мэдээ
Г.Тэмүүлэн: Энэ удаагийн улсын төсөв татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалсан төсөв болсон гэж хэлж чадахгүй

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН
2025 оны 11 сарын 16

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-аар ирэх оны төсвийг хугацаанд нь батлах гээд цаг наргүй хуралдаж байх шиг байна. Та өмнө төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан хүний хувьд ирэх оны төсөв дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-2026 оны улсын төсвийг УИХ хэлэлцэж дуусах дөхөж байна. Гуравдугаар хэлэлцүүлэг хийгдлээ. Бодлогын хувьд бид төсөв, эдийн засгийг салгаж ойлгох ямар ч боломжгүй. Төсвийн бодлого ямар байхаас ирэх оны эдийн засаг, түүний төлөв, чиг хандлага тодорхойлогддог. Зөв бодлого байвал мэдээж эдийн засгаа тэлнэ, буруу бол уналт хямрал руу дагуулах нь ойлгомжтой. Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал гадаад, дотоод орчин талаасаа сайнгүй байгаа. Сүүлийн саруудад БНХАУ-ын эдийн засгийн өсөлт суларч байна.
Дэлхийн зах зээл дэх нүүрсний үнэ өсөхгүй, үргэлжлүүлэн унах эрсдэлтэй байна. Засгийн газар 2026 онд 90 сая тонн нүүрсийг 70 ам.доллараар худалдах зорилго тавьж байгаа хэдий ч ирэх онд хуралдах БНХАУ-ын Их хурлаас хамаарч, 15 дугаар таван жилийн төлөвлөгөөний зохицуулалтуудаас шалтгаалан экспортын нүүрсний хэмжээ урт хугацаандаа буурах магадлалтай байна. Эдгээр бодлогын өөрчлөлтүүд, зохицуулалтуудад анхаарлаа хандуулж, уян хатан байдлаар ажиллах нь зүйтэй байгаа. Иймд манайх шиг түүхий эдийн үнийн өсөлтөөс хамаарч, улсын төсөв нь маш их савлагаатай байдаг улсад хүндрэл үүснэ. Үнийн уналт дагаж татвар, АМНАТ-ын орлого үргэлжлүүлэн буурах, орлого тасрах эрсдэл байна.
Энэ нүүрсний экспортын шок цаашлаад валютын нөөц, эдийн засгийн өсөлт, инфляци, бодлогын хүүнд сөргөөр нөлөөлөх эрсдлийг бид бодитой тооцох ёстой.
-Тэгэхээр эрсдлээс сэргийлэх ямар бодлого хэрэгтэй байна гэж та харж байгаа вэ?
-Савлагаанаас сэргийлсэн бодлого хэрэгтэй байна. Төсөв, эдийн засгийг бодит эрсдлээс хамгаалах бодит шийдэл бидэнд байх ёстой. Түүхий эдийн зах зээл гайгүй байгаа үеийнхээ олсон бүх орлогоо бүгдийг нь тултал үрдэг, олохынхоо хэрээр зарлага нэмэгдүүлдэг байж болохгүй.
Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх нь зарчмын асуудал. Тэрнээс цээж баян шиг аашлаад, үр ашиггүй зүйлд хөрөнгө оруулаад байж болохгүй л дээ. Нөхцөл байдал ийм байхад Засгийн газраас өргөн баригдсан 32.9 их наядын зарлагатай, бараг 1.4 их наядын алдагдалтай төсвийг УИХ-аар хэлэлцэхэд төсвийн үзүүлэлтүүд сайжирч төдийлөн чадсангүй. Харин эсрэгээрээ эдийн засагтаа илүү дарамт болох, татвар төлөгчдөд нэмэлт ачаалал болохоор өөрчлөгдөж байна.
-Төсвийн өөрчлөлтийг тоон үзүүлтээр аваад үзвэл хэдий хэмжээнд хийгдэж байх шиг байна?
-Хэлэлцүүлгийн явцад бараг 1.3 их наядын төсвийн хөдөлгөөн хийгдэж байна. Тэтгэвэр цалингийн нэмэгдэл буюу урсгал зардал 900 орчим тэрбумаар нэмэгдэж байгаа боловч гуяа дагаж хүзүү гэдэг шиг эдийн засгийн тогтворгүй цаг үед 1.1 их наядын төсөвт өртөгтэй 400 орчим тэрбум төгрөгийн шинэ хөрөнгө оруулалтыг нэмэгдүүллээ. Хөрөнгө оруулалтын зардлыг нэмэх шаардлагагүй. Эрх ашгийн эрэмбээр асуудалд хандах, өнөөдөр юу чухал юм бэ гэдэг нь чухал байна.
-Улсын төсөв хөрөнгө оруулалтын ачааллаа дийлэхгүй, шилжих хөрөнгө оруулалтын зардлууд жилээс жилд нэмэгдэж байхад нэмж үр ашиггүй хөрөнгө оруулалтыг хийх нь буруу гэж та үзэж байна уу?
-Нийт дүнгээр хэлэхэд, Засгийн газраас өргөн баригдсан 32 их наядын төсөвт 8.8 их наядын хөрөнгө оруулалт байгаа. 3.2 их наяд нь төсвийн санхүүжилтээр, үлдсэн 5.5 их наяд нь гадаад зээл тусламжаар санхүүжих нь. Хөрөнгө оруулалт төсөвт асар том ачаа болж байна. Гэтэл 1.1 их наядын хөрөнгө оруулалт дахин нэмэх гэж байгаа нь үнэхээр бодлогогүй үйлдэл болж байна. Өөрөөр хэлбэл, төсөв зардлын ачааллаа дийлэхгүй боллоо. Хөрөнгө оруулалтад ашиглаж байгаа гадаад зээлийн зардлаа төлөхөд хүндрэлтэй болж байна. 2026 онд бид төсвийнхөө 10 хувь буюу 3.7 их наядын өрийн үйлчилгээ, хүүгийн зардлыг төсвөөсөө төлөхөөр байгаа нь үүний бодит илэрхийлэл байх.
-Төсвийн 10 хувьтай тэнцэх хэмжээний дүнгээр манай улс гадаад өрөө төлдөг гэж байна. Тэгэхээр яг ямар ямар гадаад өр төлбөрт энэ их хэмжээний мөнгийг төлдөг юм бэ?
-Засгийн газрын гадаад зээл болон бонд, өрийн баталгаа жилээс жилд нэмэгдэж байгаа. Өрийн үйлчилгээний зардалд 2016-2026 онуудад 30.3 их наяд төгрөг, хүүгийн төлбөрт 9.5 их наяд төгрөгийг төлсөн байна. 2024-2026 онуудад буюу сүүлийн гурван жилд 9.5 их наяд төлж байгаа. Энэ жил 2.8 их наяд төгрөг төлсөн байна. Тэгвэл ирэх 2026 онд бид төсвөөсөө 3.7 их наядыг гадаад зээл, бондын төлбөрт, тэдгээрийн зээлийн хүүнд төлөхөөр байна. Үүнээс бараг 1.5 орчим их наяд гадаад зээлийн төлбөрт, 670 орчим тэрбум нь түүний зээлийн хүүгийн төлбөрт, мөн 660 орчим нь бондын өр төлбөрт, 569 тэрбум нь бонд хүүгийн төлбөрт зэргээр зарцуулагдахаар байгаа юм. Гурван их наяд гэдэг бага мөнгө биш шүү. Төсвийн нийт зардлын 10 хувь нь гадны банкуудын зээлийн хүүнд гадагшилж байна гэсэн үг. Жилдээ буюу 365 хоногтоо хуваах юм бол бараг 9-10 тэрбум төгрөг буюу бараг 2,3 цэцэрлэгийн мөнгийг өдөртөө төлж байна.
-Энэ бол том эрсдэл биз дээ…?
-Засгийн газрын гадаад зээл болон өрийн үлдэгдэл 2026 гэхэд нэрлэсэн үнэ цэнээр 51.2 их наяд болохоор байна. ДНБ-ий 43.8 хувьтай тэнцэнэ гэсэн үг. Хатуухан хэлэхэд, “Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй” гэдэг шиг төсвийн хамгийн эрсдэлтэй зүйл гадаад зээл тусламж болж байгаа юм.
-Тэгэхээр энэ асуудлыг цаашид яах ёстой гэж та харж байгаа юм бэ. Гадаад өрийг авсан болохоор зээлийн хүүг нь төлж л
таарна биз дээ…?
-Ирээдүйдээ төсвийн алдагдал, гадаад өр үлдээж байгаад цэг тавих ёстой. Өөрчлөлт хийх цаг болсон. Гадаад зээл тусламжийн төлөвлөлт, хяналт, хариуцлагыг сайжруулах шаардлагатай байна. Зээл авах онцгой хэрэгцээ шаардлагыг үнэлж дүгнэх, авах шаардлага байгаа бол үр нөлөөгөөр нь эрэмбэлдэг, эдийн засгийн шинжилгээ, тооцоолол нарийвчилж хийдэг, хариуцлагатай ханддаг байх шаардлагатай. Наанадаж өрийн баталгаа гаргаж байгаа төслүүдэд эрсдлийн үнэлгээ хийх зохицуулалтыг хууль, журмандаа тусгаж байж хариуцлагажина. Уг нь Засгийн газраас 2017-2024 онуудад өрийн баталгаа огт гаргаж байгаагүй, төсөвт нэмэлт эрсдэл үүсгэхээс сэргийлдэг байсан боловч сүүлийн хоёр жил энэ бодлого алдагдлаа. Өрийн баталгааны асуудал, үнэт цаас бонд гаргах асуудлуудад ч мөн хариуцлагатай хандах хэрэгтэй байна.
-Ямар үед гадаад зээл, тусламжийг авах шаардлагатай вэ?
-Гадаад зээл тусламжийг ер нь хүссэнээрээ бус, зөвхөн системийг тогтворжуулах зорилгоор авах учиртай. Манай шийдвэр гаргагчид энэ дашрамд ойлгох ёстой нэг зүйл нь эдийн засгийн эрүүл өсөлтийг төр бий болгодоггүй, өр зээл, төсвийн тэлэлтээр бий болгодоггүй гэдгийг. Эдийн засгийн тогтвортой эрүүл өсөлтийг хувийн хэвшил, чөлөөт өрсөлдөөн, уул уурхайн бус салбарууд л бий болгоно.
-Улстөржиж, бужигнахтайгаа зэрэгцээд батлагдсан төсөв бодит байдал дээр аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч, иргэдэд эдийн засгийн үр өгөөжөө өгсөн төсөв болж чадахаар байна уу?
-УИХ бол улс төрийн нөхцөл ямар байхаас үл хамаарч, чамбай төсөв батлахад анхаарах, хариуцлагатай хандах ёстой. Төсөв дээрээ бодлоготой, зарчимтай байх шаардлагатай. Харин энэ жилийн төсвийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан хувийн хэвшил болон ААН байгууллагууд, иргэд бодит өөрчлөлтийг хүсэж байна, үр дүн авчрах алхмуудыг шаардаж байна. Иргэдэд эдийн засгийн өсөлт наалдахгүй, өөрчлөлт мэдрэгдэхгүй байгаад бухимдалтай байгаа. Хувийн хэвшил, ААН байгууллагууд өөрсдөд нь учирч буй татвар, санхүүгийн ачаалал дарамтыг бууруулах, иргэдийн бодит орлогыг нь хамгаалах бодлогыг хүсэж байна. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангууд нь хэвийн бус үйл ажиллагаатай, сангаар дамжиж авах санхүүжилт, үйлчилгээнүүд доголдолтой байгаад гомдолтой байна. Төрийн албан хаагчид ахмадууд тэтгэвэр, цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж байна. Гэтэл сүүлийн саруудын манай намын хэт их улстөржилт, талцал хуваагдлаас болж төсөвтэй холбоотой зарчмын асуудлууд нь бодлогын гадна хоцорч байна. Асуудлыг эрүүлээр харах, зарчмын өнцгөөс, эрх ашгийн эрэмбээр хариуцлагатай хандах боломж бололцоо энэ цаг мөчид байхгүй байгаа нь харамсалтай. Төсөв үр ашигтай, хэмнэлттэй байх зарчим алдагдаж, нэн чухал биш олон зуун төсөл арга хэмжээнүүд хэлэлцүүлгийн үед нэмж тусгагдлаа. Шинэ хөрөнгө оруулалт харзнах, хойшлуулах саналууд бүлэг, байнгын хороонд дэмжигдсэнгүй, ийм маягаар үндсэндээ төсөв батлагдах шатандаа орж байна.
-Нөгөө талдаа эрх ашгийн эрэмбээр нэн чухал салбар болох боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч болон нийгмийн суурь асуудлуудаа бүрэн дүүрэн шийдэж чадсан уу?
-Чадаагүй. Монголын төр хараагүй юм шиг, сонсоогүй юм шиг байж болохгүй. Тэгэхээр энэхүү үүднээс энэ удаагийн улсын төсөв татвар төлөгчдийн төсөв, тэдний эрх ашгийг хамгаалсан төсөв болсон гэж хэлж чадахгүй. Харин төсөв батлагдсаны дараа бид бүхний анхаарах нэг асуудал нь төсвийн бодит эрсдлийг зөв тооцох, учрах эрсдлээ сайтар судлах, нийгэм эдийн засагт учрах эрсдлийн үнэлгээг хийх зайлшгүй шаардлагатай байна. Эдийн засгийн хүндрэл учирч болзошгүй учраас эхний ээлжинд зөөлөн газардуулах, эрсдлээс хамгаалах, макро эдийн засгийг тогтворжуулах нь нэн тэргүүний хийх хамгийн чухал алхмуудын нэг болох ёстой. Үр дагаврыг нь сайн тооцох, сөрөг үр дагаврыг нь саармагжуулах давхар төлөвлөгөө бидэнд байх учиртай. Том зургаараа бид зөвхөн нэг жилийн төсөв гэхээсээ илүүтэй өнгөрсөн 35 жилийн хугацаанд бид хувийн хэвшилд суурилсан эрүүл эдийн засгийн бүтцийг бий болгож чадсангүй, ядуурлыг шийдэж чадсангүй. Энэ ч үүднээсээ зөв үзэл санаанд суурилсан суурь өөрчлөлтийг хийх бодлого хэрэгтэй байна.
Дифлимпын наадамд Монголын 14 тамирчин өрсөлдөнө
Япон улсын нийслэл Токио хотод дифлимпын XXV наадам арванэгдүгээр сарын 15-26-ны өдрүүдэд болно. Уг наадамд 81 орны 3200 гаруй тамир...
8 цагийн дараа
ГИХГ: Оршин суух зөвшөөрлийн хасалтын тодорхойлолтыг шинэ системээр олгохоор боллоо
Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй эсэх, оршин суух зөвшөөрлийн хасалтын тодорхойлолтыг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс шинэ...
7 цагийн дараа
МАН: Намын хичээн эрмэлзэх зүйл, дүрмийг хэлэлцэнэ
Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурал хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Энэ өдөр Их хурлын төлөөлөгчид Монгол Ардын Намын х...
7 цагийн дараа
Нийслэлийн шилдэг ахмадуудыг шагналаа
Нийслэлийн хөгжил дэвшилд тодорхой хувь нэмрээ оруулсан, өөрсдийн хүч хөдөлмөрөөр өрхийн аж ахуй эрхлэн, хүнсний хангамжаа нэмэгдүүл...
6 цагийн дараа
Д.Болорчулуун: Ирэх жил дутагдах 140 мянган тонн хүнсний улаанбуудайгаа бид импортоор хангана
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуунтай намрын ургац хураалтын талаар товчхо...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд


