гадаад
Монголчуудын “Томагавк”

Админ
2025 оны 10 сарын 20

28

Германы “DW” агентлагийн сэтгүүлч Миша Комадовский Украины ерөнхийлөгчтэй уулзахынх нь өмнө АНУ-ын ерөнхийлөгчөөс “Энэ уулзалтаар Украин Оросын гүн рүү цохилт өгөх “Томагавк” пуужингийн сэдэв хөндөгдөх үү” гэж асуухад “Тийм ээ, энэ бол бидний ярих зүйл. Энэ бол хурцадмал байдал мөн. Гэхдээ бид ярилцах болно” гэж хариулж байсан. Тэгвэл Трамп энэ уулзалтын дараа сэтгүүлчдэд “Украины дайн “Томагавк” пуужингийн хэрэглээгүйгээр төгсөх боломжтой гэж найдаж байна. Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хийсэн уулзалт маш сонирхолтой, нөхөрсөг болсон. Гэхдээ би түүнд, мөн ерөнхийлөгч Путинд ч адилхан, одоо аллагаа зогсоож, тохиролцоонд хүрэх цаг болсон. Хоёр тал өөрсдийн байгаа газраа зогсох ёстой! Хангалттай буудалцлаа, дахиж үхэл бүү тарь, асар их зардал, сүйрэл бүү үргэлжлүүл гэж хатуу хэлсэн!” гэв. Сэтгүүлчид Дональд Трампын энэ үгийг Владимир Зеленскийд дамжуулахад тэрээр санал нэг байгаагаа илэрхийлж “Трампын зөв. Бидний хамгийн түрүүнд хийх алхам бол гал зогсоох явдал. Дараа нь газар нутаг болон бусад асуудлаар тохиролцох ёстой. Одоо байгаа байрлал дээрээ зогсох ёстой. Үүний дараа урт хугацааны энх тайванд хүрэх алхам яаж хийхээ ярилцах ёстой. АНУ хурцадмал байдлыг хүсэхгүй байгаа учир “Томагавк” алсын тусгалт далавчит пуужингийн нийлүүлэлтийн талаар тодорхой зүйл ярихгүй байхаар тохиролцсон” гэсэн байна.
Ийнхүү АНУ, ОХУ-ын ерөнхийлөгч нар удахгүй Унгарын нийслэлд дахин уулзах нь тодорхой болов. Унгарын ерөнхий сайд Виктор Орбан “АНУ болон Оросын ерөнхийлөгчдийн энхийн дээд хэмжээний уулзалтад Унгар бүрэн хүчин чадлаараа бэлтгэж байна. Унгар бол энхийн арал!” гэсэн бол Унгарын гадаад хэргийн сайд Петер Сийярто “Оросын ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар Унгарын нийслэл Будапештэд ирэхэд Олон улсын эрүүгийн шүүхийн баривчлах шийдвэр түүнд үйлчлэхгүй. Бид Оросын ерөнхийлөгч Владимир Путиныг хүндэтгэн угтаж, Унгарт ирж, амжилттай хэлэлцээ хийж, нутаг буцах нөхцөлийг бүрэн хангана. Ямар нэгэн зөвшилцөл хийх шаардлага байхгүй. Будапешт Европын Холбооны бусад орнуудтай Путинтэй холбоотой асуудлаар тусгай зөвлөлдөөн хийхгүй. Бид тусгаар тогтносон улс. Бид Оросын ерөнхийлөгчийг хүлээн авч, АНУ-ын ерөнхийлөгчтэй уулзах нөхцөлийг хангах болно” гэж мэдэгдэв.
Оросын ерөнхийлөгч Путин бол Украин, Чечень, Сири, Гүрж, Арменийн хот тосгодыг газрын хөрстэй тэгшилж, охид эмэгтэйчүүдийг нь хүчиндэж, жирийн иргэдийг нь алж, эд хөрөнгийг нь дээрэмдэж, өөрийн улс төрийн гол өрсөлдөгчдөө дотоод, гадаадад устгаж, сөрөг хүчнийг үгүй болгосон дэлхийн тэргүүлэгч гэмт хэрэгтэн билээ. Гэтэл Олон улсын эрүүгийн шүүх ийм хүнд зөвхөн хүүхэд хулгайлсан хэрэгт нь л эрүүгийн хэрэг үүсгэсэн. Мөн ганц хоногийн дотор Украины дайныг зогсооно гэж амлан гарч ирсэн худалч, ардчиллын тэргүүлэгч гүрний ерөнхийлөгч энэ алуурчин, дарангуйлагчтай дахиад л найр тавин уулзахаар болж, энэ уулзалт болох ардчилсан Унгарын ерөнхий сайд нь өөрийн улсыг “энхийн арал”, Гадаад хэргийн сайд нь “Олон улсын шүүхийн шийдвэр бидэнд хамаагүй” гэж огтхон ч ичиж, зовохгүйгээр дэлхий нийтэд зарлаж байна. Өнөөдөр гадаадын ардчилсан улсын улстөрчид гэж нэг иймэрхүү “нөхөд” байна.
Монголд ч хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын улс төрчид “гэдсэндээ хөлөө хийлцэж” өөрсдийгөө хэн бэ гэдгийг бидэнд дэлгэн харуулж, үүнд нь Үндсэн хуулийн цэц, бүр ерөнхийлөгч оролцож магадгүй байдал үүсэв. Ерөөс аль ч дэглэмийн төгсөх цаг болсныг мэдэхэд маш амархан. Төр, засгийнхны нэр хүнд иргэдийнх нь дунд ямар байгааг харахад л болдог. Гэтэл Монгол Улсын хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын нэр хүнд үүнээс доош унана гэж юу байх билээ! Энэ бүхнийг улс төрийн буюу тогтолцооны хямрал гэнэ. Гол шалтгаан нь сонгууль өгсөн хүн бүр “Би үүний гол буруутан” гэдгээ огт ойлгохгүй байгаа явдал. Үүний гадаад баталгаа нь хараахан албан ёсоор нэрлээгүй байгаа өнөөдрийн дэлхийн III дайн. Учир нь энэ бүх дайнд тухайн үеийн төр, засгийг байгуулсан ардчилсан улсуудын сонгогчид өөрсдийн бурууг олж харалгүй өнгөрсөн юм. Тэд дэлхийн I дайны дараа германчуудад буруугаа чихэж II дайн, харин II дайны дараа зөвхөн Адольф Гитлерийг буруутгаж, өөрсдийгөө буруугүй гэж үзсэнээс дайны шалтгаан арилахгүй байсаар өнөөдрийн дайныг дэгдээв. Учир нь өөрсдийгөө бус бусдыг буруутгаснаас болж гол шалтгааныг нь олж, залруулж чадаагүй хэрэг. Харин дотоод баталгаа нь өнөөдөр манай эмч, багш, тэтгэврийн хөгшид ч өөрсдийн бурууг ойлгохгүй байгаа учир гүйцэтгэх засаглалын “Төр татвар төлөгчдийг сайхан амьдруулах үүрэгтэй” гэсэн алтан зарчмыг “Төр байгаа цагт та татвар төлнө” болгон гуйвуулж, өөрсдөд нь зориулах ёстой мөнгийг хувьдаа зарцуулж байгааг олж харахгүй байна. Тухайлбал, Тэмүүжин гэх залуу бие болон гэрээ төвхнүүлэх л гэж улсынхаа төдийгүй дэлхийн төрийг төвхнүүлж, Чингис хаан болсныг түүх гэрчилдэг. Гэтэл өнөөдөр Чингис хаан “Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас” гэж сургасан хэмээн худал бурж, иргэдийг “Төрөө засаж байж л гэр бүл, хүн болгон сайхан амьдардаг” гэсэн энгийн үнэнээс холдуулж байна. Энэ нь “Жадамбаа генерал хулгай хийдэггүй байсан.Гэтэл хүү нь хулгайч болж, Үндсэн хууль зөрчсөн гэж сайдын суудалтайгаа зууралдаж байна” гэвэл бид “буруу замаар будаа тээнэ” гэсэн үг. Учир нь Ж.Энхбаярыг шоронд хийсэн ч хэн нэгэн адилхан “нөхөр” оронд нь сууна. Иймээс хэргийн гол учир нь нийтийн сүлжээгээр авлигачин, хулгайч гээд байгаа Ж.Энхбаярыгаа төсвийн мөнгийг өөртөө бус иргэдэд өгдөг болгоход буюу бидний байгуулсан буруу тогтолцоог өөрчлөхөд байгаа юм. Бид энэ энгийн үнэнийг огт ойлгохгүй байгаа учир Гүйцэтгэх засгийнхан шийдвэр гаргахын оронд элдэв шалтаг тоочин манай эмч, багш, тэтгэврийн хөгшдийг хүүхэд шиг хуурч, аргалаад байна. Уг нь бид “Бүхний учир бидний байгуулсан тогтолцоонд байна” гэж зөв онош тавьж, өөрсдийн бурууг залруулах гэсэн бол цалин тэтгэврээ “тэдэн төгрөгөөр нэмүүлнэ” гэх бус төгрөгийг яаралтай валют болгож, эхний удаа барууны ардчилсан улсуудтай яг адил цалин, тэтгэвэр олгохыг шаардаж, үүнийг хийж чадахгүй бол ерөнхий сайд нь огцорч байх хууль баталж, биелэлтийг нь хянаж байхыг хууль тогтоох байгууллага болох УИХ-аас шаардах ёстой байв. Учир нь хором бүр орлогыг минь бууруулж байдаг инфляцид боолчлогдсон энэ төгрөг гэх “цаас”-аар та бид яах билээ! Өөрөөр хэлбэл, Засгийн газрын зарладаг “том төсөл” гэх үргүй зардал ихэсч, төр, засгийнхны маань “идэж уух” нь хэмжээнээсээ хэтрэхээр Төв банк хоосон дэвсгэрт хэвлэж, гүйлгээнд оруулахаас өөр аргагүй болохыг л инфляци гээд байгаа бөгөөд үүний үр дүнд бүх зүйлийн үнэ нэмэгддэг. Өөрөөр хэлбэл, гурил, давс, соодны үнэ нэмэгдэхээр талх үйлдвэрлэгчид талх бүрийн үнийг нэмэн зарж, тэд бүгд хохиролгүй үлдсэнээр эдгээр үйлдвэрлэгчдийн татвар өсөж, улсын төсвийн тоон хэмжээ нэмэгдэн Засгийн газрынхан “башийж” орхидог. Ингэж сайд нарын “башийх” хэмжээгээр бидний цалин, тэтгэврийн худалдан авах чадвар буурдаг. Валютынх дээр төгрөгийн ханшийн уналт нэмэгдэж сайд улам их мөнгөтэй болно. Иймээс инфляци бол төрийн ч, засгийн ч таны хэтэвч рүү харагдахгүйгээр хуруугаа дүрж, хулгай хийдэг шалгарсан манлай гол арга нь юм! Одоо та яагаад манай эмч, багш, тэтгэврийн хөгшид цалин, тэтгэврээ “тэдэн төгрөгөөр нэмүүлнэ” гэх бус төгрөгийг яаралтай валют болгож, эхний удаа барууны ардчилсан улсуудтай яг адил цалин, тэтгэвэр олгохыг шаардаж, үүнийг хийж чадахгүй бол ерөнхий сайд нь огцорч байх хууль баталж, биелэлтийг нь хянаж байхыг хууль тогтоох байгууллага болох УИХ-аас яаралтай шаардах ёстой гэдгийг ойлгосон байх. Яг үнэндээ бол энэ шаардлагыг л хуульчлан, яс мөрдүүлэхийг шаардах нь монголчуудын хувьд “ардчилал” гэх үгний ард нуугдсан одоогийн авлигын тогтолцоог халах “Томагавк” пуужин нь юм. Учир нь ингэсэн цагт манай төр, засагт “иддэг” нь бус чаддаг нь ажилладаг болж, тогтолцооны том өөрчлөлт гарч, иргэд бид сая нэг юм сайн сайхан амьдрах болно.
Өндөр ончтой “Томагавк” пуужинг АНУ-аас гадна ганцхан Их Британи эзэмшиж байсан. Харин өнөөдөр 2023-2024 онд хийсэн гэрээнийхээ дагуу Японд 400, Австралид 200 гаруй, Нидерландад 163 ширхэг шинэ үеийн, сайжруулсан “Томагавк” пуужин нийлүүлэх ажлын үлдсэн хэсгийг гүйцээхээр АНУ-ын “RTX Corporation” буюу “Raytheon Technologies Corporation”-ны үйлдвэрүүд өдөр, шөнөгүй ажиллаж байна. АНУ, Их Британи, Япон, Австралийн эдгээр “Томагавк” пуужингууд мэдээж Номхон далайгаас манай урд хөршийг, харин Нидерландынх хойд хөршийг чиглэх болно. Энэ нь маш товчоор дэлхийд дарангуйлын тогтолцоо түүх болон үлдэх гэж байна гэсэн үг. Харин монголчууд бидний хувьд өөрсдийн “Томагавк” пуужингаар ардчилал гэх үгний ард нуугдсан авлигалын тогтолцоог түүх болгож чадах уу гэсэн том асуулттай тулчихаад байна. Үүнийг өнөөдрийн манай УИХ-ын 126-ийн “шинэ үе” хийх болно!
Г.АМАРСАНАА





С.Төмөрбаатар: ДЦС-З даац нь хэтэрсэн ачаатай, шинэ жолоочтой хуучин машин шиг байгаа
Монгол Улсын зөвлөх инженер, Эрчим хүчний зохицуулах хорооны Зөвлөх зөвлөлийн гишүүн С.Төмөрбаатартай ярилцлаа. -Эрчим хүчний салбар...
7 цагийн дараа
Нийт хорогдсон малын 37.2 хувийг хонь, 37.9 хувийг ямаа эзэлж байна
Улсын хэмжээнд оны эхний есөн сарын байдлаар том малын зүй бус хорогдол 198.6 мянга болж, өмнөх оны мөн үеэс 7.9 саяар буюу 97.6 хув...
7 цагийн дараа
Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дараалал…
Улсын их хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы 2025 оны 10 дугаар сарын 20-ноос 24-ний өдрийн Хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, д...
6 цагийн дараа
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдах нь өвчлөл хүндрэхээс сэргийлнэ
Хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаа энэ үед амьсгалын замын халдварт өвнөөр өвдөх эрсдэл нэмэгддэг. Тиймээс энэхүү эрсдэлээс урьдчил...
5 цагийн дараа
Нисэхийн тойргоос тэмээтэй хөшөө хүртэл авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж нийтийн тээврийн автобус явуулна
НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагийн гүүр орчмын авто замын ө...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд