мэдээ
“Монгол Жангум” А.Одончимэг: Монголд анх удаа нэг хүний гарын жорын бизнесийг эрхэлж байгаа

Админ
2025 оны 12 сарын 17

Шатахуун түлш олдохоо байсан тул хүмүүс “Монгол Жангум”-ыг зорьж Гачууртын Шар хоолой руу яваад байхад хэцүү болжээ. Тиймээс “Монгол Жангум” нэрээрээ олонд танигдсан А.Одончимэг ажлын өдрүүдээр хэрэглэгчдэдээ ойртож, өдөртөө хотын төвийг зорин гарын жороороо хүргэлт хийж явна. “Монгол Жангум”-тай түүний өрхийн үйлдвэрлэл бусад ижил төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээнээс ямар ялгаатай талаар ярилцлаа.
-“Монгол Жангум” маань юу хийж байна вэ. Ойрдоо их завгүй л байгаа харагдана?
-Ерөнхийдөө өвөл цагийнхаа ачаалал ихтэй ажил руугаа орж эхэлсэн. Нөхөртэйгөө хамт өрхийн үйлдвэрлэлээ эрхлээд л явж байна даа. Энэ жил миний хувьд их хүнд жил болж өнгөрч байна. Намар, зуны цагийг бараг ажил хийхгүй шахуу өнгөрөөлөө. Эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд жаахан онцгүй байсан учраас тийм ч их ажил хийж чадсангүй. Харин одоо ажлаа хийж эхлээд сар л болж байна. Шинэ жилийн багцын захиалга эхэлчихсэн явж байгаа. Сар шинийн багцын захиалга удахгүй эхэлнэ.
-Шинэ жил, сар шинийн багцад юу, юу ордог вэ. Энэ жилийн багц ямар үнэтэй гарч байгаа вэ?
-Энэ жил ханиад томуу ихэссэн болохоор шинэ жилийн багцдаа дархлаа дэмжих бүтээгдэхүүн ихэвчлэн оруулж өгсөн. Үхрийн гуяны шулаа, хонины сүүл, зэрлэг сонгинотой бууз таван кг, хужир, цагаан гаатай шинэ хонины махтай банш таван кг, мэхээртэй тос, Завханы улаан сармисны соус, “Сарлагхан” брэнд гээд булууны ясны шөлөөр зуураад сүүлний тосонд чанасан боорцог, шар тосонд хайрсан сарлагийн өрөмтэй гамбиртай нэг сая төгрөгийн багц гаргаж байгаа. Мөн манай өрхийн үйлдвэрлэл жил болгон 50 айлд иж бүрэн сар шинийн багцыг хийж өгдөг. Энэ жилийн сар шинийн багцын бэлтгэл ажилдаа орчихсон явж байна даа. Үнийн хувьд 3.5 сая төгрөгөөр гарч байгаа. Багцаа айлынхаа сонголтоор хийдэг. Ууц тавьдаг бол бүтэн хонины махыг чанаж болгоод, гэдэс дотроор нь хярамцаг хийгээд өгдөг. Ууц тавихгүй гэвэл үхрийн өвчүүг гургалдай, хормойтой нь тэр чигээр нь, бүтнээр нь сайхан чанаад өгнө. Энэ бол хүндэтгэлийн шүүс идээ нь юм. Үүн дээрээ нэмээд тахил, тавгийн идээ ирнэ. Мөн 10 кг бууз, 10 кг банш, цайны сүү, шимийн архи гээд бүх зүйлтэйгээ иж бүрдэл байгаа.
-Та байнга сайн үйлсийн аян хийж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэм тус үзүүлдэг. Баянхонгорын Шаргалжуутад их олон жил энэ ажлаа хийсэн гэдэг?
-Баянхонгорын Шаргалжуутын рашааныг зорьж очдог тархины саажилттай хүүхдүүдэд 27 жилийн турш өдрийн гурван хоолтой гэрээр үйлчилсэн. Тэгээд нүүр номоороо зар тавьж, тэргэнцэр цуглуулан засаж сэлбэн өгдөг байсан юм. Мөн саажилттай хүүхдүүдэд гоё ганган гэхээсээ илүү цоохор баривчаа оёж бэлэглэдэг байлаа.
-Хотын айл болсон ч сайн дурын ажлаа орхиогүй нь харагдаж байна?
-Хотод шилжиж ирснийхээ дараа ч сайн үйлсийн ажлаа үргэлжлүүлэн хийсэн. Гэхдээ ихэвчлэн насанд хүрэгчдэд тусалсан л даа. Цагаандаваа, Улаанчулуутын хогийн цэг дээр хоёрдогч түүхий эд түүж, тушааж амьдардаг гэр бүлүүдэд жил болгон хуйхалж чанасан хонины толгой, дулаан хувцас, буцалгасан халуун аарц, чацаргана аваачиж өгдөг.
-Яагаад заавал хонины толгой хуйхлан чанаж өгдөг юм бол?
-Манай баруун аймгийнхан чинь жилийнхээ заслыг эхнэр, нөхөр хоёр босгон дээрээ сууж байгаад чанасан эрүү, толгой зааж хийдэг байхгүй юу. Тэгээд 200 толгой чанаж 200 хүнд өгөөд заалгачихвал маш том засал гэж үздэг. Хүмүүс болохоор гандангаар явж ном уншуулж, жилийнхээ заслыг хийлгэдэг юм билээ. Манай гэр бүл ядарч зүдэрсэн хүмүүст хонины толгой аваачиж өгдөг. Мэдээж, тэр хүмүүс заагаад л идэж байгаа. Бид үүнийг тэр жилийнхээ заслыг хийчихлээ гэж үздэг юм.
-Том ч бай, жижиг ч бай Монголд бизнес хийнэ гэдэг бол маш хүнд зүйл болжээ. Ихэвчлэн худалдаа, үйлчилгээний салбараараа буюу энд байгаа зүйлийг тэнд аваачиж зарж борлуулан, жаахан ашиг хийнэ. Яг үйлдвэрлэгч орон уу гэвэл бас үгүй. Тэгсэн хэрнээ яг хөдөлж байгаа хэдийгээ хяхаж хавчаад байх юм. Таных ч гэсэн ялгаагүй өрхийн үйлдвэрлэл шүү дээ. Гэхдээ бусдаасаа арай илүү үнэ цэнэтэй юм болов уу гэж би хувьдаа боддог?
-“Монгол Жангум” өрхийн үйлдвэрлэл бусад бизнесээс тэс өөр. Би Монголд анх удаа нэг хүний гарын жорын бизнесийг эрхэлж байгаа. Голландад тэтгэвэрт гарчихсан эхнэр, нөхөр хоёр бяслаг хийдэг. Тэр бяслагийг амсахын тулд жилдээ дэлхийн 100 гаруй орноос жуулчид ирдэг юм билээ. Тэр айлын босгоор давж, бяслагны үйлдвэрлэлтэй танилцахын тулд нэг жуулчин 50 ам.доллар төлдөг. Тэд ёотон шиг дөрвөлжилж зүссэн жижиг бяслаг амсаад л болно. Харин нөгөө айл улсдаа татвар төлдөг. Яг үүнтэй адилхан бизнесийг би өнөөдөр эх орондоо “Монгол Жангум” нэрээрээ хийхийг хичээж байна. Манайх хямд үнээр үйлчилдэг нийтийн хоолны бизнес биш шүү дээ. Нэг хүний гарын жороор л үйлчилдэг, массаар гарах боломжгүй бүтээгдэхүүнүүдтэй. Үүнийг нөхөр бид хоёр л хийнэ. Манай хүн мал гаргах, толгой шийр хуйхлах, мод түлээ бэлдэх гээд хүнд хүчрийг нь хийдэг. Би эмэгтэй хүн учраас гэдэс дотор арилгах, бууз баншаа чимхэх, бүтээгдэхүүнээ порцлох, савлах гээд чимхлүүр, нарийн ажлуудаа хийнэ. Бид хоёр бараг хоёр сая гаруй хүнтэй их хотод ирээд дөрвөн жил болж байгаа. Энэ бүх хүнд манай брэнд хүрэх боломжгүй. Яагаад гэвэл, манайх нийслэлээс нэлээд зайдуу, бид хоёр өдөрт 20 айлд л үйлчлэх боломжтой байдаг. Тиймээс манайхыг яг зорьж очин ээлж дараагаар үйлчлүүлдэг 300 гаруй өрх байна.
-Ингэхэд “Монгол Жангум” нэрийг хэн өгсөн юм бэ, найзууд уу?
-Би эхэндээ фэйсбүүкээ ч сайн мэдэхгүй байлаа шүү дээ. Шаргалжуутад байхад л “Чи энэ хийдэг юмнуудаараа нэрийн хуудас хийгээд фэйсбүүк нээгээч” гэдэг байсан. Манай сарлагийн баярт ирсэн хүмүүсээс анх энэ санаа гарсан юм. Тэгээд саажилттай хүүхдүүдийн маань ээж аавууд “Өндөр ээж”, “Ээжийн гарын хоол” гэдэг пейж нээ гээд. Гэтэл Монгол Улсын гавьяат жүжигчин, “тогдгор” Д.Галсантогтох гуай “Солонгос киноны нэрийг “Дэ Жангум” гэдэг. “Жангум” гэдэг нэрийг авбал Патентын хуулиараа болохгүй байж магадгүй. Тиймээс урд талд нь Монгол гэдэг тодотголоо оруулаад өгчихвөл хөөрхөн юм уу. Энэ өөрөө ч гэсэн дандаа өвчтэй зовлонтой хүмүүст тусалдаг, маш гоё хоол хийдэг. Яг тэр “Дэ Жангум” киноны Жангумтай адилхан юм байна” гэж хэлсэн. Тэгээд цахимаар санал асуулга явуултал 6800 хүн оролцсоноос 5712 хүний саналаар “Монгол Жангум” нэр сонгогдоод анх ийм нэрээр пэйж хуудас нээсэн. Одоо 109 мянган дагагчтай.
Г.ГАНЧИМЭГ
Европын гол удирдагчид хамтарсан мэдэгдэл гаргав
Берлинд болсон Украины ерөнхийлөгчийн Дональд Трампын тусгай төлөөлөгчидтэй хийсэн уулзалтын дараа Европын гол удирдагчид Зеленскийт...
8 цагийн дараа
НӨАТ-ын сугалааны тохирлоос нэг супер азтан тодорлоо
Энэ удаагийн И-баримт сугалааны тохиролд арваннэгдүгээр сарын 1-нээс 30-ны хооронд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн ба...
7 цагийн дараа
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 6 хүн хэвтэн эмчлүүлж байна
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны арванхоёрдугаар сарын 17-ны байдлаар улаанбурхан өвчний батлаг...
6 цагийн дараа
Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхэлжээ
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн төрөл зүйлийг нэмэгдүүлэх хүрээнд хэрэгжүүлж буй “Дүүжин з...
6 цагийн дараа
“Монгол Жангум” А.Одончимэг: Монголд анх удаа нэг хүний гарын жорын бизнесийг эрхэлж байгаа
Шатахуун түлш олдохоо байсан тул хүмүүс “Монгол Жангум”-ыг зорьж Гачууртын Шар хоолой руу яваад байхад хэцүү болжээ. Тиймээс “Монгол...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



