Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 07

Валютын ханш

value

мэдээ

Б.Жаргалан: МАН засаглах чадамжгүй, нэгдмэл бодлого шийдвэр гаргах чадваргүй болсон юм байна гэдэг нь харагдаж байгаа

trend

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

img

2025 оны 11 сарын 07

news-img

УИХ-ын гишүүн Б.Жаргалантай ирэх оны төсвийн хүрээнд ярилцлаа.


-УИХ-аар ирэх оны төсвийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байгаа. Гэтэл төсөв батлагдах хугацаа дөхөж байна. Та бүхэн төсвөө хугацаанд нь баталж амжихаар байна уу?

-Энэ удаагийн төсвийн хэлэлцүүлэг эрх баригч намын дотоод тэмцэл дунд ороо бусгаа нөхцөлд явагдаж байна. Төсөв өргөн барьсан Засгийн газар, сайд нар нь хүртэл байнгын хороодын хуралд суухгүй, гишүүдийн асуудалд хариулахгүй байгаа нь эрх баригч нам засаглах чадамжгүй болсны илрэл юм уу даа л гэж харж байна.

-Багш, эмч нар ажил хаяж, цалингаа нэмүүлэхийг шаардсан. Засгийн газрын хувьд тэдний шаардлагад нийцсэн төсөв Монгол Улсад байхгүй гэж гүрийсэн. Гэсэн ч цалингийн нэмэгдлийг 76 хувь болгох шийдвэртэйгээр багш, эмч нартай тохиролцлоо. Үнэхээр нэмэх төсөв, нөөц байсан бол энэ олон хоног хүүхдүүдийг хичээл сургуулиар нь хохироох шаардлага байсан уу гэдэг асуулт гарч ирж байна. Таны хувьд уг асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Г.Занданшатарын Засгийн газрыг томилогдох үед би Ерөнхий сайд болон салбарын сайд нарт бодлогын манлайлал үзүүлж ажиллаарай гэж хэлж байсан. Нэгэнт шинэ Засгийн газар томилогдож байгаа бол нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хүсэл зориг гаргаж, шийдэмгий ажиллах шаардлагатай. Төсвийн бодлого бол Засгийн газрын бодлогын үндсэн арга хэрэгсэл шүү дээ. Гэтэл Засгийн газраас өргөн барьсан 2026 оны төсвийн төсөлд ямар ч бодлогын өөрчлөлт, шинэчлэл харагдахгүй байгаа. Өөрөөр хэлбэл, нийгмийн хүлээлт, хэрэгцээ шаардлагад нийцээгүй төсөв өргөн барьсан. Тийм ч учраас төсвийн хэлэлцүүлгийн явцад багш, эмч нарын цалингийн асуудал зүй ёсоор тавигдсан

Засгийн газар нийгэм, улс төрийн шахалтад орсон учраас сая хэлэлцээр хийж эхэлсэн буюу асуудлыг урьдчилж харж шийдвэрлэх бус гал унтраах маягтай ажиллаж байна шүү дээ. Багш, эмч нарын цалинг нэмэх асуудлыг бид хэдэн жил ярьсан билээ, Засгийн газар үүнд анхаарал хандуулах ёстой байсан шүү дээ. Гэтэл заавал ингэж шахалтад орж байж, асар олон хүүхдийг эрсдэлд оруулж байж шийднэ гэдэг манлайлал үгүйлэгдэж буйн шинж.

-Багш, эмч нарын цалин нэмэгдлээ гэхэд нөгөө талдаа инфляци өсөх үү. Ер нь инфляцийг хөөрөгдүүлэхгүйн тулд холбогдох байгууллагууд эдийн засгийн ямар бодлогыг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж та үзэж байна вэ?

-Цалингийн нэмэгдэл эдийн засагт ямар нөлөө үзүүлэх талаар Засгийн газар, Монголбанкны зүгээс бодит тооцоо, шинжилгээ танилцуулаагүй. Дээр хэлсэнчлэн, гал унтраах маягаар асуудалд хандаад байгаа учраас судалгаа дутмаг байна. Онолын хувьд, төсвийн зардлыг өсгөхгүйгээр багш, эмч нарын цалинг нэмэх нь инфляцид дарамт үзүүлэх нь харьцангуй бага байх болов уу. Мэдээж хэрэг, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд тодорхой нөлөө үзүүлэх байх. Мөн хувийн хэвшилд ч цалингаа нэмэгдүүлэх хүлээлт бий болно. Аль зардлыг яаж хасаж цалинг нэмж байгаа вэ гэдгээс эдийн засагт үзүүлэх нөлөөлөл хамаарна л даа. Энэ бүхнийг тооцоо, судалгаа харж байж дүгнэх боломжтой шүү дээ. Харамсалтай нь, Засгийн газар маань төсвийн бодлогодоо тун хөнгөн хуумгай, бүдүүн баараг байдлаар хандаж байна.

-Төсөвт цалин нэмэх боломжгүй гэж байгаад нэмчихлээ. Нөгөө талдаа урсгал зардал, тэвчиж болох зардлуудаа хэмнэнэ, салбаруудын хөрөнгө оруулалтаас танана гэж байгаа. Энэ утгаараа ирэх жил Зам тээврийн салбарт нэг ч шинэ зам барихгүй гэдгээ салбарын сайд нь мэдэгдсэн. Гэтэл хувийн хэвшлээ төр дэд бүтцээр л дэмждэг. Таны хувьд төсвийн хөрөнгө оруулалт тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Юуны өмнө, төсвийн хөрөнгө оруулалтыг төлөвлөх процессыг сайжруулах шаардлага бий. Энэ жилийн хаврын чуулганаар УИХ-аас ажлын хэсэг гарч, төсвийн цаглабарт өөрчлөлт оруулсан. Цаашлаад төсвийн хөрөнгө оруулалтыг илүү урт хугацаагаар төлөвлөж, батлах горимд шилжих тухай ч яригдаж байна.

Төсвийн хөрөнгө оруулалт бол улс орны хөгжлийн хурдасгуур юм. Аливаа улс орон төсвийн бодлогоороо дамжуулан нэг талаас эдийн засгийн өсөлтийг дэмжих, нөгөө талаас иргэдийн амьдралын чанарыг сайжруулах төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг. Урт хугацааны бодлогын хувьд, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн салбарт хийх хөрөнгө оруулалт зөвхөн тухайн жилдээ биш, дараагийн олон жилд бүтээмж, орлого, ажлын байр бий болгодог байх ёстой. Нөгөө талаас, тухайн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад хэдэн ажлын байр бий болох вэ, ямар эдийн засгийн эргэлт бий болох вэ гэдгийг бас харах ёстой. Гэтэл сүүлийн жилүүдэд томоохон дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдийг гадаадын компаниудад хариуцуулах, гаднаас ажиллах хүч авах гэх мэт хандлага давамгайлах болсон нь хачирхалтай. Тиймээс бид төсвийн хөрөнгө оруулалтаа зөвхөн тоон хэмжээгээр бус өгөөж, үр нөлөөгөөр нь хэмжих ёстой. Иргэдийн амьдралд бодит өөрчлөлт авчирч чадаж байвал тэр л хөрөнгө оруулалт жинхэнэ утгаараа үнэ цэнэтэй гэж үзэж байна.

Энэ жилийн төсвийн хувьд эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, тэр дунд 573 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй хавдрын эмнэлгийн төсөл орж ирсэн нь анхаарал татаж байгаа. Эрүүл мэндийн салбарт өндөр өртөгтэй олон эмнэлэг тавигдсан нь бодлогын хувьд хэр оновчтой вэ гэдгийг бас бодолцох ёстой. Эмч нарын цалин амьдралд нь хүрэлцэхгүй, сайн боловсон хүчнээ гадагшаа алдаж байгаа энэ үед бид барилга байшин, өндөр үнэтэй тоног төхөөрөмжид ийм өндөр дүнтэй хөрөнгө оруулалт хийх нь зөв үү, буруу юу гэдэг байна. Хувь хүний хувьд, бид цаашид эрүүл мэндийн салбараа урьдчилан сэргийлэх тал руугаа илүү хөгжүүлэх шаардлагатай гэж бодож явдаг. Энэ утгаараа эрүүл мэнд, нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэл түрүүлж явах ёстой.

-Монгол Улсын зээлжих зэрэглэл ахисан түвшинд хүрсэн гэж салбарын сайд нь мэдэгдсэн. Зээлжих зэрэглэл нэмэгдэх нь манай улсын эдийн засагт эерэг өөрчлөлт бий болгоно гэсэн үг үү. Үүнийг та хэрхэн үзэж байна вэ?

-Монгол Улсын зээлжих зэрэглэл ахисан нь олон улсын хөрөнгө оруулагчид, санхүүгийн байгууллагууд манай эдийн засгийг эергээр үнэлж дүгнэж буй хэрэг. Энэ нь гадаад зах зээлээс хөрөнгө татах өртөг буурах, хөрөнгө оруулалтын орчин, хувийн хэвшлийн зээлжих нөхцөл сайжрах зэрэг шууд болон шууд бус эерэг үр нөлөөтэй.

Гэхдээ зээлжих зэрэглэл тогтоодог агентлагуудын дүгнэлтийг харвал манай улсын зэрэглэлийг нэмэгдүүлэх шийдвэр нь зэс, нүүрсний зах зээлийн өсөлт, чиг хандлагыг л онцлоод байгаа юм. Өнгөрсөн жил бид 80 сая тонн нүүрс гаргасан шүү дээ. Энэ нь ДНБ-ий хэмжээ, төсвийн орлогыг огцом нэмэгдүүлснээр манай макро эдийн засгийн үзүүлэлтүүд, харьцаанууд сайжирсан мэт харагдаж байгаа. Түүнээс биш төрийн бодлогын үр нөлөө, төсвийн сахилга бат зэрэг хангалтгүй хэвээр байгаа шүү дээ.

-Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр хийгдсэн. Яг тодорхой тэдэн хувиар буурууллаа гэдэг шийдвэр харагдаагүй. Ер нь Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудалд та гишүүнийхээ хувьд ямар байр суурьтай явдаг вэ?

-Оюутолгойн гэрээ байгуулагдсанаас хойш 16 жил өнгөрсөн байна. 2009 онд анх гэрээ байгуулагдаж байхад 30 жил гэдэг маш урт хугацаа санагдаж байсан бол өнөөдөр хэдийнэ энэ хугацааны талаас илүү хувь өнгөрчээ. Оюутолгой төсөл манай эдийн засагт бодитой хувь нэмэр оруулсаар байгаа хэдий ч, гэрээг сайжруулах зайлшгүй хэрэгцээ шаардлага бий. Түүний нэг нь яах аргагүй Оюутолгой ХХК дээр хуримтлагдаж буй зээл болон түүний хүү. Оюутолгой ХХК-ийн зээлийн нийт үлдэгдэл 19.6 тэрбум ам.долларт хүрсэн. Үүн дотор 11 хувь буюу маш өндөр хүүтэй 11.9 тэрбум ам.долларын хувь нийлүүлэгчийн зээл гэж бий. Энэ нь хөрөнгө оруулагч Рио тинто группээс Оюутолгой ХХК-д олгосон зээл юм. Өөрөөр хэлбэл, Оюутолгой төслийн бүх хөрөнгө оруулалт Оюутолгой ХХК дээр зээл хэлбэрээр бичигдсээр ирсэн гэсэн үг. Хувь нийлүүлэгчийн зээлийн өндөр хүүг бууруулахгүй бол энэ нь төслийн өгөөж, тэр дундаа Монголын талд ноогдох өгөөжийг үлэмж бууруулж байгаа. Зээлийн хүүг 3 хувиар бууруулахад Монгол Улсын хүртэх өгөөж 7 хувиар нэмэгдэх тооцоо гарсан. Түүнчлэн, Рио тинтод төлж буй менежментийн төлбөрийн хэмжээ, Оюутолгой ХХК-ийн засаглал, Монголын талын ТУЗ-ийн гишүүдийн эрх хэмжээ зэрэг олон асуудлыг хөндөх шаардлагатай гэж харж байна. Онтрэ ХХК дээр байгаа лицензийн асуудал ч байгаа. Оюутолгой төслийг үр ашигтайгаар үргэлжлүүлэх нь манай улс болон хөрөнгө оруулагч талын хамтын ашиг сонирхол учраас хэлэлцээ амжилттай болно гэдэгт итгэж байна.

-Та УИХ-ын чуулган дээр Эрдэнэс тавантолгой ХК-ийн бүх нүүрсний гэрээг ил болгох шаардлагыг тавьж байсан. Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг шийдвэрлэж, нийт 581 гэрээг ил болгосноо мэдээлсэн. Эдгээр гэрээг ил болгох нь ямар ач холбогдолтой вэ?

-Монгол Улсын эдийн засгийн өсөлт, төсвийн орлогын хэмжээ нүүрсний экспортоос шалтгаалдаг болсон. Манай улс анх 2004 онд анхны 1 сая тонн нүүрс экспортолсноос хойш өнөөг хүртэлх хугацаанд 500 орчим сая тонн нүүрс гаргажээ. 2010 онд байгуулагдсан Эрдэнэс Тавантолгой ХК түүхэндээ 169 сая тонн нүүрс экспортолсон нь манай улсын нийт нүүрсний экспортын 1/3 юм. Тус компанийн засаглалтай холбоотой олон асуудал хөндөгддөг, “нүүрсний хулгай” гэдэг асуудал ч тус компанитай холбоотой. Тиймээс иргэдийн мэдэх эрхийг хангах зорилгоор УИХ-ын гишүүний хувиар Эрдэнэс Тавантолгой компанийн байгуулсан бүх борлуулалтын гэрээг ил болгож, олон нийтэд нээлттэй байршуулахыг Засгийн газраас удаа дараа шаардсаны үр дүнд өчигдөр тус компанийн нийт 581 гэрээ www.ett.mn вэб сайт дээр тавигдсан.

Нийгэмд үүссэн энэ их талцал хуваагдал, хардалтыг арилгахын тулд ил тод, нээлттэй байдал чухал. Тиймээс ЭТТ-н борлуулалт ямар зарчмаар яаж хийгдэж ирсэнд бодит дүн шинжилгээ хийж, алдаа завхрал хаана гарав, хэн буруутай вэ гэдгийг олж илрүүлэхийн тулд эхний ээлжинд гэрээнүүдийг нээлттэй болгох нь чухал гэж үзсэн. Нэгэнт гэрээнүүд ил болсон учраас манай судлаачид, сэтгүүлчид маань ажиллаад бодит дүгнэлтүүдээ дор бүрнээ хийх ёстой. Ардчилсан намын бүлгээс ч энэ асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллаж байгаа. Цаашид Эрдэнэс Тавантолгой ХК-ийн худалдан авалтын гэрээнүүдийг ил болгохыг шаардах болно.

-УИХ-ын чуулганыг УИХ-ын дэд дарга удирдаж байгаа. Гэхдээ дэд дарга гэдэг ҮАБ-ийн гишүүн биш. Тэгэхээр энэ парламент ҮАБЗ-өө бүтэн болгож, УИХ-ын даргаа хэзээ сонгох юм бэ?

-Та наад асуултаа сөрөг хүчний төлөөлөл надаас биш, эрх баригч намынхнаас асуух нь зүйтэй болов уу. Ер нь бол Монгол ардын намын удирдлагууд эрх мэдлийн төлөөх тэмцлээ төрийн зовлон болгож, төрийн бүх институциудыг татан оролцуулж тэмцэлдэж байгааг бид бүгд харж байгаа шүү дээ. Эрх баригчдын зодоон дунд Монгол Улсын ирээдүй, парламентын дархлаа, ардчилсан Үндсэн хуулийн зарчим гэх мэт бид бүхний нандигнадаг бүх зүйл эрсдэлд орж байна. Монгол ардын нам засаглах чадамжгүй, нэгдмэл бодлого шийдвэр гаргах чадваргүй болсон юм байна гэдэг нь харагдаж байгаа. Тиймээс Ардчилсан намын хувьд тун хариуцлагатай, сонор сэрэмжтэй ажиллах цаг хугацаа ирээд байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудал

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.11.07/ нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулж б...

img

8 цагийн дараа

АН-ын удирдлагууд БНСУ дахь иргэдтэйгээ уулзаж, виз, хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар ярилцлаа

Ардчилсан намын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал, УИХ-ын гишүүн Ш.Бямба...

img

7 цагийн дараа

Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: 7-ны өдөр Хэнтийн нутгаар ахиухан хэмжээний цас орно. Дохио!!! Ц...

img

7 цагийн дараа

МАН-ын даргад далаад оны УИХ-ын гишүүд өрсөлдөнө

МАН-ын дарга огцроод төр засаг хямрахын дээдээр хямраад сар боллоо. Эрх баригч нам даргагүй, Ерөнхий сайд албан биш,депакто Засгийн ...

img

6 цагийн дараа

Б.Жаргалан: МАН засаглах чадамжгүй, нэгдмэл бодлого шийдвэр гаргах чадваргүй болсон юм байна гэдэг нь харагдаж байгаа

УИХ-ын гишүүн Б.Жаргалантай ирэх оны төсвийн хүрээнд ярилцлаа. -УИХ-аар ирэх оны төсвийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байгаа. Гэтэл...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд