мэдээ
С.Төмөрбаатар: ДЦС-З даац нь хэтэрсэн ачаатай, шинэ жолоочтой хуучин машин шиг байгаа

Админ
2025 оны 10 сарын 20

15

Монгол Улсын зөвлөх инженер, Эрчим хүчний зохицуулах хорооны Зөвлөх зөвлөлийн гишүүн С.Төмөрбаатартай ярилцлаа.
-Эрчим хүчний салбарт юу болоод байна вэ. Хэрэглэгчид үнэ нэмэгдлээ хэмээн хэсэг хямарсан. Гэтэл ДЦС-уудын ажилтан, албан хаагчид “Цалингаа нэмэх”-ийг шаардаж байна. Ойр ойрхон осол, дэлбэрэлт болж, тог хязгаарлах нь бараг л байнгын үзэгдэл болчихлоо. Ер нь энэ салбар хямралд өртжээ?
-Эрчим хүчний үнэ тариф 2024 оны арван нэгдүгээр сарын 15-наас нэмэгдсэн. Тогтоол шийдвэр нь гарсан. Цахилгааны үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Нэмэгдэхдээ зөвхөн үйлдвэрлэж байгаа өртөгтөө л хүрсэн. Дулааны үнийг мөн нэмсэн. Тогтоол шийдвэр нь гарчихсан. Гэхдээ дулааны үнийн нэмэгдлийг одоог хүртэл мөрдөж эхлээгүй.
Үнэ нэмэгдсэн гэж буй боловч иргэд бодитойгоор төлж эхлээгүй байгаа гэсэн үг. Ирэх оны эхний өдрөөс мөрдөгдөж эхэлнэ байх. Мөрдөж эхлэхгүй бол болохгүй л дээ. Гэтэл өнөөдөр олон нийтэд үнэ нэмэгдсэн гэдэг мэдээлэл нь хүрсэн мөртлөө үнэ нэмэгдээгүй жил гаруй болж байгаа. Үнэ нэмэгдэхгүйгээс болж юу үүсээд байгаа юм бэ гэдэг асуудал бий. Үүнээс болоод тус салбарт ажиллах хүмүүсийн цалин хөлс, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх эх үүсвэр байхгүй болчихоод байгаа юм. Ганц цахилгааны үнийг нэмээд эрчим хүчний систем зардлаа нөхнө гэж байхгүй. Манай улс чинь дулааны цахилгаан станцтай шүү дээ. Энэ салбарт 17 мянган хүн ажиллаж байна. Тиймээс дулааны, цахилгааны анхан шатны хэрэглэгчийн үнэ тарифаа нэмж байж цаашаа явна. Ингэх нь ч зүйтэй. Гэхдээ хүмүүс цахилгаан, дулааны үнэ нэмэгдлээ гэхээр л нэг тийм дааж давшгүй зүйл болж, амьдрал нь доройтох юм шиг яриад байдаг. Гэтэл үгүй. Дулаанаар жишээ авъя л даа. Яагаад гэвэл, зүйрлүүлж хэлэхэд гэр хороололд таван ханатай гэрт амьдардаг хүмүүс 29 м.кв-аа халаахын тулд хоногтоо хамгийн багадаа нэг шуудай нүүрс, нэг шуудай мод хэрэглэнэ. Ойролцоогоор хоногт 10 мянган төгрөг зарцуулна. Сард дунджаар 300 мянган төгрөг болох юм байна. Гэхдээ идэр есийн хүйтэнд энэ нь бүр хүрэх ч үгүй. Өглөө сэрэхэд гэр нь хөрчихсөн. Хүйтэн гэрт өглөө босоод гал түлнэ. Орой ажлаасаа ирэхэд гэр нь хүйтэн. Яг 24 цагийн турш тасралтгүй дулаан байна гэж байхгүй шүү дээ. Ая тухтай амьдрах боломж хязгаарлагдмал байгаа биз. Тэгвэл 100 м.кв орон сууцанд амьдардаг хүмүүсийг бодъё л доо. Гэрээс гурав дахин том талбайд тав тухтай амьдарч байгаа. Сард 50 мянга 600 төгрөг л төлж байна. Тэгээд 24 цагийн турш тасралтгүй дулаахан. Түүндээ сэтгэл ханамж дундуур. “Би их өндөр байрны мөнгө төлж байна. Одоо үүнийг л нэмүүлж болохгүй” гээд байдаг. Гэтэл дулааны үнэ нэмэгдлээ гэхэд энэ хүн сард 100 мянга 120 төгрөг л төлөхөөр болж байгаа юм. Үүнийг гэр хороололд өөрсдөө дулаанаа үйлдвэрлээд амьдарч байгаа хүмүүстэй харьцуулан бодох хэрэгтэй шүү дээ. Гэтэл тэр айлаас авч буй мөнгө зөвхөн цалин хөлсөнд зарцуулагдахгүй шүү дээ. Тоног төхөөрөмж байнга элэгдэж байдаг, түүнийгээ засна, шинэчилнэ. Тэгэхээр ийм бага зардлаар тэр станцын тоног төхөөрөмж, дамжуулах шугам сүлжээг шинэчлэх боломжтой юу. Улаанбаатар хотын шугам сүлжээний 40 хувь, станцын тоног төхөөрөмжийн 19 хувь нь насжилт нь дуусчихсан гээд л яриад байдгийг бүгдээрээ л сонссон байх. Аль хэдийнэ солих хугацаа нь болсон. Гэтэл сольж чадахгүй явсаар өдийг хүрсэн. Солих хөрөнгийн эх үүсвэр нь байхгүй байна л гэсэн үг.
-Манай улс зах зээлд шилжээд 35 жил болсон хэдий ч стратеги гэх нэрийн дор мах, гурил, шатахуун, цахилгаан, дулааны үнийг барьсаар ирсэн. Магадгүй, боломжтой үед нь эдгээр үнийг чөлөөлсөн бол өнөөдөр манай нийгэм, эдийн засагт яаж нөлөөлөх байсан бол?
-Миний хувийн бодлоор, гадна орчинд чөлөөт зах зээлийн зарчмаараа яваад байгаа. Гэтэл бидний борлуулж буй үнийг ямар ч хөдөлгөөнгүй барьчихсан. Тийм учраас өнгөрсөн онд зоригтой шийдвэр гаргаж, 100 төгрөгөөр үйлдвэрлэчхээд 50 төгрөгөөр зардаг байсан үнийг анхны өртөгт нь аваачсан. Гэхдээ энэ нь бас ямар ч ашиггүй гэсэн үг шүү дээ. Монголоос өөр ийм газар дэлхийн хаана ч байхгүй. Нөгөө 50 төгрөгийн зөрүүгээ нөхөхийн тулд төрийн өмчийн газрууд “Чи нүүрсээ бага үнээр өг”, “Одоо, чи тэрийгээ хямдхан өг”, “Харин, чи бага цалингаар ажилла” гэх маягаар л асуудлыг зохицуулж ирсэн. Ингэхээр чинь салбарын ажиллагсад, тоног төхөөрөмж л энэ “хэмнэлтийн бай” болчихож байгаа юм. Бага цалингаар амьдарч байна. Тоног төхөөрөмжөө шинэчилж чадахгүй байна. Иймэрхүү маягаар их удаан явчихсан. Энэ чинь их аюултай. ДЦС-3 1968 онд ашиглалтад орсон. ДЦС-4 1983 онд ашиглалтад орсон. Өнөөдөр 1968 оны автомашин замын хөдөлгөөнд оролцож байна уу. Хэрэглээнд байхгүй. Тэгвэл 1983 онд үйлдвэрлэсэн машин өнөөдөр замын хөдөлгөөнд оролцож байна уу. Бас л байхгүй. Өнөөдөр хэрэглэж байгаа машинууд бүх зүйлээ камераар хардаг, шатахуун зарцуулалт багатай зэргээр өчнөөн хувьссан байгаа. Өөрөөр хэлбэл, манай тоног төхөөрөмжийн шинэчлэлт хоцрогдчихсон. Арай хуучны, өндөр зардалтай, аюулгүй байдлын категори муутай тоног төхөөрөмжүүдээр өнөөдрийн энэ их хэрэглээг хангаж байна. Хүмүүс нь өндөр ур чадвартай учраас л энэ бүгдийг авч яваа. Гэтэл тэр ур чадвартай хүмүүсийг энэ салбарт барьж байх гол хөшүүрэг нь нийгмийн баталгаа шүү дээ. Хүмүүсээ тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд цалин хөлсийг нь нэмэх учиртай. Орж ирсэн мөнгөөрөө тоног төхөөрөмжийн шинэчлэлт, энэ бүгдийг хамгийн түрүүнд хийнэ. Гэтэл өнөөдөр зүйрлүүлж хэлбэл, манай ДЦС-ууд хуучин машин шиг болчсихсон хэрнээ даац хэтэрсэн ачаатай алсын тээвэрт гарчихсан. Замдаа уул давааг давж, гол нуурыг гаталж таарна. Жолооч нар туршлагатай бол ямартаа ч нэг удаадаа хүрэх газартаа хүрчихнэ байх. Гэтэл үүнийг шинэ, туршлагагүй жолооч жолоодвол яах вэ. Аль нэг даваа гүвээнд осолдоно. Улаанбаатар хотын хүн ам анх төлөвлөж байснаасаа гурав дахин өссөн. Хүн амын энэхүү нягтаршил зам дээр ч, эрчим хүчний салбарт ч хэт ачаалал үүсгэж байгаа.
-Алс хэтийн зураглалыг сайн сайхнаар төсөөлөхөд бэрх л байгаа юм байна. Ядаж, энэ өвөл ямар байх бол. Арай хөлдчихгүй биз дээ. Дээрээс нь тог цахилгаан байх юм уу, үгүй юу. Гэр хорооллын айлуудыг агаарын бохирдлоо бууруулъя, цахилгаанд шилж гээд уриалсан. Ханан пийшингээ нурааж, зуухаа гаргачихсан. Гэтэл байнга тог тасраад юун цахилгаанаар халаалт шийдэх вэ болоод байна. Буцаагаад зуухаа оруулж, ханан пийшингээ босгох уу, яах вэ гэж ярих хүмүүс ч байна. Зарим нь хийгээр халаана гэж байх шиг байна?
-Хэцүүхэн өвөл болно байх. Ер нь өнөөдрийн энэ зарим шийдвэр буруу. Яагаад гэвэл, манайх ДЦС-уудтай. Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхийн тулд заавал дулааныг үйлдвэрлэнэ.. Тиймээс нэгэнт шийдэгдээд дулааны шугам сүлжээ нь татагдсан зүйлээ яаж сайжруулан шинэчлээд, өөд нь татаад явах вэ гэдэг чинь өөрөө хамгийн бага зардлаар хамгийн зөв шийдэл гаргаж буй хэрэг шүү дээ. Гэтэл зарим газрыг хийгээр халаана гэж байна. Тэгвэл одоо шинээр хийн түлшний шугам хоолой татах юм уу. Тэр их зардал мөнгийг хэн хаанаас гаргах вэ. Дээрээс нь хийн түлшний тоног төхөөрөмж хэрэгтэй болно. Энэ нь ДЦС-аа засаж сайжруулахаас давсан зардалтай байх болов уу. Яах вэ, дулаанаа болиод хийгээр халаачихъя л даа. Тэгвэл дулаанаа хаашаа хаях вэ. Станцаа шууд бүгдийг нь сольчих юм уу. Хий чинь хүйтэн нөхцөлд царцдаг. Мөн хэрэглэгчдийн дадал зуршлаас үүдэлтэй осол аваар их гарна. Хийн түлш ачсан ёмкость зам дээр дэлбэрэхэд ойролцоо нь байсан байрыг бүтнээр нь нураахаар болсон. Дахин ашиглах ямар ч боломжгүй болсон учраас тэр. Тэгвэл хотын хэмжээнд нийтэд нь хийн шугам татчихъя л даа. Нэг бүтэлгүй нөхөр асуудал гаргачихлаа. За, айл ч байдаг юм уу. Аль нэг дамжуулах станц дээр туршлагагүй ажилтан ч байдаг юм уу. Хор уршиг нь их гэж бодож байна. Бөмбөг дэлбэрсэн юм шиг л болно байх. Ганц байр биш бүтэн хотхон, хорооллоороо асуудалд орж болзошгүй. Тиймээс би үүнийг зөв шийдвэр гэж харахгүй байгаа. Харин ч үргүй зардал болно. Яах вэ, амины хаусандаа ч юм уу, эсвэл шугам сүлжээ татагдаагүй зуслангийн бүсэд гэдэг ч юм уу, хүмүүс халаалтаа янз бүрээр шийдэж байна л даа. Тэр тохиолдолд буюу бие даасан системд энэ нь боломжтой. Сэргээгдэх эрчим хүчээрээ шийднэ үү, хийгээр шийднэ үү. Эвсэл цахилгаан, нам даралт хосолсон байхаар шийдэх үү. Хувь хүний өөрийнх нь эрх. Маш олон гарц бий. Болно л доо.
-Дулааны оргил ачаалал өвлийн улиралд, идэр гурван есийн хүйтэнд байна. За яах вэ, хүйтэрдэг гэж үзвэл 5-6 сар л дулаан хэрэглэнэ байх. Монголд ер нь бүтэн жилийн турш дулаан хэрэглэдэггүй юм биш үү?
-Хүмүүс яг ингэж боддог байхгүй юу. Паар халахыг л дулаан гэж ойлгоод байдаг. Гэтэл Монгол Улс бүтэн жилийн турш дулаан хэрэглэдэг шүү дээ. Халуун усыг чинь дулаанаар л халаана.
-Зун халуун ус тасалчихдаг шүү дээ?
-Зун засварын үед л гэхээс биш халуун ус тасардаггүй шүү дээ. Шугам сүлжээ нь хэт хуучирсан, засвар үйлчилгээ хэрэгтэй, түүнийг нь солих шаардлагатай газруудад л зун 2-3 сараар халуун ус тасарч байгаа болохоос биш одоо халуун ус тасрахаа больсон. Сүүлийн үед баригдсан зарим хотхонд халуун ус огт тасардаггүй шүү дээ. Тухайн байрны шугман дээр тоног төхөөрөмжинд урсгал засвар хийх шаардлагатай үед 2-3, эсвэл долоо хоног л тасарч байгаа. Өвлийн улиралд эрчим хүчний дутагдлаас үүдэлтэйгээр цахилгаан хязгаарлаад байгаа юм. Түүнээс л бүх асуудал үүсч байгаа. Нэгдүгээрт, усны зэв. Дараагийн нэг асуудал нь ялтсан бойлер задраад эхэлдэг. Тог тасраад эргээд ирэхэд дагалдаад зөндөө олон асуудал үүсч, горим тохируулгын ажил хийгддэг юм.
-Хэрэглэгчид ойлгохдоо, ДЦС-3 дээр нэг том дэлбэрэлт болсон, түүнээс хойш байн байн осол аваар гараад байдаг болчихлоо гээд байгаа. Мэдээж, энэ нь нөлөөлсөн байх. Гэхдээ шат, шатлал болгон дээр асуудал байгаа юм биш үү?
-Засгийн газраас энэ асуудалтай холбоотойгоор Бүрэн эрхт төлөөлөгчийг ДЦС-3 дээр томилчихсон байгаа. Ажлын хэсэг гарсан. Тиймээс үүнийг буюу, тэнд яг юу болсон юм бэ, ямар шинэчлэл хийж, ямар асуудлыг шийдэж, ямар бодлого хэрэгжүүлж байгаа вэ гэдгийг тэр хүмүүс ярина байх. Ерөнхийдөө, эрчим хүчний салбарт тоног төхөөрөмж хуучирсан уу гэвэл хуучирсан. Шинэчилж чадахгүй байгаа нь ч үнэн. Яагаад гэвэл, авах мөнгө нь байхгүй байна шүү дээ. Тэр ч битгий хэл, хүмүүсээ цалинжуулж чадахгүй болж байна. Хайран сайхан, ур чадвартай, туршлагатай боловсон хүчнээ уул уурхай, хувийн компаниудад алдаж байна. Манай хүмүүс хаана ч очоод ямар ч машин барьж чадна. Харин дурын хүн эрчим хүчний салбарт ажиллачихгүй л дээ. Гадуур автобусны жолооч, ТҮК-ийн ажилчдын цалин 3-3.5 сая төгрөг болчихлоо. Өөрөөр хэлбэл, нийгмээрээ цалингийн доод хэмжээ гурван сая төгрөг юм байна гэдэг ойлголттой болчихсон. Өнөөдөр багш, эмч нар цалингаа нэмүүлье гээд жагсаж байна. Харин манай эрчим хүчний салбарынхан “Цалингаа нэмүүлье” гээд жагсахгүй байгаа биз. Бид ажил хаявал улсаараа галгүй, гэрэлгүй болох учраас ёс зүйтэйгээр үүргээ ухамсарласандаа ажилласаар байгаа. Гэхдээ энэ нь бид цалингаа нэмүүлэхийг хүсэхгүй байна гэсэн үг биш шүү дээ. Наад зах нь үнэ тариф нэмэх шийдвэр нь гарчихаад байхад мөрдөхгүй байгаа. Мөрдөх буюу хэрэгжүүлэх хугацааг нь хойшлуулаад байдаг. Одоо үүнийгээ болих хэрэгтэй. Үнэ тариф нэмэх шийдвэр гарчихаад байхад одоо хойшлуулахгүйгээр мөрдөж эхлэх ёстой. Ингэж байж өнөөдөр энэ салбарт үүссэн энэ олон асуудлын нэгийг нь ч гэсэн шийднэ шүү дээ. Нэг салбар нь бие даагаад өөрийгөө аваад явчих юм бол бусад салбар нь дагаад босч ирнэ. Эрчим хүчний салбарт ийм боломж бий. Гэтэл шийдвэр нь гарчихаад байхад хэрэгжүүлэхгүй, хэрэгжих боломж өгөхгүй, хугацааг нь хойшлуулаад байгаа нь буруу шүү дээ.
-Эрчим хүчний салбарт нэн тэргүүнд шинэчлэл хэрэгтэй байгаа хэсэг нь яг хаана гэж та бодож байна вэ?
-Аливаа зүйл эх үүсвэрээсээ эхлэх нь мэдээж шүү дээ. Тийм учраас бид эхлээд станцынхаа тоног төхөөрөмжийг маш хурдан шинэчлэн сайжруулж, орчин үеийн техник технологитой, осол авааргүй ажиллачих хүчин чадал өндөртэй тоног төхөөрөмж суурилуулах хэрэгтэй. Хэн нэгнээс хараат бус, бие даасан, Монгол улсаа бүрэн хангачих эрчим хүчтэй болох бодлого, зорилготойгоор зоригтой хөдлөх хэрэгтэй, эхлээд. Дараа нь бусад зүйлээ шат дараалалтайгаар хийчихнэ шүү дээ.
-Төр ДЦС-3-ын асуудлыг нууцад авчихсан гэх юм билээ. Гэтэл энэ чинь ил тод ярьж байж шийдэх асуудал биш юм уу. Нууцад авчихаар яаж асуудлыг шийдэх юм бэ?
-Би хэлсэн шүү дээ. БЭТ томилогдсон. Ажлын хэсэг гараад ажиллаж байгаа гэдгийг. Та өөрөө ч сая хэллээ. Тэгэхээр нэгэнт нууцад авчихсан юмыг би дотор нь ажилладаггүй хүн мэдэхгүй шүү дээ. Инженер хүнийхээ хувьд хэлэхэд, аваарыг хэн ч санаатай хийдэггүй юм.
Эрчим хүчний аваар өөрөө онцлогтой. Зүгээр нэг осол биш. Заавал цаана нь хүний амь нас яригддаг юм. Тэнд хэн ч үхнэ гэж ажилладаггүй байхгүй юу. Тухайн үед ажиллаж байсан хүний амь нас эрсэдсэн. Ямар нэгэн тоног төхөөрөмжөөс юм уу, хувь хүний асуудлаас юм уу гэдгийг бид мэдэхгүй, тогтоох боломжгүй. Хамгийн муугаар бодоход, хэн нэгэн хүн “Чи нэг осол гаргаадах” гээд захиалсан гэж хардъя л даа. Гэтэл хэн ч тэгж үхэхээр явахгүй шүү дээ. Тиймээс үүнийг санаатай мэтээр дахиж битгий яриасай. Энэ бол олон хүний сэтгэл рүү ус цацсан муухай үйлдэл юм шүү. Эрчим хүчний салбарт ажиллаж байгаа хэн ч хэзээ ч санаатайгаар осол гаргахгүй. Ихэнх осол санаандгүйгээр, дийлэнхдээ тоног төхөөрөмжийн саатал, эвдрэл гэмтлээс болж гардаг.
Г.ГАНЧИМЭГ





С.Төмөрбаатар: ДЦС-З даац нь хэтэрсэн ачаатай, шинэ жолоочтой хуучин машин шиг байгаа
Монгол Улсын зөвлөх инженер, Эрчим хүчний зохицуулах хорооны Зөвлөх зөвлөлийн гишүүн С.Төмөрбаатартай ярилцлаа. -Эрчим хүчний салбар...
4 цагийн дараа
Нийт хорогдсон малын 37.2 хувийг хонь, 37.9 хувийг ямаа эзэлж байна
Улсын хэмжээнд оны эхний есөн сарын байдлаар том малын зүй бус хорогдол 198.6 мянга болж, өмнөх оны мөн үеэс 7.9 саяар буюу 97.6 хув...
4 цагийн дараа
Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дараалал…
Улсын их хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы 2025 оны 10 дугаар сарын 20-ноос 24-ний өдрийн Хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, д...
3 цагийн дараа
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдах нь өвчлөл хүндрэхээс сэргийлнэ
Хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаа энэ үед амьсгалын замын халдварт өвнөөр өвдөх эрсдэл нэмэгддэг. Тиймээс энэхүү эрсдэлээс урьдчил...
3 цагийн дараа
Нисэхийн тойргоос тэмээтэй хөшөө хүртэл авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж нийтийн тээврийн автобус явуулна
НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагийн гүүр орчмын авто замын ө...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд