мэдээ
МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан: Төгрөгийн ханшийн доройтлыг зогсоох боломжтой

Админ
2025 оны 12 сарын 01

Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхантай ярилцлаа.
-Танай салбар, цаашлаад улс орны эдийн засагтай холбоотой сэдвээр хариулт авах гэж уулзаж байгаа юм. Монголчуудын амьдрал дээшлэхгүй байгаагийн шалтгааныг та юу гэж харж байна?
-Сүүлийн 30 гаруй жил монгол төгрөгийн ханш тогтмол суларсаар ирсэн. Одоо бараг 9 дахин сулраад байна.1993-2025 онуудын хооронд хэрэв ханшийг MNT/1USD-аар харвал 402.9 төгрөгөөс 3.566.8 төгрөг болж, 8.85 дахин буюу 885 хувиар төгрөгийн ханш суларсан байна. Ханшийн уналт бол иргэдийн амьдрал сайжрахгүй байгаагийн үндсэн шалтгаан. Цалин өссөн нэртэй боловч ханш, инфляци түүнийг давж, идээд дуусгадаг. Монгол хүн хөдөлмөрлөж, бизнес хийж, хөрөнгө хуримтлууллаа гэж боддог боловч бодит үнэ цэнэ нь хадгалагддаггүй.
Энэ мөчлөг 35 жил давтагдлаа.
Энэ бол системийн алдаа, бүр тодруулбал улстөржилттэй холбоотой мөнгөний бодлогын үр дүн. Монголбанк бодлогын хувьд улс төрийн циклиэс бүрэн салаагүй. Сонгуулийн өмнөх халамж, татаастай зээлүүд, их бүтээн байгуулалтын төсөл нэрээр нууцлалд оруулж хийсэн төслүүд, сонгуульд санал авахад зориулж хийдэг гоё нэртэй, хэзээ ч эргэж төлөгдөхгүй хөтөлбөрүүдийн санхүүжилтэд зориулсан мөнгө хэвлэлт, ипотекийн хэт тэлэлт бүгд нийлээд төгрөгийн ханш, инфляцид тасралтгүй дарамт үүсгэсэн. Өөрөөр хэлбэл, Монголбанк УИХ, Засгийн газрын шийдвэрүүдээр урамшуулал, зээлийн багц, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг байгууллага болсон.
-Ипотекийн зургаан хувийн хөтөлбөртэй холбоотой таны байр суурь ямар байдаг вэ?
-Ипотек өнгөрсөн хугацаанд олон айлыг орон сууцтай болгосон нь үнэн. Гэхдээ бодит үнэнийг хэлэх ёстой. Зургаан хувийн хүүтэй, зах зээлийн бус зээл бол мөнгөний бодлогод хамгийн том дарамтын нэг. Үр дүнд нь-төгрөгийн ханш сулрах, инфляци өсөх, эцэстээ нийт иргэдийн хадгаламж, цалин үнэгүйдэж, үүний дээрээс cанхүүжилтийн дутууг төсөв нөхөж, улсын өр өсч байна. Нөгөө талаар барилгын салбарт хэт хөөрөгдсөн эрэлт бий болгосноор богино хугацаанд ашиг харах компаниуд олширч, чанаргүй барилгын тоо өссөн.
Туршлагагүй, санхүүгийн чадамжгүй, богино хугацааны ашиг хайгч компаниуд бөөнөөрөө орж ирсэн.“Хямд материал- хурдан барьж ашиг хийх” чиг хандлага давамгайлсан. Барилгын салбарын бүтцийн хөгжил зогссон. Ипотекийн хөтөлбөрийн “амар зарах” орчин нь барилгын салбарт технологи шинэчлэл чанарын стандартыг хэрэггүй болголоо. Барилга “борлуулах бүтээгдэхүүн” болохоос “инженерийн систем” биш боллоо. Ипотекийн эрх олголт, банк-барилгын компани, ипотек зээлдэгч-банкны ажилтнууд хоорондын гүйлгээн дээр хүртэл ар, өврийн хаалга, авлигын эрсдэл өндөр болсон. Бид үүнийг нүд аньж өнгөрөөж болохгүй.
-Үүнийг зөв голдиролд оруулах бодит гарц нь юу вэ?
-Төгрөгийн ханшийн уналтыг зогсоож, хүмүүсийн амьдралын түвшинг өсгөе гэвэл гурван суурь бодлого хэрэгтэй. Үүнд:
Нэгдүгээрт, Монголбанкийг улс төрөөс бүрэн хараат бус болгох явдал. Өөрөөр хэлбэл, үнийн тогтвортой байдлыг л хамгаалдаг институци болгоно. Сонгуулийн мөчлөг бүрд мөнгөний бодлого “эмх замбараагүй” болох ёсгүй.
Хоёрдугаарт, халамжийг зөвхөн зорилтот бүлэгт чиглүүлж, зах зээлийн бус хүүтэй бүх төрлийн зээлийг зогсоох. Хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг ТОП-3 эмзэг бүлгийг хамгаалах тэтгэмжийг хэвээр үлдээх (зорилтот тусламж). Халамж бүгдэд биш, зайлшгүй хэрэгтэй иргэнд очих ёстой. Төрийн хүү бууруулсан зээл, татаастай зээлүүд бол үндсэндээ далд мөнгөний хэвлэх машин шиг ажилладаг.
Гуравдугаарт, ипотекийн системийг үе шаттай, зөөлөн бөгөөд ил тод шинэчлэх шаардлагатай.
Одоогийн зээлтэй иргэдийг цочирдуулахгүй, хамгаалалтын багцтай. Харин шинэ зээлүүд зах зээлийн жинхэнэ хүү рүү шилжинэ. Авлигын сүлжээ тасарна, чанаргүй барилгын давлагаа зогсоно.
-Энэ бодлого ард иргэдэд ашигтай юу. Заримд нь хүнд тусах юм биш үү?
Энэ бол нэг хэсэг нь бусдынхаа өмнөөс үнэ төлдөг тогтолцоог зогсоох тухай асуудал юм. Үр ашиг нь гурван зүйл дээр хамгийн тод харагдана.
Нэгдүгээрт, Төгрөгийн ханш тогтворжино. Ханш зогсоно гэдэг чинь цалин, орлого үнэгүйдэхээ болино гэсэн үг.
Хоёрдугаарт, Инфляци буурна. Өдөр тутмын өргөн хэрэглээний барааны үнэ тогтворжино.
Гуравдугаарт, Авлига, үнийн хөөрөгдөл багасна.
“Барилгын салбар эрүүлжинэ, компаниуд чанар ба үнээрээ шударга өрсөлдөнө. Ханш тогтвортой, үнэ тогтвортой байвал иргэдийн амьдрал өөрөө дээшилдэг – Энэ бол энгийн эдийн засгийн зарчим. Эдийн засгийн орчин тогтворжих тусам бизнесүүд урт хугацааны төлөвлөгөө гаргаж чадна, ажлын байр нэмэгдэнэ. Ингэж байж бид гадаадын хөрөнгө оруулалтыг зөвхөн уул уурхайгаас бус бүх салбарт татаж чадна. Үйлдвэрлэл, аялал жуулчлал, спорт, мэдээллийн технологи, боловсрол гээд бүх салбарын боломж нээгдэнэ.
Дэлхийн амжилттай хөгжсөн улс орнууд бүгд нэг л зарчмыг баримталсан байдаг.
Тэд хамгийн түрүүнд үндэсний мөнгөний ханшаа хамгаалж, мөнгөний бодлогоо улс төрөөс ангид байлгаж, санхүүгийн сахилга бат тогтоосон. Бид ч үүнийг хийж чадна. Төгрөгөө хамгаалж чадвал Монголын ирээдүйг хамгаалж чадна. Энэ бол зөвхөн эдийн засгийн асуудал биш-иргэн бүрийн амьдралын чанарыг бодитоор дээшлүүлэх үндсэн суурь юм.
Танд баярлалаа
Д.Мөнгөндалай
МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан: Төгрөгийн ханшийн доройтлыг зогсоох боломжтой
Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхантай ярилцлаа. -Танай салбар, цаашлаад улс орны эдийн засагтай х...
8 цагийн дараа
Төмөр замын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэрэгжүүлж буй “Багахангай–Хөшигийн хөндий” чиглэлийн салбар төмөр замын төсөлд ашиглагдах материалын ...
7 цагийн дараа
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны ээлжит шуурхай хуралдаан боллоо
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны ээлжит шуурхай хуралдаан болов Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ...
6 цагийн дараа
Энэ сард болох бөхийн барилдааны хуваарь
Монголын үндэсний бөхийн холбооноос арванхоёрдугаар сард зохион байгуулах бөхийн барилдааны хуваарийг гаргалаа. 12.05 Баасан, 10:00 ...
6 цагийн дараа
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.677 болжээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар улаанбурхан өвчний нийт б...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд



