мэдээ
Ж.Золжаргал: Монголд улс төрийн нам ерөөсөө болохгүй байна

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ
2025 оны 10 сарын 20

149

Улсын Их хурлын гишүүн Ж.Золжаргалтай ярилцлаа.
-Парламент нь ирцээ бүрдүүлж чадахгүй өдөржин, шөнөжин хүлээсэн анхны тохиолдол болчих шиг боллоо. Үүнийг та юу гэж харж байна вэ?
-Парламентын засаглалтай улсад нам хамгийн том улс төрийн нөлөө үзүүлдэг хүчин байдаг. Тэгэхээр намын хямрал аюултай болохыг энэ удаагийн тохиолдол харууллаа.
Миний харж байгаагаар энэ бол намын дотоод маргаанаас л үүдэлтэй. Тийм болохоор нам дээрээ очиж л шийдэгдэх байх. Энэ хооронд төрөөр тоглож байгаа нь маш харамсалтай болон аюултай нөхцөл байдлыг үүсгэлээ. Миний хувьд энэ хоёр фракцын аль ч талд нь гарын үсэг зураагүй. Харин ирц бүрдэнгүүт хуралдаа орж суусан. Би бол Засгийн газар нь тогтвортой ажиллах хэрэгтэй гэж үзсэн. УИХ-ын даргын хувьд ч огцруулахын эсрэг санал өгсөн.
-Яагаад?
-Учир нь энэ мэт асуудалдаа гишүүдийг элсүүлж, ятгаж, хоёр хувааж байгаа нь цааш цаашдаа их хортой үзэгдэл. Ийм байдал дахиад ч гарна. Тэр бүрд нь ийм маргаантай байдлаар хурлаа зохион байгуулдаг, шахдаг, айлгадаг, дарамталдаг байж болохгүй.
Бид янз бүрийн үндэслэл ярьж байгаад огцруулчихлаа. Миний бодлоор энэ огцролтууд юм өөрчлөхгүй. Тэдний намын хурлаар л дараагийнхаа Ерөнхий сайдыг гаргаж ирнэ шүү дээ. Нэгэнт л арваннэгдүгээр сар гаргаад МАН Их хурлаа хийх гэж байж энэ хооронд төрийн гурван өндөрлөгийнхөө хоёрыг нь огцруулж яах гээд байсан юм. Ингэж тоглоом хийж болохгүй. Олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, Монголын эдийн засаг ч сайнгүй, өвөл болж байдаг. Ийм үед эрх баригч намын зодоон дээр бусад намууд нь оролцоод, хоёр хуваагдаад байх нь буруу.
-Цаашдаа хаана очиж энэ асуудал дуусах юм бэ?
-Нэгдүгээрт, Цэцийн шийдвэр яаж гарахаас хамаарна. Хэрвээ Үндсэн хууль зөрчсөн гээд үзчих юм бол Засгийн газрыг огцруулсан асуудал хүчингүй болно. Тэгэхээр Засгийн газар нь үргэлжлээд ажиллана. Бас нэг яриа байгаа нь Ерөнхийлөгч хориг тавьж болзошгүй гээд байгаа. Хэрэв ингэх юм бол хоригийг хүлээж авах эсэх талаар чуулган хуралдаж таарна. Нөгөө талдаа Үндсэн хуулийн зөрчилгүй байна гэж үзвэл шинээр Ерөнхий сайдад нэр дэвшигчээ эрх баригч намынхан гаргана. Тэрийг нь дэмжих үү, үгүй юу гэдэг асуудал байна. Нөгөө л нэг хуваагдсан хоёр фракц чинь байж л байгаа шүү дээ. Ингэсээр Ерөнхий сайдыг томилох хугацаандаа амжихгүй бол парламент тарах нөхцөл үүсч болно.
-Дээрээс нь төсөв батлах хугацаа гэж бий?
-Тийм, Ерөнхий сайд нь огцорчихсон, парламент нь тарчихсан, Ерөнхийлөгчөө татчихсан нөхцөл үүсвэл яах вэ. Ер нь улс төрийн сонин хаус, вакум маягийн зүйл үүсч магадгүй байна. Ийм үед УИХ-ын гишүүд маш болгоомжтой, намаа биш улсаа бодож асуудалд хандах хэрэгтэй байна. Тэгж чадахгүй бол тарсан ч яахав дээ.
-Засаг огцруулсан нь Үндсэн хуулийн зөрчилгүй гээд үзчихвэл дараагийн засаг хэрхэн бүрдэх бол. Танай намд дахиад санал тавих болов уу?
-Олон намын оролцоотой парламент чинь том намууд нь жижгүүдийгээ нэгтгэж аваад л засгаа байгуулаад явдаг. Тэр нь нэг талдаа тэнцвэр, хяналттай гэдгээрээ зөв байдаг байх. Хамтарсан засаг гэж ноднин жилийн анхны Засгийн газар бол парламентын 90 орчим хувь нь хамтраад байгуулсан болохоор парламент нь үгнээс нь гарахаа больчихсон. Түүгээрээ аюултай байсан. Одоо энэ удаагийн засаг болохоор хамтарснаасаа болж унаагүй. Эрх баригч намын дотоод зодооноос болж унаж байгаа. Хоорондоо тохироод л засгаа байгуулах байх. Хамгийн их санаа зовж байгаа юм бол Монголд нам ерөөсөө болохгүй байна.
-Нам яагаад болохгүй байна вэ?
-Намыг улс төрийн чиг баримжаатай, арга барил ойролцоо, нэг зорилго тавьчихсан баг гэж хэлж болно. Тэр баг нь бодлого хэрэгжүүлэх зорилготой. Гэтэл үнэн бодит байдал дээр Монголын намууд, ялангуяа эрх баригч намынхан эдийн засаг нь төсвөөс хэт хамааралтай болчихсон учраас ашиг сонирхлоороо холбогдсон хүмүүсийн клуб хэлбэртэй болсон. Тэгээд улс төр, шийдвэр гаргалтад ойрхон байснаараа өөрийнх нь бизнес томордог. Хүрээллийнхээ бизнесийг төрөөр дамжуулж тэтгэдэг. Ингээд элит маягийн хүрээлэл үүсгэчихсэн байдал бий болчихсон. Энэ улс төрийн бужигнааны үеэр би гадуур нэлээд явж хүмүүстэй уулзсан. Тэгж байхад тэр засаг солигдох үгүй нь бидэнд ямар хамаатай юм, нам л болохгүй байна гэсэн зүйл ярьж байгаа юм.
-Намыг тэгээд яаж өөрчлөх юм бэ?
-Ерөөсөө төрийн мөнгөнөөс л намыг холдуулах хэрэгтэй. Нам бол бодлогын байгууллага. Түүнээс биш аж ахуй эрхлээд, түүнтэй нь холбоотой бизнесээ тэтгэдэг бүлэглэл үүсэх юм бол цаашдаа энэ хагарал бүр томорно. Тиймээс төрийн өмчит компаниудыг нээлттэй хувьцаат компани болгох ёстой. Нүүрсний хулгай гээд байгаа зүйл чинь төрийн өмчит компани дээр л үүссэн. Тэнд нууцаар гэрээ байгуулдаг, хямдаар нүүрс зардаг, дундаас нь зөрүүг нь хуваадаг. Түүнийг улсын нууцад явдаг. Энэ болгоноо төрийн өмчит компаниар дамжуулж хийдэг. Ноднин жилийн төсвийн үеэр энэ асуудал нэлээд яригдсан. Харамсалтай нь ямар нэгэн дэвшил гарсангүй. Хоёрдугаарт, Улс төрийн намын тухай хууль хэрэгжиж эхэлж байгаа. Үүн дээр санхүүжилтийг ил тод болгон нэлээд зүйл нэмэгдсэн. Энэ хуулиар нам нэг данстай байх ёстой. Гэтэл саяхан олон данстай байя гэсэн нэмэлт, өөрчлөлт өргөн барьчихсан. Үүнийг би буцаж байгаа алхам гэж үзэж байгаа. Олон данстай байх тусмаа олон янзын гүйлгээг, олон нэрээр хийх боломжтой болно. Тийм ч учраас ингэж буцаж болохгүй гэсэн байр суурьтай байгаа. Намын бас нэг болохгүй байгаа зүйл нь бид 300 мянган гишүүнтэй гэж бахархаж ярьдаг. Ингэж ярихаасаа ичих хэрэгтэй. Тэр Лениний үеийн намын тогтолцоо чинь байхгүй болсон. Ингэж
хатуу гишүүнчлэлтэй нам байна гэдэг чинь нам тойрсон бизнес, амьжиргаа, хэсгйин ахлагч, хорооны ажилтнууд бүгдээрээ улс төрөөс их, бага хэмжээгээр өөрсдөдөө давуу байдал олж авдаг. Энэ тогтолцоонд тэр 300 мянган хүн чинь байгаад байна. Тэд тэжээгдэх шаардлагатай болно. Тэжээхийн тулд мөнгө хэрэгтэй. Харин мөнгийг нь төрийн өмчит компаниудад зувчуулна. Ингэхээр хүссэн хүсээгүй хулгай хийж байж нам оршин тогтнох тогтолцоо руу орчихож байгаа юм. Тийм болохоор хатуу гишүүнчлэл гэдэг зүйлээс татгалзах ёстой. Үүнээс яаралтай салахгүй бол улс төрийн энэ бохир байдал хэзээ ч арилахгүй. Мөн нэг зүйлийг би нэмж хэлмээр байна.
-Тэр нь юу вэ?
-УИХ-ын дарга нүүрсний хулгайд орооцолдсон гэж мэдэгдэл хийсэн. Түүнээс болж УИХ-ын даргыг шалгах, нөгөө талдаа ийм үндэслэлгүй зүйл ярьсан гэж Засгийн газрыг унагах хоёр акц явагдлаа. Ноцтой асуудал мөн үү гэвэл мөн. Гэхдээ Засгийн газрыг огцруулах үндэслэлийг би тэр бичиг дотор нь олж хараагүй. Нөгөө талдаа УИХ-ын даргыг огцруулах бичигт ч баримттай үндэслэл байгаагүй. Тэгэхээр энэ чинь улс төрийн тэмцэл явж байгаа юм. Хэрвээ УИХ-ын даргыг шалгах асуудал бодитой юм бол прокурор яагаад одоо болтол чимээгүй байна вэ. Тэр мэдээллээ гаргаад тавих хэрэгтэй. Шалгалт явуулж байгаа юм уу. Эсвэл огт шалгагдаагүй юм уу. Энэ бүхнээ хэлчих хэрэгтэй. Санал болгож, томилуулсан прокурор нь таг чиг байхад Ерөнхийлөгч хаана байна. Үүн дээр дуугарч, шахаж шаардах хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхгүй бол намын тэмцэл чинь төрөөр тоглоод дууслаа.





С.Төмөрбаатар: ДЦС-З даац нь хэтэрсэн ачаатай, шинэ жолоочтой хуучин машин шиг байгаа
Монгол Улсын зөвлөх инженер, Эрчим хүчний зохицуулах хорооны Зөвлөх зөвлөлийн гишүүн С.Төмөрбаатартай ярилцлаа. -Эрчим хүчний салбар...
7 цагийн дараа
Нийт хорогдсон малын 37.2 хувийг хонь, 37.9 хувийг ямаа эзэлж байна
Улсын хэмжээнд оны эхний есөн сарын байдлаар том малын зүй бус хорогдол 198.6 мянга болж, өмнөх оны мөн үеэс 7.9 саяар буюу 97.6 хув...
7 цагийн дараа
Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дараалал…
Улсын их хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы 2025 оны 10 дугаар сарын 20-ноос 24-ний өдрийн Хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, д...
6 цагийн дараа
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдах нь өвчлөл хүндрэхээс сэргийлнэ
Хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаа энэ үед амьсгалын замын халдварт өвнөөр өвдөх эрсдэл нэмэгддэг. Тиймээс энэхүү эрсдэлээс урьдчил...
5 цагийн дараа
Нисэхийн тойргоос тэмээтэй хөшөө хүртэл авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж нийтийн тээврийн автобус явуулна
НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагийн гүүр орчмын авто замын ө...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд