гадаад
Дональд Трамп: Манай зочныг эвгүй байдалд оруулах хэрэггүй

Админ
2025 оны 11 сарын 20

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салманыг Цагаан ордонд ёслол төгөлдөр хүлээн авч уулзав. Энэ үеэр АНУ-ын “ABC” телевизийн нэгэн сэтгүүлч хунтайжид саудын араб гаралтай сэтгүүлч Жамаль Хашоггийг хөнөөж, шарилыг нь задалж, хэсэгчилж нуусан хэрэгтэй холбоотой асуулт тавихад Трамп уг сэтгүүлчийг загнаж “Та маш маргаантай хүний асуудлыг дурдаж байна. Олон хүнд энэ хүн таалагддаггүй байсан. Танд тэр хүн таалагддаг байсан эсэх нь хамаагүй. Юу ч тохиолдож болно. Харин хунтайж энэ явдлыг мэдээгүй байсан… Манай зочныг эвгүй байдалд оруулах хэрэггүй” гэсэн нь шуугиан тарив.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп үүний өмнө “Air Force One онгоцон” дотор “Нууц хэвээр байгаа Эпштейний файлуудад таныг гэмт хэрэгт холбох зүйл байгаа юу?” гэж асуусан Bloomberg агентлагийн сэтгүүлчийг “Дуугүй бай, гахай минь!” хэмээн доромжилж шуугиан тариад байсан билээ.
Ерөнхийлөгч Дональд Трампын дээрх мэдэгдэл нь АНУ-ын Тагнуулын байгууллагуудын дүгнэлтээр “Мохаммед бин Салман сэтгүүлчийг хөнөөхийг зөвшөөрсөн” гэж үзсэнтэй харшилж байгаа бөгөөд ерөнхийлөгч Жо Байден уг хэрэгтэй холбоотойгоор Саудын Арабыг “ганцаардмал улс” болгоно гэж амлаж, зэвсэг нийлүүлэхийг хязгаарласан юм. Харин Мохаммед бин Салман Туркийн Станбул хот дахь Саудын Арабын консулын газарт 2018 онд болсон энэ хэргийг талаар урьдчилан мэдээгүй гэдгээ мэдэгдэж, өөрийн зүгээс Эр-Рияд энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд “шаардлагатай бүхнийг хийсэн”, уг үйл явдлыг “асар том алдаа байсан” хэмээн мэдэгдэж байсан билээ. Тэгээд ч сэтгүүлч Хашоггийг хөнөөсөн хэргээс хойш анх удаа хунтайжийг Цагаан ордон хүлээн авч байгаа нь энэ юм.
Энэхүү уулзалтын дараа Цагаан ордонд АНУ, саудын араб хоёр иргэний цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурсан бөгөөд АНУ тус улсад “F-35” сөнөөгч онгоц багтаасан “томоохон батлан хамгаалах-экспортын багц”-ыг нийлүүлэх болсныг мэдээлэв. Саудын Араб болон Персийн булангийн араб орнууд нь Иранд чиглэсэн Вашингтоны бодлогын АНУ-ын гол түншүүд бөгөөд эдгээр улсуудад Америкийн цэргийн баазууд байрладаг юм. Иймээс АНУ-ын Төрийн департамент дахь Их Британийн “ВВС” агентлагийн сурвалжлагч Том Бейтман “Булангийн орнууд, тэр дундаа Саудын Араб Вашингтоноос илүү албан ёсны батлан хамгаалах баталгаа хүсэж байна. Катар энэ баталгааг энэ жил авсан. Харин одоо Мохаммед бин Салман үүнийг давтаж, үүн дээр нэмээд АНУ-аас “F-35” сөнөөгч авах, мөн Саудын иргэний цөмийн хөтөлбөрт АНУ-ын дэмжлэгийг авахыг хүсэж байна. Харин Трампын Саудын Арабд “F-35” худалдахаар зэхсэн нь олон хүнийг гайхшируулж, болгоомжлол төрүүлэв. Учир нь АНУ-ын зарим цэргийн албан тушаалтнуудын үзэж буйгаар, дэлхийн хамгийн дэвшилтэт сөнөөгч болох “F-35”-ыг Саудын Арабд нийлүүлбэл тэд радарт харагддаггүй стелс технологид нэвтрэх боломжтой болж, улмаар Хятадын түншүүдтэйгээ энэ нууцыг хуваалцах эрсдэл үүснэ. Израильд ч зарим албаныхан “Энэ худалдаа нь бүс нутгийн цорын ганц давуу талыг алдсанаар Израилийн цэргийн байр суурийг сулруулж магадгүй” гэж болгоомжилж байна. Ойрхи Дорнодод “F-35” онгоц зөвхөн Израильд л байдаг” гэжээ. Харин Трамп уг уулзалтын өмнөхөн “Саудын Араб бол АНУ-ын гайхалтай түнш” гэж хэлээд уг онгоцыг худалдах ёстой гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Энэхүү айлчлал албан ёсоор “ажлын айлчлал” хэмээх статустай ч ёслолын хувьд “төрийн айлчлал”-тай дүйцэхүйц хэмжээнд байв. Пенсильваний өргөн чөлөө болон Цагаан ордны өмнөх Лафайетт цэцэрлэг хүртэл бүх гэрлийн шонгууд АНУ болон Саудын Арабын далбаагаар чимэглэгдэж, хунтайжийг Цагаан ордонд угтахдаа улаан хивс дэлгэж, дээгүүр нь “F-35” болон “F-15” гэсэн гурав, гурван онгоц хослон нисэн өнгөрч, морин парад, хоёр улсын төрийн дууллын үеэр их буу буудуулах зэргээр ёслол хүндэтгэл үзүүлсэн юм. Маш товчоор бидний ардчилал дахиад л мөнгөнд бууж өгөв.
Г.АМАРСАНАА
УИХ дахь МАН-ын бүлгээс Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
Монгол Улсын Их Хурлын даргаар МАН-ын дарга, Улсын Их Хурлын гишүүн Ням-Осорын Учралыг сонгуулахаар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгэ...
7 цагийн дараа
Халзан бүрэгтэй ордын талаарх ерөнхий хяналтын сонсголын тайланг хамтарсан хуралдаанаар сонсов
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2025.11.20) хамтарсан хуралдаж, “Халз...
7 цагийн дараа
БНСУ-д визгүй зорчих, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлыг хөндлөө
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны 9 дүгээр хуралдаан Гадаад харилцааны яаманд болл...
7 цагийн дараа
Парламентын засаглалтай оронд эрх баригч намын дарга нь УИХ-ын дарга байх нь туйлын болчимгүй ухамсаргүй үйлдэл!
Парламентын засаглалтай оронд эрх баригч намын дарга нь УИХ-ын дарга байх нь туйлын болчимгүй ухамсаргүй үйлдэл! Шалтгаан нь Үндсэн ...
7 цагийн дараа
Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ
Маргааш тохиох Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ух...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



