мэдээ
Б.Нямбаяр: Эмч, сувилагч нар тангараг өргөсөн тулдаа л шүд зуусаар өдий хүргэлээ

Админ
2025 оны 10 сарын 22

59

Эрүүл мэндийн салбарынхан үндсэн цалингаа 3.5 сая төгрөг болгохыг шаардсан жагсаал өчигдөр дөрөв дэх өдрөө төв талбайд үргэлжиллээ. Энэхүү жагсаалд Увс, Завхан, Дархан-Уул, Дорнод, Хөвсгөл, Ховд зэрэг аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, ажилчид оролцож, үзэл бодлоо илэрхийлсээр байгаа юм. Эмч нарын суултын үеэр ХСҮТ-ийн эмч Б.Нямбаяртай цөөн хором ярилцлаа.
-Эмч нарын өрнүүлж буй тэмцэл орон даяар үргэлжилж байна. Хамгийн гол асуудал нь цалин хангамж болоод байгаа. Таны хувьд гар дээрээ хэдэн төгрөгийн цалин авдаг вэ?
-Гол асуудал бол ойлгомжтой байгаа шүү дээ. Үнэнийг хэлэхэд эмч, сувилагч нар тангараг өргөсөн тулдаа л шүд зуусаар өдийг хүргэлээ. Үнэхээр бид ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө нойр хоолгүй зүтгэж байгаа. Тэгэхэд бидний авч байгаа цалин ямар байна. Миний хувьд коронагийн үед ажиллаж байгаад гарсан байсан. Эргэж ажилдаа ороод зургаан сар болж байна. Гар дээрээ 1.100.000 төгрөгийн цалин авч байна. Тэгэхэд зүгээр нэг хувийн хэвшил юм уу, томоохон байгууллагын харуулын ажилтан хэдэн төгрөгийн цалин авч байна гээд харьцуулаад бодохоор арай байна. Эмч, эмнэлгийн ажилчид маань 24 цаг нойр хоолгүй, жижүүрт хонож ажилладаг. Тэгсэн хэрнээ л өрнөөс өрний хооронд байна. Цалин буулаа, зээлээ төллөө. Маргааш нь биенээсээ мөнгө зээлээд, хүн амьтнаас царай алдаад явж байна шүү дээ. Бодит байдал ийм л байна. Одоо юмны үнэ яаж өсөж байгаа билээ. Дэлгүүр лүү ороод үмх мах, талх, гурил, будаа аваад гараад ирэхэд хэдэн төгрөг болдог билээ. Дээрээс нь автобус унааны мөнгөнөөс эхлээд хүүхдүүдийн сургалтын төлбөр гээд үнэндээ эмч нар бид туйлдаж байна. Тангараг өргөсөн тулдаа л тэсэж байна.
-Эмч нар ажил хаялт зарлана гэсэн зүйл яригдаад байгаа?
-Бид хууль завхруулахгүй. Хуулийнхаа хүрээнд цалингаа нэмүүлэхийн төлөө шаардлагаа тавина. Цаашдаа тавьсаар ч байх болно. Цалингаа нэмүүлэхийн төлөө ажил хаясан ч болно шүү дээ. Эмнэлгийн ажилчид ажил хаявал иргэдийн амьдрал яах бол. Үүнийг ойлгох хэрэгтэй. Эрх мэдэл бүхий хүмүүс нь өөрсдөө өндөр цалин аваад, гадаад руу яваад эмчлүүлдэг л юм байгаа биз. Тийм болохоор энэ асуудлыг тоохгүй байх шиг байна. Үгүй юм аа. Бид ингэх тусам өшөө цааш нь үргэлжлүүлнэ. Энэ жагсаалд одоо ажиллаж байгаа эмч нараас гадна урьд нь ажиллаж байсан эмч нар маань хүртэл оролцож байна. Ард түмэн маань ч эмч үнэхээр их дэмжиж байна. Иргэд маань ирээд “Та нарыг дэмжиж байгаа шүү, тэсээрэй” гэж хүртэл хэлж байна. Энэ завшааныг ашиглаад “Ард түмэндээ баярлалаа” гэж хэлмээр байна.
Эмч нарын суултын талаар Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Отгонтунгалаг “Бид өнөөдөр хуульд заасан үндсэн эрхээ хэрэгжүүлэхийн төлөө, нийгмийн шударга ёсыг хангуулахын төлөө төв талбайд суулт зарлаж байна. Эмч нар өөрсдийнхөө төлөө дуугарах зоригтой гэдгээ харуулах гэж ирсэн. Бидний өрнүүлж байгаа тэмцэл бол эрүүл мэндийн салбарын нийт ажилчдаас урган гарч ирж байгаа шаардлага. Бидний тэмцлийг хүчгүйдүүлж, зохион байгуулалтад орж чадахгүй байна, албан тушаалаа ашиглаж, улстөржүүлж байна гэсэн яриа гарч байгаа харагдсан. Энэ юу гэсэн үг вэ. Бид өнөөдөр зах зээл дээр мэргэжлээ үнэлж, түүнийхээ үр шимээр амьдрал ахуйгаа залгуулахын төлөө амьдарч байгаа. Эмч нар бүгдээрээ шударгаар хөдөлмөрлөж байна. Гэтэл биднийг үнэлж байгаа цалин хөлс нь өөрийгөө болон гэр бүлээ авч явахад ч хүрэлцэхгүй байна. Ямартаа ч ямар нэгэн үндэслэлгүйгээр энэ суулт, тэмцлийг хийгээгүй. Тэмцэл маань үндэсний хэмжээнд өрнөж, эмч, ажилтнууд оролцож байна. Бидний тэмцлийг иргэд, эмнэлгээр үйлчлүүлэгчид маань шударга шаардлага хэмээн үзэж, дэмжиж буйгаа ч лэрхийлсээр байна” хэмээв.
Г.БАЛГАРМАА





Хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил эзэмшүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, сургалтын төвүүдэд суралцаж буй хугацаат цэргийн алба хаагчдын тоог нэ...
18 минутын өмнө
Шөнийн тарифын хөнгөлөлт 11 дүгээр сарын 1-нээс эхэлнэ
Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхийн орой шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааны...
1 цагийн өмнө
Өвлийн элсэлтийн шалгалт арванхоёрдугаар сарын 4-нд эхэлнэ
2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын хуваарийг Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-аас өнөөдөр танилцууллаа. Шалгалт арванхоёрдугаар сарын...
1 цагийн өмнө
Улсын хэмжээнд 376 удаагийн мал хулгайлах гэмт хэрэг бүртгэгджээ
2025 оны эхний 09 дүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 376 удаагийн мал хулгайлах гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 19.4 хув...
3 цагийн өмнө
Б.Нямбаяр: Эмч, сувилагч нар тангараг өргөсөн тулдаа л шүд зуусаар өдий хүргэлээ
Эрүүл мэндийн салбарынхан үндсэн цалингаа 3.5 сая төгрөг болгохыг шаардсан жагсаал өчигдөр дөрөв дэх өдрөө төв талбайд үргэлжиллээ. ...
3 цагийн өмнө
Сэтгэгдлүүд