мэдээ
П.Ганзориг: Энэ онд аж ахуйн нэгжийн татварын дарамт буурах асуудал огт хөндөгдсөнгүй

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ
2025 оны 12 сарын 30

Улсын Их хурлын гишүүн, УИХ дахь ХҮН намын зөвлөлийн дарга П.Ганзоригтой ярилцлаа.
-Оюу толгойн асуудлыг хянан шалгах түр хороог ер нь хэр ажилласан гэж дүгнэж байгаа вэ. Өнөөдөр /12.26/ чуулганы хуралдаанаар УИХ -ын тогтоолын төслөө батлуулчихлаа шүү дээ?
-Оюу толгойн гэрээ байгуулагдсанаас хойш 16 жилийн турш хэрэгжээд явж байгаа. Анх 30 жилийн гэрээ байгуулсан. Энэ хооронд гэрээ байгуулагдахад л алдаа дутагдал байсан. Түүнээс хойш тодорхой өөрчлөлтүүд оруулсан ч алдаа завхрал байгаа. Бид эдгээрийг зургаан сарын турш шалгаж, нийт 90 гаруй мянган хуудас материалтай танилцаж, 12 бүлэг асуудлаар гурван өдрийн турш нээлттэй сонсголыг явуулсан. Ер нь энэ бол Монгол Улсын хувьд өндөр ач холбогдолтой төсөл. Тийм учраас иргэд бодит мэдээллийг энэ сонсголоор авсан байх. Харин сонсголын дараа цаашид алдаа дутагдлаа яаж засаж залруулах юм гэдэг зургаан хуудас маш дэлгэрэнгүй санал дүгнэлт гарсан
Эндээсээ бид УИХ-ын тогтоолын төсөл боловсруулан, таван асуудал тусгаж, өнөөдөр/12.26/ чуулганаар хэлэлцүүлж 80 гаруй хувийн дэмжлэгтэйгээр батлууллаа.
-Уг тогтоолд манай улсын талд ашигтай, Засгийн газрын хийх хэлэлцээрт дэмжлэг үзүүлж болохуйц ямар тодорхой заалтууд тусгасан бэ?
-Засгийн газрын хийх хэлэлцээрт угаасаа дэмжлэг үзүүлэх тогтоол гэж ойлгох хэрэгтэй. Маш том дэмжлэг болох ёстой. Тухайлбал, хөрөнгө оруулалтын гэрээ байна. Хөрөнгө оруулалтын гэрээ, ТЭЗҮ анх хийгдэхдээ Үндсэн хуульд заасны дагуу баялгийн үр өгөөжийн талаас дээш хувийг ард түмэн хүртэнэ гэсэн хүлээлттэй байсан. Гэтэл энэ маань Засгийн газрын мэдээлж буйгаар одоо 37-хон хувьтай байгаа. Тиймээс үүнийг 53 хувьд хүргэ. Уг асуудлаа гурван жил тутамд УИХ дээр дүгнэж, хэлэлцүүл. Оюу толгой компанийн үйл ажиллагааны тайланд Монголын тал болон хөрөнгө оруулагч талын хүртэж байгаа өгөөжийг тодорхой ил тод тайлагнаж яв гэж байгаа юм. Тэгэхээр аль тал нь ямар хэмжээний үр өгөөж хүртэж байна гэдэг нь тодорхой харагддаг болно. Хоёрдугаарт, хувь нийлүүлэгчдийн гэрээний асуудал байна. Анх гэрээ байгуулж байхад олон нийт хөрөнгө оруулалтын гэрээг л илүү анхаарч байсан. Гэтэл Монгол Улсын хүртэх өгөөжийг бууруулж, зардлыг нэмэгдүүлээд байгаа гол заалтууд хувь нийлүүлэгчдийн гэрээнд байгаа. Тухайлбал, зээлийн хүү байна. Тиймээс энэ хүүг бууруул. Ер нь тухайн зээлийг яг бодитоор авсан уу. Хий бичилт хийгээд явчихсан юм биш гэдгийг хянаж шалган цэгцлэх ёстой асуудал байгаа юм. Мөн менежментийн зардал гэж ойлголт байдаг. Уг нь бол аливаа төслийг зардал бага, үр ашигтай удирдсанаараа менежментийн зардал буюу урамшуулал авч байх ёстой. Харамсалтай нь Оюу толгой яг эсрэгээрээ байгаа. Их зардал гаргах тусмаа илүү урамшуулал авдаг ийм гаж тогтолцоо хийгдсэн. Гуравдугаарт, маш олон татварыг тогтворжуулсан. Тодорхой хувиар авах ёстой байсан татварыг тэг болгосон. Эсвэл тодорхой хувьд нь барьсан. Давхар татварын асуудал байна. Энэ болгоныг засаж хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруул гэж байгаа юм. Мөн алдагдсан боломжийн өртгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд дүгнэж харах ёстой. Үүнээс гадна Оюу толгойн экспортын бүх орлогыг Монголын төв банк болон арилжааны банкуудаар дамжуул. Ингэж байж бид борлуулалтын орлого, зардал зарцуулалтыг нь хянах боломж бүрдэнэ. Дөрөвдүгээрт, сорчлон олборлуулахгүй гэсэн. Оюу толгойн төслийг мэргэжлийн геологичид сорчилж олборлоод байна гэж байгаа. Дээрээс нь нэмэлт геологи, уул уурхайн хайгуулын судалгааг нэмэгдүүлээч ээ гэсэн заалт орсон. Ингэснээр яг ногдол ашгаа авах гэсэн чинь өртөг өндөр, зардал ихтэй хэсэг нь үлдээд Монгол Улс ногдол ашиг ч үгүй үлдэх эрсдэлтэй учраас энэ асуудлуудаа аваад яв гэж байгаа юм. Ер нь энэ тогтоолын гол онцлог нь 2026 оны намрын чуулганаар тогтоолд заасан эдгээр заалтуудыг хэлэлцээрийнхээ хугацаанд хийж шийдвэрлээд, саналаа аваад ороод ир гэсэн. Хоёрдугаарт, улирал тутамд Эдийн засгийн байнгын хороогоор явцаа танилцуулж бай гэж заасан. Тэгэхээр өмнөх тогтоолыг бодох юм бол тодорхой давтамжтайгаар байнгын хорооны түвшинд яриад явах учраас алсарч алга болно гэхээргүй болсон гэж ойлгож болно.
-Оюу толгойд төлөх өр гэж манай улсад ер нь бий юу. Учир нь сонсголын үеэр зарим гэрч манай өр төлөгдсөн, тэглэгдсэн гэдэг мэдээллийг өгч байсан шүү дээ?
-Монголын төр 34 хувийг нь эзэмшиж байгаа, энэ компани маань өөрөө зээлтэй байгаа. Тэр тусмаа асар өндөр хүүтэй зээл. Тэрний 34 хувь нь Монголын ард түмэн, монголчуудын хүртэх ногдол ашгаас хасагдаад явж байгаа. Хамгийн түрүүнд зээл, зээлийн хүүгээ төлнө. Тэгж байж ногдол ашгаа хүртэнэ.
-Онтрэ компанийн лицензтэй холбоотой асуудлыг тогтоолд тусгасан уу?
-Тусгаж өгсөн. Онтрэгийн хоёр лиценз дээр Ашигт малтмалын тухай болон холбогдох хуулиудыг зөрчсөн асуудал байвал харж дүгнэ. Хоёрдугаарт, энэ бол стратегийн орд. Тийм учраас Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд заасны дагуу нийт үр өгөөжийн дийлэнх хувийг ард түмэн хүртэж байх байдлаар хувь хэмжээгээ тогтоох, ямар байдлаар ажиллах саналаа боловсруулж орж ир гэж үүрэгжүүлсэн. Ийм тодорхой заалтуудыг тогтоолд оруулсан учраас Засгийн газар үүнийг аваад ажиллаад явахад бодитой үр дүн гарах бүрэн боломжтой гэж харж байгаа.
-Таны хувьд ХҮН намын Зөвлөлийн дарга. Мөн танай нам засагт хамтарч байгаагийн хувьд улирч байгаа 2025 оныг улс төр, нийгэм, эдийн засгийнх нь хувьд хэрхэн дүгнэж байна вэ?
-УИХ-ын хувьд нэлээд хүлээлт байсан. Тухайлбал, эдийн засгийг эрүүлжүүлэх, төсөв санхүүг цэгцтэй болгох, томоохон бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх гээд хүлээлт байсан ч улс төрийн нөхцөл байдлаасаа болоод томоохон гол хуулиуд, шийдлүүдээ гаргаж чадаагүй байдал бий. Тийм учраас яг хангалттай хэмжээнд Их хурал ажиллаж чадаагүй гэж би харж байгаа. Харин Оюу толгойн сонсголыг би тодотгож хэлмээр байна. Энэ бол маш үр дүнтэй ажил болсон. Мэдээж ХҮН нам Засгийн газарт хамтраад ажиллаж байгаагийн хувьд 2026 оны төсөвт боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, багш, ажилтнуудын цалинг нэмэгдүүлсэн. Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэгдүүлсэн гээд ер нь хүн рүүгээ чиглэсэн хөрөнгө оруулалт харьцангуй сайн хийгдсэн төсөв боллоо. Харин гагцхүү аж ахуйн нэгжийн татварын дарамт буурах асуудал огт хөндөгдсөнгүй. НӨАТ дээр л жаахан өөрчлөлт хийгдсэн. Саяхан Засгийн газар Татварын багц хуулийг өргөн барьж, үүнийг дэмжье гэж байгаа. Гэхдээ агуулгын хувьд яг бүрэн гүйцэт бидний боловсруулсан саналууд ороогүй байна лээ. Миний хувьд Татварын багц хуулийн Ажлын хэсэгт ажиллаж, тодорхой саналуудаа боловсруулж өгсөн.
Ер нь энэ улс орны эдийн засгийн авч явах гол хөдөлгөгч хүч нь хувийн хэвшил. Ажлын байр бий болгож, татвар бүрдүүлж, экспортын үйлдвэрүүд бүтээж байгаа. Тийм учраас хувийн хэвшлээ дэмжиж байж эдийн засаг маань эрүүл, либералчлагдаж, төрийн оролцоо багасна. Нөгөө талдаа татварын орлогыг тодорхой хэмжээгээр бууруулахаар төрийн данхар бүтэц багасч, үрэлгэн зардал буурдаг. Тэгэхээр татварынхаа бодлогыг эргэж харж, Татварын багц хуулиа засаж сайжруулах нь нэн чухал. Зөвхөн төлдөг хэсгээ ноолоод байх биш, баазаа томруулах чиглэл рүүгээ явах бодлогыг зайлшгүй хийх цаг хугацаа тулчихаад байна.
75835 тонн АИ-92 автобензин, 4795 тонн АИ-95 автобензин иржээ
2025 оны 12 сарын 30-ны өдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын хэмжээнд 164 вагон буюу 10080 тонн АИ-92 автобензин байна. Үүнийг бу...
8 цагийн дараа
Алба хаагчдад төрийн одон, медаль гардуулав
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 114 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрх...
7 цагийн дараа
Хилийн цэргийн бэлэн байдалд гэнэтийн шалгалт хийлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар (2025.12.29) буюу үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн бадраасан түүхэн өдрөөр Хил...
7 цагийн дараа
Та урт наслах боломжтой болов
Улирч буй 2025 он хүний насыг уртасгах тухай ойлголт домог, зөгнөл бус бодит шинжлэх ухааны судалгааны төв сэдэв болгосон он байлаа....
7 цагийн дараа
Х.Нямбаатарыг авлах ажиллагаа МАН-ын захиалга даг…
Ойрмогхоны хэдэн хоногт Хотын мээр Х.Нямбаатар хамгийн муу хүн болж хувирах шинжтэй байна. Сошиалаар л даа. Уул нь Х.Нямбаатар маш с...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд


