мэдээ
Төрийн дээрэм цагаандаа гарлаа

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ
2025 оны 12 сарын 16

Төрийн сангийн данс улайж, улс орны амьдрал улам хэцүүдэж байна. Цалин, урамшууллаа ч тавьж дийлэхээ байгаад аж ахуйн нэгжүүдийн дансыг хаагаад эхлэв. Төсөв хүндэрснээс болж хаа хаанаа айдастай байна. Уг нь 2025 оны төсөв төсөөллөөрөө жигтэйхэн мөнгөлөг болсон. Тухайн үед эрх баригчид түүхэндээ байгаагүй өндөр орлоготой, алдагдалгүй, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн төсөв баталлаа хэмээн гайхуулцгааж байв. Харамсалтай нь тэр төсөөлөлдөө өнөөдөр хүрч чадсангүй. Бодит амьдрал дээр төрийн байгууллагуудын данс шавхагдаж, төсвийн байгууллагуудын санхүүжилт тасарч, хувийн хэвшлийнхний дансыг татвараар боомилж эхэллээ. Төр татварын өртэй 9000 компанийн дансыг хаасан гэдгээ гавьяа байгуулсан аятай зарлаж байна. Үүгээр зогсохгүй татварын байгууллагууд шууд данс хаах, урьдчилан мэдэгдэлгүй таталт хийх арга хэмжээг эрчимжүүлэв.
Сонгуулиар улстөрчид татвар бууруулна, бизнесийн орчныг сайжруулна, хувийн хэвшлээ дэмжинэ, дундаж давхаргаа хамгаална гэж шоуддаг. Гэвч сонгогдсоныхоо маргаашаас энэ амлалтынхаа эсрэг ажилладаг. “Татвар нэмнэ, торгууль тавина” гээд шаагилдаад эхэлдэг. Жинхэнэдээ татварын дарамт иргэн бүрийн толгой дээр бууж байна. Яагаад гэвэл ард түмний өдөр тутмын хэрэглээ, авч буй үйлчилгээг нь үзүүлж буй аж ахуйн нэгжүүд татварын дороос өндийж дийлэхээргүй дарлуулж байгаа. Та нар эрүүл ухаанаар бодоод үз дээ. Ард түмнээ 40-50 хувийн татвараар шулдаг орон дэлхийд Монголоос өөр хаана байна вэ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НДШ, НӨАТ-аас гадна шимтгэл, торгууль, хураамж гээд бусад татаасууд нь нэмэгдэхээр нийт орлогын 40 хувь нь тэр чигтээ татвар руу урсдаг. Заримдаа татварын дарамт 50 хувьд дөхдөг гэсэн эдийн засагчдын тооцоолол ч бий. Энэ нь бизнесийнхний хувьд ашиг олж, үйл ажиллагаагаа томруулах боломжийг нь хааж байгаа харгис бодлого. Ер нь төсвийн алдагдлыг татвараар нөхөх нь хамгийн залхуу бас аюултай бодлого гэдгийг шинжээчид анхааруулж байгаа. Тэгвэл одоо төсөв бүрдэхгүй болонгуут шууд хувийн хэвшлийнхний дансыг хаагаад хамаг мөнгийг нь татаж байна. Энэ үзэгдэл төрийн дээрэм ил цагаандаа гарсныг нотоллоо.
2025 оны эхний арван сард төсвийн зарлага 24.9 их наяд төгрөгт хүрч, 1.6 их наядын алдагдалтай гарч, тодотгосон. Үүнд нүүрсний үнэ 40 орчим хувиар унасан нь голлон нөлөөлсөн гэж байгаа. Яг үнэндээ анхнаасаа төсвөө батлахдаа нүүрс, зэсийнхээ үнийг хэт өндрөөр тавьсан алдаатай тооцооллоо амтай болгон нь хамгаалж байжээ. Анхнаасаа өөрсдөө худлаа тоо зохиож тавиад, олсон орлогоо таацанд тултал үрэн таран хийж төрийн дансыг хоосолчихоод эцэс сүүлд нь ард түмнээ дээрэмдэх нь шударга ёсонд нийцэх үү.
Мэдээж, бизнесийнхэн татвараас зугтахгүй. Гэхдээ борлуулалт унасан, орлого буурсан үед хамаг дансыг нь хааж байгаа нь шууд дампуурал руу түлхэж байна гэсэн үг.
Нөгөөтэйгүүр төсвийн орлого тасарсан үед татварын дарамт далд эдийн засгийг дэлгэрүүлэх аюултай гэх юм билээ. Учир нь татвараас зугтсан улсууд орлогоо нууж, хуурамч тайлан гаргахаас өгсүүлээд олон сөрөг үр дагавар үүсдэг байна. Эдийн засаг өнөөдөр элгээрээ хэвтсэн нь төрийн зарлагатай шууд холбоотой. “Төр бүдүүн байх тусмаа ард түмэн тураалд ордог” гэгч л болж байна. Иймд төрийн дээрмийг зогсоох цорын ганц зам нь төрийн данхар бүтцийг цомхотгож, урсгал зардлыг танах юм. Үнэндээ бизнесүүдийнхээ дансыг хааж, үйл ажиллагааг нь боомилж төсөв бүрдүүлнэ гэдэг бол ухаалаг шийдэл биш. Дээр хэлсэнчлэн хамгийн хялбараар мөнгө олох гэсэн арга ядсан үйлдэл. Энэ бүхнээс харахад, Монголын төр иргэдийг зүгээр л санхүүгийн эх үүсвэр, төлбөрийн хэрэгсэл мэтээр үздэг юм байна.
Төсөв хямрахгүй байх боломж өчнөөн байсан. Гэтэл эрх баригчид ачир дээрээ өөрсдийнхөө тансаг хэрэглээг танахыг хүссэнгүй. Үүнийг төсвийн шинжээчид хэдхэн тоо сөхөж хараад л хэлчихэж байгаа юм. Төрийг хэт данхайлгаж томруулсны уршгаар зардал нь улам өсчээ. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг төрийн албан хаагчдын нийт цалин 2025 оны эхний 10 сарын нийт дүнгээр 3.5 их наяд төгрөг байх жишээтэй. Ганцхан жилийн дотор 42.2 хувиар өссөн гээд бод доо. Үүн дээр нэмэгдэл, урамшуулал гээд 5.1 их наядын санхүүжилтээр зардлаа тэлсэн байгаа юм. Төрийн албан хаагчдын тоо бодитоор буураагүй, төсвийн зарлагын дийлэнх нь урсгал зардал хэвээр байгаа цагт эдийн засаг улам эвхэгдэх биз ээ.
Бид энэ байдлаас ангижирч, төрийн цомхон бүтцийг бий болгохгүй бол одоогийн энэ түмэн зовлон ирээдүйд ч үргэлжилнэ. Шатахууны хомсдол, эрчим хүчний эмзэг байдал үргэлжилбэл бусад салбаруудынхаа үйл ажиллагааг доош нь татах нь гарцаагүй. Бодит эдийн засгийн өсөлт удаашрахаас гадна иргэдийн орлого тасарч, худалдан авах чадвар сулрах зэрэг олон эрсдлүүд хүлээж байна.
“Щелкунчик-Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна
“Pro” театрынхан дэлхийн сонгодог романтизмын нэрт төлөөлөгч Германы зохиолч Э.Т.А.Гофманы ижил нэрт зохиол болон нэрт хөгжмийн зохи...
5 цагийн дараа
Ц.Лут-Очир: Худал дүр эсгэсэн, аргацаасан, шившиг болж дуусдаг тэнэг шийдвэрүүдээс чинь үнэндээ залхаж байна шүү
Тээврийн цагдаагийн албанаас шинэ жилийн баярыг дуустал тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцуулна гэсэн аман...
4 цагийн дараа
Төрийн дээрэм цагаандаа гарлаа
Төрийн сангийн данс улайж, улс орны амьдрал улам хэцүүдэж байна. Цалин, урамшууллаа ч тавьж дийлэхээ байгаад аж ахуйн нэгжүүдийн дан...
4 цагийн дараа
“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
Төмөр зам, авто замын нэг түвшний огтлолцлоос үүдэлтэй хөдөлгөөний саатал, ослын эрсдэлийг бууруулах, авто замын нэвтрүүлэх чадварыг...
3 цагийн дараа
Японы ЭСЯ-наас “Япон дууны тэмцээн” зохион байгуулахаар боллоо
Японы ЭСЯ Монгол Улсын Филармонтай хамтран 2026 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр буюу Бямба гарагт Япон дууны тэмцээнийг зохион байгуу...
3 цагийн дараа
Сэтгэгдлүүд


