Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 08

Валютын ханш

value

мэдээ

Ч.Отгочулуу: Жижиг, дунд бизнесүүдэд бодит татварын ачаалал маш өндөр, дампуурал их байна

trend

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ

img

2025 оны 12 сарын 08

news-img

Эдийн засгийн ухааны доктор Ч.Отгочулуутай төсөв болон эдийн засгийн асуудлаар ярилцлаа.


-Монгол Улсад болж бүтэж байгаа юм алга гээд нийгэм бухимдалтай байна. Түлшгүй, шатахуунгүй, эрчим хүчний хямралтай, эмнэлгүүд нь дүүрчихсэн, ард түмэн нь ханиаданд дарлуулсан, сургуулиуд нь цахимд шилжсэн, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн гээд түмэн зовлон байна. Ингэхэд Засгийн газарт мөнгө байна уу?

-Төрийн албанд ажилладаг найз нөхөд, танил талуудын ярианаас үзэхэд, төсвийн байдал хүнд байгаа бололтой. Цалин, урамшууллаа ч өгөхөд хүнд байдал үүсч болзошгүй гэсэн айдастай л байгаа юм билээ. Энэ шинэ Засгийн газарт мөнгө байгаа гэж хэлэхэд хэцүү. Харин өмнөх Засгийн газарт мөнгөнөөс их юм байсангүй. Түлш, шатахуун, эмнэлэг, сургууль, бүтээгдэхүүний хангамж, зах зээлийн либералчлал, эдийн засгийн реформ дээр олигтой юм хийхийн оронд хар пиарт хэт хандсан, Ерөнхий сайдынхаа контент хийдэг компанийг хагартал нь баяжуулахад л анхаарч ирсний сөрөг үр дагавар нь одоо гарч байна гэж харж байгаа.

-Ер нь манай улс бодитоор дампуурлын ирмэгт тулчхав уу. Ийм нөхцөлд авчирсан гол шалтгаан нь юу вэ. Эдийн засагчийн хувьд та энэ нөхцөл байдлыг хэрхэн ажиглаж байна?

-Арай ч дампуурчихгүй байх. Макро эдийн засгийн статистик ба үзүүлэлтүүдээс үзэхэд, байдал боломжийн байгаа. Гол нь урьд өмнө жил жилийн төсвөө баталж ирэхдээ сонгуульд зориулсан түр зуурын төслүүдэд, Андлалын хөшөө гэх зэрэг олон зуун мөнгө угаалтын шинжтэй задгай хөрөнгө оруулалтад татвар төлөгчдийн олон их наяд төгрөгийг үрсний үр дагавар юм. 2021-2024 оны бол уул уурхайн алтан үе байлаа. Нүүрсний үнэ тонн тутамдаа 400 ам.доллар, харин зэсийн дундаж ханш 10 мянган ам.доллар хүрч байлаа. Хэдхэн жилийн дотор 40 орчим тэрбум ам.долларын экспортын орлого олсон байдаг. Гэтэл энэ хугацаанд Засгийн газрын буюу татвар төлөгчдийн мөнгөөр эргүүлж төлөх өр буурахын оронд харин ч хоёр дахин өссөн байдаг юм. Энэ бол үнэхээр хоноцын сэтгэлээр хойч үедээ асар их өр үлдээсэн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хүйтэн цэвдэг бодлогын үр дүн юм.

Энэ янзаараа Монгол Улсыг 2026 онд ямар эдийн засаг хүлээж байна вэ?

-2025 оны эхний 10 сард төсвийн зарлага 24.9 их наяд төгрөгт хүрч, улмаар тэнцвэржүүлсэн тэнцэл 1.6 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ. Татвар, төлбөр (АМНАТ)-ийн орлого 1.4 их наяд төгрөгөөр буурсан нь анхаарал татаж байна. Нүүрсний үнэ 40 орчим хувиар унасан нь үүнд голлон нөлөөлсөн гэж үзэж байна. Гэтэл нөгөө талд Төсвийн зарлага өссөн байгаа юм. Төрийг хэт данхайлгаж томруулсны сөрөг нөлөө дахиад илэрч байна. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг төрийн албан хаагчдын нийт цалин энэ оны эхний 10 сарын нийт дүнгээр 3.5 их наяд төгрөг болжээ. Өмнөх буюу 2024 оны эхний 10 сард тэгвэл 2.5 их наяд төгрөг байжээ. Ганцхан жилийн дотор 42.2 хувиар өссөн байгаа юм. Үүн дээр нэмэгдэл ба урамшуулал гээд нэмээд үзэхээр 5.1 их наяд төгрөгийг данхгар засгийн байгуулсан нүсэр бүтцийг санхүүжүүлэхэд зарцуулсан байна. Оны эцэст энэ дүн бүр өснө. Ирэх онд ч нэмэгдэх биз. Ирэх онд эдийн засгийн өсөлт энэ оныхтой ижил байх магадлал өндөр байна. Гэхдээ нүүрсний үнэ, биет экспортын хэмжээ, Оюу толгойн олборлолтын хувилбар, гадаад зах зээлийн эрсдэл, дотоод улс төрийн тогтвортой байдал зэргээс их хамаарна. Хэрэв одоогийн шатахуун ба цахилгаан эмзэг байдал үргэлжилбэл барилга, ХАА, уул уурхай, аж үйлдвэр гэх зэрэг салбаруудын үйл ажиллагаа буурч, бодит эдийн засгийн өсөлт удааширч, иргэдийн худалдан авах чадвар буурах аюултай.

-Уул уурхайн салбар уналттай, нүүрсний экспорт саарсан, хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байгаа нь дэлхийн буруу, эсвэл Монголын эрх баригчдын шийдвэрийн алдаа юу?

-Ер нь байгалийн давагдашгүй хүчин зүйл гэж байдаг шиг олон улсын зах зээлийн хүч гэж бий. Хэн ч үүнийг захирч чадахгүй. Хэн ч яв цав урьдчилан таамаглах боломжгүй. Гэвч 2024 оны Засгийн газар 2025 оны төсвийг асар үрэлгэн байдлаар батлуулах гэж удаа дараа оролдсон. Ерөнхийлөгч хүртэл хориг тавьж байж төсвийг хэмнэсэн. Удаа дараа тодотгол хийгээд байхад л төсвийн алдагдал өндөр хэвээр байгаа юм. Энэ бол пиарын Засгийн газар ард иргэдээ, улс эх орныхоо эдийн засгийг биш, тодорхой бүлэглэлүүдийн эрх ашигт нийцсэн эрх баригчдын буруу мөн. Гэхдээ яг өнөөгийн Засгийн газарт дүн тавихад арай эрт байна. Өмнөх бурангуй засгийн дампуу бодлогыг эрс өөрчилж чадах эсэхийг нь харах хэрэгтэй.

-Татварын дарамтаас болж бизнесүүд хумигдаж байна уу. Татварын таатай нөхцөлийг яаж бүрдүүлэх ёстой вэ?

-Ер нь жижиг дунд бизнесүүдийн хувьд дампуурал их байна. Уул уурхайн том компаниуд их хэмжээний экспорт хийгээд байгаа. Гэтэл энэ үзэгдлийн цаана жижиг дунд бизнесүүд олноороо мөхөж байгаа бодит байдал бүдгэрээд байна. Жижиг компаниуд маш олон хэлбэрээр, шууд ба шууд бус дам хэлбэрээр улсын төсөвт нийт орлогын 50-60 хувийг тушааж байгаа. Өөрөөр хэлбэл, бодит татварын ачаалал маш өндөр байна. Дэлхийн дундаж бол 20-30 хувь л байдаг. Тиймээс одоо алслагдсан сум бүсүүдэд үйл ажиллагаа эрхэлдэг, эсвэл жижиг ААН-үүдийг НӨАТ болон бусад татвар төлбөрөөс зоригтой чөлөөлж эхэлмээр байгаа юм.

-Татвар, улс төрийн тогтворгүй байдал хоёр хөрөнгө оруулагчдыг бүрмөсөн хөөх үү?

-Монголд сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулагчийг дайсан гэж зарладаг улстөрчид нь л эх оронч бас ардын баатар болчхоод байдаг болчихжээ. Гэтэл үнэндээ хөрөнгө оруулагч бол ажлын байрны тариаланч юм. Тэд эдийн засгийг усалж, бизнесүүдийг ургуулж байдаг. Ялангуяа манайх шиг сул төгрөгтэй улсад гадны хөрөнгө оруулагч орж ирээд ашиг хийх тун хэцүү. Одоо зэсээр жишээ авъя. Манай улсад борлуулалтын бохир орлогоос шууд 5-20 хувийн роялти буюу АМНАТ авч байна. Үүн дээрээ орлогын албан татвар бас авна. Гэтэл олон улсын жишиг нь яадаг вэ гэхээр ашгаас нь юм уу, зардал хассан цэвэр орлогоос нь 5-7 хувийн АМНАТ авдаг. За тэгээд муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэгчээр улс төр нь тогтворгүй. Засгийн газар бүр нь өөр өөр байр суурь баримталдаг. Ингэхээр гарах үр дүн нь дэндүү тодорхой. Төгрөг суларч, инфляци өсч, ажилгүйдэл ядуурал улам өснө. Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт татарч, бид эргээд хоёр хөршийнхөө аль нэгний түүхий эдийн хавсарга, бэлтгэн нийлүүлэгч бааз болж хувирна. Хувирна ч гэж дээ энэ процесс эхэлчихсэн улам бүр хүчээ авч байна.

-Ийм эдийн засгийн эрсдэлтэй цаг үед стратегийн гэгдэх мега орд болох Оюу толгойн хөрөнгө оруулагчаа олон нийтийн шүүх хурлаар оруулж байгаа нь хэр оновчтой вэ. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагчид ямар дохио өгөх бол?

-Оюу толгойн үндсэн хөрөнгө оруулагч Рио Тинто компанид Хятадын төрийн өмчит Chinalco (Чайналко) компани 15 хувийг эзэмшдэг. Тэгвэл “Рио Тинто” тус хувь хэмжээг 11 хувь болгож бууруулах сонирхолтой байгаа тухай хэвлэлийн мэдээ гарсан байна. Ингэснээр хүнд суртлыг бууруулах, мөн газрын ховор элемент зэрэг өөр бусад салбарт хөрөнгө оруулах ажлыг шуурхайлах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Анх 2008 онд Чайналко Австралийн засгийн газрын тусгай нөхцөл бүхий зөвшөөрөлтэйгөөр “Рио Тинто”-гийн 15 хувийг авч байжээ. Ингэхдээ энэ хувь хэмжээг өсгөхгүй. Мөн ТУЗ-д төлөөлөл оролцуулах эрхгүй байв. Түүхий эдийн үнэ огцом унах үед “Рио Тинто” 39 тэрбум ам. долларын өрөнд ороод байв. Энэ үеэр Чайналко 19.5 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх санал тавьсан боловч Австралийн төрийн байгууллагууд зөвшөөрөөгүй байна. Учир нь үүгээр дамжуулж Хятадын засгийн газрын зүгээс стратегийн шинжтэй ордуудад хяналт тавина гэх болгоомжлол байжээ. Гэвч одоо цаг өөр болж. “Рио Тинто”-гийн зүгээс Чайналкод хандаж Гвиней улс дахь Симандоу хэмээх төмрийн уурхайг санал болгожээ. Мөн үүн дээр нэмээд Оюу толгойг ярилцаж болох юм гэсэн санал тавьсан байж болзошгүй байна. Өөр нэг хувилбар нь “Рио Тинто” титаны бизнесээ тэр чигээр нь өгөх боломж байгаа юм байна. “Рио Тинто” ийнхүү Чайналкогийн атгасан барьцыг сулруулах гээд байгаагийн шалтгаан нь тус компанийн зүгээс ирэх болсон дарамт шахалттай холбоотой. Учир нь Чайналко “Рио Тинто”-г Британийн болон Австралийн биржүүд дээр давхар бүртгэлтэй байгааг болиулах санаархалтай, бас хөрөнгө оруулалтынх нь бодлогод илүү идэвхтэй оролцох эрмэлзэлтэй байгаа ажээ. Ийм үед манай хөөрүү, залуу, түүхий, эрхийн балай, нялх улс төрчид санаатай юу, санамсаргүй юу үндэстэн дамнасан том корпорациудын тоглоомд хөзөр хаяж өгөөд байна. Үндэсний том эрх ашгаа харах сэтгэл тэдэнд дутмаг байна. Ирэх сонгуулиар олонд танигдах, попрох сэдэв нь Оюу толгой болж байх шиг байна. Эсвэл өнөө унасан Засгийн газрын фракц нь өс хорслоо тайлахын тулд тэртэй тэргүй хүнд нөхцөлд ажиллаж байгаа шинэ засгийн газрынхаа ар нуруунаас түгжилдээд ч байгаа юм шиг. Гэтэл Монголын макро эдийн засгийн орчны хамгийн эмзэг асуудал нь гадаадын шууд хөрөнгө оруулалтын дутмагшил болчхоод байна шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулагчид Оюу толгойг жишээ гэж харна. Харин хоёр хөршийн маань төрийн өмчит компаниуд бол Риог гараад явчихвал баярлана уу гэхээс харамсахгүй байх.

-Он гараад шатахуун хомсодно. Учир нь манай улс шатахуунаа ч худалдаж авах мөнгөгүй болсон гэх мэдээлэл гарах боллоо. Эсвэл ОХУ дайнтай холбоотой шатахуун тасалдуулж болзошгүй нөхцөл үүсчхэв үү?

-Монголчуудад бензин дизелиэ авах мөнгө бий бий, харин сонголт дутаад байна. Нэг улсаас хэт хамааралтай байх нь ер нь буруу шүү дээ. Ялангуяа тэр улс нь дайн эхлүүлсэн 2022 оноос хойш л эдийн засагчид энэ талаар үглэж байна. Украины цохилтууд улам бүр алс холын зайд, бүр хөнөөлтэй болж байна. Хойд хөршийн нефть боловсруулах үйлдвэрүүдийн гарц эрс буурсаар байгаа нь нууц биш. Уг нь өмнөх засгийн үед багахан хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд Хятад, Казахстанаас сайн чанарын бензин шатахуун татах бэлтгэл хангах боломжтой байсан. Энэ ажлыг огт хийгээгүй. Одоо мэдээж Хятад ба Казахстанаас түлш шатахуунаа татах ажлаа эрчимжүүлмээр байгаа юм. 2012-2016 онд олон эх үүсвэрээс татаж болоод байсан юм шүү дээ.

-Эрчим хүчний хомсдолоос гарах ямар шийдлүүд байна вэ?

-УИХ саяхан ирэх таван жилийн үндсэн чиглэл гэх үү, төлөвлөгөө гэх үү бодлогын баримт бичиг баталсан байсан. Тэндээ их л олон төсөл тусгасан байв. Хөрөнгө оруулалт, санхүүжилт нь юу юм гэхээс. Богино хугацаанд бол өөр арга бодсон нь дээр байх. Жишээлбэл, Оюу толгой урд хөршөөс эрчим хүч авч байгаа. Онцгой байдал үүсвэл тус эх үүсвэрийг төвийн болон бусад шугам сүлжээтэй холбох ажлыг яаралтай хийж болох юм. Гэхдээ мэдээж түр зуурын л шийдэл. Алсдаа бол дотооддоо цахилгаан станцууд нэмж барих нь илүү найдвартай. Гэхдээ цаг их орох байх л даа. Бас гадны хөрөнгө оруулагчдад дохио болсон Оюу толгойтой хэр харьцаж байна вэ гэдгээс их шалтгаална.

-Эдийн засгаа сэргээж, улс орныг хямралаас гаргахын тулд шийдвэр гаргагчид ямар бодлого баримтлах хэрэгтэй гэж та үзэж байна вэ?

-Ерөөсөө л хөрөнгө оруулалтын орчныг сэргээх, өмнөх засгийн газрын алдааг давтахгүй гэдгээ үгээрээ ч, үйлдлээрээ ч илэрхийлэх нь зөв. Улсын төсөв алдагдал ихтэй байна. Гаднаас нэмж өр зээл авах, бонд босгох тааз тулчихсан байна. Ингэхээр үлдэж буй ганц эх үүсвэр бол хөрөнгө оруулалт, өөр гарц үгүй. Иймд гадна дотны авах чадвар гэлтгүй бүх хөрөнгө оруулагчдад урт хугацааны баталгаа үзүүлэх, татварын тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалтын гэрээний сахилга батыг хатуу сахих зэрэг болно. Одоо тэгээд гадаадын шууд хөрөнгө оруулалт гэхээр яалт ч үгүй л өнөө Оюу толгой болчхоод байна. Оюу толгойг тойрсон улстөржилт нь гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг үргээж, улмаар “хэл амаа олж чадахаар” нь гээд өмнөд хөршийн Төрийн өмчит компанийг тус төсөлд оруулах магадлал бага гэлтгүй байна. Иймд дотоод улстөржилтийг хэтрүүлэхгүй байх уриалгыг залуу улстөрчдөд хүргэх нь зүйтэй гэж үзэж байна.

Урт хугацаанд хөдөө аж ахуй боловсруулах үйлдвэрүүдэд 100 магадгүй мянган хувийн эрх чөлөө олгох хэрэгтэй. Дэлхийн брэнд болж чадах монгол махны үйлдвэрийг байгуулах эрхийг хувийн хэвшилдээ зоригтой өгчих. Өнөөдөр монгол малчин өрхийн жилийн орлого 16-хан сая төгрөг буюу 5.000 ам.доллар байна. Үүнийг 20.000 ам.доллар болгох хэрэгтэй. За тэгээд дэлхий даяар ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүч гэж ярьж буй үед энэ чиглэлээр хямд санхүүжилт олдох боломж байгааг зоригтой ашигламаар байгаа юм.

Богино хугацаанд бол инфляцийн эсрэг арга хэмжээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Багш, эмч нарын цалинг нэмсэн. Үүнтэй зэрэгцэн зах зээлийг чөлөөлж, бүтээгдэхүүн үйлчилгээний нийлүүлэлт ба хангамжийг дэмжихгүй бол ирэх жил инфляци ихсэх эрсдэл нэн өндөр байна. Өөрөөр хэлбэл, өрсөлдөөнийг урамшуулах замаар буюу зах зээлийнх нь жамаар үнийн өсөлттэй тэмцэх хэрэгтэй. Бүтээгдэхүүн үйлчилгээний нийлүүлэгчид олон байх тусам үнэ буурах магадлал өснө. За тэгээд алтны үнэ тэнгэрт цойлж байна. Оросын болон Хятадын төв банкнууд алтыг “сорж” буй энэ үед Монгол Улс алтны роялти, татварыг бууруулах замаар алтаа авч үлдэх боломжийг нэмэгдүүлэх л хэрэгтэй.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг: МУ-ын ЗГ нь 100 хувиас 34 хувийг нь эзэмших үү, 80 хувиас 34 хувийг нь эзэмших үү гэдэг дэнслүүр дээр байна

Оюутолгойн бүлэг ордыг ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажил...

img

7 цагийн дараа

Хадгаламж зээлийн 7 хоршоо дотоодын банкнаас 600 орчим сая төгрөгийн эх үүсвэр татжээ

 Хадгаламж зээлийн 7 хоршоо /ХЗХ/ 2025 оны 3 дугаар улиралд дотоодын банк болон санхүүгийн байгууллагаас 632 сая 660 мянга 92 төгрөг...

img

6 цагийн дараа

ГИХГ: Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо

Монгол Улсад ажил хэргийн зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдийн эрх зүйн баталгааг хангах, хөрөнгө оруулалтыг татах, з...

img

5 цагийн дараа

Токиогийн “Их дуулга”-аас О.Уранбаяр хүрэл медаль хүртлээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд Япон улсын Токио хотод боллоо. “И...

img

5 цагийн дараа

Монгол луувангийн үнэ тогтвортой байна

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд худалдаалагдаж буй 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэ...

img

4 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд