мэдээ
Д.Болорчулуун: Ирэх жил дутагдах 140 мянган тонн хүнсний улаанбуудайгаа бид импортоор хангана

Админ
2025 оны 11 сарын 16

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуунтай намрын ургац хураалтын талаар товчхон ярилцлаа.
-Намрын ургац хураалтын дүн мэдээллийг Засгийн газрын хуралдаанаар танилцуулсан. Энэ жилийн хувьд хэчнээн хэмжээний ургац хурааж аваад байгаа талаар тоон мэдээлэл өгөхгүй юу?
-Энэ жилийн тухайд улсын хэмжээнд нийт 762.5 мянган тонн ургацыг хурааж авлаа. Үүнээс 282 мянган тонн нь үр тариа, 252.3 мянган тонн хүнсний улаанбуудай, 108 мянган тонн төмс, 208.6 мянган тонн хүнсний ногоо, 146.5 мянган тонн тэжээлийн ургамал, 27.2 мянган тонн тосны ургамал хурааж авсан дүнтэйгээр энэ жилийн ургац хураалтын урьдчилсан дүн мэдээ ирсэн.
-Энэ жилийн хувьд газар тариалангийн бүс нутгаар зуншлага тааруу, гандуу болж өнгөрсөн нь ургац хураалтад хэрхэн нөлөөлсөн бэ?
-Газар тариалангийн гол бүс нутаг болох Дархан, Сэлэнгэ, Булганы хойд сумдаар нэлээд их хэмжээний гантай байсан. Үүнтэй холбоотойгоор ургац хураалтын дүн өмнөх жилүүдтэй харьцуулахад тодорхой хэмжээгээр буурсан. Гэхдээ гантай, хүндхэн үед ч манай тариаланчид тодорхой хэмжээний технологийг барьж, уриншаа сайн бэлтгэсний үр дүнд энэ хэмжээний ургацыг хурааж авсан нь сайн байлаа гэж хэлмээр байна.
Ерөнхийдөө тоон мэдээлэл өгвөл нийт 762.5 мянган тонн ургац хураан авсан нь өмнөх онтой харьцуулахад 503.3 мянган тонноор буюу 40.3 хувиар ургац буурсан байна. Энэ жил тариалангийн бүс нутагт 5-7 дугаар сард хур тунадас бага, агаарын дундаж температур 37-39 хэм, хөрсний гадаргын үнэмлэхүй их температур 65-69 хэмд хүрч, хөрсний үнэмлэхүй их температур 40 хэмээс давж халсан өдрийн тоо 7-10 хоногоор үргэлжилж, халалтаас үүдэлтэй зурваслан усархаг бороо, мөндөр зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлүүд тохиолдсон нь ургацад сөрөг нөлөө үзүүллээ. Улаанбуудайн хувьд хэдийгээр гангийн нөлөөлөлд өртсөн ч 8-9 дүгээр сард цаг агаар харьцангуй тааламжтай байж, хураалтыг 7-10 хоногийн өмнө эхлүүлсэн нь ургацын чанарт эергээр нөлөөлж, тарианы болц жигд, цавуулаг өндөртэй байна.
-Энэхүү ургац хураалтаараа бид дотоодын хэрэгцээнийхээ хэдэн хувийг хангахаар байгаа вэ?
-Ямартаа ч гол нэр төрлийн тарималууд болох хүнсний улаанбуудай, төмс, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээнийхээ 69-79 хувийг хангах боломжтой гарч байна. Энэ нөхцөл байдалтай уялдуулаад ирэх жилд хүнсний улаанбуудай 140 гаруй мянган тонн дутагдахаар байна. Энэ дутагдаж байгаа хэрэгцээгээ бид импортоор хангахаар Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд танилцуулаад тодорхой шийдвэр, чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа хангаад ажиллаж байгаа. Мөн хүнсний улаанбуудайн стратегийн болон 2026 онд тариалах үр тариа, төмс, тэжээлийн таримлын үрийн нөөц бүрдүүлэх, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас газар тариалангийн үйлдвэрлэлд учирч болзошгүй эрсдэлийг бууруулахад чиглэсэн цогц арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх, тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах асуудлыг судалж, шийдвэрлэх зэрэг арга хэмжээг аван ажиллаж байна.
-Ирэх жилийн хаврын тариалалтын асуудал энэ цаг үед яригддаг. Тэгэхээр үрийн нөөц ямар байгаа вэ. Хаврын тариалалтыг урьдчилсан байдлаар хэрхэн хийх төлөвлөгөөтэй байна вэ?
-Улсын хэмжээнд нийт 26 мянган тонн үрийн улаанбуудайг нөөцөлсөн. Хөдөө аж ахуйн корпораци төрийн өмчит компани дээр 7500 тонн үрийн нөөцийг бүрдүүлээд байна. Өнгөрсөн жилийн нөөцөөс хоёр мянган тонн үртэй үлдсэн гэж бодохоор улсын хэмжээнд 35-36 мянган тонн үрийн нөөцтэй байгаа гэсэн үг. Тариаланчдын импортоор оруулж ирэх үрийн улаанбуудайн хэмжээг 12 мянган тонноор тогтоосон. Энэ нь нээлттэй сонгон шалгаруулалтаар зарлаад хэрэгжилтийг зохион байгуулаад ажиллаж байна.
-Тэгэхээр нэг талдаа энэ жилийн хувьд ургац тодорхой хэмжээгээр буурсантай холбоотойгоор гурил дээр янз бүрийн үнийн өсөлт гарах уу гэдэг болгоомжлол иргэдэд байгаа. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-Татварын чөлөөлөлттэй холбоотойгоор гурилын нийлүүлэлт тодорхой түвшинд байгаа. Мөн өнгөрсөн жил орж ирсэн улаанбуудайны нөөц 18 мянган тонн байна. Өөрөөр хэлбэл, гурилын үйлдвэрүүд энэ хэмжээний нөөцтэй байгаа учраас нийлүүлэлтийн хувьд тасалдахгүй гэж ойлгож болно. Энэ утгаараа нийлүүлэлт тасалдахгүй учраас үнэ дээр төдийлөн өөрчлөлт орохгүй.
Э.МӨНХ
Дифлимпын наадамд Монголын 14 тамирчин өрсөлдөнө
Япон улсын нийслэл Токио хотод дифлимпын XXV наадам арванэгдүгээр сарын 15-26-ны өдрүүдэд болно. Уг наадамд 81 орны 3200 гаруй тамир...
8 цагийн дараа
ГИХГ: Оршин суух зөвшөөрлийн хасалтын тодорхойлолтыг шинэ системээр олгохоор боллоо
Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй эсэх, оршин суух зөвшөөрлийн хасалтын тодорхойлолтыг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс шинэ...
7 цагийн дараа
МАН: Намын хичээн эрмэлзэх зүйл, дүрмийг хэлэлцэнэ
Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурал хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Энэ өдөр Их хурлын төлөөлөгчид Монгол Ардын Намын х...
7 цагийн дараа
Нийслэлийн шилдэг ахмадуудыг шагналаа
Нийслэлийн хөгжил дэвшилд тодорхой хувь нэмрээ оруулсан, өөрсдийн хүч хөдөлмөрөөр өрхийн аж ахуй эрхлэн, хүнсний хангамжаа нэмэгдүүл...
6 цагийн дараа
Д.Болорчулуун: Ирэх жил дутагдах 140 мянган тонн хүнсний улаанбуудайгаа бид импортоор хангана
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуунтай намрын ургац хураалтын талаар товчхо...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд


