Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 29

Валютын ханш

value

мэдээ

Ё.Отгонбаяр: Дэлхийн I-II дайны завсар тусгаар тогтнолоо олж авсан долоохон улс байдгийн нэг нь Монгол Улс

trend

Админ

img

2025 оны 12 сарын 29

news-img

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн асан, “Мэргэн сайд Агданбуугийн Амарсан”-гийн тэргүүн , түүхийн ухааны доктор Ёндонгийн Отгонбаяртай ярилцлаа.


-Юуны өмнө Танд Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт ойн өдрийн мэнд хүргэе. 1911 оны энэ өдөр монголчуудын хувьд Манжийн дарлалаас салж, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхэн өдөр. Энэхүү түүхэн өдрийн үнэ цэнийн тухай түүхч хүний хувьд юу гэж үзэж байна вэ. Энэ өдөр Хүрээнд чухам ямар үйл явдал болсныг түүхчид олон ярьсан. Та ч мөн олон ярьсан, гэхдээ энэ өдрийн талаар дахиад асуумаар байна. Богдын Лүндэнг Монгол даяараа гайхамшигтай хүлээж авсан гэдэг?

-Яагаад арванхоёрдугаар сарын 29-ний өдөр вэ гэдгийг би “Монголын тусгаар тогтнолын товчоон” номдоо зориудтай л барласан. Манжийн амбагай хааны зарлиг гэж байдаг. Энэ зарлигт “Хэрвээ Манж гүрэн сөнөвөл монголчууд өөрийнхөө хуулиар амьдарна” гэж заасан байдаг. Ер нь тусгаар тогтнолын хөдөлгөөн 1900-гаад оны үеэс нэлээд эрчимжсэн. 1911 оны зун гэхэд үнэн хэрэгтээ тусгаар тогтночихсон шахуу байсан. Гэхдээ зарлах ажлаа арванхоёрдугаар сарын 29-нд хийсэн байдаг. 1912 оны нэгдүгээр сарын 1-нд Дундад иргэн улсыг зарлан тунхаглах бэлтгэл хийгдэж байна гэсэн мэдээ аваад, бид гурав хоногийн өмнө өөрсдийгөө зарлан тунхагласан. Ер нь энэ өдрийг бодлоготойгоор зориуд сонгож авсан байдаг. Дундад иргэн улсын ерөнхийлөгч Юань Шикай-аас Богд хаанд захидал ирүүлсэн. Ингэхдээ Хятадын бүрэлдэхүүндээ үргэлжлүүлэн орших хэрэгтэй гэж ятгахад Богд хаан бид өөр өөрийнхөө замаар явах ёстой гэж хариу өгсөн байдаг.

Үүнийг бид зориуд ойлгох ёстой. Яагаад гэвэл Дундад иргэн улс өөрийгөө Манж гүрний залгамжлагч гэж үзээд Манж гүрний эрхшээж байсан бүх нутаг дэвсгэрийг эрхшээх ёстой гэж үзсэн. Харин монголчуудын хувьд Хятад, Монгол хоёр хоёулаа Манж гүрний ноёрхолд байсан гэж үзэж байв. Нэгэнт Манжийн эзэнт гүрэн байхгүй болж байгаа учраас хоёр улс өөр өөрийнхөө замаар явах ёстой гэж үзсэн илэрхийлэл нь байгаа юм. Тийм учраас Богд хааны өгсөн хариу захидалд “Манжийн эзэн хааныг буухаас өмнө бид улсаа тунхагласан байтал та юу ярина вэ” гэсэн ийм сонирхолтой өгүүлбэр байсан. Өөрөөр хэлбэл, танай улс байгуулагдахаас өмнө бид байгуулагдсан байсан гэж хариу өгсөн гэсэн үг. Үүгээрээ чухал ач холбогдолтой өдөр гэж би тайлбарламаар байна.

-Богд хааны тухай ярьсных энэ эрхмийн Монгол Улсын тусгаар тогтнолын түүхэнд байгуулсан гавьяаны тухай Та ярихгүй юу?

-1911 оны тусгаар тогтнолын хөдөлгөөний баримталсан нэг том зарчим нь шашин, соёлоо хамгаалах байсан. Богд Жавзамдамба хутагтыг өөрийн шашны тэргүүн гэж үзэж байгаа хүмүүс түүнийг шинэ Монгол Улсад багтах ёстой гэдэг бодлогыг баримталсан. Тийм учраас Богд хаан манай тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн туг болсон хүн. Хэдийгээр гарал үүслээрээ төвөд хүн боловч дөрвөн настай байхдаа Монголд ирсэн. Тиймээс монголчуудын тусгаар тогтнолын төлөө зүтгэх зүрхтэй, зоригтой хүн болж хувирснаараа гайхамшигтай хэрэг болсон гэж хэлж болно. Хоёрдугаарт, улсаа тунхаглах, тусгаар тогтнолоо зарлах асуудлыг ярилцсан нөхдийн зөвлөгөөн 1911 оны зун болсон. Энэ зөвлөгөөний үеэр шинэ Монгол Улсын хаан хэн байх вэ гэдэг асуудал хөндөгдөхөд, Богд хаан гэж шийдээгүй бол тусгаар тогтнолын хөдөлгөөн эхнээсээ хагарах магадлалтай байсан. Яагаад гэвэл халх дөрвөн аймгийн хаад бүгдээрээ хаан ширээнд суух боломжтой гэдэг зүйл яригдсан байдаг. Үүнд Чин Ван Ханддорж “Шинэ Монгол Улс зөвхөн халх Монголоор хязгаарлагдахгүй. Өмнөд Монгол, Хөлөнбуйр, Барга, Урианхайн хязгаар зэрэг улсыг хамрах учраас эдгээр нутагт нэр алдар нь түгсэн Богд Жавзандамба хутагтыг хаанаар залбал зохино” гэж хэлснээрээ дотоод маргалдаан үүсгэх боломжийг хаасан байдаг. Энэ их чухал үйл явдал байсан гэж хэлж болно.

-Мөн анхны Ерөнхий сайд сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнгийн тухай, түүний явуулсан улс төрийн бодлогын Танаас асуумаар байна?

-Ерөнхий сайдын албан тушаалыг 1913 онд бий болгосон. Энэ нь ямар учиртай вэ гэвэл улсаа байгуулангуутаа таван яам байгуулсан. Тэр таван яам хоорондоо зөрчилдөж эхэлсэн. Энэ их гашуун түүх. Бид тусгаар улс болтлоо гар нийлж явж байгаад эрх мэдэлд хүрэнгүүтээ хоорондоо тэмцэлдээд эхэлсэн. Энэ бидний нийтлэг алдааны нэг л дээ. Энэ бүгдийг зохицуулах шаардлагатай гэж үзээд Ерөнхий сайдын албан тушаалыг бий болгосон. Ингээд сайн ноён хан Намнансүрэн Ерөнхий сайдаар томилогдож ажилласан. Ингэснээр улсын бүх шаардлагатай институцийг бий болгоход хувь нэмрээ оруулж, гавьяа байгуулсан хүн. Ер нь зүгээр байсан хүнийг хорлож алахгүй. Тэгэхээр энэ хүн үнэхээр Монголын тусгаар тогтнолд хувь нэмрээ оруулсан. Үүнийг нь гадна дотноос олон хүн занаж байсан гэсэн үг л дээ.

-Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагчид гэвэл Чин ван Ханддорж, мөн Хайсан гүн гээд хэд хэдэн хүний тухай яригддаг. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын дараа Олноо өргөгдсөн Монгол Улсын анхны таван яам байгуулагдсан. Та бол Чин Ван Ханддоржийн тухай ном бичсэн хүн. Эдгээр эрхмүүдийн Монголын түүхэнд оруулсан гавьяаг үнэлж хэлэхгүй юу?

-Тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг толгойлж гарч ирсэн хүн бол Дайчин вангийн хошууны захирагч Чин Ван Ханддорж байсан. Улс тунхагласан өдрөө Богд хааны гаргасан зарлиг дээр хүмүүсийг нэрсийн дарааллаар нь бичиж шагнасан байдаг. Тэр шагнасан дараалал бол Богд хаан өөрөө тусгаар тогтнолын төлөөх тэмцэлд хэн хамгийн их гавьяа байгуулсан бэ гэдгийг үнэлж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн хүн үнэлээгүй, энэ хэргийг оройлон толгойлсон Богд хаан өөрөө өгсөн. Тэр зарлигт хамгийн эхэнд Чин Ван Ханддорж, дараа нь Да лам Цэрэнчимэд, Түшмэл Хайсан, Эрдэнэ Ван Намсрай, Далай Ван Гомбосүрэн гэх мэтээр жагсаасан байдаг. Эдгээр эрхмүүд бүгд л тусгаар тогтнолын үйл хэрэгт байгуулсан гавьяатай. Чин ван Ханддорж залуугаасаа Манжийн захиргаатай зөрчилтэй, тэдний эсрэг янз бүрийн тэмцэлд оролцдог байсан. Мөн Түшээт хан аймгийн чуулган даргын албыг хашиж байсан учраас нэлээд нэр нөлөөтэй хүн байсан.

Өөр нэг зүйлийг бид төдийлөн анзаардаггүй. Манай анхны цэргийнхний дунд Дайчин вангийн хошууны гаралтай хүн олон байдаг. Энэ нь ямар учиртай вэ гэвэл улс тунхаглах бэлтгэл хийгдэж байх үед хүрээнд 500 цэрэг цуглуулсан. Үүний 180 нь Дайчин вангийн хошуунаас, 120 нь Далай вангийн хошуунаас ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Чин Ван Ханддорж, Далай Ван Гомбосүрэн хоёр амь насаараа дэнчин тавьж цэрэг цуглуулсан гэсэн үг. Дараа нь ирсэн цэргүүд Хужирбулангийн цэргийн сургуульд орцгоосон. Ингээд манай Монголын хамгийн анхны офицерууд тэндээс төрөн гарсан байдаг ийм түүхтэй.

-1911 оны хувьсгалын өмнө Манж гүрэн өөрөө мөхсөн, мөн Хятад гүрэн хуваагдсан, энэ бүхэн нь монголчуудын хувьд түүхэн боломж байсан гэх яриа байдаг. Үүнд Та ямар тайлбар хэлэх вэ?

-Ер нь Манж гүрэн мөхлийн зам руугаа явж байна гэдгийг монголчууд хар тамхины дайнаас харсан гэж боддог. Ялангуяа хар тамхины II дайны үед Манжийн армийн ерөнхий командлагч Хорчин Ван Сэнгэрэнчин гэж хүн байсан. Энэ хүн бол Англи, Францын цэрэгтэй амжилттай байлдаж, дагуу боомтын хамгаалалт гэдгийг зохион байгуулж байсан хүн. Энэ дайнд Манжийн эзэнт гүрэн ялагдсан явдлыг цаашдаа сулраад сөнөх зам руугаа орж байгаа юм байна гэдгийг монголчууд анзаарсан. Ингээд бид цаашдынхаа хувь заяаг бодох хэрэгтэй гэсэн бодол агуулж эхэлсэн харагддаг. 1900 онд болсон Халх дөрвөн аймгийн ноёдын зөвлөгөөнийг манай түүхчид нэлээд онцолж бичдэг. Яагаад гэвэл Манжийн захиргааны үед Монголын нутагт гурван газар Манж амбан суудаг байсан. Түшээт хан, Сэцэн хан аймгийн хэргийг Хүрээний амбан мэддэг. Сайн ноён хан, Засагт хан аймгийн хэргийг Улиастайн амбан мэддэг. Ховдын хязгаарын хэргийг Ховдын амбан мэддэг байсан. Өөрөөр хэлбэл, Засагт хан аймгийн ноён Түшээт ханы ноёнтой уулзаж болохгүй гэсэн үг. Заавал өөрийнхөө дээд талын амбанаараа дамжих ёстой. Гэтэл 1900 онд халх дөрвөн аймгийн ноёд цуглаж, зөвлөгөөн хийсэн. Ийнхүү Шинэ засгийн бодлогыг хэрхэх вэ гэдэг асуудлыг авч хэлэлцсэн нь нэг талаасаа бид Манжийн захиргааг дагахгүй гэдэг илэрхийлэл болсон. Нөгөө талаасаа шинээр бүрэлдэх Монгол Улсын нутаг дэвсгэрийн ерөнхий нөхцөл тэндээс харагдаж эхэлсэн гэж хэлж болно.

Мөн бэлгэдлийн чанартай зүйл нэлээд харагддаг. 1911 оны цагаан сараар Манжийн амбан Богд хаанд мандал өргөх гээд ирэхэд нь “Манай цагаан сар болоогүй байгаа” гэж хэлээд буцаасан байдаг. Тэр үед Төгс Буянтын зурхайгаараа шинэлсэн. Богдын шийдвэр үнэн хэрэг дээрээ бид Манжийг дагахгүй, өөрийн зурхайгаараа явна гэсэн үг л дээ. Бид одоо бол европжоод үүнийг ойлгохгүй байгаа ч тэр үед өөрийн гэсэн он тоололтой байх тусгаар улсын нэг шинж байсан.

-Шинээр сэргэн мандсан Монголын цэрэг Улиастайг, Ховдыг чөлөөлж 1913 онд Өмнөд Монголыг чөлөөлөх их дайныг явуулж байсан. Өмнөд Монголын 40 орчим хошуу Монголд дагаар орох хүсэлтээ ирүүлсэн байдаг. 1915 оны Хиагтын гэрээгээр Монгол Улс автономит эрхтэй болж тусгаар тогтнолоо алдсан ч 1921 оны хувьсгал, бүх тусгаар тогтнолын үйл хэргийн үүтгэл нь 1911 оны хувьсгал байсныг түүхчид хэлдэг. Үүн дээр түшиглэж асуухад, Хиагтын гэрээний үр дүнг Та түүхч хүний хувьд хэрхэн хардаг вэ. Манайх тусгаар тогтнолоо улам баталгаажуулж, Өмнөд монголчуудтайгаа нэгдэх боломж үнэхээр байгаагүй юу?

-Шинээр байгуулагдсан Монгол Улс Халх дөрвөн аймаг, шавь таван хошуу, дээрээс нь Хөлөнбуйр, Барга, Эвенк, Солон, Дагуур, Харчин, Хорчин, Түмэл, Цахар, Алшаа, Шинжаан, Тува, Урианхайн бүх нутгуудыг хамарсан улс болох ёстой гэж үзэж байсан. Ер нь хэзээнээс эхлээд Ар, Өмнөд Монголоор нь салгах асуудал болсон бэ гэвэл 1907 оны Орос, Японы нууц гэрээнээс эхлэлтэй. Орос, Японы нууц гэрээгээр Бээжингийн өргөргөөс зүүн тийш нутгийг Японы нөлөөний бүс гэж хоёр тал тохирсон байдаг. 1905 оны дайнд Орос гүрэн Японд ялагдаад, Хятад дахь нөлөөний бүсээ алдсан. Тийм учраас Өмнөд Монголыг нэгтгэх монголчуудын тэмцлийг Хаант Орос улс дэмжихгүй байсан.

Тодорхой хэмжээний цэрэг зэвсгийг Монголын талд өгсөн. Гэхдээ Өмнөд Монголыг чөлөөлөх таван замын дайны үеэр манай хамгийн том сул тал нь зэвсэг хүрдэггүй байсан. Оросын тал хангалттай зэвсэг өгөхгүй нөхцөл байдалтай байсан. Тийм учраас яалт ч үгүй 1914, 1915 онд Хиагтын хэлэлцээрт ороход хүрсэн. Үүнд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн нэг зүйл нь дэлхийн I дайн байсан. 1913 оны арваннэгдүгээр сард Орос, Хятадын тунхаглал гарсан. Үүний дагуу бид Хиагтад гурван улсын хэлэлцээрт очиж оролцсон. Ингээд баруун хил дээрх их дайнд орох нь тодорхой болсон тэр нөхцөлд Хаант Орос улс, Хятадтай маргаантай асуудлаа зохицуулах нь зүйтэй гэж үзэж энэ асуудлыг эхлүүлсэн байдаг.

Хиагтын гэрээг хоёр утгаар харж болно. Нэг талаасаа нэгдсэн Монгол Улс байгуулагдах боломжгүй болсон. Өөрсдийнхөө эрмэлзлээс арга буюу татгалзахад хүрсэн. Нөгөө талаасаа Монголын статусыг тодорхойлсон анхны олон улсын баримт бичиг болсон. Үүгээрээ Хиагтын гэрээ өөрийн гэсэн ач холбогдолтой байсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх. 1919 онд Атаман Семёнов “Нармай Монгол Улс” байгуулна гээд дагавар засгийн газрын төлөөлөгчдөө Монголд илгээсэн. Ингээд Олноо өргөгдсөн Монгол Улсын Гадаад хэргийн сайд Б.Цэрэндорж гүн тэр хүмүүст хэлэхдээ “Энэхүү засгийн газрыг дэмжвэл бид хиагтын гэрээнээс татгалзсан хэрэг болно. Тиймээс бид дэмжих боломжгүй” гэж байр сууриа илэрхийлж байсан. Тийм учраас 1919 оны намар Сю Шүжаны цэрэг орж иртэл монголчууд Хиагтын гэрээг мөрдөж байсан. Энэ нь тухайн үедээ ач холбогдолтой байсан. Яагаад гэвэл Хиагтын гэрээний дагуу бид автономит эрхтэй болсон. Дотоод хэргээ өөрсдөө мэдэн захирдаг байсан. Гэхдээ Хиагтын гэрээнд хамгийн сэтгэл дундуур байсан нь монголчууд байсан. Нэгдүгээрт, Өмнөд Монголтой нэгдэх боломжоо алдсан. Манжийн бүрэлдэхүүнд байсан үеэс нэг алхам урагшилсан гэж хэлэх боловч тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж чадаагүй.

-Энэхүү түүхэн ээдрээт цаг үеийн тухай ярихад таны хувьд олон зүйл ярих байх. Өнөөдрийн тусгаар тогтнолыг олж авахын төлөө асар их золиос, төлөөс төлсөн гэдэг. Энэ тухай үргэлжлүүлж яриад, яриагаа өндөрлөе?

-Ер нь бидний тусгаар тогтнол олон үе шат дамжиж, баталгаажсан. Түүнээс нэг өглөө тусгаар улс болоод жаргалын дээдийг амссан зүйл байхгүй. Энэ бүх ажил 1911 онд эхэлсэн. 1914 онд бид Хиагтын гэрээгээр нэг бүдэрч, автономит улс болоод үлдсэн. 1919 онд бүр Хятадын нэг муж болсон. 1921 онд буцаагаад тусгаар тогтнолоо зарласан. Гэхдээ 1946 он хүртэл Дундад иргэн улс биднийг огт хүлээн зөвшөөрөөгүй. Тийм учраас Зөвлөлтийн улаан арми 1945 онд Японы эсрэг дайнд гадаад Монголын статусгүй хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн болзол байсан. Энэ бол бидний тусгаар тогтнолын нэг том үе шат. 1945 оны аравдугаар сард ард нийтийн санал асуулга явагдсан. Дараа нь 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болж, элсэж орсон. Ингээд 1990 онд бид гадаад гүрний нөлөөллөөс бүрэн ангижирсан. Ийм олон үе шатыг дамжиж ирсэн. Энэ хэргийн эхлэл нь 1911 онд тавигдсан гэдгээрээ чухал ач холбогдолтой гэж бид ойлгох ёстой. Колонийн дарлалд байсан улс орнуудын тусгаар тогтнолоо олох үйл явц 1950-иад оноос дэлхий даяар өрнөсөн. Дэлхийн I-II дайны завсар тусгаар тогтнолоо олж авсан долоохон улс байдгийн нэг нь Монгол Улс. Тийм учраас дэлхий даяараа колонийн системийг хүлээн зөвшөөрч байсан үед монголчууд тусгаар тогтнолоо олж авсан байдаг.

Бид XX зуунд улсаа тусгаар болгох, түүнийгээ бусдаар хүлээн зөвшөөрүүлэх гэж асар их тэмцэл дунд асар их үнэ төлөөс төлсөн. Өмнөд Монголыг нэгтгэж чадаагүй тухай, Тува Орост нэгдээд явсан тухай өмнө нь ярьсан. Энэ бол яалт ч үгүй газар нутгаараа төлсөн төлөөс. Мөн итгэл үнэмшлээрээ бид төлөөс төлсөн. Бид бусдын үзэл суртлыг арга буюу хүлээн зөвшөөрч, түүнийг нь дагаж явсан. Эерэг, сөрөг тал байгаа ч нэгэнт бусдын үзэл сурталд тулгагдаж, хүлээн зөвшөөрөөд явсан нь түүхэн үнэн. Энэ цаг үед олон хүний амь насны тухай ярих ёстой. 1911 оны энэ хөдөлгөөнийг санаачилсан, манлайлсан бүх ноёд лам нар 1915 он гэхэд янз бүрийн байдлаар үхэж, үрэгдсэн. Бид ийм их үнэ төлөөс төлж байж энэ улсыг тусгаар улс болгосон гэж боддог. Хэлмэгдэлд өртсөн олон мянган монголчууд ч гэсэн тусгаар тогтнолын төлөө өргөсөн золиос байсан гэж үздэг.

 

Н.Гантулга

Г.Балгармаа

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Өнгөрч буй оны онцлох, сайн сайхан үйл явдлууд

Дэлхий даяар “Z-т үе”-ийн эсэргүүцэл эрчтэй өрнөж буй цаг дор манай УИХ-ын гишүүд чуулганы хуралдаан дээр албаны царай үзүүлэн “Улст...

img

7 цагийн дараа

Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан, Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхи...

img

6 цагийн дараа

“Эрдэнэс тавантолгой” ХК 268.8 мянган тонн нүүрс арилжаалжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 64.0 мянган 1/3 коксжих нүүр...

img

6 цагийн дараа

Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярын өдөр

Тусгаар тогтнол. Энэ л эрхэм үнэтэй зүйл хаад хаадын хүсэл зорилго, Монгол эрсийн халуун амь, бүлээн цус, Монгол хүн бүрийн сэтгэлий...

img

6 цагийн дараа

Ё.Отгонбаяр: Дэлхийн I-II дайны завсар тусгаар тогтнолоо олж авсан долоохон улс байдгийн нэг нь Монгол Улс

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн асан, ...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд