мэдээ
ЭЗБХ: Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Админ
2025 оны 11 сарын 28

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны (2025.11.27) хуралдаан гишүүдийн 51.6 хувийн ирцтэйгээр 17 цаг 49 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Эхлээд Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд гишүүд төслийн 8 дугаар зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд асуулт асууж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд болон ажлын хэсгээс хариулт, тайлбар авсан. Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргах шаардлагагүй гэж үзэв. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24 дэх хэсгийг үндэслэн Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын саналыг Байнгын хорооны дарга Р.Сэддорж гаргалаа. Санал хураалтад оролцсон Улсын Их Хурлын 17 гишүүний 12 буюу 70.6 хувийн саналаар горимын саналыг дэмжив. Иймд холбогдох санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Дараа нь “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Тогтоолын төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, тус ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн танилцууллаа.
Улсын Их Хурлын даргын 2025 оны арван нэгдүгээр сарын 18-ны өдрийн захирамжаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг 25 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн ажиллаж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж, Х.Баасанжаргал, М.Бадамсүрэн, Р.Батболд, Н.Батсүмбэрэл, Ж.Галбадрах, Д.Ганмаа, Ж.Золжаргал, Г.Лувсанжамц, М.Мандхай, Б.Мөнхсоёл, Ц.Мөнхтуяа, З.Мэндсайхан, Ч.Номин, Н.Номтойбаяр, Б.Пүрэвдорж, П.Сайнзориг, О.Саранчулуун, Б.Уянга, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн, С.Цэнгүүн, М.Энхцэцэг, С.Эрдэнэбат нар ажиллажээ.
Ажлын хэсэг долоо хоногт 5 удаа хуралдаж, ажлын хэсгийн гишүүд мэргэшсэн чиглэлээрээ дэд бүлгүүдэд хуваагдаж ажилласан байна. Мөн өмнөх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтэд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын хийсэн хяналт-шинжилгээ үнэлгээний талаарх танилцуулга болон хяналт-хэрэгжилтэд тулгамдсан асуудлын талаарх мэдээллийг сонссон болохыг Г.Тэмүүлэн гишүүн танилцууллаа. Мөн ирэх таван жилийн хугацаанд макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг хэрхэн сайжруулах талаар Монголбанк, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөлтэй уулзаж, тогтоолын төсөлтэй холбоотой санал солилцсон байна.
Ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүд, төрийн байгууллагуудаас ирүүлсэн зарчмын зөрүүтэй санал болон ажлын хэсгийн гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын хүрээнд тогтоолын төслийн 1, 2, 3 дугаар хавсралттай холбогдуулан нийт 143 зарчмын зөрүүтэй санал, 4 найруулгын саналын томьёолол бэлтгэжээ.
Харин тогтоолын төслийн 4 дүгээр хавсралт буюу “Монгол Улсын 2026-2030 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн 4.3 дахь хэсэгт заасан “Санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлагатай төсөл, арга хэмжээний жагсаалт”, мөн хавсралтын 4.4 дэх хэсэгт заасан “Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах шаардлагатай төсөл, арга хэмжээний жагсаалт”-ууд нь Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.7.1.в, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгагдах хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төсөв, санхүүгийн тооцоо, эх үүсвэртэй нь уялдуулан нарийвчлан төлөвлөхөөр заасан хууль, журмын шаардлагуудад нийцээгүй гэж үзэж, 4 дүгээр хавсралтын 4.3, 4.4 дэх хэсэг дэх жагсаалтыг хасах санал гаргасан аж.
Мөн “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний талаар” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулж, Засгийн газарт хугацаатай үүрэг өгөхөөр тогтсон болохыг ажлын хэсгийн ахлагч Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан. Тогтоолын төслийг боловсруулах явцад хөгжлийн бодлогын төлөвлөлт, төсөвлөлт болон гүйцэтгэлийн үнэлгээ хийх, хэрэгжилтийн явцыг танилцуулах, тайлагнах, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх дэгтэй холбоотой Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиудад тусгагдсан цаглабарын зөрүүтэй, ойлгомжгүй байдлыг арилгах зайлшгүй шаардлага үүссэн хэмээн ажлын хэсгийн танилцуулгад дурдав. Мөн хэрэгжилтийн үнэлгээний тодорхойгүй байдлыг арилгах, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулах аргачлалыг хуульчлах зэрэг эрхзүйн асуудлууд тулгарсан байна. Иймээс Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг шуурхай хийж, дээрх чиглэлээр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзжээ.
Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, түүний үр дүн болон үр дүнгийн хяналт, шинжилгээ, үнэлгээний үзүүлэлтүүдэд ажлын хэсгийн зүгээс Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн 8 чиглэл, салбарын хэмжээнд зорих 35 бодлогын зорилтын хүрээнд саналуудыг бэлтгэн боловсруулжээ.
Улс орны эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, макро эдийн засгийн гол зорилт, үндсэн үзүүлэлтүүдийг сайжруулах хүрээнд эдийн засгийн өсөлтийг 6 хувиас багагүй түвшинд хадгалах, инфляцыг 5 хувьд хүргэх, ядуурлыг 15 хувь хүртэл бууруулахаар үндсэн чиглэлийн төсөлд тусгасныг Улсын Их Хурал, Засгийн газар онцгойлон анхаарч, хэрэгжилтэд нь анхаарах шаардлагатайг ажлын хэсэг танилцуулгадаа онцолсон байв.
Ажлын хэсгээс төлбөрийн тэнцлийн алдагдлыг багасгаж, урсгал дансны алдагдлыг цаашид үе шаттайгаар бууруулах бодлогын хүрээнд уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээгээр гадагшилж буй валютын урсгалыг багасгах нь нэн чухал байгааг чухалчилж, эдийн засгийн суурь бүтцийг сайжруулах шинэчлэлийг хийх, эдийн засгийн гадаад сектороос хамаарсан эмзэг байдлыг бууруулах нь ханш, инфляц, гадаад валютын албан нөөцийн хэмжээг сайжруулахад дэмжлэг үзүүлэх томоохон зорилтын нэг чухал хэсэг гэж үзсэн байна.
Эдийн засаг дахь төрийн оролцоо болон эдийн засаг, ДНБ-д эзлэх хувь хэмжээг бууруулах үүднээс төрийн зардлыг бууруулах, төсвийн нийт зардлын ДНБ-д эзлэх хувь хэмжээг Улсын Их Хурлаас баталсан шийдвэрүүдтэй нийцүүлэх бодлогыг баримталжээ. Мөн төрийн өмчит компаниудын хувьд эдийн засгийн аюулгүй байдлын нөлөөллийг тооцсоны үндсэн дээр төрийн оролцоог бууруулах боломжтой чиг үүргийг хувийн хэвшлээр заавал гүйцэтгүүлэх, шилжүүлэх бодлогыг ирэх жилүүдэд шат дараалан хэрэгжүүлэх нь томоохон бодлогын шилжилт болно гэж ажлын хэсэг үзсэн болохыг Г.Тэмүүлэн гишүүн танилцуулгадаа онцлов.
Мөн төрийн зүгээс цаашид ногоон эдийн засгийг дэмжих, хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр өрхийн хэрэглээ, хувийн секторын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийг ногоон болгоход шаардлагатай эдийн засгийн суурь бодлогыг дэмжих үнийн болон татварын бодлогыг хэрэгжүүлэх зорилтыг дэвшүүлжээ.
Сүүлийн жилүүдэд нийт иргэд, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдээс татварын шинэчлэлийн хүрээнд дэвшүүлж буй санал санаачилгатай холбогдуулан хувийн хэвшил, иргэдэд учирч буй татварын бодит ачааллыг нийгэм эдийн засгийн хөгжлийг дэмжих татварын бодлогын хүрээнд бууруулах болон хувийн хэвшил, чөлөөт өрсөлдөөнийг дэмжсэн бодлого, зорилтуудыг сайжруулан томьёолсон гэв. Улмаар газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, эрчим хүчний зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжихэд чиглэсэн үр дүн, арга замыг тусгажээ.
Хүний хөгжилтэй холбогдуулан эрүүл мэндийн тогтолцооны гүйцэтгэлийн хүрээг тогтоож, хүн төвтэй, хүртээмжтэй, чанартай, санхүүгийн эрсдэлгүй тусламж, үйлчилгээг иргэн бүрд тэгш хүргэж, дундаж наслалтыг хоёр насаар нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлсэн гэлээ. Мөн багшийн цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулах, ажиллах орчин, хүүхдийн суралцах орчныг стандартын шаардлагад нийцүүлэх, хувийн нэмэлт тэтгэвэрт хамрагдах боломж болон өндөр насны тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг боловсрол, эрүүл мэнд, хувь хүний орлогыг нэмэгдүүлэхтэй холбоотой зорилтуудыг холбогдох шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинтэй нь нэмсэн байна.
Мөн ажлын хэсгийн зүгээс Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлээр тодорхойлогдсон зорилт, түүнд хүрэх арга зам, хэмжих шалгуур үзүүлэлтүүдийг хүний эрхийн мэдрэмжтэй болгоход анхаарч, бүх нийтийн хүний эрхийн боловсролыг дэмжих, цахим орчинд хүний эрхийг хамгаалах, ёс зүйтэй сэтгүүл зүйг төлөвшүүлэх замаар хэвлэлийн эрх, эрх чөлөөг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр нөлөөг дээшлүүлэх, төрийн бодлого, үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх үр дүн, арга замыг тодорхойлсон гэж Байнгын хороонд танилцуулсан ажлын хэсгийн танилцуулгад дурдав.
Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг төслийг урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт нийцүүлэх шаардлага үүссэн гээд “Алсын хараа-2050”-д тусгасантай ижил шалгуур үзүүлэлтүүдийг 2030 онд хүрэхээр зорьсон хүрэх түвшинтэй нь нийцүүлж, найруулгын болон техникийн саналуудыг гаргажээ.
Төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан хуралдаанд оролцсон гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд болон бусад Байнгын хорооноос ирүүлсэн саналын томьёолол нэг бүрээр тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ингээд “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 01...
8 цагийн дараа
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна
Завхан, Хөвсгөл аймгийн нутгаар энэ сарын 27-28-нд шилжих шөнө, 28-ны өдөр Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар цас орж, цаса...
7 цагийн дараа
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 8 гэмт хэрэг бүртгэгджээ
Хоногийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 8 гэмт хэрэг бүртгэгджээ....
7 цагийн дараа
Эхнэрээ олон удаа хутгалж хөнөөсөн этгээдэд оноосон бүх насаар нь хорих ялыг хэвээр нь үлдээжээ
Н.Энхбат 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “Жэм молл” (Gem mall) худалдааны төвд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай...
7 цагийн дараа
ЭЗБХ: Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны (2025.11.27) хуралдаан гишүүдийн 51.6 хувийн ирцтэйгээр 17 цаг 49 минутад эхэлж, хоёр ...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд



