Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 16

Валютын ханш

value

мэдээ

Б.Амаржаргал: Хүүхэд хамгаалал зөвхөн эцэг эхийн биш, бүх нийтийн асуудал

trend

Админ

img

2025 оны 11 сарын 16

news-img

“Хууль сахиулах ажиллагаа ба хүүхдийн эрхийн асуудал, шийдэл” сэдвээр эрдэм шинжилгээний хурал, бодлогын хэлэлцүүлгийг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа. Кристина Ноблийн хүүхдийн сан энэ хэлэлцүүлгийн санаачлагч, гол оролцогчийн нэг нь байсан юм. Хэлэлцүүлэгт Хүний эрхийн үндэсний комисс, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар, ШШГЕГ, Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төв зэрэг байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцов. Мөн үеэр Кристина Ноблийн хүүхдийн сангийн Монгол дахь захирал Б.Амаржаргалтай тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа.


-“Хууль сахиулах ажиллагаа ба хүүхдийн эрхийн асуудал, шийдэл” сэдвээр эрдэм шинжилгээний хурал, бодлогын хэлэлцүүлгийг танай байгууллагаас санаачлан, өргөн бүрэлдэхүүнтэй зохион байгуулан, идэвхтэй оролцож байна. Тус хэлэлцүүлгийг зохион байгуулах шалтгаан нөхцөл нь юу байв?

-Кристина Ноблийн хүүхдийн сан Монголд 1997 оноос хойш хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулсан олон улсын байгууллага. Манай байгууллага хүүхэд хамгаалал, эрүүл мэнд, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулсаар байгаа. Үүн дотроо одоогийнхоор Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага, хуучнаар Хүүхдийн хорих ангид 1997 оноос хойш ажиллаж эхэлсэн. Өсвөр насны гэмт хэрэг үйлдсэн хүмүүжигч нартаа нөхөн сэргээх үйлчилгээ, боловсрол, сэтгэл зүйн асуудал, суллагдсаны дараа нийгэмд эргэн нэгтгэх зэргийг цогцоор нь хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Бид өнгөрсөн онд “Өсвөр насны хүмүүжигч хүүхдүүдийн нөхцөл байдал”-ын судалгааг хийсэн.

Бодлого, шийдэл, одоогийн хууль, эрх зүйн орчны үнэлгээ, дүгнэлтийг хийсэн байгаа. Монгол Улсад хүүхдийн эрхийн зөрчил маш их байна. Ялангуяа, хууль сахиулах үйл ажиллагаанд хүүхдийн эрх зөрчигдөх асуудал маш их гарчээ. Үүнийг ойлгож мэдсэний үндсэн дээр Кристина Ноблийн хүүхдийн сан Дотоод хэргийн их сургуультай хамтраад энэхүү “Хууль сахиулах ажиллагаа ба хүүхдийн эрхийн асуудал, шийдэл” эрдэм шинжилгээний хурал, бодлогын хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Эрдэмтэн судлаачид өөрсдийнхөө судалж мэдсэн асуудлыг энэ үеэр нээлттэй хэлэлцүүлсэн. Бид эдгээр асуудлыг нэтгээд Монгол Улс цаашид хууль сахиулах ажиллагаандаа хүүхдийн эрхийг хэрхэн хангах, ямар байр суурьтай байгаа вэ гэдгийг тодруулан ШШГЕГ, Хууль зүйн яам, бодлого тодорхойлогчдод албан бичгээр хүргүүлнэ. Гаргаж буй хууль дүрэмдээ өнөөдрийн энэ хэлэлцэж буй асуудлыг тусган хэрэгжүүлээсэй гэж хүсэн хонх дуугаргаж буй хэрэг юм. Энэ чиглэлээр хийсэн нарийн мэргэжлийн судалгаа Монголд ховор байдаг юм билээ. Бид нотолгоонд суурилж үйл ажиллагаа явуулдаг учраас үүнийг л гаргаж ирэхийг хүссэн.

-Өнөөдөр хэдэн хүүхэд хорих ял эдэлж байна вэ. Тэдгээр хүүхдийн эрх яаж зөрчигдөж байна вэ. Тэд одоогоор хоригдож байгаа хэдий ч зөрчигдөж үл болох заяамал эрхтэй хүмүүс шүү дээ?

-Өнөөдөр 20 гаруй хүүхэд байгаа. Заримдаа жилд 80 гаруй, 100 хүүхэдтэй ч болдог юм билээ. Тэдгээр хүүхдийн эрх, бидний өнгөрсөн хугацааны туршлага дээр суурилаад харах юм бол хамгийн эхэнд гэр бүлийн орчинд зөрчигдсөн байдаг. Эцэг эхийн хараа хяналтгүй байдал, үл хайхрах хүчирхийлэлд ямар нэгэн байдлаар өртсөн байдаг. Магадгүй хойт эцэг, хойт эхтэй болох, эсвэл хагас, бүтэн өнчин зэргээр гэр бүлийн бүрэн бүтэн бус байдал, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, нэн ядуу зэрэг нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал ч хүүхдийг гэмт хэрэгт холбогдоход хүргэж байна. Сургуулийн орчинд хувцас хунар муутай, өнчин өрөөсөн хүүхдийг шоолж шоглох, эсвэл үеийн тэнгийн хүүхдүүд нь дээрэлхсэнээс үүдэлтэйгээр хичээлдээ явах дургүй болох, улмаар буруу замд орох, цаашлаад гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд нь даамжирсаар нэг л өдөр хэрэг зөрчилд холбогдож байна. Тиймээс энэ бүгдээс урьдчилан сэргийлэх, сургууль, нийгмийн орчинд сэтгэл зүйч ажиллах зэргээр сургуулийн орчинд хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулах шаардлагатай байгаа юм. Харин Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллага дотор ямар нэгэн эрх зөрчигдөж байгаа эсэхийг бид сайн мэдэхгүй байна. Ямартаа ч ерөнхий боловсролоо тасалдуулахгүйгээр олж авч байгаа. Үүнийг ШШГЕГ болон Боловсролын яамнаас хангаж өгч ажиллаж байгаа гэж бид харж байна.

-Өсвөр насны хүүхэд гэмт хэрэгт өртөх гэж яриад байна шүү дээ. Тэгэхээр хохирогч ч бай, гэмт хэрэг үйлдсэн ч бай тухайн хүүхдүүдийн аль аль нь өмнө нь гэмт хэргийн хохирогч болсон байх магадлал өндөр байдаг юм байна гэж харагдлаа. Яагаад гэвэл, та сая хэллээ. Хүмүүжигч хүүхдүүд гэр бүлийн хүчирхийлэлд ямар нэгэн байдлаар өртсөн байдаг гэж. Үл хайхрах ч юмуу, эдийн засгийн ч юмуу заримдаа сургуулийн орчинд дээрэлхүүлэх ч гэдэг юм уу, магадгүй энэ бүгд хавсарсан ч байж болзошгүй нөхцөл байдалтай л юм байна гэж бодогдлоо?

-Хүүхдүүд уг нь ямар ч гэм зэмгүй, цагаахан л байдаг шүү дээ. Гэтэл хүүхдийг өсгөн хүмүүжүүлж байгаа гэр бүл, сургууль, нийгмийн орчин маш чухал нөлөөтэй. Тухайлбал, анги хамт олон хамгийн чухал нөлөөллийг үзүүлнэ. Хүүхдүүд бага насандаа цэцэрлэг, сургууль, эсвэл гэр бүлийн орчиндоо сэтгэл зүйн шархыг авдаг. Үүнээс үүдэлтэйгээр сургууль, хамт олныхоо дээрэлхэлтэд өртөх, ингээд хичээлдээ явахгүй таслаад байх, эсвэл ийм хүүхдүүд нэг л өдөр тэсэрч хэрүүл шуугиан, зодоон хийх ч юм уу, үүнийг тухайн үед нь зөвөөр ойлгож хүүхэд хамгаалал, сэтгэл зүйн тусламж үйлчилгээг үзүүлээгүйгээс, эсвэл бүрэн бүтэн хувцас хунаргүй байдлаасаа ичих зэргээс улбаатайгаар хичээлээ тасалсаар буруу хүмүүстэй нийлж хулгай хийх, тэр нь аажим аажмаар томорсоор гэмт хэргийн шинжтэй болж байна. Зарим нь бүр нийлж дээрэм тонуул хийж, танхайрах маягтай.

-Хүүхдүүд хулгай дээрмийн хэргээс гадна ямар гэмт хэрэгт холбогдоод байна вэ. Цавуу үнэрлэх, мансуурах, хар тамхи хэрэглэх, тэр ч байтугай хүчин, хүн алах гээд санаанд оромгүй гэмт хэрэгт холбогдох боллоо?

-Хүүхдүүдийн дунд сүүлийн жилүүдэд гарч байгаа томоохон асуудлын нэг нь бэлгийн боловсрол, эрүүл мэндийн асуудал байгаа. Энэ талын хичээл, сургалт сайн өгөгдөж, боловсрол олгоогүйгээс найз охиноо жирэмслүүлчихэж байна. Гэтэл найз охиных нь ээж аав “Манай хүүхэд насанд хүрээгүй байсан” гээд холбогдох байгууллагад гомдол гаргачихдаг. Ингээд хууль, шүүхээр явсаар байгаад тэр өсвөр насны хосын хооронд эргээд нийлэх ямар ч боломжгүй хагарал, ан цав гарч, улмаар шинээр төрсөн хүүхэд өнчирч байгаа юм. Магадгүй, өрх толгойлсон өсвөр насны ээж гэх зэргээр нийгэмд эргээд асуудалтай, өрөөсгөл гэр бүлийг нэмж байна. Үүнээс гадна болзооны үеийн хүчин, эсвэл цахимаар танилцсан охиноо дуудаж бүлэглэн хүчиндсэн ч гэдэг юм уу бэлгийн хүчирхийлэл үйлдэх, амь насыг нь хохироох зэрэг гэмт хэрэг гардаг.

Тиймээс бэлгийн боловсролын талаар эцэг эхчүүд үр хүүхэдтэйгээ илэн далангүй ярилцаж, хэзээ, хэнтэй болох, болохгүй, яагаад хэдэн нас хүртлээ тэвчих ёстой вэ, яавал зөв, буруу гэдэг учир шалтгааныг тайлбарлаж өгдөг байх хэрэгтэй. Ялангуяа, шилжилтийн наснаас нь эхлээд хүүхдүүддээ зөв аргаар эерэг нөлөөлөл үзүүлээд ёс зүйн болон хийж болох үйлдлийн хэм хэмжээг таниулах хэрэгтэй. Үүнийг мөн сургууль, боловсролын орчинд нь системтэйгээр зөв таниулан ойлгуулах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, өсвөр насны хүүхдүүдэд олгох “Бэлгийн боловсрол”-ын хөтөлбөрийг сайжруулах шаардлагатай. Монголчууд “Энэ том хүний ярих зүйл” гээд хүүхэдтэйгээ илэн далангүй ярьдаггүй. Дандаа тэр талын мэдлэг мэдээллийг орхигдуулж ирсэн. Тиймээс хүүхдүүд өөрийгөө болон хүсэл эрмэлзлээ зөвөөр илэрхийлж чадахгүй байна. Тэгээд ч Азийн болон нүүдэлчдийн соёлд “Том хүний өөдөөс үг дуугарч болохгүй” гэдэг хандлага байдаг. Ядаж л зурагтаар кинон дээр үнсэлдэж байгаа хосыг хараад “Пээ, паа наадхаа унтраа” гээд байдаг. Дээр үеэсээ өвлөж ирсэн иймэрхүү ёс заншлын шинжтэй хандлагуудаас болоод магадгүй бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхэд хаана, хэнд хандахаа мэдэхгүй, ичиж зовон нуудаг. Улмаар гэмт хэрэг үйлдсэн хүүхэд ер нь ингэдэг л юм байна гэсэн буруу ойлголттой, хэн нэгэн гомдол гаргаж, цагдаад баригдах хүртлээ энэ үйлдлээ давтан хийсэн жишээ байдаг.

-Нийгмийн зарим хэсэг нь хүүхдүүдийг цавуу үнэрлэсний төлөө, эсвэл архи пиво ууж мансуурсан, үгүй бол хоорондоо зодолдоод ч юм уу хулгай хийгээд шоронд орсон гэдэг төсөөлөлтэй байдаг. Үнэндээ, өсвөр үеийн хүмүүжигч нарыг холбогдсон зарим гэмт хэрэг сэтгэл сэртхийлгэм, бүр хэд хэдэн төрлийн гэмт хэргийг давтан үйлдсэн байх юм?

-Мансууруулах бодисын хууль, эрх зүйн орчин Монголд чанга байдаг. Гэвч хүүхдүүд хаанаас ч юм хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсээр байгаад бүр донтож байна. Олон жилийн өмнө хүүхдүүд ихэвчлэн хулгай хийх, зодолдох асуудлууд гаргадаг байлаа. Гэтэл өнөөдөр хар тамхи, мөс хэрэглэх, бусдыг хүчиндэх, онлайн залилан үйлдэх, мөрийтэй тоглох зэргээр гэмт хэргийг солонгоруулан үйлдэж буй тохиолдол ч байна.

Нөгөөтэйгүүр, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хурд үнэмлэхүй өндөр түвшинд хүрсэн учраас зарим талаараа энэ нь эргээд сэдэл төрүүлдэг. Тийм учраас ийм төрлийн асуудлыг бид аль болох дэлгэрэнгүй мэдээлэх, ярилцлага өгөхгүй байх хэрэгтэй гэж үздэг. Тиймээс тэр болгоныг детальчилж ярилцах боломжгүй. Ерөөсөө л гэр бүл, сургууль, нийгмийн орчинд хүүхэд хамгааллаа сайжруулах хэрэгтэй болжээ. Хүүхэд хамгаалал зөвхөн эцэг эхийн ч асуудал биш, бүх нийтийн асуудал юм. Ийм л мессэжийг нийгэмд өгч, эрх бүхий байгууллагуудын хүүхдийн эрхийг хамгаалж ажиллаасай гэдгийн үндсэн дээр бид энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж, дуу хоолойгоо өргөж байгаа юм.

Өсвөр насны хүмүүжигч хүүхдүүд гэмт хэрэг үйлдсэн хэдий ч зөрчиж болохгүй заяамал эрхтэй гэдгийг санаж, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд хүүхдийн эрхийн хэрэгжилтийг уялдуулахын төлөө бид өнөөдөр ажиллаж байна. Тиймээс л ядуурал, хүчирхийлэл, боловсролын хомсдол, сэтгэл зүйн гэмтэл зэрэг нийгмийн хүчин зүйлсийн нөлөөг өнөөгийн бодлогын түвшинд хэлэлцэж, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулахад чиглүүлэхийг хичээж байгаа юм.

 

Г.ГАНЧИМЭГ

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Дифлимпын наадамд Монголын 14 тамирчин өрсөлдөнө

Япон улсын нийслэл Токио хотод дифлимпын XXV наадам арванэгдүгээр сарын 15-26-ны өдрүүдэд болно. Уг наадамд 81 орны 3200 гаруй тамир...

img

8 цагийн дараа

ГИХГ: Оршин суух зөвшөөрлийн хасалтын тодорхойлолтыг шинэ системээр олгохоор боллоо

Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй эсэх, оршин суух зөвшөөрлийн хасалтын тодорхойлолтыг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс шинэ...

img

7 цагийн дараа

МАН: Намын хичээн эрмэлзэх зүйл, дүрмийг хэлэлцэнэ

Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурал хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Энэ өдөр Их хурлын төлөөлөгчид Монгол Ардын Намын х...

img

7 цагийн дараа

Нийслэлийн шилдэг ахмадуудыг шагналаа

Нийслэлийн хөгжил дэвшилд тодорхой хувь нэмрээ оруулсан, өөрсдийн хүч хөдөлмөрөөр өрхийн аж ахуй эрхлэн, хүнсний хангамжаа нэмэгдүүл...

img

6 цагийн дараа

Д.Болорчулуун: Ирэх жил дутагдах 140 мянган тонн хүнсний улаанбуудайгаа бид импортоор хангана

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуунтай намрын ургац хураалтын талаар товчхо...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд