Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 15

Валютын ханш

value

мэдээ

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир: Би хууль зөрчөөгүй учир урдах ажлаа хийгээд явах болно

trend

Админ

img

2025 оны 12 сарын 15

news-img

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Танай аймгийн ИТХ-ын хуралдаан саяхан болж ирэх оны төсвөө баталжээ. Мөн Засаг даргын мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг авч үзээд Таны ажлыг хангалтгүй гэж үзсэн байна. Өнгөрөгч зургаадугаар сард 53 хувиар хангалттай гэж дүгнэснээ сая яагаад хангалтгүй болчихов. Улстөржсөн шийдвэр гарчихлаа гэх хардлага байна. Яриагаа шууд эндээс эхлэх үү?

-Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдий хурлын 12 дахь хуралдаан энэ сарын 4, 5-ны өдрүүдэд болж өндөрлөөд нийтдээ 14 асуудал хэлэлцэхээс долоон асуудал хэлэлцээд үлдсэнийг нь хойшлууллаа. Булган аймгийн 2026 оны төсвийг эцэслэн баталлаа. Мөн ирэх таван жилийн үндсэн чиглэл 12 сарын 15-ны дотор батлуулах хуулийн хугацаатай учир үүнийгээ батлууллаа. Дараагийн чухал асуудал нь 2024-2028 онд хэрэгжүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг Иргэдийн хурлаар өнгөрөгч онд баталсан. Эхний хагас жилийн ажлыг дүгнээд Таны хэлснээр 53 хувьтай баталсан. Гэтэл оны төгсгөлд ердөө хоёрхон хувь нэмж 55 хувьтай хангалтгүй гэж баталлаа. Энэ бол зохион байгуулалттай эсрэг намын улс төрийн шийдвэр. Засаг даргын ажлыг албаар унагааж, хангалтгүй хэмээн хүч түрэн баталсан. Булган аймгийн төрийн албанд ажилладаг 4100 албан хаагчдын бүтээмжийг үгүй хийсэн маш хортой шийдвэр боллоо. Бүх сайт, хэвлэл мэдээллээр Булган аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хангалтгүй гэж үнэллээ гээд зохион байгуулалттайгаар явуулж байна. Эд нар ингэж улс төрөө хийдэг юм байгаа биз. Бид ажлаа хийнэ. Төсвийн нийт үнийн дүнгийн 50 гаруй хувийг дэд бүтэц дээр тавилаа. Манай аймагт төдийгөөс өдий хүртэл хот байгуулалтын болоод үйлдвэрлэлийн дэд бүтэц хөгжөөгүйгээс хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, ажлын байр, үйлдвэрлэл, орон сууц бүгд бусад аймагтай харьцуулахад хангалтгүй болчихоод байгаа. Мэдээж иргэдийн эрүүл мэнд, боловсролын асуудал, байгаль орчин, хөдөөж аж ахуйн салбарт төсвөө тодорхой хэмжээгээр хуваарилсан.

-“Булганы сэргэлт”-ийн хүрээнд бүтээн байгуулалтын ажлууд нэлээн явах нь гэх иргэдийн хүлээлт байна. Энэ ч утгаараа төсвийнхөө 50 хувь дэд бүтэц бүтээн байгуулалтад төлөвлөсөн нь мэдээж?

-Сүүлийн 30-40 жилийн хугацаанд Булган аймагт бодитой үйлдвэрлэл баригдаагүй гэхэд хилсдэхгүй. Үйлдвэрлэл баригдахгүй болохоор ажлын байр нэмэгддэггүй, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн ховор, ингээд иргэдийн амьжиргаа юу болох билээ. Малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл гарын 5 хуруунд багтахуйц цөөхөн, цаашлаад үйл ажиллагаа тогтмол биш, улирлийн чанартай болохоор малчдын түүхий эд үнэгүйддэг. Өнөөдөр арьс, шир нэхий ямар ч үнэгүй хог болж байна. Үүнийг олон жил, олон нам ярьсан харамсалтай нь нэг нь ч ажил болгоогүй. Би ажлаа аваад мэргэжлийн байгууллагаар судалгаа хийлгэж, нарийн тооцоолол гаргасан. Төрийн өмчийн ч бай, хувийн үйлдвэрлэл ч бай газар байршил нь тодорхой, батлагдсан ТЭЗҮ-тэй байх ёстой. Ингэж байж хөрөнгө оруулалт хийгдэнэ. Гэтэл манай аймагт өдий хүртэл гар дээрээ тавих үйлдвэрлэлийн ганц ТЭЗҮ алга. Нөөцийн судалгаа ч алга. УИХ-аар батласан тогтоолын дагуу манай аймагт өсөлтийн 4 цэг бий. Өсөлтийн цэгээ тодорхойлсон ч яг энэ байршлууд дээр юу хийх нь тодорхойгүй. Бид ажлаа аваад Хишиг-Өндөр сумыг түүхийн эд материалын үйлдвэрлэл барих гол цэг гэж үзсэн. Дараагийнх нь мал нядалгааны боловсруулах цэгийг Дашинчилэн, Гурванбулагийн бүс дээр сонгосон, дараагийнх нь Булган сум. Барилгын материалын үйлдвэрлэл бий болох бүрэн боломжтой. Түгээмэл тархацтай орд газруудыг ашиглалтад оруулж эдийн засгийн эргэлтэд оруулах, мөн барилгын материал үйлдвэрлээд Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр рүү нийлүүлэх боломжтой. Мөн хойд бүсэд Хутаг-Өндөр. Сумын иргэдийн тарьсан төмс хүнсний ногооны зориулалтын зоорийг бий болгоод дараагийн цэг рүү хүргэж өгөх ийм үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын дөрвөн цэгийг тооцоолж гарган ажлаа эхэлж байна. Хангал, Хялганат, Сэлэнгэ, Бугат, Орхон сумдын иргэдийн малын гаралтай түүхий эд материал болон хүнсний нарийн ногоо хүлэмжийн аж ахуйн бүтээгдэхүүнийг борлуулах түүхийн эдийн захыг Эрдэнэт хотын хажууд Залуугийн булгийн орчимд байгуулж байна. Орхон аймгийн түүхий эдийн захын дэд бүтцийг УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазар өмнөх 4 жилд эхлүүлсэн. Бид үргэлжлүүлээд хашаа, барилгын ажлыг Эрдэнэт үйлдвэртэй байгуулсан нийгмийн хариуцлагын гэрээнд 950 сая төгрөг тусгаж шийдээд байна. Ингэж хаана хаанаа махны, түүхий эд материалын, шингэн хүнс буюу айраг бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх үйлдвэрүүд тодорхой болно. Дэд бүтцийг нь хийчихвэл хувийн хэвшилдээ “Өөрсдийнхөө үйлдвэр, худалдааны төвийг бариач” гэж санал болгох юм.

Та сая “Булганы сэргэлт”-ийг асуулаа, уг хөтөлбөр дөрвөн зорилттой. 1-т хүний хөгжлийн сэргэлт. Үүнд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн асуудал орчихно. 2-т эдийн засгийн сэргэлт. Үүнд сая миний ярьсан үйлдвэрлэлийн бүс болгох, үйлдвэр технологийн парк бий болгох, худалдааны төв гээд явчихна. 3-т бүсчилсэн хөгжил. Гурванбулаг-Хишиг-Өндөр-Орхоны зам 2026 онд бүрэн ашиглалтад орно. Улаанбаатараас Хөвсгөлийг зорьсон жуулчдын эхний буудаллах цэг Булган аймаг болж байгаа. Зам орохоос өмнө аялал жуулчлын бүтээгдэхүүнийг бий болгож бэлдэх, менежментийн төлөвлөгөө боловсруулах ажил байна. Бүсчилсэн хөгжилтэйгөө уялдуулж хийнэ.

4-т засаглалтын сэргэлт гэсэн зорилт тавьж байгаа. Энэ бол 4100 төрийн албан хаагчдын асуудал. Тэд хэрхэн ажиллаж, иргэдээ сэтгэл ханамжтай байлгах, ямар алдаа дутагдал гарч байгааг, нэг нь авлигад холбогдохоор нийтээрээ нэр хүнд яагаад унаад байгаа, мөн орон нутгийн нэмэгдэл гээд зарим нь 40-60 хувь авч байхад яг адилхан ажиллаж байгаа хүн яагаад 20 хувь авч байгаа зэргийг авч үзэх цаг нь болжээ. Дээрээс нь хэн дуртай нь лайв хийж төрийн албан хаагчдыг доромжилдог болсон. Төрийн албан хаагчдын ахуй амьдрал, ар гэрийн байдал, орон байрны асуудлыг нэг жилийн хугацаанд сайн ойлгосон. Багийн эмч нар дуудлагандаа өвлийн хүйтэнд мотокцикльтой явж байна. Машин байхгүй, нөхрийнхөө машиныг унаад явахад шатахуунгүй болж байна. Улс төрийн нөхцөл байдал яаж нөлөөлж байгааг сайн мэдэрч байна. Нэг дөрвөн жилд нь МАН, дараагийн дөрвөн жилд нь АН Булган аймагт засгийн эрхийг авлаа гэхэд дунд нь төрийн албан хаагчид хэрчигдэж, тэр чинь тэдний фракц, эдний фракц гээд хоёр намын дунд бөмбөг шиг “өшиглөгдөж” байнаа. Тиймээс төрийн албан хаагчдын дархлааг сайжруулах, гадна дотны туршлага судлуулах, сэтгэл ханамжийг нь нэмэгдүүлж байж эргээд тэднээс хуулийнг хариуцлага, ажлын бүтээмжийг нь ярих учир засаглалын сэргэлт гэсэн зорилт тавьсан.

-Та болон таны баг хамт олон ажлаа ингээд хийгээд зүтгэх гэхээр огцруулах тухай яригдаад эхэлдэг. Засаг даргаар сонгогдоод удаагүй байтал огцруулах тухай яригдсан. Хууль зөрчиж дарга болсон гээд үзээд байгаа нь ямар учиртай юм бэ?

-Миний бие Засаг даргын хариуцлагатай албыг өнгөрөгч оны 11 сарын 13-нд авсан. Түүнээс хоёр долоо хоногийн дараа манай намаас буюу МАН-аас нэр дэвшиж Баяннуур сумаас сонгогдсон Л.Одончимэг төлөөлөгч өөрийн хүсэлтээр бие даагч болсон. Тэр хүнд юу нөлөөлчихөв. Гаргаж байгаа шийдвэр бүр нь Засаг даргын эсрэг, улс төржүүлсэн, улаан цайм харлуулсан юм яриад эхэлсэн. Ингээд ердөө хоёр сар гаруйхны дараа намайг Засаг даргын албан тушаалаас түтгэлзүүлэх шийдвэрт тэр хүн эсрэг намынхантай хамт гарын үсэг зурсан. Намайг хууль бусаар томилогдсон гэдэг. Гэвч би хууль зөрчөөд, шүүхээс хууль зөрчсөн нь нотлогдоод шүүхийн шийдвэр гарсан нэг ч баримт байхгүй. Намайг өгөөгүй газар гэж байхгүй. УИХ-ын Тамгын газарт, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хяналт шалгалтын газарт, Төрийн албаны зөвлөлд, мөн Үндсэн хуулийн Цэцэд хүртэл өгчихсөн байна. Би тэр бүрт өөрийнхөө нотлох баримтуудыг бүгдийг аваачиж өгч байгаа. Цэцийн болоод шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад УИХ-ын гишүүд, УИХ дахь АН-ын бүлгийнхэн “Булганы Засаг дарга хууль зөрчсөн нь нотлогдлоо” гэсэн барим тавим худлаа мэдээллийг хэвлэлээр яриад эхэлсэн. Би үүнд харамсч байна. Энэ бол миний нэр төрд халдаж байгаа, Булганчуудыг доромжилж байгаа асуудал. Өмнөх дөрвөн жил АН Булганд эрх барьсан. Эрх баригчдын дөрвөн жилийн ажлын үр дүнг ард түмэн сонгуулиар тавьдаг. Сайн дүн авсан бол ялна, муу дүн авсан бол ялагдана. 2024 оны сонгуулиар МАН Булганд ялсан. Үндсэндээ МАН 15, АН 14 хүний суудал авсан. Гэтэл энэ ялагдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй, тахимаа өгч чадахгүй сандал ширээтэйгээ зууралдсан нэр бүхий хүмүүсээс болоод улс төржсөн хортой шийдвэрүүд гарч, ард түмнийг талцуулах, дээрээс нь хийж хэрэгжүүлж байгаа ажлыг үр дүнгүй болгож байна. Төрийн албан хаагчдыг үгүйсгэсэн, ард иргэдийн саналыг үгүйсгэсэн төрийн эрхийг хууль бусаар, аймаг орон нутгийн удирдлагыг хууль бусаар авах гэж улайран дайрч байна. Хурлын төлөөлөгчдөд асар их хэмжээний мөнгө төгрөг, эд хөрөнгө, орон байр амлаж нууц санал хураалтад нөлөөлж байна. Хууль зөрчсөн бусармаг үйлдэл далд хуйвалдаан, хар технологи явж байгаад үнэхээр харамсаж байна.

-Тахимаа өгөхгүй зууралдаад байгаа хүн чинь өмнөх Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ юм биш үү. Нийтийн сүлжээгээр тийм юм яваад эхэлсэн байна лээ?

-Нэгэнт л ялагдсан бол ард иргэдийн сонголтыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэтэл иргэдийн сонголтыг хүлээн зөвшөөрч чадахгүй байна гэдэг улстөрч хүний хувьд маш ёс зүйгүй үйлдэл. Аймгаа дөрвөн жил удирдсан нэг саналын зөрүүтэй намаа ялагдуулах биш, 20 саналын зөрүүтэй ялуулах ёстой биз дээ. Шулуухан хэлчихье АН-ын дарга, аймгийн арслан, Засаг даргаар өмнө нь ажиллаж байсан Б.Ариун-Эрдэнэ УИХ-ын сонгуульд Булган, Хөвсгөл, Орхон аймаг нэр дэвшээд унасан. Дараа нь орон нутгийн сонгуульд өөрийнхөө төрж өссөн Хутаг-Өндөр сумандаа нэр дэвшээд бас ялагдсан. Тэгээд одоо тахимаа өгөхгүй зууралдаад байгаадаа ичих хэрэгтэй. Юунд нь хоргодоод байгаа юм. Юуны төлөө тэр хүн тэмүүлээд хүмүүст мөнгө амлаад төрийн эрхийг буюу аймгийг удирдлагыг авах гээд улайраад байгаа юм бэ. Пүрэв-Очир үнэхээр ажлаа хийж чадахгүй, зүгээр нэг явган улс төр хийгээд бол хэрэг. Би нэг ч удаа тийм юм хийгээгүй. Гэтэл юуны төлөө Засаг даргын суудал руу үхэн хатан зүтгээд байгааг нь ойлгохгүй юм. Б.Ариун-Эрдэнэ одоогийн УИХ-ын гишүүн Х.Баттулгын бие хамгаалагч байсан. Баттулга гэдэг хүн Булганд аваачиж Ардчилсан холбооны даргаар томилж, АН-ын дарга болгосон, Аймгийн Засаг дарга болгосон. Энэ бүхэн нь Х.Баттулга Булганаас УИХ-д нэр дэвших замаа тавьсан юм билээ, Булган, Эрдэнэт Хөвсгөлөөс Их хуралд суусан. 2025 оны хоёрдугаар сарын эхээр Булганд очиж Хөх монголын хөх туг гэдгээ хийсэн. Үүний маргааш өдөр нь АН-ынхан намайг огцруулах бичгээ өргөн барьсан. Тиймээс Баттулга гэж хүний нөлөөлөл байна гэж харж байгаа. Сая Засаг даргын хөтөлбөрийг хангалтгүй гэж үзэх шийдвэрийг АН-ын дарга Б.Ариун-Эрдэнэ гэдэг нөхөр нөлөөлж гаргуулсан гэж хардаж байна. Заавал 60-аас дор оруулна гээд 55 гэсэн цээжний бангаар тоо хэлээд хангалтгүй дүгнэлт гаргууллаа.

-Хууль зөрчиж Засаг дарга болсон гэх ярианд ямар тайлбар өгөх вэ?

-Намайг төрийн албанд ажиллаж байгаагүй гэсэн. Гэхдээ юуг үндэслэж ингэж яриад байгаа гэдгээ ярихгүй байна. Одоо би баримт нотолгоогоо ярья. Чимээгүй зөндөө явлаа. Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байх ёстой. Өөрөөр хэлбэл, төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх ёстой гэж зааж өгсөн байдаг. Тэгэхээр төрийн захиргааны албан хаагч, улс төрийн албан хаагч заавал байна гэж заасан зүйл огт байхгүй. Төрийн үйлчилгээний алба ч байж болно. Төрийн алба гэдэг бол Монгол Улсын төр төсвийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж буй яам,түүний хэрэгжүүлэгч, тохируулагч агентлаг гэх мэт байгууллагыг хэлнэ. Монгол Улсын Засгийн газрын бүтцэд харьяалагддаг газрыг хэлж байгаа юм. Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын бүтцэд 6-7 газар байдаг. Түүний нэг болох Нисэх буудлуудын удирдах газарт би 2018 оны арванхоёрдугаар сарын 28 өдрийн тушаалаар ажиллаж эхэлсэн юм. Нийт дөрвөн жил энэ байгууллагад тасралтгүй ажилласан. Тэгтэл УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж намайг гэрээгээр ажиллаж байсан гэж худлаа хэлсэн. Гэрээт ажилтан байгаагүй. Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын тушаалаар томилогдон хөрөнгө орлогын мэдүүлгээ бөглөөд, АТГ-аас бичиг цаасаа аваад дөрвөн жил ажилласан. Төрийн албаны дунд шатны менежерийн алба хашиж байсан гэсэн үг. Иргэний нисэхийн газар 1990-ээд оноос хойш Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэж явсан. Төрийн үйлчилгээ үзүүлдэг, зохицуулалтыг хийдэг том салбар.

Би дөрвөн жил ажилласныхаа дараа 2022 оны дөрөвдүгээр сард Иргэний нисэхийн харьяа Иргэний нисэхийн үндэсний төвд Санхүү эдийн засаг төлөвлөлтийн газрын даргаар томилогдоод нэг жил ажилласан. Үүний дараа өөрийн хүсэлтээр ажлаа өгөөд Булган аймгийн МАН-ын дэд даргаар очиж, өсч төрсөн нутаг орноо зорьж, ирэх дөрвөн жилийн хугацаанд яаж хөгжүүлэх вэ, ямар бодлого барих вэ гээд зүтгэсэн. Орон нутгийн сонгуулиар намаа ялуулсан. Тийм учраас намын орон тооны дэд даргын хувьд дүрмийн дагуу нам дотроо тодорхой өрсөлдөөнийг явуулж Засаг даргын хариуцлагатай албанд томилогдсон.

Хийсэн ажил, төлөвлөгөө шийдлүүд их байна. Аймгийн чиг үүргийн 27 газар хэлтэс байдаг юм. Нийгэм, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд гээд энэ салбарынхаа бүх ажлыг нэлээдгүй цэгцлээд явж байгаа. Ингээд явж байтал дахиад улс төржүүлсэн, бүлэглэл хоорондын фракцууд над руу улаан цагаан дайрч байна. Намайг Засаг даргад нэр дэвшүүлэх гээд Булган аймгийн МАН-ын намын хороонд өрсөлдөхөд төрийн албанд ажиллаж байгаагүй гэх яриа гарсан. Тухайн үед Булган аймгийн МАН-ын дарга Ж.Бат-Эрдэнэ “Тэгвэл үүнийг дээш нь бичиг явуулаад шалгуулъя” гэсэн. Төрийн албаны зөвлөлийн дарга 2024 оны арваннэгдүгээр сарын 1-ий өдөр “Бүх үндэслэлээр Иргэний нисэхийн ерөнхий газар нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг юм. Дээрээс нь Зам тээвэр хөгжлийн яам, сангийн сайдуудаар хянуулаад, батлуулаад явдаг байгууллага. Тийм учраас Пүрэв-Очирын Иргэний нисэхийн байгууллагад ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хэмээн үзнэ” гэсэн маш тодорхой бичиг ирүүлсэн. Хэрэв миний төрд ажилласан нь тогтоогдохгүй гэсэн бичиг ирсэн бол нэгдүгээрт, би засаг даргад нэр дэвшихгүй. Хоёрдугаарт, би Засаг дарга болсноос хойш ийм шүүхийн шийдвэр гарсан бол шууд ажлаа өгнө. Засаг даргын албан тушаал дээр хоргодоод, эцэг эхийнхээ нэр хүндийг унагах хүмүүжил надад байхгүй. Харин бүх зүйл тодорхой баримттай байхад шүүхээс буруу шийдвэр гаргачихсан юм шиг шулуухан хэлэхэд улс төрийн хар технологи орчихсон. Би хууль зөрчөөгүй байж бууж өгөхгүй. Хэрэв би бууж өгвөл манай ард иргэд итгэл алдарна. Эхнээсээ бид хулчийх юм бол өөр ямар залуучууд Булган аймгаа зорьж ирэх юм бэ. Булгандаа байгаа залуучууд яаж нутгаа удирдах итгэл үнэмшилтэй болох юм бэ. Ажил хийх гэж буй багийг маань бодлогын түвшинд шүүмжлээд явахаасаа илүү улс төржүүлсэн акц хийх

Би залуу хүний хувьд нэг талдаа гарна гэсэн хүлээлттэй байгаа. Энэ асуудал нэг талдаа гараад, хууль дүрэм журмынхаа дагуу шийдэгдчихвэл Иргэний нисэхийн салбарт ажиллаж байсан мянга мянган хүнийг төрийн албанд ажилласан, ажиллаагүй гэдгийг тооцох асуудал яригдаж байгаа юм. Тиймээс энэ эсуудлыг нүүр бардам нээлттэй ярья гэж бодож байгаа. Улс төрийн энэ байдал цагийн аясаар шийдэгдэх байх. Би урдах ажлаа хийгээд л явж байна. Булган аймагт маань цас нэлээн орж, зудын нөхцөл үүсэх гэсэн байна. Зарим газар цасны зузаан 40-60 см болсон байна. Нутгийн 90 гаруй хувьд нь цасан бүрхүүлтэй байна. Мөн ханиад томууны дэгдэлт аймгийн хэмжээнд их байгаа. Ийм үед тэргүүлэх зорилтуудаа тодорхойлоод, Булган аймгаа хөгжүүлэх, мэргэжлийн байгууллагаар судалгаа, зураг төслийг нь зуруулсан ажлуудаа бодит ажил болгохоор зүтгэнэ. Он гарахаар гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татаж, Булган нутагтаа үйлдвэр барих эдийн засгийн форум ажил руугаа орохгүй бол гацхан улсын төсвийг харвал их хугацаа алдана. Эцэст нь хэлэхэд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид манай Булган аймагт ирж, хамтарч ажиллаарай гэж урьж байна.

Ярилцсан: Д.БАТБОЛД

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал амьтны гаралтай гоц халдварт өвчин тархах, улс, нийслэлийн хөрөнгө оруулал...

img

5 цагийн өмнө

ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 15-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Эдийн засгий...

img

5 цагийн өмнө

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир: Би хууль зөрчөөгүй учир урдах ажлаа хийгээд явах болно

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Танай аймгийн ИТХ-ын хуралдаан саяхан болж ирэх оны төсвөө...

img

5 цагийн өмнө

ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 15-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын...

img

6 цагийн өмнө

МУИС-ийн 24 цагийн номын санд хоносон нь…

Оюутнуудын өвлийн амралт дөхөж, улирлын шалгалт эхэлж буйтай холбогдуулан МУИС-ийн номын сан энэ сараас эхлэн 24 цагаар ажиллаж эхэл...

img

6 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд