мэдээ
ДЭЛГҮҮРИЙН ХУДАЛДАГЧ: Үнэндээ иргэд өрнөөс өрний хооронд л амьдарч байна

Админ
2025 оны 12 сарын 01

Гэр хорооллын хүнсний дэлгүүрүүдийг зорьж, барааны үнэ, иргэдийн худалдан авах чадвар ямар байгаа талаар энэ удаа сурвалжиллаа. Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо буюу Эрдэнэтолгой, Шархад орчмыг зорьсон юм.
Гудамжинд хаа нэг явж харагдах машин, ганц хоёроороо яваа хүүхдүүд гээд гэр хороолол эл хуль байв. Цээж гашуу оргиулан үнэртэх утаан дунд явсаар гудамжны хамгийн наад буланд байрлах хүнсний дэлгүүрийн үүдээр орлоо. Худалдагч нь 50 эргэм насны эмэгтэй дэвтэр эргүүлсээр лангууныхаа ард сууж байлаа. Тэрбээр өөрийгөө Хорлоо гэж танилцуулсан юм. Эднийх гурил будаа, мах, ногоо, чихэр жимс, бичиг хэргийн зүйлс зардаг юм байна.
Дэлгүүрийн ойр орчмоор өөр дэлгүүр байхгүй болохоор энэ хавийнхан их үйлчлүүлдэг гэнэ. Дэлгүүрээ ажиллуулаад нэг жил орчим болж байгаа. Тэрбээр “Манайх энэ дэлгүүрийг нээгээд нэг жил болох гэж байна. Энэ хавьд манайхтай ойролцоо өөр дэлгүүр байхгүй болохоор хүмүүс нэлээд орж ирдэг юм. Архи зардаггүй учраас хүмүүс дийлэнхдээ гурил, будаа, мах ногоогоо л аваад гардаг. Ер нь л хүмүүсийн худалдан авах чадвар муу байгаа шүү дээ. Цалин буухаар өгнө гээд л зарим нь зээл аваад гардаг юм. Ямар сайндаа эгч нь одоо өрийн дэвтрээ хараад л сууж байна. Гэхдээ дандаа хоол хүнсний юм зардаг учраас их өр тавьсан хүн ховор. Боорцог, гурил, будаа, ногооноос эхлээд хоол хүнснийхээ юмыг л авдаг. Хүүхдүүд орж ирж чихэр жимсээ авна. Заримдаа их хэцүү байдаг юм. Ойр тойрны таньдаг айлууддаа зээл өгөөд байхаар өнөөх нь нэмэгдсээр 200-300 мянган төгрөг гараад явчихна. Ер нь бол манай иргэд цалингаас цалингийн хооронд, өрнөөс өрний хооронд л амьдарч байна. Нэг өрөө дарчихаад, цалингаа аваад маргааш нь дахиад л мөнгөгүй байна гээд зээл тавиад гарч байна” гэсэн юм.
“Эгч ээ, гурван төмс, нэг лууван, нэг сонгино авъя”
Биднийг ийнхүү ярилцаж байх зуур дунд сургуулийн бололтой охин орж ирээд “Эгч ээ, гурван төмс, нэг лууван, нэг сонгино авъя” гэлээ. Худалдагч ногоог нь ууталж өгөөд, охиноос бэлэн мөнгө авлаа. Иргэд яг л ингэж өдрийн хэрэгцээний хүнсээ авдаг уу гэж асуухад “Яг л ингэж авдаг. Олон хоногоор нь нөөцлөх боломжгүй шүү дээ. Махыг бол ихээр нь авч явдаг хүн байхгүй. Яг л саяны охин шиг гурван төмс, нэг лууван, нэг сонгино, нэг талх аваад гарна. За тэгээд талхаа авч хүрэхгүй бол бичүүлчихнэ. Сүүлдээ мах авдаг хүнээ “Жижиг хэрчээд аваад ирээч” гээд 200, 200 граммаар нь зардаг болсон. Хүмүүс “болно, яг таарсан байна” гээд л аваад явдаг юм. Хааяа цалин нь буухаар хүмүүс гурав, дөрвөн мах аваад гарна. Одоо хүйтэрчихсэн болохоор түлээ түлш гээд хүмүүс мөнгөний боломж муу байх шиг байна. Манайх бараагаа борлуулалтын машинаас авдаггүй юм. Өөрсдөө Нарантуул зах руу бөөний төвөөс очоод авдаг. Арай хямд гээд бага багаар нь бараагаа ачиж ирдэг. Ер нь манайхыг бусад дэлгүүрээс хямд гээд хүмүүс их орж ирдэг. Аль болох л хямдхан л зарахыг бодож байгаа юм. Талхан дээр гэхэд 200 төгрөг л нэмж зарна. Ер нь бол тогтмол орж ирдэг хүмүүстэй. Бас энэ хавийн барилгын хэдэн улс орж ирнэ. “Цалин буухаар өгнө өө, Хорлоо эгч ээ” гээд л бичүүлээд аваад гардаг юм. Манайх өдөртөө сайндаа л 200-300 мянган төгрөгийн орлого олж байгаа юм чинь. Сая бол нэг хэсэг хүмүүсийн орлого муудчихлаа. Одоо цалин мөнгө буугаад гайгүй болдог юм уу, яадаг юм” гэсээр бидний яриа өндөрлөсөн юм. Тус дэлгүүрээс зүүн тийш нэлээд яваад байх өөр нэг хүнсний дэлгүүрийг зорилоо.
“Хүүхдийн мөнгө буудаг өдөр архи хамгийн их зарагддаг”
Ингээд дараагийн дэлгүүр лүү орлоо. Өмнө орсон дэлгүүртэй харьцуулахад арай том дэлгүүр байлаа. Лангуун дээр чихэр жимс, гурил будаа, мах, ахуйн хэрэглээний зүйлсийг ангилан өрсөн харагдлаа. Худалдагч эмэгтэйг Банзрагч гэдэг аж. Үйл ажиллагаагаа явуулаад дөрвөн жил болж байгаа гэнэ. Анх дэлгүүрээ нээхэд орлого гайгүй байсан ч одоо ихэнхдээ хүмүүс зээлээр бараагаа авдаг болсон гэв. Тэтгэвэртээ гараад хүнсний дэлгүүр нээгээд ажиллуулж байгаа гэдгээ хэллээ. Тэрбээр “Манайх энд багагүй удаан хугацаанд ажиллаж байгаа болохоор эндхийнхэн намайг бүгд л таньдаг юм. Бүгдээрээ л амьдрах гээд, ажил төрөл хийгээд зүтгээд л байна, уг нь. Өр шир тавьж худалдаж авчихаад, цалингаа буухаар мөнгөө өгөөд л явдаг. Иргэдийн амьдрал хүнд, юмны үнэ өндөр байгаа нь үнэн шүү дээ” гэсэн юм. Тэрбээр цааш нь “Гэхдээ бид юмны үнийг албаар өсгөөд байдаг хүмүүс биш шүү дээ. Бид чинь өөрсдөө ч адилхан л амьдралын төлөө гүйж яваа улс. Бараа авахад л үнэ нь өсчихөөд ирдэг болохоос биш, бид эндээс ашиг харж үнээ нэмдэг гэж хүмүүс ойлговол буруу. Яг үнэндээ тансаг хэрэглээ гэдэг чинь гэр хорооллын хэдэн бор айлуудад байхгүй шүү дээ. Өдрийнхөө хэрэгцээ болсон мах, гурил, ногоогоо авч хоолоо л бэлдэнэ” хэмээв.
Гэвч тэрбээр бодит байдлыг нуусангүй ингэж ярилаа. “Манайхан чинь архинд живчихсэн шүү дээ. Өөрсдөө архи авах болохоороо яаж ийж байгаад мөнгө босгодог л юм билээ. Хүүхдийн мөнгө буудаг өдөр манай дэлгүүр нэлээд сайн орлоготой байдаг. Бүр архи хамгийн их зарагддаг шүү. Хүнсний бараандаа өр тавих нь гайгүй хэрнээ архи авахдаа мөнгөө эхлээд олчихдог юм шиг санагддаг. Ялангуяа хүүхдийн мөнгө орсон өдрүүдэд энэ хавийнхны “хүнд гарууд” чинь бужигнуулж өгнө шүү дээ” гэсэн юм. Мөн худалдагч эмэгтэйн ярьж буйгаар энэ янзаараа хүмүүс өр зээл тавиад байвал дэлгүүрээ хаахаас өөр сонголт байхгүй гэдгээ нуусангүй. Яагаад гэвэл дэлгүүрийн орлогоороо дараагийн бараагаа татдаг учраас орлого байхгүй бол ашиггүй гэдгийг хэлж байлаа. Биднийг ярилцаж байх зуур дэлгүүрт хэд хэдэн хүмүүс орж ирж худалдан авалт хийж байлаа.
Нэгэн ахимаг насны эмэгтэй боорцог, талх хоёрын үнийг асуугаад, мөнгөө нэг бүрчлэн тоолж, “Миний дүү, биччихээрэй” гээд гарав. Худалдагч нэрийг нь ч асуусангүй. Энэ мэт гэр хорооллын дундах жижиг хүнсний дэлгүүрт хэдхэн минут байхад л иргэдийн өрнөөс өрний хооронд ямаршуухан амьдарч байгааг харж болохоор байлаа.
Г.БАЛГАРМАА
ДЭЛГҮҮРИЙН ХУДАЛДАГЧ: Үнэндээ иргэд өрнөөс өрний хооронд л амьдарч байна
Гэр хорооллын хүнсний дэлгүүрүүдийг зорьж, барааны үнэ, иргэдийн худалдан авах чадвар ямар байгаа талаар энэ удаа сурвалжиллаа. Баян...
8 цагийн дараа
“Эрдэнэс тавантолгой” ХК арваннэгдүгээр сард 2.4 сая тонн нүүрс борлуулав
2025 онд нүүрсний зах зээл уналттай, борлуулалт, экспортын хэмжээ буурсан ч “Эрдэнэс Тавантолгой” ХК зах зээлийн нөхцөл байдалд дүн ...
7 цагийн дараа
100-4200 квт-ын зуухтай 172 байгууллага 100 мянган тонн түүхий нүүрс хэрэглэж байна
Нийслэлчүүд өнөөдрөөс хагас коксон шахмал түлшний хэрэглээнд бүрэн шилжиж байна. Өнөөдрийн байдлаар 425 цэгээр хагас коксон шахмал т...
7 цагийн дараа
АТГ: Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 11 дүгээр сарын 24-30-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 91 гомдол, мэдээллийг ш...
7 цагийн дараа
Гүйцэтгэх засаглал Хууль тогтоох засаглалаа ялахын цагт
Саяхан манай улсад ерөнхийлөгчийн шууд удирдлагаар Хууль тогтоох засаглалын дээр Гүйцэтгэх засаглал гарч суусан. Тэгвэл энэ явдал АН...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



