнөөдрийн Дональд Трамп шиг “эх оронч” хүчний бэлгэ тэмдэг болсон юм. Учир нь тэрээр сайдын албан тушаалаа орхиж, Америк-Испанийн дайнд сайн дураараа оролцож “Рузвельтийн зоригт морьтон” хэмээн нэрлэгдсэн сайн дурын I морин цэргийн ангийг удирдаж, алдаршсан юм. Рузвельт Кубад Сан-Хуан толгодыг эзлэн авсан, Сантьяго-де-Кубагийн бүслэлтэд шийдвэрлэх хувь нэмэр оруулсан баатраар тодрон буцаж ирсэн бөгөөд удалгүй 1900 онд АНУ-ын ерөнхийлөгч МакКинлийн дэргэд дэд ерөнхийлөгчөөр сонгогдов. Тэрээр “Зөөлөн бас бага ярь, гэхдээ гартаа том муна барь. Тэгвэл чи хол явна” гэсэн уриа дэвшүүлсэн бөгөөд амьдралынхаа туршид энэ үгийг олон удаа давтан хэлсэн билээ. Иймээс Рузвельтийг том муна барьснаар дүрсэлдэг болов. Ерөнхийлөгч МакКинли 1901 оны есдүгээр сарын 14-нд буудуулан шархаа даалгүй нас барж, энэ өдөр Рузвельт ерөнхийлөгчийн тангараг өргөв.
Орос-Японы дайнд оролцогч талуудын хүч 1905 оны зун гэхэд бараг шавхагдав. Орос улс гуравдугаар сард Мүгдэнгийн тулалдаанд бут цохиулж, таван сард Японы тэнгисийн цэрэг Цусимын хоолойд оросын хөлөг онгоцны бүлгийг устгасан байна. Орос дайнд ялагдаж, Япон ч мөн бүх нөөцөө шавхжээ. Теодор Рузвельт эхэндээ Японыг дэмжиж байсан боловч удалгүй Вашингтонд хоёр талын хэт давамгайлал ашиггүй гэж үзжээ. Тэрээр Хятад улсаас төвийг сахисан байр суурьтай байхыг хүсэж, Европын гүрнүүд энэ нөхцөл байдлаас ашиг хонжоо олчих байх гэж болгоомжилж байв. Иймээс Рузвельт 1904 онд талуудыг эвлэрүүлэх гэж оролдсон ч Япон, Орос хоёр хоёулаа ялалтдаа итгэлтэй байсан учир түүний энэ оролдлого бүтэлгүйтэв. Харин 1905 онд энх тайван тогтоох нь хоёр талд ашигтай болсон ч зуучлагч хэрэгтэй болсон бөгөөд энэ үүргийг Рузвельт дуртай нь аргагүй гүйцэтгэв. Япон тавдугаар сарын 31-нд нууцаар Рузвельтэд хандаж туслахыг хүссэн бол Санкт-Петербург “ялалт хүртэл дайтна” хэмээн албан ёсоор мэдэгдэж байсан ч II Николай хаан Рузвельтээс нууцаар санал ирвэл Японтой шууд хэлэлцээр хийхэд бэлэн гэдгээ ойлгуулав. Ийнхүү АНУ-ын ерөнхийлөгч албан ёсоор талуудыг энхийн хэлэлцээ хийхийг уриалав. Япон зургадугаар сарын 10-нд зөвшөөрсөн хариу ирүүлсэн бол үүнээс хоёр хоногийн дараа Оросууд ч зөвшөөрөв. Ийнхүү АНУ-ын ерөнхийлөгч Теодор Рузвельт хоёр улсыг Нью-Хэмпшир мужийн Портсмут хотод уулзахыг урьснаар энхийн хэлэлцээ эхэлжээ. Байлдаж байгаа хоёр улсын төлөөлөгчид Ойстер-Бэй буланд зогссон “Mayflower” нэртэй байлдааны хөлөг дээр наймдугаар сарын 5-нд уулзав. АНУ-ын ерөнхийлөгч зочломтгой эзний дүрээр оролцож, оролцогчдыг дарс, зуушаар дайлжээ. Хэлэлцээр найрсаг уур амьсгалтай өрнөсөн ч зарим маргаантай асуудал шийдэгдэхгүй хэвээр байлаа. Япон улс нөхөн төлбөр болон Сахалиныг авах эрх шаардаж байсан бол Орос үүнийг эрс эсэргүүцэв. Хэлэлцээ нурж магадгүй болсон мөчид Рузвельт хөндлөнгөөс шууд оролцох тактик хэрэглэв. АНУ-ын ерөнхийлөгч талуудтай тус бүртэй нь нууц хэлэлцээ хийж, тохиролцоонд хүрэхийг ятгажээ. Тэрээр II Николай ямар ч нөхцөлд нөхөн төлбөрийг зөвшөөрөхгүй гэдгийг Японы элч Канэкод дамжуулсан боловч Орос япончуудын эзэмшилд орсон Сахалины хойд хагасыг өгөхөд бэлэн байгааг зориуд дурдсангүй. Ийнхүү хэлэлцээний сүүлчийн шатанд хэлэлцээ ширүүн байдалд өрнөж, Оросын гол төлөөлөгч, сайд нарын хорооны дарга Сергей Витте Японы нөхцөлийг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн бол Японы Гадаад хэргийн сайд Комура Сахалины арлыг авч, оронд нь нөхөн төлбөрөөс татгалзах санал тавив. Витте дахин татгалзсан ч Комура хамгийн сүүлчийн санал болох нөхөн төлбөрөөс бүр мөсөн татгалзаж, зөвхөн Сахалины өмнөд хэсгийг авах санал тавив. Ингэснээр гэрээ байгуулагдаж, энэхүү энхийн гэрээний үр дүнд Оросууд ч, Япончууд ч сэтгэл дундуур үлдсэн юм. Орост Виттег “Хагас Сахалины гүн” гэж хочлох болж, Японд гэрээний нөхцөлийг эсэргүүцсэн асар том жагсаал, үймээн гарчээ. Харин Рузвельт хоёр тал мухардалд орсон үед дипломат аргаар, далдуур тохиролцоо хийж чадсан юм. Энэ бүхэн Евразид өөрийн нөлөөтэй болох гэсэн АНУ-д төдийгүй, ерөнхийлөгчид нь ч ашигтай тусав. American Monthly Review of Reviews сэтгүүл 1905 оны 10 сард “Америкийн ард түмэн Теодор Рузвельт болон Орос-Японы дайнд талархах ёстой. Учир нь энэ дайн бидэнд, бидний ерөнхийлөгчид дэлхийд энхийг эрхэмлэдэг үндэстэн гэдгээ, ‘том муна’ барьдаг ч гэлээ үнэндээ энхийг эрхэмлэгч хүн гэдгээ харуулах боломж олголоо” хэмээн бичив. Ийнхүү 1906 оны 12 дугаар сарын 10-нд Нобелийн хороо “Япон ба Оросын хоорондох цуст дайныг зогсооход гүйцэтгэсэн үүргийнх нь төлөө” хэмээн тодорхойлж Теодор Рузвельтэд Энх тайвны Нобелийн шагнал олгожээ. Харин Рузвельт ерөнхийлөгчийн завгүй ажлаас болж, шагнал гардуулах ёслолд очоогүй бөгөөд уламжлал болсон Нобелийн лекцээ Цагаан ордноос гарсныхаа дараа 1910 онд Ослод уншсан билээ. Харин энэхүү шагнал олон хүний гайхширал, уур, шүүмжлэл дагуулсан юм. Учир нь АНУ-ын ерөнхийлөгч Рузвельтийн өмнө Нобелийн энх тайвны шагналыг нийгмийн зүтгэлтнүүд, жинхэнэ энхийг эрхэмлэгчид хүртэж байсан бол дайнд дуртай ерөнхийлөгчид шагнал олгосон нь энэ уламжлалд огтхон ч нийцэхгүй байсан хэрэг. Иймээс Германы Berliner Tageblatt сонин “Альфред Нобель үүнийг мэдсэн бол айж цочоод булшнаасаа босох байсан” гэж бичиж байв. Сэтгүүлчид “Дайн бол ичгүүртэй энх тайвнаас дээр” гэсэн түүний хэлэх дуртай үгийг нь сануулж, Норвегийн зүүнийхэн түүнийг “дайчин солиот”, “империалист” гэж нэрлэж, харин Шведийн сонинууд “Норвеги америкчуудад саймширч, нөлөө бүхий найзтай болохын тулд энэ шагналыг өгсөн” гэж бичжээ. Түүхэнд урьд өмнө нь Нобелийн шагнал ийм их маргаан дагуулж байсан удаа байгаагүй юм.
Өнөөдөр Орос улс Хятадын вассаал болж, Бээжин Путины дэглэмийг торгоож буй нь тодорхой болсон. Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт Бээжин газрын ховор металлын экспортыг бууруулах шийдвэр гаргасныг эрс эсэргүүцэж “Хятад маш хачирхалтай зүйл хийж байна! Хятад дайсагнаж, дэлхийг барьцаалах оролдлого хийж байна. Иймээс ирэх сарын эхний өдрөөс эхлэн БНХАУ-аас импортлох бараа бүтээгдэхүүнд 100 хувийн татвар ногдуулж, программ хангамжид экспортын хатуу хяналт тавих болно” гэж мэдэгджээ. Бээжин хариуд нь “АНУ-тай холбоотой, Америкийн компаниудын эзэмшиж байгаа болон түрээсийн хөлөг онгоцнуудад боомтын шинэ хураамж ногдуулна” гэж мэдэгдэв. Энэ бүхэн АНУ-ын ерөнхийлөгч дарангуйллын тогтолцооны эсрэг талыг дэмжиж Америкийн Венесуэл, Африкийн Эритрея, Азийн Иран, Европын Оросын өнөөгийн дарангуйллын дэглэмийг нураан ирэх оны Нобелийн энх тайвны шагналыг авах болно. Харин тэр үед сэтгүүлчид түүнийг яг л Теодор Рузвельттэй адил “балбах” болно. Гэхдээ л АНУ-ын энэ хоёр ерөнхийлөгч Нобелийн энх тайвны шагналтан гэж бидний түүхэнд үлдэнэ.
Бэлтгэсэн Г.АМАРСАНАА





“Эмээлт”-д хонь 150.000-300.000 төгрөг байна
“Эмээлт” захын амьд малын үнэ, ханшийн /2025.10.14/ мэдээллийг хүргэж байна. Ямаа- 120.000-220.000 төгрөг Хонь- 150.000-300.00...
7 цагийн дараа
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
2025 оны 10-р сарын 13-ны 20 цагаас 2025 оны 10-р сарын 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Ихэнх нутга...
7 цагийн дараа
Энэ сард олгох хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас аравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халам...
6 цагийн дараа
Өвлийн дугуй нь халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг
Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан жолооч та өвлийн дугуйгаа сольж, өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй ...
6 цагийн дараа
Засгийн газар огцрох тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих магадлалтай учир огцроход хэцүү л байх шиг
УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барьснаар уг асуудлыг өнгөрсөн баасан гарагаас эхлээд Төрийн б...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд