мэдээ
Ж.Урангуа: Арванхоёрдугаар сарын 29 бол Монгол Улс XX зуунд сэргэн мандах анхны гараагаа хийсэн түүхт өдөр

Админ
2025 оны 12 сарын 29

Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 114 жилийн ой арванхоёрдугаар сарын 29-ний өдөр тохионо. Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх шалтгаан болон монгол хүн бүрийн мэдэх ёстой түүхэн цаг үеийн талаар Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат ажилтан, Түүхийн шинжлэх ухааны доктор, МУИС-ийн профессор Ж.Урангуатай ярилцлаа.
-Манай улс үндэсний тусгаар тогтнолоо сэргээсний түүхэн өдөр удахгүй тохиох гэж байна. Энэ өдөртэй холбоотой монгол хүн бүр түүхийн талаас нь ямар баримтыг мэдэх ёстой вэ?
-1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр бол Монголын тусгаар тогтнолын өдөр. Энэ өдөр 200 гаруй жил харийн эрхшээлд байсан монголчууд туурга тусгаар улсаа байгуулаад, төр засгаа эмхлэн байгуулсан. Мэдээж энэхүү түүхэн үйл явдалд эртнээс бэлдэж эхэлсэн байдаг. Ер нь XX зууны эхэн үед Манж улс монголчуудыг илт колоничлох гэсэн аюултай бодлогыг явуулж эхэлсэн. Юуны түрүүнд бухимдсан олон хятад тариачдыг Монголын газар нутаг руу оруулж газар тариалан эрхлүүлж, суурьшуулахыг хүссэн. Мэдээж энэ бол монголчуудын хүй рүү довтолсон маш аюултай бодлого байсан. Яагаад гэвэл үй олон хятад иргэн ороод ирвэл бэлчээр нутаг хумигдаж, мал аж ахуйгаараа амь зогоодог монголчуудын хувьд энэ нь маш хүнд асуудал болно. Манжийн төрийн бодлого хятад түшмэдүүдийн бодлого болж хувирсан. Тийм учраас хятадуудын эрх ашигт нийцсэн бодлогыг явуулж эхэлсэн гэсэн үг. Ер нь Манж чин улс XIX зууны II хагасаас эхлээд гүнзгий улс төр, эдийн засгийн хямралд орсон байсан. Энэ хямралт байдлаасаа гарахын тулд “Шинэ засгийн бодлого” буюу хятад биш үндэстнүүдээс хэрхэн хүний нөөц, газар нутаг, байгалийн баялгийг нь ашиглах вэ гэдэг харгис бодлого явуулж эхэлсэн.
Энэхүү бодлогод нь газар нутгаараа хил залгаа учраас хамгийн түрүүнд Өмнөд монголчууд өртсөн. Ингээд олон хятад иргэдийг оруулаад, орон нутгийн засаг захиргааг хятад маягаар зохион байгуулж эхэлсэн. Дээрээс нь монголчуудыг манж нар эрхшээлдээ оруулсны дараа тогтмол алба татвар авдаггүй байсан. Харин дайн дажин, олон нийтийг хамарсан үед цэрэг татах, мөнгө төгрөг татах ажиллагаа хийж байсан бол XIX зууны сүүл үеэс Манж улс өөрөө өрнөдийн өндөр хөгжилтэй орнуудын хагас колони орон болсон. Улмаар энэ бодлогоо орхиж, байн байн Хятадад гарч байгаа тариачдын бослого хөдөлгөөн, харийн гүрнүүдийн довтолгоог няцаахын тулд Монголоос их хэмжээний адуу мал, хөрөнгө татах болсон. Энэ бодлогынхоо хүрээнд эдийн засгийн хяналтаа улам чангаруулсан. Өмнө нь жилд нэг удаа хэдий хэмжээний орлоготой байгааг нь байцаадаг байсан бол одоо сар бүр энэ байцаалтыг авах болсон. Ингээд Өмнөд монголд бүх нийтийн албан татвар тогтоох бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бүхэн монголчуудын хүй рүү довтолсон, маш аюултай бодлого байсан.
-Тэгвэл Манж чин гүрэн өрнөдийн орнуудын довтолгоонд өөрсдөө өртөж, суларч байх үеийг монголчууд ашигласан гэсэн үг үү?
-Манж чин гүрэн өрнөдийн орнууд руу хийсэн удаа дараагийн дайнд ялагдал хүлээж, армиа шинэчилж, орчин үеийн арми байгуулах ажиллагааг хийж байсан. Энэ бодлогынхоо хүрээнд монгол газраас цэрэг татах гэж хүн амын тооллого хүртэл явуулсан. Ингэхэд манай монголчууд бага насны хүүхэд, өндөр настан давамгайлсан тоо баримтуудыг өгсөн. Улмаар идэр залуу цэргийн алба хаах хүмүүсийн тоо цөөрч, үүнийг болиулахын тулд лам нараас цэрэг татахыг хүртэл санаархаж эхэлсэн. Энэ бүхнээс болж монголчуудад маш том аюул нүүрлэсэн байсан. Нөгөө талаар Манж чин улс сулран доройтсоны нэг том илрэл нь Хятадын өмнөд хэсэгт “Синьхайн хувьсгал” гэдэг хувьсгал гарсан. Ингээд Хятадад хоёр засаг тогтчихож байгаа юм. Бээжинд манж нар засаглаад байдаг, өмнөд хэсэгт нь хөрөнгөтний бүгд найрамдах улс байгуулсан гэсэн үг. Ингээд Манж чин улсын суларсан байх үеийг монголчууд маш овжиноор ашигласан байгаа юм. Ийнхүү 1911 оны өвлийн эхэн сард Халхын хүрээний хэргийг түр ерөнхийлөн шийдэх газар буюу хувьсгалт эргэлтийг хийх Түр засгийн газрыг байгуулсан. Үүнийг Богд хааны лүндэнгээр долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байдаг. Энэ бүрэлдэхүүн 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний тусгаар тогтнолоо тунхаглах энэ өдөрт бэлдэж эхэлсэн. Энэ үед зурхайч нар өдрийн сайныг сонгоход, өвлийн дунд сарын шинийн 8-ны өдөр маш сайн өдөр байна гэж тогтоосон. Ингээд Халхын хүрээний хэргийг түр ерөнхийлөн шийдэх газраас хүрээнд байсан манж амбаныг долоо хоногийн дотор Монголоос хөөж гаргахыг шаардсан.
-Тухайн үед Хаант Орос улсаас улс төрийн тусламж авах шийдэлд хүрч, нэр бүхий төлөөлөгчдийг явуулсан гэдэг. Энэ тухай ярихгүй юу?
-Халхын хүрээний хэргийг түр ерөнхийлөн шийдэх газар байгуулагдахаас өмнө Богд хаанд даншиг өргөх ёслолын үеэр Монголын эх оронч лам нар, ноёдууд нийлэн Их тэнгэрийн аманд хуралдсан. Энэ үед “Тусгаар тогтнолын үйл хэрэгт гадны түшиг тулгуур хэрэгтэй. Тийм учраас Хаант Орос руу хандъя” гэсэн шийдвэрийг гаргасан. Тэр ноёдын хуралдаан маш нууц болсон учраас Оросын консулын газар, мэдээлэгч нар үүнийг бичиж тэмдэглэж үлдээсэн байсан. Ингээд Оросоос тусламж гуйхаар Да лам Г.Цэрэнчимэд, Чин ван М.Ханддорж, өвөрлөгч ноён Б.Хайсан гэсэн гурван хүний бүрэлдэхүүнтэй баг Орос руу явсан. Гэтэл Оросууд “Та нар одоохондоо Манжаас салах боломжгүй. Яагаад гэвэл танайд цэрэг арми байхгүй. Санхүүгийн хувьд ядмаг учраас одоо тэмцэхэд тохиромжгүй. Харин бид Хятадтай харьцаад “Шинэ засгийн бодлого”-ыг болиулах талаар дипломат арга хэмжээ авъя” гэсэн. Ингээд Оросууд бодитой тусламж үзүүлэх нь ойлгомжгүй болсон. Гэхдээ Оросын засгийн газар хүрээнд байгаа консулын газраа хамгаалах нэрийн дор 200 казак морин цэрэг өгөхөөр оруулсан байдаг. Ингээд Манжийн амбанд Монголыг долоо хоногийн дотор хаяж явахыг шаардсан бичиг өгсөн үед нь 200 казак цэрэг хүрээнд орж ирсэн. Энэ үед манжийн амбан маш их сандарсан. Ер нь Манжийн амбан Монголын ноёдуудыг явсан эсэхийг олон ноёдоос асуухад, шанзав да лам Г.Бадамдорж тийм хүмүүс явсан гэж хэлсэн тухай аман түүхийн мэдээ байдаг. Харин Манжийн амбан консулын газрыг хамгаалахаар орж ирж байгаа 200 казак цэргийг Оросоос цэрэг орж ирж байна гэж айсан. Ингээд Манжийн амбан хүрээн дэх засаг захиргаагаа хаяад, Оросын консулын газарт хоргодож байгаад Оросын газар нутгаар дамжаад нутаг буцсан. Ингээд хүрээнд манжийн амбан сайд байхгүй болсон. Ийнхүү арванхоёрдугаар сарын 29-ний өдөр тусгаар тогтнолоо тунхаглахад хамгийн сайн өдөр гэж мэргэ төлөгт буусан. Монголын шарын шашны тэргүүнээр Богд хааныг хаан ширээнд залаад, таван яам бүхий засгийн газар байгуулсан. Ийнхүү төр улсаа төвхнүүлээд, даяар олонд тусгаар тогтносноо илтгэсэн байдаг.
-Энэхүү түүхэн үйл явдлыг гадны баримт бичиг, хэвлэлд тэмдэглэсэн байдаг юм болов уу?
-Яг энэ болсон үйл явдлын талаар гадаадын сонин сэтгүүлд “Хүрээнд ийнхүү төрийн эргэлт хийлээ” хэмээн мэдээлсэн байдаг. Яалт ч үгүй манж нарын гарт байсан төрийн эрх мэдлийг монголчууд өөрсдийн гарт авч чадсан. Энэ утгаараа энэ бол улс төрийн том эргэлт байсан. Өөрөөр хэлбэл, энэ үйл явц маань халх дөрвөн аймаг, их шавийг л хамарч байгаа юм. Баруун монголчуудын бичиж тэмдэглэснээр тэд хүрээ рүүгээ харж, цай сүүнийхээ дээжийг өргөж, Монгол Улс тусгаар тогтносон улс болсныг бэлгэшээж хүлээж авсан байдаг. Ингээд халх Монгол Манж чин улсаас тусгаар тогтнож, монгол төрийнхөө тусгаар тогтнолыг дахин сэргээсэн үйл явдал болсон. Тийм учраас 1911 оны арванхоёрдугаар сарын 29 бол Монгол Улс XX зуунд сэргэн мандахын анхны гараагаа хийсэн түүхт өдөр. Ямар их үнээр эрх чөлөө, тусгаар тогтнол олдсон бэ гэдгийг эргэн санах, өвөг дээдсийнхээ баатарлаг гавьяаг ойлгох, хойч үедээ ойлгуулах чухал өдөр юм. Шинэ он солигдохын өмнөх уур амьсгалд дарагддаг боловч энэ өдрийг тэмдэглэх ёстой юм аа гэдгийг эрдэмтэд, түүхч нар анх гаргасан. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын өдрийг бүх нийтийн амралтын өдөр гэж зарлан, төрийн дээд одон, медаль олгодог болсон. Ер нь 1911 оны дараагийн жил нь буюу 1912 оноос эхлээд тусгаар тогтнолын өдөр болгон тэмдэглэж байх тухай Богд хааны зарлиг гарсан байдаг. Түүнээс хойш бид тэмлэглэсээр ирсэн. Сүүлийн жилүүдэд нэлээд өргөн дэлгэр тэмдэглэж байна. Ингээд танай сонины уншигчдад үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын баярын мэндийг дэвшүүлж байна.
Г.БАЛГАРМАА
Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан, Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхи...
8 цагийн дараа
“Эрдэнэс тавантолгой” ХК 268.8 мянган тонн нүүрс арилжаалжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 64.0 мянган 1/3 коксжих нүүр...
7 цагийн дараа
Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярын өдөр
Тусгаар тогтнол. Энэ л эрхэм үнэтэй зүйл хаад хаадын хүсэл зорилго, Монгол эрсийн халуун амь, бүлээн цус, Монгол хүн бүрийн сэтгэлий...
7 цагийн дараа
Ё.Отгонбаяр: Дэлхийн I-II дайны завсар тусгаар тогтнолоо олж авсан долоохон улс байдгийн нэг нь Монгол Улс
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн асан, ...
7 цагийн дараа
Н.Учрал Монголын Сунак болчих вий…
Их Британийн Консерватив нам гэж 2010 оноос хойш дөрвөн сонгуульд дараалж ялж дархлаад байлаа. Сүүлийн хоёр ялалт нь Борис Жонсонтой...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд


