гадаад
Өнгөрч буй оны онцлох, сайн сайхан үйл явдлууд

Админ
2025 оны 12 сарын 29

Дэлхий даяар “Z-т үе”-ийн эсэргүүцэл эрчтэй өрнөж буй цаг дор манай УИХ-ын гишүүд чуулганы хуралдаан дээр албаны царай үзүүлэн “Улстөржихгүй шүү”, “Энэ бол улс төржих асуудал биш шүү” гэж хэлдэг болов. Гэтэл улс төр нь ерөөс нэр төр олох, албан тушаал булаалдах, хувиа бодож хуйвалдах, улсын төсвөөр баяжих гэсэн үг биш билээ. Иймээс гишүүдийн хэлсэн эдгээр үгс “ардчилал” гэх үгний ард нуугдсан авлигын тогтолцоо цаашид оршин тогтнох чадваргүй, үндсээрээ өөрчлөгдөх цаг болсныг батлав. Учир нь улс төр нь МЭӨ V–IV зуунд Грект шинжлэх ухаан, ухагдахуун хэлбэрээр бүрэлдэн тогтсон, эх үг нь эртний грек хэлний “полис” буюу хот улс, иргэдийн хамтын нийгэм гэсэн ойлголт юм. Үүнээс “политике” буюу улс төр гэх улсыг удирдах урлаг, ухаан гэсэн нэр томьёо бий болсон. Энэ ойлголтыг Аристотель “Улс төр (Politika)” бүтээлдээ системтэйгээр тайлбарлаж, улс төрийг иргэд хамтдаа хэрхэн амьдрах, хууль тогтоох, нийтийн ашиг сонирхлыг удирдах ухаан гэж тодорхойлсон нь өнөөг хүртэл суурь ойлголт хэвээр байгаа билээ. Гэтэл манай улстөрчид парламентын хуралдаан дээр “Улс төржихгүй шүү” гэж байгаа нь “Бид нийтийн ашиг сонирхлыг удирдах ухаан гаргах чадваргүй болсон шүү” гэж ил тод зарлаж буй хэрэг юм. Иймээс манай эмч, багш, тэтгэврийн хөгшид төр, засгийн шийдвэрийг эсэргүүцэн жагсаж үр дүнд хүрэв. Монголын “Z-т үе”-ийнхэн дэд сайдын суудал шинээр нэмж, авлигачдын хүүхдүүдэд тараасныг эсэргүүцэж ордны гадна жагсав. УИХ дахь АН-ын гишүүд энэ асуудлаас болж Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулж эхэлсэн бол МАН, Ногоон намын гишүүд хамтран “Орон сууцаа зарсан иргэдээс хоёр хувийн татвар авдаг” луйврыг болиулах хуулийн ажлын хэсэг байгуулав. Их хурлын дарга өөрөө “Зөвшөөрлийн тухай хууль”-ийн өөрчлөлтийг УИХ-д оруулж ирэн “Энэ хууль Засгийн газраас орж ирвэл ашиг сонирхлын зөрчил үүсэх юм билээ” гэж ил тод зарлаж, авлигыг устгах эхний том алхам хийв. Ийнхүү монголчууд шинэ оны босгон дээр Үндсэн хуульдаа заасан “Хүнлэг ардчилсан нийгэм байгуулах” буюу өөрсдийн амьдралыг сайжруулах маш том хувьсгалыг өөрсдийн уламжлал болсон эвдрэл сүйтгэлгүй, тайван замаар эхлүүлж чадав. Монголчуудын өмнө “хонгилын гэрэл” сүүмэлзэх бус магнай дээр нь тэнгэр цэлмэж, наран мандав.
Өнгөрч буй 2025 он шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хувьд чанарын шинэ шатанд шилжсэн жил байлаа. Эрчим хүч, анагаах ухаан, генетик, квант технологи, сансар судлал, уур амьсгалын шинжлэх ухаан зэрэг салбарт гарсан нээлтүүд нь зөвхөн лабораторийн хүрээнд үлдэх бус, бодит хэрэглээ, нийгмийн бодлогод нөлөөлөх түвшинд хүрч эхэлсэн нь онцлог явдал болов. Эдгээр нээлтүүдийн нийтлэг шинж нь онолоос бодит хэрэглээнд ойртсон, салбар хоорондын нэгдэл нэмэгдсэн, хүний амьдрал, дэлхийн тогтвортой байдалд шууд нөлөөлөх түвшинд хүрсэн явдал байв.
- Цөмийн синтез онолоос бодит технологи болов
2025 онд АНУ, Европ, Зүүн Азийн томоохон лабораториуд цөмийн синтезийн туршилтаар энергийн гарц, зарцуулалтын харьцааг тогтвортойгоор ашигтай түвшинд барих арга олов. Энэ нь синтезийг зөвхөн богино хугацаанд байдаг энерги бус, тасралтгүй гаргах, удирдах боломжтой процесс болгон хувиргах чиглэлд гарсан шийдвэрлэх алхам байв. Шинжлэх ухааны ач холбогдол нь цөмийн синтез нь утаа, хорт хаягдал бага түлшний нөөц буюу бараг шавхагдашгүй эрчим хүчний эх үүсвэр юм.
- Хувь хүнд тохируулсан “CRISPR” эмчилгээ бодит клиник шатанд шилжив
Ген засварлах “CRISPR” технологи 2025 онд өвчтөн бүрд зориулсан, тухайн хүний мутаци буюу онцлог байдалд нь яг тааруулсан эмчилгээний клиник туршилтыг амжилттай явуулав. Ялангуяа удамшлын ховор өвчнүүд дээр өндөр үр дүн үзүүлэв. Ач холбогдол нь “эмийг олон хүнд” гэсэн уламжлалт анагаах ухааны логикоос “өвчтөн болгонд тохирсон эмчилгээ” зарчимд шилжиж байгаа явдал юм. Генетикийн оношилгоо, эмчилгээ нэгдэж цогц систем болж эхлэв.
- Квант компьютер ба квант холбоо бодит хэрэглээнд ойртов.
2025 онд квант компьютеруудын өөрийн алдааг засах чадвар сайжирч, тодорхой шийдлүүдээр уламжлалт супер компьютерыг бодитойгоор давж чадав. Үүний зэрэгцээ квант холбооны туршилтууд хот хоорондын зайд амжилттай хийгдлээ. Ач холбогдол нь криптографи буюу мэдээллээ нууцлах, шинэ материал бүтээх, эмийн молекулын загварчлал зэрэг салбарт суурь өөрчлөлт авчрах технологийн бодит суурь тавигдав.
- “James Webb” орчлон ертөнцийн “нярай үе”-ийг илүү тод харуулав
“James Webb” сансрын телескоп 2025 онд Их тэсрэлтийн дараах эхний хэдэн зуун сая жилийн галактикуудын химийн найрлага, бүтцийг илүү нарийвчлалтай судалж чадлаа. Ач холбогдол нь од, галактик хэрхэн үүссэн, хүнд элементүүд хаана, яаж бий болсон тухай сансар судлалын космологийн суурь онолуудыг нарийвчлан судлах боломж олгов.
- Лабораторид ургуулсан эд эрхтэн клиникт эмчилгээнд ойртов
2025 онд лабораторид эснээс ургуулсан зүрх, элэг, бөөр гэх мэт эрхтнүүд амьтны биед удаан хугацаанд хэвийн ажиллах чадвараа харуулж, эдгээр туршилтууд амжилттай болов. Ач холбогдол нь донорын хомсдол, суулгасан эрхтэн эзнийхээ биед таарахгүй байдаг асуудлыг шийдэх бодит гарц бий болж, нөхөн сэргээх анагаах ухаан тусдаа бие даасан салбар болон хөгжиж эхлэв.
- Шинэ материалыг атомын түвшинд бүтцийг нь “захиалдаг” болов
2025 онд судлаачид атомын түвшинд нарийн удирдлагаар бүтээсэн шинэ материалууд гаргаж, хийн ялгалт, ус цэвэршүүлэлт, энерги хадгалалтад ашиглаж эхлэв. Ач холбогдол нь шинэ материал нь уур амьсгал, эрчим хүч, үйлдвэрлэлийн асуудлыг нэг дор шийдэх түлхүүр салбар гэдгийг батлав.
- Дархлааны системийн тэнцвэржүүлэх механизм илүү ойлгомжтой болов
2025 онд хүний дархлааны хариу урвалыг идэвхжүүлэхээс гадна намжааж, тэнцвэржүүлдэг эс, молекулын сүлжээний тогтолцоог илүү тодорхой мэддэг болов. Ач холбогдол нь өөрийн эрүүл эсийг “дайсан” гэж андуурч устгадаг аутоиммун өвчин, харшил, хорт хавдрын эмчилгээний шинэ стратегийн шинжлэх ухааны суурь тавигдав.
- Хиймэл сэтгэхүй(ХС) шинжлэх ухааны нээлтүүдийг эрчимжүүлэв
2025 онд Хиймэл сэтгэхүй(ХС)-г ашиглан уургийн бүтэц, шинэ материал, эмийн хэрэгтэй молекулыг олж илрүүлэх хугацааг хэд дахин богиносгов. Ач холбогдол нь ХС нь туслах хэрэгсэл бус, шинжлэх ухааны нээлтийн хамтрагч болж эхэлснийг харуулав.
- Нүүрстөрөгч бууруулах уур амьсгалын технологи
CO-г агаараас авч, ашиглах технологиуд 2025 онд туршилтын түвшнээс үйлдвэрлэлийн өмнөх шатанд оров. Ач холбогдол нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд “зөвхөн ялгарлыг бууруулах” бус, аль хэдийн ялгарсан нүүрстөрөгчийг эргүүлэн ашиглах бодит боломж бүрдэв.
- Нарны аймаг дахь динамик үйл явцыг ойлгов
Сансрын судалгаагаар гаригуудын дагуулууд, цагариг, жижиг биетүүд тасралтгүй хувьсан өөрчлөгдөж байдаг динамик систем гэдгийг баталсан шинэ өгөгдлүүдийг олж илрүүлэв. Ач холбогдол нь манай нарны аймаг бол “бэлэн бүтэц” бус, амьд систем гэдгийг батлав.
Бэлтгэсэн Г.АМАРСАНАА
Хятадын засаглалыг “гүүр”-нээс тольдохуй
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ШЭНЬ МИНЬЖУАНЬ Энэ оны 9 дүгээр сард Хятад улсын Гүйжөү мужийн Хуажя...
7 цагийн дараа
Ерөнхийлөгчийн цомын барилдаанд зодоглох бөхчүүд
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 114 жилийн ойд зориулсан, Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барил...
7 цагийн дараа
ФОТО: Төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүд
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зар...
7 цагийн дараа
Өнгөрч буй оны онцлох, сайн сайхан үйл явдлууд
Дэлхий даяар “Z-т үе”-ийн эсэргүүцэл эрчтэй өрнөж буй цаг дор манай УИХ-ын гишүүд чуулганы хуралдаан дээр албаны царай үзүүлэн “Улст...
6 цагийн дараа
Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан, Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхи...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд



