Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 20

Валютын ханш

value

мэдээ

Парламентын засаглалтай оронд эрх баригч намын дарга нь УИХ-ын дарга байх нь туйлын болчимгүй ухамсаргүй үйлдэл!

trend

Админ

img

2025 оны 11 сарын 20

news-img

Парламентын засаглалтай оронд эрх баригч намын дарга нь УИХ-ын дарга байх нь туйлын болчимгүй ухамсаргүй үйлдэл!

Шалтгаан нь Үндсэн хуульд зааснаар “УИХ бол эрх баригч намын бүтцийн байгууллага биш, ард түмнийг төлөөлж хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллага”гэдэгтэй шууд холбоотой.

Өнөөдөр дотоод, гадаадын улс төрийн нөхцөл байдал, мөн ард, иргэдийн эдийн засгийн байдал туйлын тааруу байгаа нь бодит үнэн. Энэ байдалд “Дайран Дээр Давс Нэмэв” гэгчээр Эрх Баригч Намын Дарга нь УИХ-ын дарга болбол дотоодын улс төрийн нөхцөл байдал хүндрэн даамжирсаар Үндсэн хуул( ҮХ)-ийн хямралд хүргэх эрсдэлтэй. Хэрэв ингэвээс Непалдуулах нь ойртож магадгүй байх!

Өнөөдөр олон улсын хэмжээнд геоулстөрийн нөхцөл тааруу байгаа талаар манай дарга нар ам уралдан ярьдаг. Тэгээд яагаад ийм шийдвэр гаргах гэж? Монголын ард иргэдэд ҮХ-аар олгогдсон үлдсэн ганц улс төрийн эрх чөлөөг нь боомилох гэж үү!

Тэгээд чаддаг юм бол Непалдалдаа гэж ард түмнээ өдөн турхирсантай агаар нэг сонсогдож байна.Энэ тэгээд зүгээр үү?

Өнгөрсөн 20-р зууны сүүлийн хагаст энэ 21-р зуунд G7( том эдийн засагтай АНУ, Япон, Герман зэрэг орнууд),хөгжиж буй 15 орны хэмжээнд судалж үзэхэд эрх баригч намын дарга нь Парламентын спикер буюу манайхаар бол УИХ-ын дарга болж байсан түүх харагдахгүй байна.

Одоогоос хагас жилийн өмнө УИХ дахь АН бүлгийн Х.Тэмүүжин нарын УИХ гишүүд “Парламентын ардчиллыг бэхжүүлэх, ҮХ-ийн тогтвортой байдлыг хамгаалахын тулд бусад орны жишгээр УИХ-ын чуулганы танхимын нэг талд ерөнхий сайдыг ЗГ-ын гишүүдтэй нь хамт суулгадаг болгох, Ерөнхийлөгчийг дахин сонгохгүй гэсэн ҮХ-ийн заалтаа тууштай, хатуу баримтлах,УИХ-ыг сонгодог парламент болгохын тулд ҮАБЗ-өөс УИХ-ын даргыг гаргаж парламентаас гадуур шийдвэр гаргах эрх эдэлдэг “бусад УИХ гишүүдтэйгээ адилхан байх”-ийг зогсоох” зорилготой хуулийн төслүүд боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэхээр болсноо мэдэгдэж байсан.Энэ санаачилгууд бол зөв өө.

Миний харснаар өнөөгийн УИХ-д суудалтай МАН, АН лав мөрийн хөтөлбөртөө “Парламентын ардчилал, түүнчлэн засаглалыг бэхжүүлнэ” гэж тусгасан байна.

Тэгээд одоо энэ амлалтаасаа буцаж байгаа юм уу?

Монгол улсын Үндсэн Хуул (ҮХ)-ийн 3.1-д “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, мөн “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэхүү тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ”хэмээн тангаралдаг.

Дээрхээс УИХ-ын аливаа бүтэц нь аль нэг намын харьяаны байгууллага биш нь тодорхой уншигдах байх. УИХ гишүүд нь төрийн эрхийг барилцахдаа зөвхөн тангаргаа мөрдөн дээдэлж ажиллах учиртай. Нөгөө талаас УИХ гишүүд нь ҮХ зөрчсөн асуудлаар эсрэг байр суурьтай байх, санал хураалтад оролцохгүй байх эрх үүрэг нь ҮХ түүнчлэн УИХ-ын тухай хуульд заасны дагуу баталгаажсан байдаг.Харин парламентын засаглалтай оронд УИХ дахь намуудын бүлэг ялангуяа олонхын бүлэг бол намын бодлогын шийдвэрээ УИХ-ын бүтцээр хэлэлцүүлэх эрхтэй бүтэц, мөн ЗГ-ч адилхан. Гэхдээ эдгээр шийдвэрүүд ҮХ болон бусад хуультай зөрчилгүй, нийцсэн байх учиртай. Гол шалтгаан нь ард түмнээс сонгогдсон УИХ гишүүд буюу төрийн түшээд нь намыг биш нийт иргэдийг төлөөлж төрийн эрхийг барилцах эрх үүрэгтэйд байгаад оршино.Иймээс нам УИХ гишүүдээ хууль зөрчүүлэн хүссэнээрээ ажиллуулах, мөн гишүүд нь ч намын удирдлагаа долоож улс, иргэдийн ашгийг уландаа гишгэх гэх зэрэг нь бүдүүлэг бөгөөд хоцрогдсон үйлдэл.Нөгөө талаас иргэд төрийн эрхийг барилцахад шууд оролцох эрхтэйг бас бодож байхад илүүдэхгүй.

Өнөөдөр УИХ-ын 126 гишүүний 53.97%-г МАН, 33.33% АН, 12.7 %-ыг бусад нам эвсэл бүрдүүлж байгаа байх. Тодруулбал ард иргэдийн төрөө барилцах эрх мэдлийн 46%-ийг эрх баригч намаас бусад намаас нэр дэвшиж сонгосон гишүүд бүрдүүлж байгаа олон намаас бүрэлдсэн парламент юм.

Нөгөө талаас сонгууль болсны маргаашнаас парламент дахь сөрөг хүчин нийт ард иргэдийг төлөөлж эрх баригч намын бүлэг болон Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьж,амлалтаа хэрэгжүүлэхийг шахаж шаардаж, ҮХ болоод бусад хууль тогтоомжийг зөрчвөл хариуцлага тооцож, төрийн бодлогын оновчтой улс, нийт иргэдийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргуулахын төлөө бодлого өрсөлдүүлдэг. Иймээс парламентыг мэтгэлцээний талбар хэмээдэг.

Иймээс хүчтэй цөөнхгүй парламентыг монгол хэлээр бол Шүншиггүй Бурханаар зүйрлэдэг. Иймээс эрх баригч намын дарга нь УИХ-ын дарга байх нь туйлын зохимжгүйгээс гадна парламентын ардчилал, засаглалыг бэхжүүлэх үйл ажиллагааг бүрэн дампууруулна гэсэн үг.

Яагаад эрх баригч намын даргыг Парламентын спикер( УИХ-ын даргаар )ээр сонгодоггүй вэ? Парламентын засаглалтай улсуудад мөрддөг нийтлэг зарчим. Тодруулбал Эрх баригч улс төрийн намын даргыг УИХ-ын даргаар сонгодоггүй гол шалтгаан нь нийт иргэдийн сонгосон төлөөлөл болох УИХ гишүүдээрээ дамжуулж төрийн эрх барих парламентын засаглалын үндсэн зарчим болох УИХ-ын даргын Төвийг Сахих Зарчим юм.Үүнд: 1. УИХ-ын дарга бол “төвийг сахисан шүүгч” байх учиртай. УИХ-ын дарга нь намын харьяаллыг үл харгалзан УИХ гишүүдэд үг хэлэх зөвшөөрлийг шударгаар олгох зэргээр УИХ-ын хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу санал хураалгах үндсэн үүрэгтэй. Эрх барьж буй намын дарга нь эрх баригч намын эрх ашгийг төлөөлөх үүрэгтэй учраас ард иргэдийг төлөөлж төрийн эрх барих тангарагтай өөрийн намын УИХ гишүүдэд олон хэлбэрээр дарамт үзүүлэх боломжтой тул, энэ УИХ  гишүүдийн төрийн бодлогын оновчтой бодлогын төлөө чөлөөтэй бодлого өрсөлдүүлэх, шүүмж хэлэх тэгш боломжийг нь хаадаг.Үр дүнд нь улс, нийт иргэдийн эрх ашиг хөсөрдөх магадлалтай.

Ийм учраас УИХ-ын дарга намаас татгалздаг, эсхүл ердийн тохиолдолд санал хураалтад оролцдоггүй, санал тэнцсэн тохиолдолд харин саналаа өгч болдог. Хэрэв энэ санал нь төвийг сахисан бус эрх баригч намын эрх ашигт үйлчилсэн болох нь тодорхой болбол нийгэмд сенсаци болж ард иргэд, цөөнхийн шахалтаар огцрох нь элбэг байдаг, 2. Хэрэв УИХ-ын дарга намын дарга байгаа тохиолдолд парламентыг удирдлага зохион байгуулалт шударга бус,тэгш бус болох магадлалтай. Энэ нь УИХ-ын дарга нь парламентыг дэгийн дагуу удирдах эрх үүрэгтэй бол эрх баригч намын дарга нь тодорхой улс төрийн намыг төлөөлдөг тул эрх ашгийн бодит зөрчил үүсдэг. Хэрэв УИХ-ын дарга эрх баригч намын дарга болсон тохиолдолд Сөрөг хүчний намууд болон олон нийтийн зүгээс парламентыг эрх баригч намын эрх ашигт үйлчилж байна гэсэн хандлага, хардалт газар авч, парламентын хууль ёсны байдал( легитм чанар)алдагдана.

3. Хэрэв УИХ-ын дарга эрх баригч намын дарга болбол эрх баригч болон сөрөг хүчний хоорондын зөрчилдөөнийг зуучлах боломжгүй болно. УИХ-ын дарга нь дэгийн хуульд зааснаар төвийг сахисан арбитрчаар ажиллах тул эрх баригч болон сөрөг хүчний намуудын ажлын хуваарийг зохицуулж, УИХ-ын байнгын хороодын хуралдааныг зохион байгуулах үндсэн сайн ажлаа хийх. Тэр УИХ-ын дарга хуульд заасан УИХ-ын мэргэжлийн БХороод байсаар байтал БХ-г алгасаж баахан ажлын хэсэг байгуулдаг нь парламентын зарчимд нийцэхгүй, маш буруу. Намын дарга нь УИХ-ын дарга болбол зуучлахаасаа илүүтэйгээр парламентын олонх болон цөөнхийн хоорон дахь зөрчилдөөнийг дэвэргэж тэмцлийн хурц хэлбэрт хүргэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. 4. Хэрэв УИХ-ын дарга эрх баригч намын дарга болбол Парламентын ЗГ-т тавих хяналт,мөн хууль тогтоох бие даасан байдал, түүнчлэн ард иргэдийн төр барих мэдэл сэглэгдэн доройтож ,төрийн институт хоорондын эрх мэдлийн хувиар, хяналтын тэнцвэр алдагдаж засаглалын хямрал болох эрсдэл нэмэгдэнэ.

Энэ нь намын даргын намаа төлөөлж намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, дараагийн сонгуульд эрх мэдлээ хадгалах зэрэг үндсэн чиг үүрэгтэй шууд холбоотой. Үр дүнд парламент бол ЗГ-ын шууд харьяаны хуулийн газар болно гэсэн үг.Ер нь бол УИХ-ын дарга нь намын дарга байснаас 2 ерөнхий сайдтай ЗГ байсан нь хамаагүй улс орны хөгжилд хохирол багатай тусна. 5. Хэрэв УИХ-ын дарга эрх баригч намын дарга болбол,энэ нь дэлхийн парламентын стандарт, дүрмийг зөрчсөнд тооцогдоно.Монгол Улс чинь олон улсын парламентын бүлгэмийн идэвхтэй гишүүн орон биш юм уу! Иймд ихэнх парламентын засаглалтай УИХ-ын дарга нь намын гишүүнчлэлээ түдгэлзсэн,төвийг сахих хуулийн зохицуулалтай тул, намаас зайтай ажиллах учраас үүнийгээ олон нийтэд зарлан мэдээлдэг байна.

Жишээлбэл Английн парламентын танхимын дарга УИХ-ын намын харьяаллаас бүрэн татгалздаг,Японы парламентын дарга намын бүлгийн сахилга батыг дагаж мөрддөггүй бөгөөд ,намын бүлгүүдийн байр суурь, бодлогын өрсөлдөөн, мэтгэлцээнийг үр дүнтэй байлгахад бүрэн чиглэдэг,Германы спикер Төвийг сахих хатуу практикт маш хүндэтгэлтэй ханддаг, Солонгос Японтой төстэй гэх мэт. Ардчилсан парламентын засаглалтай орнуудад спикер бүгд л төвийг сахисан хуулийн статустай байдаг байна. Манай УИХ Тамгын газарт ийм судалгаа баймаар юм. 6. Хэрэв УИХ-ын дарга эрх баригч намын дарга болбол ,УИХ-ын шийдвэр нь улс, нийт иргэдийн эрх ашигт нийцсэн байх зарчим үндсэндээ алдагдах эрсдэлтэй.Иймд спикерийн төвийг сахисан статус нь УИХ-ын дэглэмийн найдвартай байдлыг хадгалдаг. Эндээс Парламент бол “ард түмний төрийн эрх барих төлөөлөл”, УИХ-ын дарга үүний бэлгэдлийн байр суурь юм.

Товч дүгнэхэд төвийг сахих нь УИХ-ын даргад тавигдах зайлшгүй шаардлага.Мөн Эрх баригч намын дарга нь аль нэг намын эрх ашгийн төлөөх гол хүн байдаг. Хэрэв ингээд намын дарга УИХ-ын дарга болбол парламентын ард түмнээ шударгаар төлөөлөх байдал шууд алдагдана. Ийм учраас бараг бүх улс оронд намын дарга нь УИХ-ын даргаар ажиллахыг хуулиар хатуу хориглодог эсвэл хүлээн зөвшөөрдөггүй байна. Сошиалд ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын дарга асан М.Энхболд, З.Энхболд нар УИХ-ын дарга байхдаа намын дарга байсан. Тэгээд яасан гэсэн олон ургалч үзэл гарсан байсан. Товчхон хэлбэл муу түүх л үлдсэн. 2000 онд Н.Энхбаяр даргатай МАХН ҮХ-д 7-н өөрчлөлтийг оруулснаас улбаалж хэдийгээр нам нь олонх болсон ч нам нь хагарчих гээд байсан тул Эх-орон ардчилал эвсэлтэй хамтарсан ЗГ байгуулж, дараа нь 2005 онд ерөнхийлөгч болсон байдаг. М.Энхболд дарга бол өөрөө намаа удирдаж сонгуульд ялалт байгуулсан ч ерөнхийлөгч болох зорилгоор УИХ-ын дарга болсон гэх. Тэгээд ялагдсан байдаг.

З.Энхболд дарга УИХ-ын дарга байхдаа АН-ын дарга болж, АН болон МАН хамтарсан засаг байгуулсан учраас сөрөг хүчин нь шүүмжлээгүй өнгөрсөн ч дараа нь УИХ-ын сонгуулиар ялагдсан нь намаа хагалах эхлэл болсон гэдэг. Энэ сонгуулиар сонгуулийн холимог тогтолцоог ҮХЦ-тэй 2 нам хуйвалдаж байхгүй болгосон нь парламентын ардчиллаас ухрах нөхцөлийг бүрдүүлсэн гэдэг. Тэгээд УИХ-ын 2016, 2020 оны сонгууль мажоритар тогтолцоогоор явагдаж эрх баригч нам нь нийт сонгогчдын дунджаар 43-45 %-ийн саналыг авсан ч УИХ-ын нийт суудлын 83-84 %-ийг тогтмол бүрдүүлж,УИХ-д хүчтэй цөөнхгүй байсаар 2024 оны сонгууль хүрсэн.

Эдгээр он жилүүдэд олон улсын хэмжээнд Монгол Улсын ардчиллын бүх индекс, хууль ёсны индекс,бизнестэй холбоотой ихэнх индекс, өрсөлдөх чадварын болон авилгийн үзүүлэлт, төсвийн үр өгөөжийн үзүүлэлт, бүгд доошлон доройтож баян ходоод болоход ойртсон хэвээр байгаа. УИХ-д хүчтэй цөөнхгүйгээс юу болсон бэ? Хүчтэй цөөнх гэдэг ҮХ болоод бусад хуулийг зөрчсөн Ерөнхий сайдыг огцруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барихад хүрэлцэхүйц УИХ Гишүүнтэй сөрөг хүчинтэй байхыг хэлнэ. Шалтгаан нь ҮХ-д”Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна. Засгийн газар үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнана.Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах” гэх зэрэг заалт юм.

УИХ-д хүчтэй цөөнхийн хяналтгүй, үүнээс улбаатай иргэдийн хяналт хангалтгүй тохиолдолд олонх дураараа аашилснаар ямар байдал үүссэн бэ? ҮХ-д заасан Монгол Улсын иргэдийн баталгаатай эдлэх эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах, бүх нийтийн боловсролыг тэгш боломжоор олж авах зэрэг 18 төрлийн хүний эрх, эрх чөлөөний байдал ямар байдалтай байгаа билээ. Эдгээр эрхийг төрийн зүгээс хангах үүрэгтэй. ҮХ батлагдаад 33 жил болсон ч туйлын хангалтгүй байгаа нь үнэн. Эдгээр хүний эрхийн дотроос уг нь улс төрийн эрх чөлөөний тодруулбал төрийн байгууллагад сонгох, сонгогдох, үзэл санаагаар эвлэлдэн нэгдэж эрх ашгаа хамгаалах нам байгуулах, төрөө шүүмжлэх, чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх,төрд сонгогдсон төлөөллөөрөө дамжуулж төрийн эрх барихад оролцох зэрэг хэдэн эрхийн хэрэгжилт нэлээд хэдэн жилийн өмнө бол гайгүй байсан.

Гэтэл сүүлийн жилүүдэд мөн одоо юу болох гэж байна вэ? Намыг нь янз янз шалтгаанаар УДШ нь цензурддэг болсон. ҮХ болон бусад хууль зөрчөөгүй байвал ингэх ямар ч шаардлага байхгүй. Харин авлигал, мөнгө угаадаг үүр болсон улс төрийн санхүүжилтээ ил болгож хуульчлах нь чухал бус уу? Одоо эцэст нь иргэдийнхээ төлөөллөөрөө дамжуулж төрөө барилцах, шууд оролцох эрхийг нь хумьж дордуулах гэж байна. Энэ утгаараа бол Монгол Улсыг иргэдийнхээ эрх, эрх чөлөөг тэргүүн зэрэгт тавьдаг ойлголт, тэр нэр хүнд олон улсад байхгүй болох нээ!

Яалаа гэж ингэж байгаа юм бэ? Эрх баригчид Та бүхнийг УИХ-ын 3 сонгууль дараалан сонгосон иргэд, сонгогч тэдний буруу байсан гэж үү! Хүч цөөнхийг эрх баригчид нь хүч түрэмгийлж байсан жилүүдэд иргэдийн амьжиргаа хэрхэн доошилсон бэ? Улсын төсвийг 2020, 2024 оны УИХ-ын сонгуулийн жилд иргэдийн саналыг худалдаж авах зорилгоор хэмжээ хязгааргүй тэлж, их алдагдалтай баталж, дагуулаад ₮-ийг зохисгүй их хэмжээгээр хэвлэн зах зээлд нийлүүлж ирсэн. Үр дүнд нь сүүлийн 9 жилд засгийн газрын өр дахин нэмэгдэж,ам.доллартой харьцах төгрөгийн ханш огцом унаснаар, өргөн хэрэглээний импортын барааны үнэ 3-4 дахин нэмэгдэж,төрөөс олон тооны тэрбумтан төрж, баян хоосны ялгаа ихэсч, дундаж орлоготой давхарга нимгэрч, авдаг цалин нь амьдралд нь хүрэлцдэггүй учраас залуус гадагш хөдөлмөр эрхлэхээр олноороо явах нь нэмэгдэж, 10 хүний 5 нь ядуувтар амьдрах болжээ.

Мөн 2016 онд 2.5 сая₮-н цалин 1282 ам$ байсан бол одоо 02/102025-ны байдлаар 631ам$ байна. Ингэж эдийн засаг өсдөг юм уу?Төсвийг ихээр тэлж, өндөр алдагдалтай баталснаар ам$-тай харьцах ₮-н ханш огцом унаж, дагаад импортын өргөн хэрэглээний барааны үнэ ₮-ийн ханшны уналтаас 3 дахинаас доошгүй хэмжээгээр өсдөг ба, энэ инфляцыг тогтоохын тулд Монгол банк бодлогын хүүгээ өсгөдөг,үр дүнд нь арилжааны банкны зээлийн хүү буурахгүй 20 гаруй жил болов. Дүгнэж хэлбэл “Монголчууд бид сүүлийн 9 жилд төсвийн тэлэлт ба алдагдлаас үүдэлтэй ₮-ын ханшны уналт, үүнийг дагасан өргөн хэрэглээний импортын барааны үнийн өсөлт, жилийн 20%-иас доош ордоггүй арилжааны банкны зээлийн хүү, иргэдийн орлоготой харьцуулахад харьцангуй өндөр татвар энэ 3-т ” дарамтлуулж нуруугаа авсан морь лугаа зүтгэсээр байна. Тодруулбал цалин, тэтгэврийг сонгуулийн 2024 онд дунджаар 20 орчим %-иар нэмсэн боловч, төсөв, мөнгөний буруутай бодлогын улмаас энэ нэмэлт 2025 оны 10 сарын байдлаар аль хэдийн инфляцад идэгдэж дуусаад 2026 онд цалин, тэтгэврийг дахиад нэмэхээр боллоо. Одоо энэ улсын хөгжил 1 алхам урагшлаад сонгуулийн дараагийн жилээс 2 алхам хойшилдог бодлого цаашид дахин давтагдахгүй гэх баталгаа байна уу?

Намын харьяалал хамаагүй УИХ-ын эрхэм гишүүдээ та бүхнээс энэ асуудлаар өргөсөн тангарагтаа үнэнч байж, ард иргэдээ төлөөлж төрийг эрх барилцах эрх үүргээ хэрэгжүүлэхийг хүсье! Цаашид юу хийж болох, өнөөгийн үүссэн улс төрийн нөхцөл байдлаас хэрхэн гарах боломжийн талаар саналаа үргэлжлүүлэн оруулах болно. Ардчилсан Монгол улс маань Мөнх Хөх тэнгэрийн Дор ямагт хөгжин бадрах болтугай!

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

БОХХAAБХ:Улсын дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.11.20/ хуралдаан 12 цаг 29 минутад эхэлж, хуралд...

img

7 цагийн дараа

Н.Учралыг УИХ-ын даргаар томиллоо

УИХ-ын намрын ээлжит өнөөдрийн чуулганаар МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргаар томилох асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын чуулганы нэгдсэн ...

img

7 цагийн дараа

Х.Нямбаатар: 2026 онд Гурвалжингийн гүүрэн доогуур 0.6 км авто зам барина

Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Гурвалжингийн гүүр орчмын зөрчлийг арилгаж, тохижилтын ажлыг хийж буй. Өнөөдрийн байдлаар тохижилт...

img

7 цагийн дараа

Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 18 хувь нь хөдөлмөр эрхэлж байна

Үндэсний статистикийн хорооны 2024 оны мэдээгээр улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй нийт 107,904 хүн байгаагаас хөдөлмөрийн насны б...

img

7 цагийн дараа

УИХ дахь МАН-ын бүлгээс Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ

Монгол Улсын Их Хурлын даргаар МАН-ын дарга, Улсын Их Хурлын гишүүн Ням-Осорын Учралыг сонгуулахаар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгэ...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд