мэдээ
С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ
2025 оны 11 сарын 11

“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогттой ярилцлаа.
-Засгийн газар Оюу толгой төслийн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийж эхэллээ. Монгол Улсын Рио Тинтогоос авсан өндөр хүүтэй зээл 20 тэрбум ам.долларт хүрсэн нь нийгмийн анхаарлыг татаж байгаа. Энэ удаагийн хэлэлцээнээс ямар үр дүн хүлээж байна вэ. Зээлийн хүүг бууруулах боломж бий юу?
-Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ анх 2009 онд байгуулагдахад төслийн үр ашгийн 53 хувийг Монголын тал хүртэнэ гэж олон нийтэд мэдээлж байсан. Тэр үеэс хойш “баялгийн эзэн – Монголын ард түмэн төслөөс ямар үр өгөөж хүртэж байна вэ?” гэдэг асуулт тасралтгүй тавигдсаар ирсэн. Энэ утгаараа, Оюу толгой бол Монголын түүхэнд хамгийн анхны гадаадын хөрөнгө оруулалттай мега төсөл бөгөөд үе үеийн Засгийн газар тус төслийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ирсэн.
Энэ удаагийн хэлэлцээний үндсэн зорилго ч мөн Монголын талын хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх, ялангуяа хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү болон менежментийн үйлчилгээний төлбөрийг зохистой түвшинд бууруулахад чиглэж байна. Хэдийгээр эрх зүйн маргаан дагуулж буй ч 2011 онд шинэчилсэн хувь нийлүүлэгчдийн гэрээнд хүү болон менежментийн төлбөрийн талаар тодорхой зохицуулалтууд орсон байдаг. Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн хэмжээ, бодож байгаа аргачлал, тооцож буй давтамж зэрэг нь зээлдэгчид санхүүгийн өндөр дарамт учруулж байгаа юм. Ийм учраас хөрөнгө оруулагч талыг төсөлд өндөр хүүтэй, “мөнгө хүүлэлт” маягийн зээл энэ төсөлд өгсөн гэдэг шүүмжлэл тасрахгүй, улбаалаад Монгол талын хүртэх өгөөжийг бууруулж байгаа гэсэн шүүмжлэл бодитой юм.
Оюу толгойн төслийн хөрөнгө оруулалтыг анх дөрвөн тэрбум ам.доллар гэж байсан ч далд уурхайн бүтээн байгуулалт шувтарч, ашиглалтад орж эхлэх хүртэлх өнгөрсөн хугацаанд төслийн санхүүжилтэд 20 гаруй тэрбум ам.доллар зарцуулсан. Үүний 18 орчим тэрбум ам.доллар нь хувь нийлүүлэгчдийн болон бусад зээл бөгөөд хувь нийлүүлэгчийн зээлийн 50 гаруй хувь нь нийлмэл хүүгээр тооцогдсон байгаа нь олон улсын жишгээс хавьгүй өндөр үзүүлэлт юм. Дэлхийд уул уурхайн томоохон төслүүдэд хөрөнгө оруулалтын зээл авах нь хэвийн жишиг. Гэхдээ зээлийн зардлын түвшин нийт төсөвт эзлэх хувиар дунджаар 20-30 хувьтай байдаг бол Оюу толгойн хувьд 50 гаруй хувийн нийлмэл хүүтэй эзэлж байгаа нь олон улсын стандартаас хэт өндөр, ирээдүйн өгөөжид үлэмж сөргөөр нөлөөлж байна гэж бид үзэж байна.
Тиймээс хөрөнгө оруулагч тал хүүг маш өндөр байхаар зээлийг тооцож байгаа нь төслийн өгөөжөөс Монголын талын хүртэх ашгийг эрс багасгаж байгааг хэлэлцээний ширээний ард бидний зүгээс онцлон тавьсан байгаа. Асуудлыг санхүүгийн талаас ч, шударга ёсны зарчмын үүднээс ч засах ёстой гэж үзэж байна. Засгийн газраас болон Рио Тинто группээс томилогдсон ажлын хэсгүүд хэлэлцээрээ албан ёсоор эхлүүлж бодитой үр дүн гаргахаар хамтарч ажиллах тохиролцоонд талууд хүрч чадсан. Мөн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацаа дуусч байгаа гэх түгжээг тайлж тус хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлж үр дүнд хүрэхээ илэрхийлсэн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа.
-Үүнээс гадна Оюу толгой төслийн үр өгөөжийг ахиулах тал дээр хөрөнгө оруулагч талтай юу, юу зөвшилцөх вэ?
-Энэ удаагийн хэлэлцээ хоёр үндсэн асуудлын хүрээнд өрнөж байна. Эхнийх нь дээр дурдсан зээлийн хүүгийн асуудал. Хоёр дахь нь төслийн менежментийн төлбөрийн хэмжээ болон цар хүрээ, компанийн засаглалын асуудал. Оюу толгой төслийг “Рио Тинто” компани удирдаж, удирдлагын үүргээ гүйцэтгэсний төлөө менежментийн төлбөр авдаг бөгөөд энэ нь хоёр хэсгээс бүрддэг. Үндсэн менежментийн төлбөр нь хөрөнгө оруулалт болон үйл ажиллагааны зардлын 6 хувиар тооцогддог. Өөрөөр хэлбэл, төслийн зардал нэмэгдэх тусам менежментийн төлбөр ч нэмэгддэг механизмтай. Өөрөөр хэлбэл, төсөл зардал өндөртэй яваад байвал менежментийн компани илүү мөнгө авна гэсэн үг. Жишээ нь, өнөөдрийн байдлаар Оюу толгой төсөл “Эрдэнэт” үйлдвэрээс хоёр дахин их борлуулалт хийдэг. Гэвч үүнээс төсөвт оруулж буй мөнгөний нэгж борлуулалтад харьцуулсан дүн маш зөрүүтэй, үйл ажиллагааны болон санхүүгийн зардал өндөр, их хэмжээний менежментийн төлбөр төлж байгаа учир төсөлд нэмэлт зээл авах шаардлага гарч ирээд байдаг. Энэ нөхцөл байдал нь төслөөс Монголын талын өгөөж хүртэх боломжийг бодитоор хязгаарлаж байгаа юм. Монголын тал төслийн 34 хувийг эзэмшдэг боловч ТУЗ-д гурван гишүүнтэй, харин хөрөнгө оруулагч тал зургаан гишүүнтэй тул шийдвэр гаргах түвшинд олонхын саналаар давуу эрх эдэлдэг. Энэ нь засаглалын хувьд талуудыг тэнцвэргүй болгож, төслийн удирдлагад хяналт тавих боломжийг бууруулдаг.
Ийм учраас бид хэлэлцээрийн хүрээнд, менежментийн төлбөрийн зардлыг бууруулах олон улсын стандартад нийцсэн шударга, ил тод механизмыг бий болгох, төслийн засаглалыг сайжруулах, жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашиг, оролцоог бодитоор нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Энэ бол Оюу толгой төслийн нийгэм, эдийн засгийн өгөөжийг тэнцвэртэй, тогтвортой нэмэгдүүлэх гол шалтгаануудын нэг.
Хэлэлцээний үр дүнд талууд урьдчилсан байдлаар менежментийн зардлын нийт хэмжээг боломжит байдлаар бууруулах, менежментийн гэрээг шинээр байгуулах, Оюу толгой компанийн засаглалыг тодорхой, үр өгөөжтэй болгох талаар хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцсон.
-Манай улс Баялгийн сангийн хуультай болсон. Гэтэл өнөөдрийг хүртэл Оюу толгой төслөөс иргэд ногдол ашиг хүртээгүй байгаа. 2037 онд зээлээ төлж барагдуултал бид ногдол ашиг хүртэх боломжгүй гэдгийг УИХ-аас байгуулагдсан түр хорооныхон ярьж байсан…
-Баялгийн сангийн хуулиар стратегийн ордуудын 34 хувиас иргэд ногдол ашиг хүртэж байгаа. Оюу толгой төслөөс ногдол ашиг хуваарилагдах юм бол энэ мөнгө төсөвт болон төрийн өмчит компанид очихгүй, шууд иргэдийн дансанд орно. Нэг ёсондоо Баялгийн сангийн хууль хөрөнгө оруулагч талд ногдол ашиг хуваарилах хөшүүрэг болж байгаа юм. Одоо байгаа ТЭЗҮ-ээр 2037 оноос ногдол ашиг өгнө гэсэн тооцоотой, зээлийн хүүг бууруулах, санхүүгийн удирдлагыг сайжруулах, менежментийн төлбөрийг нь бууруулах замаар ногдол ашиг хуваарилах хугацааг наашлуулах боломжтой.
-Оюу толгойн бүлэг ордод хамаарч буй “Онтрэ” ордыг яаж ашиглах ёстой вэ. Энэ асуудлыг хөрөнгө оруулагчидтай ярилцах уу?
-Онтрэ компани Оюу толгойн бүлэг ордод Жавхлант, Шивээ толгой гэсэн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй бөгөөд нөөцийн дийлэнх хэсгийг 2072 оноос олборлоно. Цаашид Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу стратегийн ач холбогдолтой ордын үр өгөөжийн дийлэнх нь Монголын талд ногдож байх нөхцөлийг хангуулж хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийж, хөрөнгө оруулалтын шинэ гэрээ байгуулах ёстой.
-Ингэхэд ураны төсөл дээр Францын “Орано майнинг” компанитай хөрөнгө оруулалтын гэрээ нь байгуулагдаад жил болох гэж байна. Энэ төсөл одоо ямар шатандаа явж байгаа вэ?
-Бид гадны хөрөнгө оруулалттай мега төсөл дээр Оюу толгойн гэрээнээс сургамж авч, алдаагаа давтахгүйн тулд “Орано майнинг”-тай сайн “Хувь нийлүүлэгчдийн гэрээ” хийх шаардлагатай. Энэ оны эхээр Засгийн газар Францын “Орано майнинг”-тай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнд “Эрдэнэс Монгол” манлайлж оролцсоныг Та бүхэн санаж байгаа байх. Үүнээс хойш хэдэн сарын турш хувь нийлүүлэгчдийн хэлэлцээ хийж байна. Ойрын хугацаанд эцэслээд Засгийн газрын ээлжит хуралдаанд оруулах зорилготой ажиллаж байгаа. Улмаар хөрөнгө оруулагч талтай “Орд ашиглах гэрээ” хийснээр ураны төслийн бичиг баримт цэгцэрч гэрээ бүрэн албажна.
-Стратегийн ордуудын үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд юу хийх ёстой вэ. Төрд байгаа ордууд дандаа үр ашиггүй ажиллаж байна гэх юм?
-Монгол Улсын Их хурал стратегийн ордуудын жагсаалтыг тогтоолоор баталсан байдаг. Эдгээрээс долоо нь “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд байгаа, нэг нь хайгуулын шатандаа яваа Асгатын мөнгөний орд, харин үлдсэн ордууд нь хувийн хэвшилд байна. 2019 онд төр, хувийн хэвшил гэж ялгахгүйгээр, стратегийн ордуудын үр ашгийг нь иргэдэд хүртээх ёстой гэсэн үзэл санаа Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бий болсон. “Эрдэнэс Монгол” нэгдэл энэхүү үзэл баримтлалыг хангах зарчим, концепцийг баримтлан ажиллаж байна. “Стратегийн орд төрд байхаараа үр ашиггүй ажиллаж байна” гэдэг бол хэт туйлшрал гэж хэлмээр байна. Хамгийн гол нь стратегийн ордуудыг үр ашигтай ашиглаж, ард түмэнд үр өгөөж хүртээж байх нь чухал. Түүнээс биш төрд байна уу, хувийн хэвшилд байна уу гэдэг нь тийм ч чухал биш юм. Иймд “Эрдэнэс Монгол”-ын хэмжээнд бид өөрсдийнхөө ашиглаж байгаа болон хувийн хэвшил дэх ордуудад санхүү, үр ашгийн тооцоолол хийж байна. Ингэснээр стратегийн ордуудыг үр ашигтай ашиглаж дийлэнх үр өгөөж нь Монголын талд ногдож байх Үндсэн хуулийн үзэл санаа хэрэгжинэ. Төр үнэхээр энэ зарчмыг хэрэгжүүлж чадахгүй байгаа бол технологи, менежмент, хөрөнгийн чадавхтай хөрөнгө оруулагчтай хөрөнгө оруулалтын гэрээ хийх ёстой. Харин нөгөө талдаа хувийн эзэмшил гэдэг нэрээр түрий барьж төсвийн хөрөнгөөр нөөц тогтоосон стратегийн орд газруудыг хууль бусаар эзэмшиж үр ашиг муутай ажиллуулж болохгүй. Тэр утгаараа бид стратегийн орд эзэмшигчидтэй үр өгөөжийн тооцоог үндэслэн хэлэлцээ хийж байгаа. Энэ ажлууд хийгдэж байж монголчууд газрын доорх баялгаасаа шууд үр ашиг хүртдэг болно. Гэхдээ энэ ажлууд маш их дата боловсруулдаг, нарийн мэдлэг, цаг хугацаа, хүч хөдөлмөр шаарддаг ажил юм.
-Байгалийн баялгаасаа иргэдэд ногдол ашиг хүртээнэ гэдэг нэрийдлээр төр хувийн өмчид эзэн суухыг санаархаж байгаа юм биш үү. “Ер нь төрийн өмчид байгаа стратегийн ордууд сонгуулиар мөнгө болж урсдаг. Төрийн юм үнэгүй болохоор тэнд хулгай зэлгий үүрлэж байна” гэх хардлага сая МАН-ын зодооноор ил болж байх жишээтэй. Тэгэхээр та бүхний барьж байгаа бодлогоор хувьд очсон стратегийн орд эзэмшигчид заавал 34 хувьдаа иргэдэд ногдол ашиг тараадаг болгохыг зорьж байгаа юм байна. Тийм үү?
-Төр заавал менежмент хийх ёстой гэж тулгаж байгаа асуудал огт байхгүй. Дээр хэлсэнчлэн төр нь ч бай, хувь нь ч бай аль чадаж байгаа нь менежментээ зөв хийгээд аваад яваг. Гол нь үр ашигтай ажиллаж тэр нь Монголын нийт ард иргэдэд хуваарилагддаг байх ёстой гэсэн зарчим баримталж байгаа. Ер нь төрийн өмчийн компаниудын үйл ажиллагаанд улс төрийн нөлөөлөл орж, үр ашиггүй төсөл санхүүжүүлэх, дээд түвшиндээ шийдвэр гаргах тохиолдол гарч байсан тухай нэлээн яригдаж байна, хууль хяналтын байгууллага нэг мөр тогтоох ёстой. Ер нь тогтолцоогоо нэг мөр өөрчлөхгүй бол дахин иймэрхүү асуудал гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ хавтгайд нь “хулгайч” гэж цоллох нь өрөөсгөл. Улсын төсөв, валютын нөөц, эдийн засагт төрийн өмчит “Эрдэнэс Монгол” нэгдэл бодитой хувь нэмэр оруулж үр ашгаа нэмэгдүүлж байгаа, бодит үнэлгээ хийх хэрэгтэй.
-Дэлхийд стратегийн бүтээгдэхүүн гэж байдаг. Гэтэл манайх дэлхийд байхгүй стратегийн орд гэх ойлголтыг хуульчилсан нь хөрөнгө оруулагчдыг үргээх шалтгаан болж байна уу?
-Газрын баялаг ард түмний өмч, нийтийн баялаг гэсэн Үндсэн хуулийн агуулгыг сайтар ойлгох хэрэгтэй. Хувь хүний өмч гэж ойлгож болохгүй. Төрөөс “тодорхой хугацаатай ашиглуулах эрх” гээд лиценз өгдөг. Өмчийн хэлбэр харгалзахгүй бүх аж ахуйн нэгж байгуулага Монгол Улсын хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, “газар доор байгаа геологийн нөөцийг жинхэнэ баялаг болгох үйл ажиллагааг чи хариуцаж зөв менежментээр үр ашигтай ажиллуулаад бизнесийн ашгаа ол. Тэрнээсээ нийт ард иргэддээ тодорхой ашиг хуваарил” гэдэг нь буруу санаа биш биз дээ? Хөрөнгө оруулалтын гэрээнүүдэд ч ийм л агуулга явж байгаа. Тухайлбал, бид Зөөвч-Овоо” төслийн төрийн 34 хувийг нь давуу эрхийн 10 хувийн хувьцаагаар сольсон ч, баялгийн 34 хувь Монголын ард түмний эзэмшил гэдэг агуулгыг ерөөсөө эвдэхгүй тусгай АМНАТ-аар сольсон гэсэн үг. Хөрөнгө оруулагч “Орано”-гийн хувьд их хэмжээний зардал гаргаад, хайгуул хийгээд, эрсдэлээ үүрээд ураны нөөц илрүүлчихсэн тал Монгол Улсын Үндсэн хуулийн зарчмыг хангасан Хөрөнгө оруулалтын гэрээг хүлээн зөвшөөрсөн. Тэгвэл улсын нөөцөөр тогтоогдчихсон ордыг ашиглаж буй зарим хувийн хэвшил Үндсэн хуулийн агуулгыг хэрэгжүүлэхээс эсэргүүцэх нь зарчимгүй асуудал шүү. Нарийн яривал өөрсдөө хайгуул хийж эрсдэл от хүлээгээгүй ч асуудал яригдах магадлалтай. Энд нэг зүйлийг дахин тодотгож хэлье. Төр хэзээ ч хувийн хэвшлийн бодит хөрөнгө оруулалтыг дээрэмдэхгүй. Тухайн орд эзэмшигч оруулсан хөрөнгөө нөхөх нь хууль ёсны асуудал. Үүнийг ерөөсөө үгүйсгээгүй. Мушгин гуйвуулж болохгүй.
-Стратегийн орд эзэмшигчидтэй хэлцэл хийх ажлын хэсгийн дэд ахлагчаар та ажиллаж байгаа. Хувийн хэвшлийнхэн ямар санал гаргаж байна вэ?
-Хэлэлцээний ширээний ард орд эзэмшигчид янз бүрийн л санал илэрхийлж байгаа. Төвөгтэй асуудал нь тооцоолол, бодит мэдээлэл цуглуулах ажил их хугацаа авч байна. ТЭЗҮ-гээс эхлээд хөрөнгө оруулалтын тооцооллыг үнэлнэ. Үйл ажиллагааны санхүүгийн тооцооллууд хийгдэнэ. Ирээдүйд зарцуулах хөрөнгө, эрсдэл гээд бүгдийг нарийн тооцдог. Оюу толгойн гэрээ зурагдаж байх үед Монголд ийм тооцоо хийдэг байсан улсууд байгаагүй учраас бид алдсан. Харин өнөөдөр “Эрдэнэс Монгол”-ын залуучууд олон улсын түвшинд хийдэг болчихлоо. Бид энгийн хүний ойлгохгүй нарийн төвөгтэй тооцооллуудыг хийж сурахын тулд боловсон хүчнээ бэлдэж, чадавхжууллаа. Сүүлийн үеийн компьютер, тоног төхөөрөмжүүдээр хангаж байна. Энэ бүх хийж байгаа ажлууд зөвхөн “Эрдэнэс Монгол” нэгдэлд биш Монголын ард түмэн, ирээдүй хойчид хэрэгтэй гэдгийг том зургаар нь харах ёстой. Яагаад гэвэл бид баялгийнхаа үр өгөөжийг бодитой хүртэх боломжтой юм. Тооцоогоо хийж чадахгүй байж иргэдийг шулаад байна, хувийн эзэмшлийн ордуудыг төрд хурааж байна гээд байвал жинхэнэ муйхар хэрэг болно биз дээ.
-Танайх нэгдлийн компаниудаасаа менежментийн төлбөр гэж хэдий хэмжээний мөнгө авдаг юм бэ. Үүнийг эсэргүүцэх юм билээ. Ер нь олон улсад ийм практик байдаг юм уу?
-Харьяа компаниудынхаа стратеги төлөвлөлтийг нэг зорилгод чиглүүлэх, нэгдсэн стратеги төлөвлөгөөтэй болох, үйл ажиллагааны үр дүнг сайжруулах тогтолцоог бий болгох, менежментийг нь сайжруулах, удирдлагын нэгдсэн платформд оруулах зэрэг ажлуудыг хийхийн тулд менежментийн төлбөр авдаг нь олон улсад байдаг л практик. Энэ манай хувьд бүр шинэ ч юм биш, 2016 оноос Засгийн газраас тогтоол гараад хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Харин менежментийн төлбөрөө бодитой авч чаддаггүй өр үүсгэж, түүнийхээ татварын өрөнд ордог, замын орлогоо хурааж аваад цалин мөнгөндөө хуваарилаад, нэг хэсгийг нь элдэв ТЭЗҮ, зөвлөх үйлчилгээ гээд үрэн таран хийж өр ширэнд орсон байсан өмнөх сайн муу туршлагууд бишгүй байдаг л юм байна лээ. Тэгвэл бид сүүлийн хоёр жил гаруй хугацаанд зөвхөн толгой компани дээр үүссэн 514 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр төлж барагдууллаа. Түүнчлэн дараагийн Оюу толгой, Эрдэнэтийг хэрхэн бий болгох вэ. Тавантолгойн ирээдүйг яаж явуулах вэ, Боловсруулах үе шатаа хэрхэн нэмэгдүүлж хүнд аж үйлдвэрийн суурийг тавих вэ зэрэг тулгуур асуудлуудаа бодож боловсруулахын зэрэгцээ өнөөдөр тулгамдаад байгаа Тавантолгойн ордын насыг яаж уртасгах вэ, Худалдан авах ажиллагаа яаж богино хугацаанд хүнээс хамааралгүй системд шилжүүлэх вэ зэрэг асуудалтай нүүр тулгарч шийдлийг гаргаж байна.
Цаашилбал, Монгол Улсын эрчим хүчний бие даасан байдлыг хангах зорилгоор энэхүү олон ажлыг үнэн бодитоор үнэлж, зөв төлөвлөх хэрэгтэй. Үүний тулд чадварлаг мэргэжилтнүүдийг боломжийн цалингаар ажиллуулж, одоо ашигтай ажиллаж буй томоохон компаниуд ирээдүйн өсөлт, үр өгөөжөө өгөх компани, төслүүдийнхээ өмнө хариуцлага хүлээх нь юу юунаас илүү чухал юм.
-Таныг болон танай байгууллагын ажилтнуудыг асар өндөр цалин авдаг гэж баахан шуугьсан. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Ажил хийхийн нэг зовлон энэ юм даа. Элдвээр гүтгэх, доромжлох дайралтууд тасрахгүй юм. Хүмүүсийн мушгиж гуйвуулаад байгаа шиг манай байгууллагын хүн болгон арван сая төгрөгийн цалин авдаггүй. Салбарын дундаж цалингийн жишгээр л авч байгаа. Зарим нь салбарын том компаниудаас ч бага цалин авч байгаа.
-Улс төр тогтворгүй байгаа сүүлийн үед танайх руу дайралт түлхүү явж байх шиг. Хийсэн ажилгүй, цаас үйлдвэрлэсэн хүмүүс төсвөөс хамгийн өндөр цалин авч байна л гэх юм. Ер нь “Эрдэнэс Монгол” нэгдэл чинь мөнгөний уурхай болсон газар юм биш үү гэж харагдахаар мэдээллүүд түлхүү байна л даа. Хэрэв худал мэдээлэл гэж үзэж байгаа бол хаанаас ийм зохион байгуулалттай мэдээлэл тараав. Үүний цаана хэний эрх ашиг ноёлж байна вэ?
-Монгол Улсын нийт иргэдийн Хуримтлалын сангийн орлого төвлөрүүлэгч, улс орон болон салбарын хувьд олон чухал ажлыг манлайлан ажиллаж байгаа чухал тогтолцоог нураахаас гадна дотны сонирхол байхыг үгүйсгэхгүй. Улс төрийн зорилго ч давхар орсон байх. Манай удирдлагын багийг харлуулж, ажил төрлийг нь хийлгэхгүй байх сонирхол давхар явж байгаа нь тодорхой. Улстөржүүлж хардаад гүтгээд байгаа шиг менежментийн төлбөр авч үр ашиггүй зарцуулсан зүйл байхгүй, холбогдох хууль журмын хүрээнд ёс зүйн хэмжээг хатуу баримтлан ажиллаж байгаа гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Манай компани олон улсын нэр хүнд бүхий аудитаар жил бүр аудит хийлгэдэг. Хоёр жилийн хугацаанд эрх бүхий хяналт шалгалтын байгууллагуудаас нийт долоон удаагийн шалгалт хийгдлээ. Ямар нэг зөрчил илэрсэн юм байхгүй, харин өнгөрсөн жилийн аудитаар аль 2014 оны хөрөнгийн бүртгэлийн асуудлаар хязгаарлагдмал дүгнэлт өгснийг огт ойлгоогүй. Сүүлийн үед манай хамт олныг “Цаас үйлдвэрлэдэг, төсвийн мөнгийг үрэн таран хийсэн ажилгүй хүмүүс” гэж зориуд гутаан доромжилж, дээр дурдсан олон чухал төрийн ажлуудыг хариуцан ажиллаж байгаа энэ тогтолцоог нураахаар санаархсан асуудлыг хууль хяналтын байгууллага анхааралдаа авах ёстой.
Дифлимпын наадамд Монголын 14 тамирчин өрсөлдөнө
Япон улсын нийслэл Токио хотод дифлимпын XXV наадам арванэгдүгээр сарын 15-26-ны өдрүүдэд болно. Энэ наадамд 81 орчим орны 3200 гару...
7 цагийн дараа
ОБЕГ: Он гарсаар гамшиг, аюулт үзэгдэл, ослын 4601 дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд он гарсаар арван сарын байдлаар 4601 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ. Дуудлагын ...
6 цагийн дараа
С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй
“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогттой ярилцлаа. -Засгийн газар Оюу толгой төслийн хөрөнгө оруулагчидтай хэлэлцэ...
6 цагийн дараа
ТББХ: Үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах ту...
6 цагийн дараа
Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг газруудыг залилж байсан этгээдүүдийг илрүүлжээ
“Шинээрээ, лацыг нь ч хөндөөгүй хайрцаг савтайгаа байгаа гар утсаа барьцаанд тавих гэсэн юм, задалж болохгүй шүү” гэж итгүүлэн бусды...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд


