Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 22

Валютын ханш

value

мэдээ

Д.Үүрийнтуяа: Үндсэн хуулиа уландаа гишгэчхээд байгаа учраас цаашид хуулийн дагуу явна гэдэгт итгэл суларч байна

trend

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

img

2025 оны 10 сарын 22

img

64

news-img

Улсын Их хурлын гишүүн Д.Үүрийнтуяатай ярилцлаа.


-Танай намын бүлэг өнөөдөр (өчигдөр)хуралдах ёстой байсан. Гэвч хоёр даргатай болсон зэрэг асуудлаасаа болоод хуралдаж чадахгүй байдалд орчих шиг боллоо. Хоёр талаас зөвшилцөж уулзах тухай яригдсан. Цаашдаа энэ гацаанаас гарах талаар ямар зүйл яригдаж байна вэ?

-Үүн дээр би хуулийн процессыг л ярья гэж бодож байна. УИХ-ын гишүүд хуулийн дагуу л үйл ажиллагаагаа явуулах үүрэгтэй.

Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 15.2-т зааснаар намын бүлгүүдийн хурал тухайн чуулганы бүрэлдэхүүн хэсэг байдаг. Өөрөөр хэлбэл, УИХ-ын даргын баталсан хуралдааны товын дагуу процесс явна. Улсын Их хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 6.4-т заасны дагуу бол нам, эвслийн бүлгүүд долоо хоног бүрийн даваа гарагт хуралдах ёстой. Гэвч манай намын бүлэг өнөөдөр (өчигдөр)-ийг оролцуулаад сүүлийн гурван долоо хоног хуралдсангүй. УИХ дахь МАН-ын бүлгийн дүрмийн 7.1-д бүлгийн даргын эрх, үүргийг хамтад нь зааж өгсөн. Бүлгийн хурлын товыг зарлах, зохион байгуулах эрх, үүрэгтэй.

Харин бүлгийн гишүүдийн олонх шаардсанаар даваа гарагаас бусад өдөр хуралдаж болно. Тийм ч болохоор манай бүлгийн олонх нь шаардлага өгсөн. Ингээд хуралдаанаа хийх гээд бүлгийн даргаа орж ирээч гэж хэлсэн ч орж ирэхгүй гэсэн. Тийм болохоор бүлгийн 38 гишүүн хуульд заасны дагуу хуралдаанаа хийж, ажлаа хийхгүй байгаа бүлгийн даргаа сольж, оронд нь Ж.Батжаргал гишүүнийг томилсон. Өнөөдөр (өчигдөр) уг нь тов гарсан. Бид ирцээ бүрдүүлээд бүлгийн хурлаа хий гээд шаардаад сууж байна. Ж.Бат-Эрдэнэ гишүүн сая орж ирээд дахиж ярилцъя, хоёр талаасаа ажлын хэсэг гаръя гэдэг зүйлийг ярьсан. Бүлэг хуралдахад ажлын хэсгийн шаардлага байхгүй. Яагаад гэвэл 38 гишүүн шаардаад, Ж.Батжаргал гишүүнийг бүлгийн даргаар томилсон гэдэг бичгээ УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад гардуулаад өгчихсөн. Тийм учраас энэ бүлэг хуулийн хүрээнд хүчин төгөлдөр болж байгаа юм.

-Тэгвэл яагаад хурлаа хийж чадахгүй байгаа юм бэ?

-Бид хурлын үйл ажиллагааг явуулах процессыг хангаж өгөөч гэсэн шаардлага тавиад сууж байна. Бүлгийн хурлын ирцийг нээж өгөхгүй байгаа. Уг нь бол бүлгийн ажлын алба гэдэг даргын ажлын алба биш. Бүлгийн гишүүдийг үйл ажиллагаагаа явуулах боломжоор хангаж өгөх ёстой. Даанч хурлын ирцийг үүсгэж өгөхгүй байна. Бүлгийн гишүүдийн олонход Ажлын алба үйлчлэхгүй байгаа юм.

-Ерөнхий сайдыг огцруулсан асуудал дээр Ерөнхийлөгч өнөөдөр (өчигдөр) бүхэлд нь хориг тавилаа. Үүнийг та юу гэж харж байна вэ?

-УИХ-аас явуулж байгаа бүхий л процесс хуулийн хүрээнд явах ёстой гэж би түрүүн хэлсэн. Үндсэн хуулийг сахин хамгаалж, Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд төрийн байгууллагын үйл ажиллагаа явах заалттай. Би өнгөрсөн хугацаанд Үндсэн хууль зөрчсөн явдал болж байна гэсэн өөрийнхөө байр суурийг тогтмол илэрхийлж байсан. Тийм учраас тэр тогтоолд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг зүй ёсны гэж үзэж байгаа. Ерөнхий сайдыг огцруулах саналыг гаргаснаас хойших бүх процесс хуулийн зөрчил, алдаатай явагдсан. П.Сайнзориг нарын гишүүд энэ сарын 7-ны өдөр албан бичгээ өргөн барьсан.

Үндсэн хуулийн 43.1-д Ерөнхий сайдыг огцруулах бичгийг өргөн барьснаас гурав хоногийн дараагаас хэлэлцэж, 10 хоногийн дотор хэлэлцэх ёстой гэж заасан.

-Тэр гурав хоног гэдгийг яагаад ингэж оруулсан байдаг юм бэ?

-Энэ өөрчлөлт 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр орсон юм байна лээ. Өнгөрсөн хугацаанд янз бүрээр тайлбарлаж байгаа учраас Үндсэн хуулийн эх сурвалжийг судлах ёстой юм билээ. Тэр үеийн хэлэлцүүлэг явж байхад Ажлын хэсгээс энэ гурав хоног гэдгийг яагаад ингэж оруулсан тухай тайлбараа хийсэн байдаг. Энэ гурав хоног гэдэг нь Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлтэй бусад гишүүд нь танилцах, судлах хугацааг олгож байгаа явдал гээд тодорхой тайлбарлачихсан байсан. Гэтэл энэ удаад аравдугаар сарын 7-нд өргөн барьсан ч 10-ны өдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал эхэлсний дараа өгсөн. Огцрох гэж байгаа Ерөнхий сайд юунаас болж огцрох гэж байгаагаа, гарын үсэг зураагүй гишүүд нь ямар асуудал хэлэлцэх гэж буйгаа мэдэхгүйгээр байнгын хорооны хуралд орсон. Уг нь бол үндэслэлтэй юу, үгүй юу гэдгээ гишүүд судлаад асуух асуултаа бэлдээд орох ёстой. Эндээс эхлээд л хууль зөрчиж эхэлсэн гэж үзэж байгаа.

-Та бүхэн дараа нь байнгын хорооны саналын томьёолол дээр бас хууль зөрчсөн гээд байсан, тийм уу?

-Байнгын хорооны хурал дээр дахиад хууль зөрчсөн. Энэ сарын 10-ны баасан гарагт ТББХ-ны хурал эхлээд, ирц бүрдсэн. Гэвч хурал явж байтал ажлын цаг дууслаа гээд завсарлуулсан. Ингээд 13-ны даваа гарагт байнгын хорооны хурал үргэлжлэн хуралдаж, ирц бүрэн байхад хурлыг шууд хаасан. Үүгээрээ ТББХ-ны дарга хууль зөрчсөн үйлдэл гаргасан. Мөн пүрэв гарагт нь дахиад шинээр ирц бүрдүүлж хуралдуулсан. Ингэхэд 22 гишүүний 19 нь Засгийн газрыг огцруулахгүй гэдэг санал өгсөн. Энэ дотор нөгөө анх огцруулъя гэсэн бичиг өргөн барьсан гишүүд бас байгаа юм. Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар байнгын хорооны саналаар санал хураах юм байна. Байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжье гэдэг томьёоллоор явах юм байна гэдэг мэдээллийг аваад бид эсэргүүцлээ илэрхийлсэн. Яагаад гэвэл энэ бол Үндсэн хуулийн 43.1, Дэгийн тухай хуулийн 101.4 дэх заалтыг зөрчиж байгаа юм. Энэ хоёр хуулийн заалт Ерөнхий сайдыг огцруулъя гэдгээр санал хураана гэдгээрээ яг нийцэж байгаа. Гэтэл байнгын хорооны томьёоллоор санал хураах гээд байсан учраас гишүүд Үндсэн хууль зөрчсөн аливаа үйл ажиллагаанд орохгүй байх эрх, үүрэгтэй. Тийм ч болохоор бид ирцэд ороогүй. Орчих юм бол байнгын хороо шиг санал хураалт явчих гээд байсан. Мөн пүрэв гарагийнхаа чуулганы хуралдааныг хаалгүйгээр тэр ирцээр нь баасан гарагт хуралдсан. Энэ нь өөрөө мөн л хуулийн зөрчил. Гэвч энэ хуралдаанаараа Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцээд эс үйлдэхүйгээр нь огцруулсан. Санал өгсөн 71 гишүүний 19 нь чуулганы танхимд байгаагүй. Өөрөөр хэлбэл, эдгээр гишүүд пүрэв гарагийн ирцэд бүртгүүлчихээд баасан гарагийн хуралдаанд ирээгүй гэсэн үг. Засгийн газрыг огцруулна гэдэг өөрөө хариуцлагатай ажил. Үнэхээр огцруулъя гэж байгаа бол хуралдаандаа ирээд кнопоо дараад үйлдлээрээ огцруул гэж байхад эс үйлдэхүйгээр нь огцруулчихсан учраас энэ бол Үндсэн хуулийн бүрэн зөрчил боллоо гэж бид үзэж байгаа. Дээр нь УИХ-ын Тамгын газар УИХ-ын хэвийн үйл ажиллагааг явуулах, гишүүдэд мэдээлэл хүргэх зохион байгуулалт хийх ёстой байтал даргын Тамгын газар болчихсон. Тамгын газрын дарга Б.Баасандорж Дэгийн тухай хуулийн 6.2-ийг хоёр удаа өөрөөр тайлбарласан.

-Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авах, авахгүй тухай асуудал байна. Дээрээс нь Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж таарах уу?

-УИХ-аар Ерөнхийлөгчийн тавьсан энэ хоригийг хэлэлцэх ёстой. Хуулийнхаа хугацаанд хэлэлцэх болов уу гэж найдаж байна. Үндсэн хуулиа уландаа гишгэчхээд байгаа учраас цаашид хуулийн дагуу явна гэдэгт итгэх итгэл суларч байна. Хоёрдугаарт, Ерөнхий сайд Үндсэн хуулийн Цэцэд хандсан юм билээ. Тийм учраас Үндсэн хуулийн Цэц Их суудлын хуралдаанаараа энэ асуудлыг лхагва гараг буюу маргааш нээлттэй хэлэлцэхээ зарлачихлаа. Их суудлын хуралдаанаас гарсан шийдвэр эцсийнх байх ёстой. Тийм болохоор энэ шийдвэр асуудлыг нэг талд нь гаргах болов уу гэж харж байна.

-Цэцийн шийдвэр эцсийнх ч гэсэн танай намын даргын сонгуулиас үүдэлтэй энэ маргаан бүрэн цэгцрэх юм уу. Танай бүлэг эв зүйгээ олох уу?

-Бүлгийн асуудлыг намын асуудал гэж ойлгож болохгүй. Төрийн ажил, улс төрийн намын ажил хоёр заагтай байх ёстой. Манай бүлгийн дарга байсан Ж.Бат-Эрдэнэ гишүүн бүлэг хуралдахгүй байгаа нь манай намын Удирдах зөвлөл хуралдахгүй байгаатай холбоотой гэсэн зүйл ярьсан. Гэтэл тийм биш л дээ. УИХ дахь аливаа нам, эвслийн бүлэг нь аль нэг нам, эвслийн дээд, доод, дунд шатны байгууллагын өмнө хариуцлага хүлээхгүй гэсэн хуулийн заалттай. Өөрөөр хэлбэл, намын бүлэг гэдэг УИХ-ын бүрэлдэхүүний нэг хэсэг. Харин Удирдах зөвлөл бол намын байгууллага. Тийм болохоор Удирдах зөвлөл бүлэгт чиглэл өгнө гэж байхгүй. Нөгөө талдаа та намын асуудлыг хөндөж байна. Намын Их хурал ирэх сарын 15-нд товлогдсон. Тэгэхээр намын даргын асуудал тэндээ яригдаад явах нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ бол Их хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн асуудал.

-Тэгэхээр та Цэцийн дүгнэлтийг хүндэтгээд танай бүлгийн асуудал цэгцэрнэ. Харин намынхаа Их хурлын шийдвэрийг хүндэтгээд намын тань асуудал шийдэгдээд, ойлголцоод явна л гэж харж байна уу?

-Тэгж л ойлгож байна. Манайхан намын хуваагдал гэж яриад байгаа юм. Харин би үүнийг тэгж харахгүй байгаа. Намын гишүүд аль болох эвтэй, учраа олоод явах тухай асуудлыг л ярьж байна. Тэгэх ч ёстой. Гэхдээ үүний цаана байгаа хулгай хийсэн, хууль зөрчсөн асуудлууд хуулийнхаа дагуу шийдэгдэх ёстой. Энэ бол тусдаа асуудал. Намын даргатай холбоотойгоор ингээд байгаа юм уу. Эсвэл хууль зөрчсөнтэй холбоотой мэдээлэл гарсантай холбоотойгоор ийм байдал бий болчихов уу гэдгээ л нэг талдаа гаргах хэрэгтэй. Аль, аль нь төрийн өндөр албан тушаалтан. Хэн нэг нь худлаа яриад байгаа бол тэр нь нэг талдаа гарч ирэх ёстой биз дээ. Энэ бол тохирдог, ойлголцдог, манай намын гишүүд ойлголцсоноор шийдэгддэг асуудал биш.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ 

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, сургалтын төвүүдэд суралцаж буй хугацаат цэргийн алба хаагчдын тоог нэ...

img

18 минутын өмнө

Шөнийн тарифын хөнгөлөлт 11 дүгээр сарын 1-нээс эхэлнэ

Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхийн орой шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааны...

img

1 цагийн өмнө

Өвлийн элсэлтийн шалгалт арванхоёрдугаар сарын 4-нд эхэлнэ

2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын хуваарийг Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-аас өнөөдөр танилцууллаа. Шалгалт арванхоёрдугаар сарын...

img

1 цагийн өмнө

Улсын хэмжээнд 376 удаагийн мал хулгайлах гэмт хэрэг бүртгэгджээ

2025 оны эхний 09 дүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 376 удаагийн мал хулгайлах гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 19.4 хув...

img

3 цагийн өмнө

Б.Нямбаяр: Эмч, сувилагч нар тангараг өргөсөн тулдаа л шүд зуусаар өдий хүргэлээ

Эрүүл мэндийн салбарынхан үндсэн цалингаа 3.5 сая төгрөг болгохыг шаардсан жагсаал өчигдөр дөрөв дэх өдрөө төв талбайд үргэлжиллээ. ...

img

3 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд