Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 29

Валютын ханш

value

мэдээ

УИХ-ЫН ГИШҮҮД: Сандал суудалтай зууралдаж байхын оронд нийгмийн чухал асуудлуудаа шийдэхээр шуурхайлах хэрэгтэй

trend

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

img

2025 оны 10 сарын 28

img

67

news-img

Шатахууны хомсдол, багш, эмч нарын ажил хаялт, цалин, тэтгэвэр нэмэх асуудлаар УИХ-ын гишүүдийн байр суурийг энэ удаагийн “Спик аут” булангаараа товчхон хүргэе.

Асуулт: Шатахууны хомсдол иргэдийг туйлдуулж байна. Багш, эмч нар цалингаа нэмүүлэхийг шаардаж, ажил хаячихсан. Иргэдийн хувьд ажлаа хаяад хүүхдээ харах, эсвэл хүүхдээ хараад ажилдаа явъя ч гэсэн шатахуунгүй үнэхээр хүнд байна. Уг асуудалд та бодлого тодорхойлогч, хууль тогтоогчийнхоо хувьд ямар байр суурьтай байгаа вэ. Уг асуудлыг УИХ, Засгийн газрын түвшинд хэрхэн авч үзэх шаардлагатай вэ?


УИХ-ын гишүүн Ц.Туваан: –Засгийн газар ажиллах ёстой. Бэлтгэлтэй байх ёстой боловч ажиллаж чадсангүй, бэлтгэлээ хангаж ч чадсангүй.

Шатахууны хомсдолыг цэвэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам хариуцдаг, шийддэг. Намар болгон л хомсдол үүсэх нөхцөл бүрдчихдэг учраас үүнд бэлтгэлтэй байж, урьдчилж ажиллах ёстой байдаг. Гэтэл энэ салбар үнэхээр бэлтгэл муутай байна. Эсвэл иргэдээ бодохгүй, ажилдаа сэтгэл гаргаж ажиллаж чадсангүй гэж харж байгаа. Нөгөөтэйгүүр мөнхийн хоёр хөршийн манай улсад итгэх итгэл буурсан гэж ойлгодог. Энэ хоёр улс манайд итгэхээ больчхоод байна. Монгол Улсын хувьд ОХУ-аас шатахууныхаа 90 гаруй хувийг авдаг. Ингэж авахдаа импортод ямар нэгэн асуудал үүслээ, эсвэл нийлүүлэлтийн хэмжээ багасах, янз бүрийн асуудал болоход заавал төрийн өндөрлөгүүдийн айлчлал, эсвэл салбарын сайдын түвшинд хэлэлцээ хийгдэж байж хэвийн болдог. Өөрөөр хэлбэл, өндөр дээд хэмжээний айлчлалаар очиж гуйх маягтай асуудлыг шийддэг юм. Үүнийг аж ахуйн нэгжийн түвшинд, энгийн шууд харилцаад асуудлаа шийдээд явдаг байх зорилгоор газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх хэлэлцээрийг эхлүүлсэн. Үүнтэй холбоотойгоор ОХУ-аас онгоцны түлш урт хугацаанд импортоор авах асуудлыг хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр байгуулсан. Үүнийг манай УИХ соёрхон батлах ёстой байсан ч тухайн үед улстөржөөд батлаагүй орхисон. Өөрөөр хэлбэл хоёр хэлэлцээрийг соёрхон батлах ёстой байсан ч нэгийг нь батлаад, нэгийг нь үлдээсэн. ОХУ-ын хувьд хоёуланг нь манайхтай хийх сонирхолтой байсан байх. Гэтэл нэгийг нь зөвшөөлөөд нөгөөг нь зөвшөөрөхгүй гэдэг маягаар ялгачихсан учраас манайд итгэх итгэл нь суларчихсан гэсэн үг. Тийм ч учраас ОХУ-ын талаас манайх руу нийлүүлэх шатахуун экспортондоо хойрго хандаж байгаа юм болов уу гэж ойлгож байна. Тэгэхээр уг асуудлыг улстөржихгүй шийдэх ёстой байсан. Цаашид ч дахиад ийм асуудал үүсэхгүй гэх батлагаа алга. Тиймээс бид өмнөх хэлэлцээрээ дахин оруулж ирээд УИХ соёрхон баталчих ёстой. Тэгвэл ОХУ-ын талаас ч үүргээ хүлээгээд явна гэж бодож байна.

УИХ-ын гишүүн А.Ундраа: -Мэдээж асуудлыг анхааралтай авч үзэх шаардлагатай. Нэн даруй арга хэмжээ авч ажиллах нь төрийн үүрэг. Нийгэмд үүсээд байгаа асуудал товчхондоо, Засгийн газар ажлаа хийж чадахгүй байгаагийн илрэл юм. Сандал, суудалтайгаа зууралдаж байхын оронд нийгмийн чухал асуудлуудаа шийдэхээр шуурхайлах хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: -Шатахуун нийлүүлэлт тасралтгүй явах ажлыг Засгийн газар хийх ёстой. УИХ урт хугацааны бодлого стратеги төлөвлөлт гаргах шаардлагатай. Багш, эмч нарын цалин одоо үүссэн асуудал биш, олон жил яригдаж байгаа. Тэтгэвэр мөн адил. Бид хүнээ бодсон шийдвэр гаргах ёстой. Хүний цаана улсын хөгжил болон ирээдүй явдаг учраас цалин нэмэх боломж хайх биш, боломж бий болгож нэмэх ёстой. Төр өөрөө ачааллыг нь үүрэх хэрэгтэй. Цалин, тэтгэвэр нэмсэн бол дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өсдөг байж болохгүй. Тиймээс маш тодорхой зохицуулалт хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн Д.Батлут: -Хүүхдийн мөнгөнөөс хасаж, эмч, багш нарын цалинг нэмнэ гэдэг худлаа. Хүүхдийн мөнгийг огт оролдохгүй. Багш, эмч, ахмадынхаа цалинг нэмэх гээд нэг их наяд төгрөгийг хаанаас гарах вэ гэж аргаа барж байхад нүүрсний хулгайн ард хэдэн зуун их наядын асуудал яригдаж байна. Үүнийгээ цэгцэлье. Цэгцэлье гээд хурлаа хийгээд явах гэхээр чуулганы хуралдаа суудаггүй, хаяад гараад явдаг гишүүд ажилдаа хариуцлагатай хандах цаг ирсэн.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа: -Сүүлийн есөн жилд МАН завсаргүй засаг төрийг барьж ирсэн. Эрх баригчдын алдаатай бодлогын золиосонд ард иргэд хямарч, хохирч байгаа нь харамсалтай байна. Бид одоо үнэнтэйгээ нүүр тулж, бодлогын алдаагаа засаж, ард иргэддээ ээлтэй бодлого гаргах хэрэгтэй л гэж хэлмээр байна. Тулга тойрсон өнөө маргаашийг аргацаасан хурган заль мэх хол явахгүй шүү дээ.

УИХ-ын гишүүн С.Зулпхар: -2026 оныг Боловсролын хөгжлийг дэмжих жил болгож байгаа тул багш нарын цалинг нэмэх шаардлагыг төсвийн боломжтой уялдуулан хүлээж авах нь зүйтэй. Цаашид багш нарыхаа цалинг үе шаттай нэмэгдүүлэх, ипотекийн зээлд хамруулах чиглэлд тухайлсан дэмжлэг үзүүлж, тэдний нийгмийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх учиртай. Салбарын гурван талт хэлэлцээрийг яаралтай хийж, хүний хөгжлийн үндэс болсон цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхэд талууд санаачилгатай, нийгмийн хариуцлагатай оролцох боломж, нөхцөл нээлттэй байна. Нөгөөтэйгүүр хүүхдийн мөнгө бол баялгийг дахин хуваарилах, хүн амын өсөлтийг дэмжих, хүүхдийн хөгжлийг дэмжих, хувийн хэвшлийн бизнесийг дэмжих зэрэг нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой бодлого юм.

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: -Шатахууны хомсдол байсхийгээд л гардаг. Хариуцсан яам нь яаралтай арга хэмжээ авч байна. ОХУ-аас татан авалтаа нэмэгдүүлж, БНХАУ-аас шинээр оруулж ирж байгаа болохоор ойрын өдрүүдээс жигдрэх байх. Гэхдээ яаралтай арга хэмжээнээс гадна урт хугацааны шийдлээ орхигдуулж ирсэн. Төсөв, эсвэл зээлийн эх үүсвэрээр нөөцийн агуулах байгуулах хэрэгтэй байна.

Э.МӨНХ

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Шадар сайд С.Амарсайхан Г.Занданшатарын Засгийн газраас гарч буйгаа мэдэгдлээ

Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан Г.Занданшатарын тэргүүлэн үүрэг гүйцэтгэж буй Засгийн газарт ажиллах боломжгүй хэмээн өнөөдөр цах...

img

8 цагийн дараа

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө +2 градус дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 31-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна. УЛААНБААТАР ХОТ ОРЧ...

img

7 цагийн дараа

ТОЙМ: Нийтлэлч Баабарын “Иосиф бродскийг шүүсэн хурал (2)” нийтлэл хэвлэгдлээ 

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн , Хүний х...

img

7 цагийн дараа

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 3 машин мөргөлдөж, 3 хүн нас баржээ

Зам тээврийн ноцтой осол гарч, 3 хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2025 оны аравдугаар са...

img

6 цагийн өмнө

Нийт нутгийн 46 хувьд цастай байна

Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 10 дугаар сарын 20–ны байдлаар нийт нутгийн 46 хувьд цастай байгаагаа...

img

7 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд