Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 20

Валютын ханш

value

мэдээ

Нүүрсний ерөнхий менежер нь Төр

trend

Админ

img

2025 оны 10 сарын 20

img

28

news-img

Өнөөдөр Монгол Улсад засаглалын хямрал болж байна. Түүхэндээ анх удаа УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр нь зэрэг огцорч, Үндэсний аюулгүй Байдлын зөвлөл нь ганцхан гишүүнтэй үлдсэн амаргүй нөхцөл байдалд оров. Ээдрээ, үл ойлголцол дүүрэн энэ хямрал эрх баригч намын дотоодод нүүрлэсэн ужиг ялзарлаас үүдэлтэй. Учир нь энэ нам бол Монгол орны зовлон жаргалын үндсэн автор нь. Зуу гаруй жилийн түүхтэй өөр улс төрийн хүчин манайд байхгүй. Тийм болохоор дээрх дүгнэлтээс булзаж бултах үндэслэл байхгүй юм. Тэдний түүхэнд янз бүрийн л юм болж байсан. Гэхдээ энэ удаагийнх шиг эрх мэдлийн төлөө ил тод, айж ичихгүйгээр, шууд утгаар аймшиггүйгээр дайтаж байсангүй. Хэдийгээр тэд “… энэ бол үе хоорондын зөрчил”, “нам дотор явагдаж буй үе солигдох явц” гэх мэт гоёмсог байдлаар тодорхойлох гэж оролдож байгаа ч улайм цайм засаглалын төлөөх цусгүй дайн явуулж байна.

Нөгөө талаас нь энэ явдлыг нүүрсний дайн гэж хэлж болно. Тийм ээ, энэ бол нүүрсний төлөөх дайн юм. Хүн төрөлхтний түүхэнд өрнөсөн дайн тулаануудын дийлэнх нь баялгийн төлөөх дайн байсан. Одоо болж байгаа дайнууд ч баялгийн төлөөх дайнууд.

Манайд болж байгаа өнөөдрийн энэ хямралын гол шалтгаан нь ч нүүрс. Нүүрс бол асар үнэ цэнтэй баялаг. Тийм ч болохоор манай улсын зовлон жаргал нүүрснээсээ шалтгаалж байна. Бүр тодруулж хэлбэл, нүүрснийх нь ерөнхий менежер ТӨР болсон учраас хамаг зовлонгийн үрийг тарьж байна. Монголын ТӨР нүүрс зардаг наймаачны ажил эрхэлдэг болтол доошоо орсон нь үнэн. Тэгэхээр улс орноор нь хараал хэрүүлд живүүлж байгаа өнөөдрийн энэ дажныг зогсоох арга бол засаг төр нүүрс зарж гүйхээ болих явдал юм.

Монголын төрийн гол эмгэнэл хувийн хэвшилдээ итгэж чаддаггүй, өөрөө бүгдийг хийх гэж давхидаг явдал билээ. Тиймээс энэ алдааг эхлээд залруулах ёстой. Монголын ТӨР нүүрсний бизнесээ хувийн хэвшилдээ өгмөөр байна. Бүх менежментээ хувийн компаниудад өгөх хэрэгтэй. Төр татварын бодлогоо хүчирхэгжүүлэхэд л болно. Манай ТӨР шиг юм бүхэнд очиж хутгалддаг, хутгалдсан болгоноо балладаг, тохоон томилж ажиллуулсан болгоноо орон шоронд илгээж байдаг ТӨР байхгүй.

Өнөөдөр дэлхийн нийт нүүрсний олборлолт 8.8 тэрбум тонн-д хүрсэн. 2024 оны нүүрсний экспортын орлого 8.7 тэрбум ам.долларт хүрч түүхэн рекорд тогтоогоод байна. Монгол Улсын нүүрсний экспорт 83.7 сая тонн болж мөн нэмэгдэв. Манайх 2024 онд нүүрснээс 4.1 их наяд төгрөгийн АМНАТ төвлөрүүлсэн. Харамсалтай нь энэ бүхнээ манай агуу менежер болох ТӨР гарын салаагаараа урсгаж орхилоо. Төрд авлига нүүрлэж, эрх баригчид нь ил цагаан нүүрсэн дээрээ байлдаж байдаг болтлоо бид баялгаараа тоглож байна. Баялагтай орны ард түмэн нь барлагууд болж, албан тушаалтнууд нь хэмжээ хязгааргүй баяжиж, хувийн хэвшил нь өдөрт хэдээрээ үүд хаалгаа барьж байна. Ийм урвуу процесс сүүлийн хэдэн жил явлаа.

Монгол орны хэмжээнд нүүрсний нийт батлагдсан геологийн нөөц нь 32.6 тэрбум.тн, геологи-хайгуулын нэмэлт судалгаагаар илрүүлэх боломжтой нөөц баялаг нь 150 тэрбум.тн байна гэсэн судалгаа бий. Одоо бид бурхнаас заяасан баялгаа хараагаад сууж байдаг болтлоо хямарч байна. Сүүлийн жилүүдэд иргэдийн маань баян, хоосны ялгаа улам нэмэгдэж, баялгийг тэгш хуваарилах асуудал хүчтэй тавигдах болсон. Энэ бүх шинээр үүссэн нөхцөл байдлаас болж 2019 онд хийсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 6.2 дахь хэсэгт “…байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь … газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн зарчмыг тусгаж өгсөн ч дөнгөж дөрвөн жилийн дотор итгэл найдвар маань бутран алга болж байна.

Бизнесийн салбараа жам ёсоор нь хөгжүүлж чадаагүй улс орон ийм эмгэнэлд хүрэхээс өөр яалтай. Өнөөдөр Монгол Улсад өдөр бүр 1-2 компани шүүхээр орж татан буугдаж байна. Өнгөрсөн жил буюу 2024 онд хамгийн олон буюу 4008 компани үйл ажиллагаагаа бүрэн зогсоожээ. Үүнийг эмгэнэл гэхгүй өөр юуг эмгэнэл гэх юм бэ. 2025 он гарсаар 291 компани татан буугдаад байна. Энэ бол давтан хэлэхэд эмгэнэл.

Манай эрх баригчид гадны хөрөнгө оруулалтыг даллаж дуудан оруулж ирээд дараа нь хөөдөг. Хууль хүчнийхэн нь улстөрчидтэйгөө нийлж тэднийг дээрэмддэг. Энэ бүхнийх нь хөлд манай хөрөнгө оруулалтын орчин шалбааг болоод байна. Өнөөдөр үндэсний тэргүүлэгч гэх цөөн хэдэн компаниуд дотор нь цэвэр ариун нэр төртэй газар алга. Учир нь манай хэдийн маань түүх өөрөө ТӨР-тэй сундалдаж явж ирсэн л түүх байдаг. ТӨР хэдийг нь тасдаж аван бөөрөндөө наагаад бусдыг нь хаясан, хавчиж боосон. Монголын ТӨР хувийн хэвшлээсээ жам ёсоороо хөгжих тавиланг нь булаасан. Одоо нөгөө хэд нь эргээд ТӨР-ийг барьцаалдаг, хөгжмөө захиалдаг болтол урвуу хамааралд орсон. Том компаниуд нь дэргэдээ улс төрд оруулах тоглоомын хүмүүсээ бойжуулдаг инкубатортой болсон. Тэндээ бэлтгээд УИХ-д оруулдаг. Шат шатанд томилуулдаг. Ингэж ТӨР-ийг худалдаж авах системээ угсарсан. Энэ систем өнөөдөр Монголын зовлон болж байна. Ингэж улс орныг засагладаг болсон акул компаниуд бизнесийн салбартаа жам ёсны өсөлт бойжилтыг үгүй хийж, өөрсдөө л хэмжээлшгүй хаанчлах болсон. Жижиг дунд шатныхны бүх боломжийг эрх мэдэлтнүүд, эрх баригчид дээрэмдчихсэн. ЖДҮ-чид гэх нэр томьёо хүртэл бий болсон. Өмнөх Засгийн газрын үед жижиг дунд үйлдвэрлэгчдэд очих ёстой хөнгөлөлттэй зээл хэрхэн яаж эрх баригчдын гараар орж сүйрснийг илчилж, бид Монгол даяараа уйлсан. Нүүрсний хэлэлцүүлэг хийж мөн л монголчууд уйлсан. ТӨР маань ийм л менежер юм байна.

Төр үнэ барих, инфляцийг барих гэх мэт бодлогоор гул барин стратегийн ач холбогдолтой компаниудыг өмчилнө гэж дайраад л бүгдийг нь өөртөө авсан. Гэтэл стратегийн ач холбогдолтой гэдгээ яг юугаар хэмжээд байгаагаа тодорхойгүй хаячихсан. Тодорхойгүй хаясан гэдгийг жишээлбэл, эрчим хүчнийх нь зарим секторууд яагаад ч юм хувийн хэвшил дээр шилжчихсэн байдгаар тайлбарлаж болно.

Энэ бүхнээс харахад ТӨР яагаад өөртөө өмчтэй байх гээд байдгийн шалтгаан өнөөдөр хамгийн ойлгомжгүй зүйлсийн нэг. Өөрсдөө тогтоол гаргаад л, өөрсдөө зохицуулалт хийчихдэг. Төрийн өмчийн талаарх бодлого аль нэг яам, засгийн газрын тогтоолоор ойр ойрхон өөрчлөгдөж байдаг. ТУЗ-даа баахан ашиг сонирхлын төлөөллүүдээ томилчих жишээтэй. Хамгийн гол нь ТУЗ нь хэмжээлшгүй эрхтэй. Ийм учраас төрийн өмчийн зуугаад компанийнх нь тал хувь ашиггүй ажилладаг. Үүнийхээ төлөө тэд томилсон ТӨР-ийнхөө өмнө ямар ч хариуцлага хүлээдэггүй. Дараагийн урвуу хамаарал нь энэ. Ийм хөл толгойгүй ёс суртахуун үйлчилдэг данхар ТӨР-тэй улс орон яаж намагт шигддэгийг одоо бид үзэж байна.

Нүүрсний менежер болтол манлайллаа алдсан Монголын ТӨР нүүрс зардаг наймаачны ажлаа хувийн хэвшилд шилжүүлж байж энэ улсыг балчиг намгаас гаргана. Бизнесийг хувийн секторт нь өгч, менежментийн эрхийг нь тэдэнд олго. Тэд л наймаагаа хийг. Шулуухан хэлэхэд, ТӨР амнат-аа ахиухан аваад л сууж бай. Хувийн хэвшлийнхэн хятад болон гуравдагч орнууд руу борлуулаг. Ингэж улс орноо ч өндийлгөж, төрийн бодлогоор боомилогдсон хувийн хэвшлээ ч босгож ирье. ТӨР нь хувийн хэвшилтэйгээ өрсөлдөж бизнес хийдэг. Зээл нь хувийн хэвшилдээ биш, улс төрийн тонуулчдынх нь гараар орчихдог. ТӨР-тэй нийлсэн нь томордог, мөнчгөрөөрөө явсан нь балардаг. Ийм байдалтай хэвээрээ байвал энэ улс цаашаа нэг ч алхахгүй. Энэ улсад үйлдвэрлэл хөгжихгүй. Энэ улсын засаглал тунгалагшихгүй. Ердөө л энэ.

 

СЭТГҮҮЛЧ Б.ГАНЧИМЭГ

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

С.Төмөрбаатар: ДЦС-З даац нь хэтэрсэн ачаатай, шинэ жолоочтой хуучин машин шиг байгаа

Монгол Улсын зөвлөх инженер, Эрчим хүчний зохицуулах хорооны Зөвлөх зөвлөлийн гишүүн С.Төмөрбаатартай ярилцлаа. -Эрчим хүчний салбар...

img

7 цагийн дараа

Нийт хорогдсон малын 37.2 хувийг хонь, 37.9 хувийг ямаа эзэлж байна

Улсын хэмжээнд оны эхний есөн сарын байдлаар том малын зүй бус хорогдол 198.6 мянга болж, өмнөх оны мөн үеэс 7.9 саяар буюу 97.6 хув...

img

7 цагийн дараа

Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дараалал… 

Улсын их хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы 2025 оны 10 дугаар сарын 20-ноос 24-ний өдрийн Хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, д...

img

6 цагийн дараа

Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдах нь өвчлөл хүндрэхээс сэргийлнэ

Хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаа энэ үед амьсгалын замын халдварт өвнөөр өвдөх эрсдэл нэмэгддэг. Тиймээс энэхүү эрсдэлээс урьдчил...

img

6 цагийн дараа

Нисэхийн тойргоос тэмээтэй хөшөө хүртэл авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж нийтийн тээврийн автобус явуулна

НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагийн гүүр орчмын авто замын ө...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд