мэдээ
Н.Учрал Монголын Сунак болчих вий…

Админ
2025 оны 12 сарын 29

Их Британийн Консерватив нам гэж 2010 оноос хойш дөрвөн сонгуульд дараалж ялж дархлаад байлаа. Сүүлийн хоёр ялалт нь Борис Жонсонтой салшгүй холбоотой байв. Борис Жонсон 19 оны 7 дугаар сараас 22 оны 9 сар хүртэл Их Британийн Ерөнхий сайд, Консерватив намын даргаар ажилласан. Ковидын үед ажиллаж Ерөнхий сайдынхаа үйл ажиллагааны хувьд түүхэн үүргээ гүйцэтгэсэн. Консерватив намын ялалт, ковидыг Их Британи улс даван гарахад энэ хүний үүрэг их байсан. Гэвчиг: Борис Жонсоныг гэртээ үдэшлэг зохиож наргисан гэх шалтгаар огцруулсан. Орыг нь Дэвид Камероны танхимд Байгаль орчин, хүнс, хөдөөгийн асуудал эрхэлсэн сайд, Терезай Мэйгийн кабинетад Хууль зүйн сайд, Сангийн сайд, Борис Жонсоны Засгийн газарт Олон улсын худалдаа хариуцсан сайд, Эмэгтэйчүүд, тэгш байдлын асуудал эрхэлсэн сайд, Гадаад хэргийн сайд гээд зургаан удаа сайдаар ажилласан, Их Британийн анхны эмэгтэй Ерөнхий сайд Маргарет Тэтчерийг шүтэн биширдэг Лиз Трасс хэмээх эмэгтэй залгасан. Гэснээ: Ердөө сар гаруй хугацаанд түүний нэр хүнд унасан. Улмаар: Лиз Трассыг огцруулах яриа газар авч эхэлсэн. Их Британийн ард нийт, улс төрийн хүчнүүд Лиз Трассыг: Амлалтаасаа буцсан, Их Британийн эдийн засгийг доройтуулсан гэж буруутгаж шүүмжилсэн. Уулаасаа: Улс орных нь эдийн засгийн байдал хүндэрсэн. Санхүүгийн зах зээлийг донсолгосон татварыг бууруулж чадаагүй. Төсвийн асуудалд орсон. Консерватив намын нэр хүнд ч сэргэхэд маш хүндээр доройтон унасан. Их Британи засаглалын хямралд орсон. Энэ бүхний эцэст: Лиз Трасс засгийн эрхэнд 45 хоног суугаад 22 оны 10 дугаар сарын 20-нд огцорсон. Дараагийн Ерөнхий сайд, Консерватив намын даргаар залуу банкир Риши Сунак тодорсон. Риши Сунак нь Их Британийн түүхэн дэх сүүлийн 200 жилийн хугацаанд сонгогдож буй Их Британийн хамгийн залуу, анхны ази гаралтай Ерөнхий сайд болсон. Мөнхүү: Риши Сунакийн гэр бүл Их Британид хөрөнгийн хэмжээгээрээ 222 дугаарт бичигддэг, 730 сая фунтын хөрөнгөтэй чинээлэг өрх байв. Риши Сунак нэр хүнд бүхий Винчестерийн коллежид суралцсан. Оксфордын их сургуулийн Линкольн коллежийг философи, улс төр, эдийн засгийн мэргэжлээр сурч төгссөн. Голдман Сакст ажиллаж байгаад Стэнфордын их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Их Британийн гарааны бизнесийг дэмждэг нэг тэрбум долларын эргэлттэй дэлхийн хөрөнгө оруулалтын компани байгуулсан гэдэг ганган намтартай.
Улс төрийн тухайд: 2015 онд анх парламентын гишүүнээр сонгогдсон. 18 оны 1 дүгээр сард Ерөнхий сайд Тереза Мэй Засгийн газартаа Орон нутаг, нутгийн удирдлагын сайдын парламентын туслахаар томилсон. 19 оны 7 дугаар сард Борис Жонсоны Засгийн газрын Сангийн яамны Тэргүүн нарийн бичгийн даргаар томилогдсон. 19 оны 12 сард парламентад 2 дахиа ялалт байгуулсан. 20 оны 2 дугаар сард Борис Жонсоны танхимын Сангийн сайдаар томилогдсон. Сангийн сайд болсноос нь хэдхэн 7 хоногийн дараа ковид эхэлсэн. Урт хугацааны хөл хорионы үед Их Британийн эдийн засгийг удирдсан. Риши Сунак 20 оны хавар ковидыг даван туулахын тулд нийт 350 тэрбум фунтын дэмжлэгийг иргэдэд болон аж ахуйн нэгжүүдэд үзүүлэхээ амласан. Тэрүүгээр хувийн нэр хүнд нь өссөн.
Борис Жонсоныг огцорсны дараа тэр Консерватив намын даргад өрсөлдөөд Лиз Трасст ялагдсан. Хоёр дахь оролдлогоороо Ерөнхий сайд болсон нь тэр. Түүнийг: Лиз Трассын унагасан эдийн засаг, Консерватив намын нэр хүндийг сэргээх нь гэсэн бүхий ард нийтийн итгэл, намынхных нь дэмжлэг өндөр байв. Товчлох нь ээ: Их Британичууд Риши Сунакаас асар ихийг хүлээж байв.
Гэвчиг: Лиз Трассын өвийг өөрчилж чадаагүй. Улс орных нь эдийн засгийн хямрал, намынх нь нэр хүндийг босгож чадсангүй, боломж ч байсангүй. Риши Сунакийн тухай Их Британийн улс төрийн судлаач: Тэр уриалж санаачилга гаргахыг хичээсэн. Гэсэн чиг олон удаа буруу алхам хийсэн. Шүхэргүй борооны дундуур зарласан гамшигт дүр төрхөөс өөр юмыг бүтээсэнгүй. Улс төрийн хувьд дүлий мэт болов. Намынх нь нэр хүнд ч сэргэж чадсангүй. Ер нь ч тийм байхад намынхаа сонгуулийн бэлтгэлийг хангах боломжгүй гэж дүгнэж байсан. Тэр нь үнэн болж Риши Сунак 20 сар ажиллаад огцорсон. Зүгээр нэг огцроогүй. 45 насандаа улс төрийн карьертаа цэг тавиулсан.
Монголд энэнтэй тун төслөг үйл явц болж байна. МАН 3 дахь ялалтын бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа. Энэний 2-т Л.Оюун-Эрдэнэ үүрэг гүйцэтгэсэн. Ковид, Орос-Украины дайны үүдэлтэй эдийн засгийн донсолгооны үед засгийн эрхийг барьсан. Хоёр дахь ялалтыг байгуулсны дараа тэр огцорсон. Хүүгийнх нь тансаглал шалтаг болсон. Орыг нь Г.Занданшатар авсан. Гэснээ: МАН-ын даргаар Н.Учрал сонгогдсон. Тэр 23 насандаа тус намд элсэж, анхан шатны нэгжээс эхлэн тасралтгүй 16 жил нам, төрд ажилласан. 1987 онд төрсөн. 38 настайдаа буюу 90 оноос хойших МАН-ын үе үеийн дарга нарын түүхэнд хамгийн залуудаа сонгогдсон улстөрч юм. Өөрөө боловсрол өндөртэй. Гэр бүл нь том бизнестэй, Монголын чинээлэг гэр бүлүүдийн 1 гэдгээрээ Риши Сунактай төслөг.
Уул нь: МАН-ын дарга Ерөнхий сайд болох ёстой. Гэлээ чиг Н.Учрал Ерөнхий сайд биш, УИХ-ын дарга болсон. Гэвчиг Г.Занданшатарыг засаглаж байхад эдийн засгийн бүх заалт уруугаа зааж, бензин шатахуунаа ч хангаж чадахаа больж, Монгол Улсад хямрал гээд хямрал нүүрлэв. Сөрөг хүчнээс авахуулаад МАН-ынхан ч Г.Занданшатарыг: Болохгүй байна, чадахгүй байна гэж шүүмжилдэг. Нэг удаа огцруулсан. Ерөнхийлөгч, Цэц хоёр авч үлдсэн. АН дахин өргөн барих тухай хүчтэй яригдаж байна. Дахин яаж үлдэх вэ. Гэтэл нь: Нэг жил бололгүй хоёр удаа өргөн бариулсан засгаас юу хүлээх вэ гэдэг бол онц ноцтой асуудал. Улс төрийн тохиргоо хийгчид Г.Занданшатарын болохоо байсныг анзаарсан нь тодорхой. Гэлээ гэхдээ намаа бодоод хаврын улс төр хүртэл энэ хүнээ байлгахаар шийдэж. Гэтэл нь: Улс баларлаа, ард нийт сөхөрлөө. Нэгэнтээ ийм болсныг дарах Н.Учрал сонгуульд засгаа, намаа авч ороод амжилт үзүүлэх үү. Ядаад: МАН-ынхаа нэр хүндийг босгож амжих уу. Базах нь ээ: 38 настай МАН-ын дарга болсон Н.Учрал он гараад 39-тэйдээ Ерөнхий сайд болно. Тэр Монголын Риши Сунак болчих вий. Учир жанцан юу хэмээвээс: Н.Учрал Ерөнхий сайд боллоо гээд улсын эдийн засаг сэргэх үү. Хэдэн том реформ сэдэх нь ойлгомжтой. Гэвчиг үр дүнг нь мэдрүүлж амжих уу. Гээд л байгаа хэрэг…
Ө.Билэг
Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан, Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхи...
8 цагийн дараа
“Эрдэнэс тавантолгой” ХК 268.8 мянган тонн нүүрс арилжаалжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 64.0 мянган 1/3 коксжих нүүр...
8 цагийн дараа
Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярын өдөр
Тусгаар тогтнол. Энэ л эрхэм үнэтэй зүйл хаад хаадын хүсэл зорилго, Монгол эрсийн халуун амь, бүлээн цус, Монгол хүн бүрийн сэтгэлий...
7 цагийн дараа
Ё.Отгонбаяр: Дэлхийн I-II дайны завсар тусгаар тогтнолоо олж авсан долоохон улс байдгийн нэг нь Монгол Улс
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн асан, ...
7 цагийн дараа
Н.Учрал Монголын Сунак болчих вий…
Их Британийн Консерватив нам гэж 2010 оноос хойш дөрвөн сонгуульд дараалж ялж дархлаад байлаа. Сүүлийн хоёр ялалт нь Борис Жонсонтой...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд


