мэдээ
О.Амгаланбаатар: Хөдөөгийн амьдрал мэддэггүй, цагаан гартай нөхдүүд төрд орж буруу шийдвэр гаргаснаас болж өнгөрсөн 30 жил орон нутаг хөгжөөгүй шүү

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН
2025 оны 11 сарын 19

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатартай тойрогтоо, бүсдээ хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалтыг 2026 оны төсөвт тусгуулсан талаар ярилцлаа.
-УИХ-аар ирэх оны төсвийг баталлаа. Таны хувьд баруун бүсээс сонгогдсон гишүүн. Энэ утгаараа ирэх оны төсөвт танай бүсэд ямар ажлууд хийгдэхээр тусгагдсан бэ?
-Өнгөрсөн долоо хоногт УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд ирэх оны төсвөө хугацаанд нь хэлэлцээд баталлаа. Энэхүү төсвийн нэг онцлог нь МАН-ын хагарал гэх үү, эсвэл улс төрийн зөрчилдөөний үр дүнд гишүүдийн болоод олон нийтийн саналыг төсөвт тусгах боломж бүрдлээ гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 10 орчим жил улсын төсөв дан ганц нэг намын төсөв байж ирсэн ч энэ жил олон нийтийн төсөв болж өөрчлөгдсөн нь сайшаалтай байлаа гэж хэлмээр байна.
-Тэгэхээр боож орж ирсэн төсөв таны хувьд нийцтэй байсан гэж ойлгох уу?
-Өмнөх жилүүдээ бодоход иргэдийн болоод гишүүдийн саналыг авсан төсөв болсон гэдэг утгаараа дажгүй төсөв орж ирсэн гэж хэлж байгаа юм. Нөгөөтэйгүүр төсвийн хэлэлцүүлгийн үеэр ямар асуудал яригдаж байсныг та бүхэн харсан болов уу. Жишээ нь, зөвхөн Улаанбаатар хотод хөрөнгө оруулалт шаардлагатай, харин алслагдсан хөдөө орон нутагт бараг цөөхөн хүн амьдардаг учраас хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй гэдэг хандлагатай зарим УИХ-ын гишүүд саналаа ил тод хэлж байсан шүү дээ. Үүнийг нь миний хувьд эсэргүүцэж тухай бүрд нь байр сууриа илэрхийлж ирсэн. Монгол Улс хөдөө орон нутгаа анхаараагүй учраас л өнөөдөр орон нутгийн хөгжил царцчихаад байгаа юм.
Хөдөө орон нутгийн иргэдийн амьдралыг мэддэггүй, цагаан гартай, эцэг, эхийнхээ буянаар гадаад, дотоодын Их, дээд сургууль төгссөн, амьдралын сайн мууг мэддэггүй нөхдүүд төрд орж буруу шийдвэр гаргасанаас болж өнгөрсөн 30 гаруй жил орон нутаг хөгжөөгүй шүү. Ер нь бол Улаанбаатарт байгаа өрх мөн Говь-Алтай аймгийн захын суманд оршин суугаа малчин өрх хоёрын амьдрал адилхан байж монгол хүн, Монгол нутагтаа адил тэгш амьдрах эрх үүснэ гэж үздэг. Энэ бол Үндсэн хуулиар олгогдсон эрх шүү гэж УИХ-ын чуулганы индрээс миний бие нэлээд бухимдан хэлж байсан.
-Танай бүсэд, тэр дундаа Говь-Алтай аймагт ирэх онд ямар ажлууд хийгдэхээр байна. Ямар хэмжээний төсөв 2026 оны төсөвт тусгуулан баталж чадсан бэ?
-Ирэх онд манай бүсэд олон ажил хийгдэхээр байгаа. Тухайлбал, Говь-Алтай аймагт ирэх онд нийт 30 гаруй төсөл, арга хэмжээ хэрэгжихээр байна. Хөдөө аж ахуйн яамны багцаас тус яамтай хамтраад Говь-Алтай аймагт жимс тариалах боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт хийгдэхээр болсон. Төсөв орж ирэхээс өмнө атга дүүрэн жимс Говь-Алтайд ургасныг харуулахад УИХ-ын гишүүд гайхаж байсан жишээтэй. Энэ утгаараа бидний хувьд хамгийн том боломж бол газар тариалан. Тиймээс энэ чиглэлд хөрөнгө оруулалт тусгуулах ажлуудыг санаачлан хийж батлуулсан.
-Төсөвт том өөрчлөлт, хөдөлгөөн оруулсан зүйл бол яах аргагүй багш, эмч нарын ажил хаялт байлаа. Уг асуудалд та хувь гишүүнийхээ хувьд байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Ер нь бол бид бодит амьдралаа мэдрэх хэрэгтэй. Багш, эмч нарын хувьд бодит байгаа амьдралаа л энэ төр засагт хэлсэн, ойлгуулсан, шаардсан. Үүний үр дүнд тодорхой хэмжээгээр цалин, тэтгэвэр нэмэхээр ирэх оны төсөвт тусгагдсан нь сайшаалтай. Цаашдаа энэ парламент, энэ Засгийн газар иргэдийнхээ бодит амьдралыг мэдэрсэн, бодит амьдралд хэрэгжиж болохоор ойрхон шийдвэрүүдийг гаргаасай гэж бодож байна. Үүний төлөө миний хувьд цаг тухай бүрд нь байр сууриа илэрхийлээд явна гэдгээ хэлье.
-Иргэдийн саналыг авсан төсөв гэж та хэллээ. Нөгөөтэйгүүр төсөв орж ирэхтэй зэрэгцээд УИХ-ын гишүүд тойргийн иргэдтэйгээ уулзаж, санал хүсэлтийг нь сонсдог байх, тийм үү?
-Мэдээж миний хувьд төсөв батлагдахаас өмнө хөдөө сумдаар явж, аймаг, орон нутгийн ард иргэдтэй уулзаж, тэр хүмүүсийн саналыг сонссон. Энэ утгаараа иргэдээс өгч байсан саналуудын ихэнх нь ирэх оны төсөвт суугдсан гэдгийг хэлье. Баруун бүсэд тулгамдаж байгаа хамгийн чухал зүйл бол ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал. Мөн ган, зудын эрсдэлээс сэргийлэхэд хамгийн чухал зүйл нь услалтын систем байдаг. Миний хувьд аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа нийт 10 гаруй усалтын системийн зургийг хийлгэж байсан. Үүнээс Дарви сумын Харган Түрүүгийн усалтын системийн хөрөнгө оруулалтыг ирэх жилээс шийдэхээр боллоо. Ер нь цаашид энэхүү усалтын системүүд ашиглалтад орсноороо газар тариалан, жимс, жимсгэнэ ургуулах, тариалахад нааштай үр дүнгүүд гарах нь тодорхой.
-Тухайлбал, Говь-Алтай аймагт хамгийн тулгамдсан асуудал юу байна. Уг асуудлыг та ирэх оны төсөвт тодорхой хэмжээгээр тусгуулж чадсан уу?
-Мэдээж тулгамдсан асуудалгүй орон нутаг гэж байхгүй. Манай Говь-Алтай аймгийн хувьд хамгийн тулгамдсан асуудлуудын нэг нь хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх орчин байгаа. Үнэхээр уг асуудлыг бидэнтэй уулзсан иргэн бүр тавьж, шийдүүлж өгөхийг хүсдэг байсан. Нөгөөтэйгүүр уг асуудлыг аймгийн төсвөөр шийдэх боломжгүй байдаг. Энэ утгаараа олон жил орон нутгийн иргэдийн хүссэн зүйл бол хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрөөх аюулгүй зөв орчин бүрдүүлж өгөх санал байлаа. Үүнийг улсын төсөвт анх удаагаа оруулж, улмаар ирэх оны төсөвт Говь-Алтай аймагт хүүхдийн парк байгуулах ажилд нийт 7.5 тэрбум төгрөгийн эхний хоёр тэрбум төгрөгийг тусгуулж чадлаа. Ингээд энэ ажил ирэх жил хэрэгжээд явна. Мэдээж бизнесийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, иргэдийн аятай тухтай орчныг бүрдүүлэхийн тулд дэд бүтцийн асуудлыг шийдэх шаардлагатай. Эзэн утгаараа аймгийн төвийн автозамын ажлуудыг ирэх оны төсөвт тусгуулсан. Мөн өнгөрсөн жилийн хувьд байгаль цаг уурын нөлөөллөөр зарим тохиолдолд үргэлжилсэн усархаг хур бороо орсон. Үүнээс болоод аймгийн төв хоёр, гурван удаа бүхэлдээ үерт автаж байсан. Тэгэхээр аймгийн төвийн тодорхой хэсгүүдэд үерийн хамгаалалтын барилга байгууламж барих зайлшгүй шаардлагатай. Мөн ирэх оны төсөвт энэ чиглэлд хөрөнгө тусгасан байгаа. Мөн боловсрол, эрүүл мэнд гээд олон ажлуудыг хийхээр тусгуулсан гэдгийг хэлье. Цаашлаад орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчид газар тариалан, жимс, жимсгэнэ ургуулах чиглэлд төсвөө илүү тусгаасай гэж хэлмээр байна.
Монгол Улсаас БНХАУ-д экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлж, 100 сая тоннд хүргэх санал тавилаа
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай Москва хотод уулзлаа. Ерөнхий сайд Г.Зандан...
8 цагийн дараа
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд л мөнгө авснаас биш, баялгийг нь зарсан зүйл байхгүй
Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан Н.Алгаатай ярилцлаа. -Төгрөг нуурын бүлэг ордыг төрд буцааж авлаа гэсэн. ...
7 цагийн дараа
“Чингис хаан” ОУНБ руу явдаг ШҮ:4 чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо
“Чингис хаан” олон улсын нисэх буудал /ОУНБ/ руу олон улсын стандарт хангасан нийтийн тээврийн автобус 24 цагаар үйлчилж байгаа. Үй...
7 цагийн дараа
“Украиныг бэхжүүлэх” хэлэлцээрт гарын үсэг зурав
Франц, Украины төрийн тэргүүнүүд Францын нийслэл Парисын ойролцоох цэргийн баазад “Украиныг бэхжүүлэх хэлэлцээр”-т гарын үсэг зурав....
7 цагийн дараа
“Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй хүнсний бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж а...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд


