мэдээ
Ж.Батжаргал: Намын бүлгийн тамганы асуудлыг бид хоорондоо ярилцаад зохицох ёстой

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ
2025 оны 10 сарын 22

60

Улсын Их хурлын гишүүн, МАН–ын шинэ бүлгийн дарга Ж.Батжаргалтай ярилцлаа.
-Танай намын бүлгийн гишүүдийн олонх хуралдаж таныг даргаар томилсон. Таны хувьд тамга, тэмдгээ хүлээж авч, эцсийн байдлаар асуудал шийдэгдсэн үү?
-Намын бүлэг гэдэг УИХ-ын бүтцийн байгууллага. Тийм учраас УИХ-ын хууль, Дэгийн тухай хууль, намын бүлгийн үйл ажиллагааны журам, дэг гээд баримт бичгүүдийг бид дагаж, мөрдөж ажиллах ёстой. Бидний сонгож авсан энэ нийгэм бол олонхоороо асуудлаа шийддэг, цөөнхөө хүндэтгэдэг үнэт зүйлтэй. Тэгэхээр МАН-ын бүлгийн олонх гишүүд хуралдаж, намайг бүлгийн даргаар сонгосон. Гэхдээ бид бол нэг намын бүлэг. Тийм ч учраас 68-уулаа асуудлаа ярьж, шийдлээ зөв гаргаж, зөв явах ёстой. Ард түмэн итгэл хүлээлгэж, үүрүүлсэн ачааг үүрсэн шиг үүрч, дэвшүүлсэн зорилтуудаа хангаж, улс эх орныхоо эдийн засаг, нийгмийн амьдралыг тогтворжуулж, амьдралын чанарыг ахиулах үйл явц руугаа явах хэрэгтэй. Үүний ч төлөө үйл ажиллагаагаа чиглүүлж байна. Намын бүлгийн тамга, тэмдэг зэрэг асуудал бол тэртэй тэргүй бид хоорондоо ярилцаад зохицоод явах ёстой гэж ойлгож байгаа.
-Даваа гарагт танай бүлэг хуралдах гэсэн ч ажлын алба ирц нээж өгөхгүй байна гэж байгаад ямартаа ч хуралдах шиг болсон. Тэгэхээр ер нь бүлгээс гарч байгаа шийдвэрүүдийг хүчин төгөлдөр гэж үзэх юм уу?
-Түрүүн миний хэлсэн хууль, журмуудад үүнийг бүгдийг нь заагаад өгчихсөн байгаа. Ямар тохиолдолд хуралдаж шийдвэр гаргах вэ. Түүнийг хэнд мэдэгдсэнээр албажаад явах юм гээд заачихсан. Тийм ч болохоор бүлгийн олонх хуралдаж, асуудлаа шийдээд, шийдвэрээ УИх-ын удирдлагуудад гардуулаад өгчихсөн. Тэгэхээр энэхүү шийдвэр албажих ёстой. Энэ бол 2023 онд Дэгийн тухай хуульд орсон өөрчлөлт юм. Учир нь өмнөх парламентын үед Ардчилсан нам дээр яг ийм асуудал үүсээд алийг нь жинхэнэ гэж авч үзэх вэ гэдэг асуудал яригдсан. Хуралдаан даргалагч заавал уншиж, танилцуулж байж албаждаг байсныг 2023 онд өөрчлөлт оруулж, гардуулж өгснөөр албаждаг болгосон юм. Тийм болохоор албан бус ярихад эрх зүйн хувьд боломжгүй.
-Танай бүлэг ингэж хоёр талд гарсан нь Ерөнхий сайд, УИХ-ын дарга гэдэг хоёр хүнийг дэмжих, дэмжихгүй гэдгээс үүдэлтэй. Харин энэ хоёр хүнээ УИХ-аар огцруулчихлаа. Энэ нь таны саяны ярьдаг олонх нь шийдвэр гаргаад, цөөнх нь дагадаг, хүндэтгэдэг зарчим биш юм уу?
-МАН-ын бүлэг задарч, хоёр хуваагдчихаад байгаа зүйл биш. Тодорхой асуудлууд дээр санал зөрөлдөөд л байгаа хэрэг
Монгол Улс бол Үндсэн хуультай эрх зүйт төрөө төлөвшүүлж яваа, парламентын засаглалтай орон. Тийм ч болохоор төрийн байгууллагуудын үндсэн зарчим нь хууль дээдлэх байдаг. Тэгэхээр хэлэлцэж байгаа болон бусад асуудлууд Үндсэн хууль болон бусад хуульд бүрэн нийцсэн байх ёстой. Засгийн газар буюу Ерөнхий сайдыг огцруулах асуудал нь тов тодорхой, хоёрдмол утгагүй хуулийн заалттай. Гэвч хоёр өөр цаг хугацааны, хоёр өөр эрх зүйн зохицуулалттай байсан асуудлуудыг нэг мэтээр ярьж, ойлголтын зөрүү үүсгээд болж өгөхгүй байгаа юм. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат нарын Засгийн газрыг огцруулах үеийг жишээ болгож яриад байгаа. Гэтэл бид чинь 2019 онд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулаад 43.1 дэх заалтад тодорхой тусгаж өгсөн. УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулъя гэж хүсэлт тавьбал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлээд 10 хоногийн дотор шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалттай. УИХ-ын гишүүдийн олонх уг саналыг дэмжсэн бол Засгийн газар, Ерөнхий сайдыг огцруулсанд тооцно. Үүнд хүрээгүй бол шийдвэр гаргахгүй гэж байгаа. Мөн анх гаргасан уг саналаар санал хураалт явуулна гэж хуульд бий. Гэтэл сая огцруулахгүй гэж гарсан байнгын хорооны саналаар санал хураалт явуулсан. Энэ нь өөрөө Үндсэн хуулийг зөрчиж байгаа үйл явц юм.
-Гэвч үүн дээр Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан. Үүнийг та хэрхэн харж байна вэ?
-Энэ бол Монгол Улсын төрийн тэргүүн парламентын засаглал, Үндсэн хуулиа хамгаалсан шийдвэр гэж харж байгаа. УИХ алдсан алдаагаа засах боломжийг бий болгож байна гэж л үзэх ёстой. Тийм ч учраас УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, хүлээн авах хэрэгтэй.
-УИХ алдаагаа засах боломжийг олгож байна гэж хэллээ. Тэгэхээр Засгийн газрыг огцруулах асуудлаар дахиад шинээр ирц бүрдүүлээд хэлэлцэж болно гэсэн үг үү?
-Хууль буруу хэрэглээд гаргасан алдаагаа засах боломжийг бий болгож өгч байгаа юм. Тийм болохоор хоригийг хүлээж аваад, Засгийн газар нь цаашаа хэвийн үйл ажиллагаагаа явуулах ёстой. Дараа нь гишүүд хуульд зааснаар асуудлаа яаж тавих нь тэдний хэрэг.
-Таны хувьд ер нь энэ Засгийн газрыг хэр ажиллаж байгаа гэж дүгнэж байна вэ?
-Засгйин газар шинэчлэн байгуулагдаад 100 гаруй хонож байна. Явуулж байгаа үйл ажиллагаа, үр дүн бол цаг хугацааны асуудал. Ямар ч байсан энэ хүнд хэцүү цаг үед өөрийнхөө боломж, нөөцөө харгалзаад төсвийн тодотголоо цаг алдалгүй маш шуурхай хийсэн. Ингэснээр 2.3 их наяд төгрөгийн хэмнэлт гаргаж, эдийн засгийн уналтыг хязгаарлаж чадсан. Хоёрдугаарт, манай экспортын гол бүтээгдэхүүн болсон эрдэс баялгийн бүтээгдэхүүний экспорт дээр шуурхай ажилласан. Үндсэндээ зогсох түвшинд оччихсон байсан бол нэг сард хийсэн хамгийн өндөр экспортыг есдүгээр сард хийсэн. Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч тавьснаар ийм үр дүн гарсан гэж хэлж болно. Эрдэс баялгийг дагасан хулгай, луйврыг хязгаарлах, ил болгох томоохон алхмууд хийлээ. Дээр нь төрийн байгууллагуудын данхайсан бүтцийг багасгах ажлыг хийж байна. Тэгэхээр энэ богино хугацаанд бодлогын тодорхой шийдлүүд гарсан гэж үзэж байгаа. Мэдээж алдаа, оноо бий. Гэхдээ түүнийг цаашдаа засч, сайжруулаад явах хэрэгтэй. Төр засаг аль болох тогтвортой, бодлого шийдвэр нь тогтвортой байх ёстой гэж үзэж байна.
-Шатахууны хомсдол үүсчихлээ, олдохгүй, өгөхгүй байна гэдэг гомдол гарч байна. Бодит байдал дээр ч тийм л байгаа. Үүн дээр юу хэлэх вэ?
-Бид нэг л улс орноос шатах, тослох материалаа бүрэн авч байгаа. Тэр улс маань өөрөө бас геополитик, цэрэг дайны ажиллагаатай холбоотойгоор хүнд байх шиг байна. Дээрээс нь нефть боловсруулах, хадгалах газрууд руу нь довтолж байгаа учраас үйлдвэрлэл, нийлүүлэлт дээр асуудал бий. Гэхдээ ямар ч асуудалтай байсан манайд нийлүүлэлтээ бүрэн хэмжээнд хийж байгаа. Харин тээвэрлэлт дээр хүндрэлүүд байгаа юм билээ. Үүнээс үүдээд нийлүүлэлтийн асуудал үүсч байгаа. Үүн дээр нэмээд хэрэглэгчид маань ердийнхөөсөө илүү худалдан авч, нөөцөлж байх шиг байна. Мөн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам маань урд хөршөөс авах шатахуунаа нэмэгдүүлэх бодлого бариад хэлэлцээр, уулзалт хийгээд явж байгаа юм байна лээ. Тийм болохоор үүн дээр тодорхой шийдлүүд гарна гэж ойлгож байгаа.
-Багш, эмч нар цалингаа нэмүүлэх суулт, ажил хаялт зарлачихсан байгаа. Үүн дээр ямар шийдлүүд гаргахаар ярьж байгаа вэ?
-Ирэх оны төсөв өргөн баригдаж орж ирэхдээ зөвхөн өндөр настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх, цалин хөлсний асуудал дээр боловсролын салбар дээр хувьсах зардлаар нь дамжуулан ачааллын нэмэгдэл гэдэг зүйлийг шийдье гэсэн. Бид өмнө нь Боловсролын багц хуулийг шинэчилсэн. Ингэхдээ үр дүнд суурилсан цалин хөлсний тогтолцооны өөрчлөлтийг бий болгож өгсөн. Мөн орон нутгийн нэмэгдлийг ч тодорхой хувиар нь зааж оруулсан юм. Ачааллын нэмэгдлийн хувьсах зардалд 100 тэрбум төгрөг хэрэгтэй. Ингэх юм бол хөдөөгийн багш нарынхаа цалинд дөхөж очих юм байна гэсэн тооцооллоор оруулж ирсэн. Гэвч ний нуугүй хэлэхэд, авч байгаа цалин хөлс хүн бүрд л хүрэлцэхгүй байгаа. Тийм ч болохоор цалингаа нэмүүлэх асуудлыг боловсрол, эрүүл мэндийн салбарынхан маань тавьж байгаа нь буруу биш. Шийдэх ч ёстой. Учир нь цалин нь хүрэлцэхгүй байгаа учраас гадагшаа их явж байна. Мөн хувийн хэвшлийнхэн багш, эмч нарт өндөр цалин, боломж амлаад авчихаж байна. Тийм болохоор төр боловсон хүчний дутагдалд орж байгаа. Энэ бүхнийг том зургаар нь харж, тогтолцооны шинэчлэл хийх хэрэгтэй. Дээр нь энэхүү асуудлыг яриад эхлэхээр хэдийгээр төсвөө өргөн барьсан ч Засгийн газар зардал дотроо зохицуулалт хийж, тодорхой хувиар нэмэгдүүлье гэдэг саналыг гаргаж байна. Тийм ч болохоор энэ салбаруудын Үйлдвэрчний эвлэлүүдтэй уулзаж ярилцах алхмууд хийгдээд эхэлсэн. Урьдчилсан дүнгээрээ 810-830 тэрбум төгрөгийн асуудал байна. Тиймээс хөдөлгөж болох зардлуудаа хөдөлгөөд үүнийг шийдэхээр ярьж байгаа юм билээ.





Хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, сургалтын төвүүдэд суралцаж буй хугацаат цэргийн алба хаагчдын тоог нэ...
18 минутын өмнө
Шөнийн тарифын хөнгөлөлт 11 дүгээр сарын 1-нээс эхэлнэ
Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхийн орой шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааны...
1 цагийн өмнө
Өвлийн элсэлтийн шалгалт арванхоёрдугаар сарын 4-нд эхэлнэ
2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын хуваарийг Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-аас өнөөдөр танилцууллаа. Шалгалт арванхоёрдугаар сарын...
1 цагийн өмнө
Улсын хэмжээнд 376 удаагийн мал хулгайлах гэмт хэрэг бүртгэгджээ
2025 оны эхний 09 дүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 376 удаагийн мал хулгайлах гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 19.4 хув...
3 цагийн өмнө
Б.Нямбаяр: Эмч, сувилагч нар тангараг өргөсөн тулдаа л шүд зуусаар өдий хүргэлээ
Эрүүл мэндийн салбарынхан үндсэн цалингаа 3.5 сая төгрөг болгохыг шаардсан жагсаал өчигдөр дөрөв дэх өдрөө төв талбайд үргэлжиллээ. ...
3 цагийн өмнө
Сэтгэгдлүүд