мэдээ
Б.Энхболд: Иргэд цагдаагийн байгууллагад хяналт тавьж, дэмжлэг үзүүлэх үүргээ хэрэгжүүлэх хэрэгтэй

Админ
2025 оны 10 сарын 27
51

Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор Б.Энхболдтой иргэний зөвлөлийн талаар ярилцлаа.
-Иргэдийн зүгээс цагдаа нарын харилцаа хандлагад багагүй шүүмжлэлтэй ханддаг. Танайд үүнтэй холбоотой хэр их гомдол бүртгэгддэг вэ?
-Хүний эрхийн үндэсний комисст ирж байгаа нийт өргөдөл, гомдлын долоо орчим хувийг цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол эзэлдэг. Манайд ирж байгаа гомдол мэдээлэл тухайн салбарын нөхцөл байдлыг бүрэн илэрхийлэхгүй. Харин Комиссоос хийсэн Монгол Улс дахь хохирох эрсдэлийн судалгааны дүгнэлтүүдээс үзэхэд цагдаагийн байгууллага гэмт хэргээс иргэдийг хамгаалж чадаж буй эсэхэд иргэдийн 63 орчим хувь нь сэтгэл ханамжгүй байна гэж үзсэн. Харин цахим халдлагад өртсөн иргэдийн 19 хувь, залилах гэмт хэргийн 29 хувь, хүчирхийллийн 20 хувь нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй гэсэн байдаг. Гомдол гаргахгүй байгаа шалтгааны 20 орчим хувь нь хангалттай арга хэмжээ авч чадахгүй гэж үзсэн. 60 орчим хувь нь асуудлаа өөрөө шийдсэн гэсэн. Энэ судалгаа юуг харуулж байна вэ гэхээр иргэд асуудлыг өөрсдөө шийдвэрлэдэг хандлага. Гэтэл энэ нь хүний эрхийг зөрчих маш том эрсдэлийг үүсгэдэг. Мэдээж, энэ дүгнэлтэд олон хүчин зүйл нөлөөлдөг ч цагдаагийн байгууллага хүний эрхийг хамгаалах гол байгууллагын хувьд цаашид иргэдийн сэтгэл ханамжийг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай.
-Комисст ихэвчлэн ямар төрлийн гомдол ирдэг вэ?
-Цагдаагийн байгууллага мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж, гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй. Энэ хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг зөрчсөн, хүнд суртал чирэгдэл гаргасан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, хүүхдийн эрх, жендертэй холбоотой гомдол санал эзэлдэг. Мөн хэв журам, замын цагдаатай холбоотой гомдол санал, харилцаа хандлага ёс зүйн асуудал ихэвчлэн ирдэг.
– Саяхан комиссоос Иргэний зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах шаардлагатай гэсэн мэдээлэл гаргасан байсан. Иргэний зөвлөл, цагдаагийн байгууллагатай ямар холбоотой вэ?
-Цагдаагийн байгууллагын шинэчлэл, реформын талаар хүмүүс байнга ярьдаг. Нийгэмд цагдаа нартай холбоотой асуудал үүсэхээр цагдаагийн байгууллагыг шинэчлэх ёстой гэх хэлэлцүүлгүүд өрнөдөг. Энэ шүүмжлэлүүдийн гол санаа нь цагдаа хүний эрхийг дээдэлсэн, олон нийтэд түшиглэж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого үйл ажиллагаа явуулдаг, ил тод, иргэдийн итгэлийг хүлээж, тэдний дэмжлэгийг авч ажилладаг, мэргэжлийн байгууллага байх ёстой гэдэг. Эдгээр үзэл санаа одоогийн Цагдаагийн албаны тухай хуульд туссан зарим хэрэгжилт хангалтгүй байдаг нь практикаас харагддаг. 2017 онд Монгол Улсын Их Хурлаас баталсан Цагдаагийн албаны тухай хуулийн зорилтод цагдаагийн байгууллагад тавих иргэний хяналтын эрх зүйн үндсийг тогтооно гэж заагаад, “иргэний зөвлөл” гэдэг ойлголтыг шинээр хуульчилсан байдаг. Тус хуулиар нийслэл, аймгийн ИТХ-ын дэргэд цагдаагийн байгууллагад олон нийтийн хяналт тавих хараат бус иргэний зөвлөл ажиллана гэсэн байдаг. Тус зөвлөл нь Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, дэмжлэг үзүүлэх хоёр үүргийг хэрэгжүүлж ажиллана гэж заасан. Иргэний зөвлөлийг цагдаагийн үйл ажиллагаанд шинжлэх ухаан технологийн дэвшил ашиглаж буй байдал, алба хаагчийн сургалт, гомдол мэдээллийг шалгаж буй байдал, алба хаагчийн ёс зүйн асуудалд дүн шинжилгээ хийх, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх асуудалд олон нийтийн санал бодлыг тусгах, нууцад хамаарахаас бусад төсвийн тайлантай танилцаж, санал хүргүүлэх гэх зэрэг эрх хэмжээтэй байхаар хуульчилсан.
-Иргэний зөвлөлд хэнийг, ямар журмаар ажиллуулдаг бэ?
-Тухайн нутаг дэвсгэрийн оршин суугчдын сайн дурын үндсэн дээр таваас долоон хүнийг ИТХ-аас сонгож, гурван жилийн хугацаагаар ажиллуулдаг. Мэдээж хуульд заасан зарим нэг шалгууртай. Тухайлбал, сүүлийн таван жилийн хугацаанд цагдаа, прокурор, шүүгч улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй. Ял шийтгэл, ашиг сонирхлын зөрчилгүй гэх мэт. Үндсэндээ тухайн нутаг дэвсгэрт оршин суугч хэн ч иргэний зөвлөлд ажиллаж болно гэсэн үг. Мөн иргэний зөвлөлийн гишүүдийн цалин хөлс, үйл ажиллагааны зардлыг тухайн нутаг дэвсгэрийн ИТХ-аас шийдвэрлэдэг. Тиймээс иргэд идэвхтэй байж, цагдаагийн байгууллагад хяналт тавьж, дэмжлэг үзүүлэх үүргээ хэрэгжүүлэх хэрэгтэй.
-Тэгвэл иргэний зөвлөлд хориглосон хэмжээ бий юу?
-Цагдаагийн байгууллагын ажил, хэрэг бүртгэх, аливаа ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй, иргэний зөвлөлийн нэрийг барьж улс төрийн шинжтэй үйл ажиллагаа явуулахыг хориглосон.
-Иргэний зөвлөлийн гол үүрэг, ач холбогдол юу вэ?
-Ардчилсан улс орнууд дахь цагдаагийн үйл ажиллагааны гол зарчим бол хүний эрхийг дээдлэх, иргэдийг гэмт халдлагаас хамгаалах, олон нийтэд түшиглэж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үзэл санаанд тулгуурладаг. Мэдээж гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, бусдын зөрчигдсөн эрхийг сэргээхийн тулд хүч, албадлага хэрэглэх эрх хэмжээг цагдаагийн байгууллагад хуулиар олгосон байдаг. Үүнтэй холбоотойгоор алба хаагч эрх мэдлээ хэтрүүлэх, хүний эрхийг зөрчих, санаатай, болгоомжгүй алдаа дутагдал гаргах тохиолдол манайд төдийгүй дэлхийн улсуудад түгээмэл. Эдгээр асуудалд бодитой хөндлөнгийн хяналт тавих, иргэдийн дуу хоолой болох, мэдээллийн ил тод байдлыг хангах үүднээс иргэний хяналт зайлшгүй хэрэгтэй. Ийм учраас дэлхийн улс орнууд ямар нэгэн хэлбэрээр иргэний зөвлөлийг байгуулж ажиллуулдаг. Иргэний зөвлөлийн үйл ажиллагаа нь зөвхөн хяналт тавих, шүүмжлэх биш, харин цагдаад итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, шударга, мэргэшсэн үйл ажиллагааг дэмжих, цагдаагийн алба хаагчтай холбоотой гомдол мэдээлэл гаргах боломжийг таниулах, алба хаагчийг хамгаалах ач холбогдолтой.
-Тэгвэл иргэний зөвлөлийн үйл ажиллагаа өнөөгийн байдлаар ямар түвшинд байна вэ. Хуулиар хүүлээсэн үүргээ хангалттай биелүүлж чадаж байна уу?
-Харамсалтай нь манайд иргэний зөвлөлийн үйл ажиллагаа аймаг нийслэлийн хэмжээнд харилцан адилгүй явагдаж байна. Зарим аймгийн хувьд маш сайн бол, зарим нь иргэний зөвлөлөө татан буулгачихсан, эсвэл одоо болтол байгуулаагүй. Тухайлбал, Архангай, Говь-Алтай, Дундговь, Завхан, Сэлэнгэ, Хөвсгөл аймагт иргэний зөвлөлөө одоогоор байгуулаагүй байна. Зарим аймгийн иргэний зөвлөлийн гишүүдийн хугацаа нь дууссан. Орхон, Сүхбаатар аймгийн зүгээс тодорхой мэдээлэл ирүүлээгүй. Нийслэл болон Өмнөговь аймагт харьцангуй сайн, идэвхтэй ажиллаж байна. Иргэний зөвлөлөө байгуулчихсан ч үйл ажиллагаа нь чиг үүргийнхээ дагуу явагддаггүй гэх гэмт асуудал бий. Комиссын дүн шинжилгээгээр, чиг үүрэг чиглэлээ бүрэн ойлгоогүй, үйл ажиллагааны эрх зүйн орчин тодорхойгүй, хэрхэн, яаж хяналт тавих, дэмжлэг үзүүлэх арга зүйгээ төдийлөн оновчтой хэрэгжүүлж чадахгүй байна. Мөн олон нийтэд мэдээ тайлангаа хэрхэн тайлагнах вэ гэсэн асуудлууд тулгарч байна. Тодорхой удирдлага, зүг чиггүй ажиллаж байгаа нөхцөл байдал ч байна. Энэ нь эргээд олон нийтэд тайлагнаж, иргэдийн дэмжлэгийг авч ажиллах, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулж чадахгүй байхад хүргэж буй юм.
-Иргэний зөвлөлийг хэн чадавхжуулж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх ёстой вэ?
-Одоогийн цагдаагийн албаны тухай хуульд аймаг, иргэний зөвлөлийг ИТХ-ын дэргэд байна гэж заасан. Тэгэхээр тухайн нутаг дэвсгэрийн оршин суугчдын төлөөлөл гэдэг утгаараа ИТХ-ыг хариуцаад чадавхжуулаад явах шаардлагатай. Иргэний зөвлөлийн гишүүд тодорхой хугацаанд ажиллаад дараагийн шинэ гишүүд ирнэ. Тэгэхээр байнгын мэргэжил, арга зүйгээр хангах чадавх ИТХ дээр бүрдсэн байх илүү үр нөлөөтэй. Тиймээс Комисс, аймаг, нийслэлийн ИТХ, салбарын эрдэмтэн судлаачидтай хамтран иргэний зөвлөлийн үйл ажиллагааг чадавхжуулах, дэмжлэг үзүүлэх, сургаж дадлагажуулахад чиглэсэн ажил хийхээр төлөвлөж байгаа. Мөн эрх зүйн орчныг боловсронгуй болгох ёстой.
А.ДАВААДУЛАМ
МАН-ын удирдах зөвлөл маргааш хуралдана
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр “Маргааш 12:00 цагаас М...
3 цагийн дараа
ХКН-ын IV бүгд хурал болов
Хятадын Коммунист намын Төв Хорооны 20 дахь удаагийн IV бүгд хурал энэ 20-23-нд Бээжинд зохион байгуулагдаж, Төв хорооны 168 гишүүн ...
3 цагийн дараа
“Ривер гарден” хотхон орчмын хөрсний усны шугам шинэчлэлийн ажил 90 хувьтай байна
Геодези, усны барилга байгууламжийн газраас энэ онд нийслэлд дөрвөн байршилд хөрсний ус зайлуулах шугам хоолой хийж буй. Үүний нэг н...
2 цагийн дараа
Б.Энхболд: Иргэд цагдаагийн байгууллагад хяналт тавьж, дэмжлэг үзүүлэх үүргээ хэрэгжүүлэх хэрэгтэй
Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор Б.Энхболдтой иргэний зөвлөлийн талаар ярилцлаа. -Иргэдийн зүгээс цаг...
2 цагийн дараа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан хоригоо татаж авлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан хоригоо татаж авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны 10 дугаар ...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд



