Улаанбаатар

weather

Loading weather data...

4 сарын 24

Валютын ханш

value

редакцийн-нийтлэл

Бөхөн шарын тэмдэглэл

trend

Дашдаваагийн Мөнхжаргал

img

2013 оны 5 сарын 28

img

1

Бөхөн шарын нуруун дээр Улсын начин Л.Нямсүрэн,
аймгийн арслан Д.Батжаргал нар зодоглосон юм

Түрүүч нь ¹130 (4457) дугаарт

Тэрхийн
цагаан нуурын элгэн тушаа олон машины цуваа шил шилээ даран зогс­лоо. 
Өглөөний
тунгалагт
нуурыг хөвөөлөн ангир нур­гиж, эргэн тойрон дахь хүрэн тэрмэн уулсын бэлээр ногоо­ны униар пансан хөшиг шиг тунараад, хаашаа л харна сарлагийн сүрэг налайна. Зуны тэргүүн сарын шинэ­дээр гэхэд далай цагаан нуур минь мөсөн баринтгаа бүрэн за­далж гүйцээгүй л байна. Гэхдээ зах хаяагаараа хөх усан торго адил гүйлмэгнэн шувуудын чуулбар үүсгэн байв шүү. Унаа машинаас хөхин баясалтайгаар салхи хага­лан бууцгаасан утгын их мэргэд Урианхай, Цоо­долоороо ахлуулж нуурын хөвөөнөө өглөөний сэр­гүүнд баахан чуулалдлаа. Зураг хөргөө ч татууллаа. Авар­гуудын хэн нэгнээ явуулсан яриа хөөрөө, инээд баясалд автаж түүнээ анги­рын ганга­наагаар даруулсхийгээд хөд­лөх гэтэл нэгэн сайхан ая аялгуу давалгаалан, Тэрхийн нуурыг тэр чигт нь бүрхээд авах шиг боллоо. Юув гэтэл, Төрөө захирлын маши­ны урдхан Түвшинтөгс гавьяат, Сэр-Од хөгжмийн зохиолч хоёр мөр мөрөө түшин зог­соод буурал найрагч Уриан­хайн шүлгэнд асга­руулсан “Сэтгэл л мэддэг хорвоо” хэ­мээх шинэхэн бүтээлээ уул усанд дуулгаж буй ажээ. Үгүй ээ, мөн сайхан аа. Сэрээ хөгжмийн зо­хиолч уг дуу­ныхаа ноотыг “халуу­наар” нь аваад хотоос гарчээ. Тэгээд л Тэрхийн нуурын хөвөөнөө дуучинтайгаа хамтдаа дуулж, Уриан­хай найрагчид болоод аяны бүрэлдэхүүнд сонсгосон нь тэр.

Буурал найрагч дугариг хар шилнийхээ цаанаас унд­рах нулим­саа нууж хааж энээ тэрээ болсон­гүй. Болдог юм болдгоороо гэдэг шиг шууд л урсгаж, “Юу юм аа, хүүхдүүд ээ. Их сайхан юм аа. Сэр-Оддоо, Түвшээдээ баяр­ла­лаа. Ямар сайхан дуу болоо вэ. Эхлээд би мэдэхгүй, энэ чинь хэний бүтээл билээ 
гэж гайхширхлаа ш дээ” хэмээн нулимстай өгүүллээ. Уриан­­хай найрагчийн баяр бахдал үүгээр ч зогссонгүй. Дуурийн теат­рын гоцлол дуучин Баа­сан­жавын Баатархүү гэж мант­­гар цагаан залуу манай багт яваа юм. Тэрээр “Идэрийн гол”-оо дуулах 
л гэж ийн зорьж яваа. Сэрээ багш нь тэр даруйд, үндсэн­дээ “Сэтгэл л мэддэг хорвоо”-гийн араас “Идэр гол”-ынхоо шуугианыг мандаахыг хү­сэм­жиллээ. Дуучин хархүү ту­шаал авсан цэрэг адил хан­гайн нуруу­наас эх аван урсах Идэрийн голоо халиалаа даа. Тэрхүү бүтээлийг Тэр­хийн цагаан нуур, Хоргын то­гоо, Тариатын хүрэн тэрмэн уулс, дээшээ өгсүүлээд Цахи­рын хөх уулс, цаахна нь дүн­хийх Солон­готын даваа, тэ­гээд Идэр их мөрөн адуу малтайгаа, зон олонтойгоо, сарлаг савагтайгаа, ангир шувууд­тайгаа сонсох шиг болсон доо. Дэргэд минь хүлэг морин адил эргэцэх Золоо ах, түүний хажууд аядуу намуухнаараа нам­байж, сэтгэл нь болбоос Дэл­гэрийн тал шигээ сунайлдсан Хайдавын Чи­лаа­жав ах тэр­гүүтнүүд “Ийм юм байдаг аа” хэмээн дуун алдана. Чилаа найрагчийн зүрх энэхэн аг­шинд гарт баригдсан хараа­цай шиг цовхчиж хавирга сэлт хийгээд энгэр цээжээ дэлсэж байгаа нь мэдээж. “Дулаацуулж харгилдаг Идэр гол, дуугүй суухад минь ч ярьж шуугина” гэж яасан гоё хэлээ вэ гээд барагтайд хөл алд­даггүй хүн чинь нэг л тогтож ядан харагдсан. 

Бавуу найрагч ч тийм л уясал­тай­гаар дотогшоо мэл­мэрсэн бай­далтай гэзэг үсээ баруун гарынхаа парвагар хэдэн хуруугаар самнаж зог­соно. Уг дууны шүлгийг өнөө л буурал үст Урианхай най­рагч бичсэн бөлгөө. Ардын зохиолч Цоодолын томъёолс­­ноор “мэлин хой­лог” тэрээр өдгөөгөөс дөрөв, таван жилийн өмнө Идэрт ирж Сэвжидбалбар хайрхан, Ногоон нуурыг үзэж хаврын тэлэмгэр өдөр хангайн ну­руунд сэтгэл бахдан 
үүл адил хөвж явахдаа буянт дүү, но­мын садан Лхамсүрэнгийн Төр­баяртаа зориулж “Идэр гол” шүлгээ бичсэн түүхтэй ажгуу.

Бүүвэйлж харгилдаг Идэр гол

Бүтэн заяанд хөтөлж урсана

Бүжин зүггүй долгис хөө­цөл­дүүлж

Бүгээн саранд туяа нэм­нэ

Энхрийлж харгилдаг Идэр гол

Эртний ерөөл шивнэж цалгина

Элгэн далдуур хайр дүүр­гэж

Өндөр тэнгэрийг намс­гаж нийл­нэ

Сэвжидбалбар хайрханы цар­манд

Буга болоод урамддаг ч болоо­сой

Сэтгэлийн орь амрагаа

Согоо болгоод дагуул­даг ч болоосой

Хоёр хутагтын дагшин нутгаа

Холын хөх уулсын цаа­наас санан

Хорвоо эргэдэг үнэний буянаар

Хоног үргэлжийн зүүдэн­дээ дандаа ирнэ ээ

Дулаацуулж харгилдаг Идэр гол

Дуугүй суухад минь ч ярьж шуугина

Дурсамж халуун сэт­гэлийн минь чавхдсаар

Дуу шуранхайлуулж ну­лимс бөмбөрүүлнэ

Шуугих нь инээх шиг Идэр гол

Шувуудын мөрөөдөл Мон­голын гол

Шунх улаан тэргэл нар

Булхаж хонодог миний гол оо. Ийм л нургисан аял­гуу шиг ёстой л элгэн далдуур хайр дүүргэсэн шүлэг юм. Түүнд нь урлагийн гавь­яат зүтгэлтэн Д.Цэвээнравдан аял­гуу зохируулжээ. Бүхий л насаараа Улиастайнхаа дан хөх байшинд суун уран бү­тээлээ туурвиж буй авьяасын хүүдий тэрээр яах арга­гүй л “зэвүүн” хөгжим хийсэн нь тодорхой. Ийм л нэг амсхийлт Тэрхийн нуурыг долгилуул­чихаад, мөсөн баринтаг доо­гуур үйлийн хайч шиг нуураа эсгэн урсаж буй Суман голыг улмаа жавхалзуул­чихаад бидний цуваа Цахирын уул­саар дамжин Солонготын да­ваа өөд өгслөө.

Хангайн
нурууны
ноёлог энэ давааны энгэр бэлээр өгсөх бү­рийд өчүүхэн миний сэтгэл хөдөлж, өөрийн эрхгүй мэлмэрдэг юм. Энэ удаад ч ялгаагүй дотогшоогоо мэл­мэрүүлж л явлаа. Солон­готын даваа талаасаа дээш 
их бие нь тэр чигтээ цав цагаан дуулгатайгаа байна. Долдугаар сарын эхээр ирэ­хэд ч өөдөөс сэрүү татуулаад л буурал тэргүүнээ өргөж эрхэмсэг­хэн угтдаг билээ. Хажууд ханайж яваа Гал­баатар докторын сэтгэл бүр чиг хөдөлж буй нь тодорхой. Энэ л өндрөөс өндөр давааг давж ус нутгаасаа холын хол руу, эрдэм номын их далай руу шувуу шиг одсон тэрээр бага нас, ижий аав гээд юу эсийг бодох билээ дээ. Бүгд л нандин дурсамжууд байх нь дамжигггүй. Монгол Улсын их сур­гуу­лийн хэл утга зохиолын тэнхи­мийн эрхлэгчийн албыг дөнгөж аваад ирж буй эрхэм доктор “Арван хэдэн хүүхдээ хүний зэрэгт хүргэх гэж муу аав минь энэ даваагаар морь­­той, явган олон давсан даа” гээд чимээгүй болов.

Тэгснээ
нэг их уртаар санаа алдаад, тэр жилийн түймэр үү, хангайн 
нурууг минь идчихсэн дээ. Солон­готын давааны оройн мод­нууд буудуулчихсан цэрэг шиг л болсон доо гээд бас л чи­мээгүй. Нээрээ чиг түймэрт идэгдээд хар хожуул нь сэ­рийлдэж үлдсэн мод­нууд буудуулчихсан цэрэг шиг л налчихсан байна. Гэхдээ ар, өвөр бэл рүү нь уулын гол шуугин шаа­гин урсч, өнгө өнгийн цэцэгс алаг­лан улаарч, ягаарч, хөхрөн шар­гал­таад сайхнаас сайхан. Солон­гот даваад Дөнгөтийн Цоодол найрагч бүр л сэр­вэлзээд эхэлсэн. Явуу баг­шийн минь нутаг ном ёсоороо эхэлж байна гээд л. Тэрээр замын турш Явуу багшаа дурсаж, Урианхайгаа идэж, Базарын Цэ­дэн­дамбааг ярьж, Бүрэнгийнхээ барин­тагласан судар шиг өвгөдийн тухай хуучилж явсан билээ. Төв аймгийн Захиргаанд ажил­лан галлагаатай ганц өрөөнд амьдарч ахуйд нь нэг л өдөр Явуу гэрийнх нь бос­гоор алхсан түүхтэй. Тэр нь жаран зургаан оны зурга­дугаар сарын арван долоон гэж байгаа. “Сүрэнжав гэж тонтгор бөгстэй нэг юм анх манайд Явууг дагуулан ирж билээ” гэнэ. Ийм л дурсамж дурдат­галыг Цоодол найрагч давааг уруудаж явахад ярь­сан. Хажууханд 
ой зөөлхөн шуугиж, хараацай нисэлдэн ойн цоорхойд модон бай­шинтай бас ганц нэг гэртэй замын буудал үзэгдэж, уул­сын шанаа түүшинг дагаад сарлагийн сүрэг сүглийлдэнэ. Их-Уул сум руу ороод ирсэн нь энэ. 
Их-Уул бол аргагүй л сарлагийн орон. Идэрийн­хээ хөвөөг хаяалаад То­сон­цэн­гэлийн наахна байдаг суу­рин. Олон сайхан бөхчүүд төрсөн нутаг. Миний мэдэхийн Сэнгэ­дов­донгийн Лхагва начин энэ нутгийнх юм. “Азарга Лхагва” гэж үеийнх нь бөхчүүд хэлдэг. Жараад оны эхээр Бадам­доригийн Түвдэндорж авар­гаар улсын цолонд хүрсэн байх шүү. Азаргалж барилд­даг аатай л бөхчүүдийн нэг байжээ. Жүжигчин Дэмид­баатарын аав гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй байх. 
Азарга Лхагва начнаас гадна Гунгаа­самбуугийн Бат-Ам­галан гэж хөө­ний эр бий. Цагтаа бол цалгиж л явсан хүчтэнүүдийн нэг тэрээр өн­гөрсөн жил Тосонд очиход өөдөөс угтаад өнөө л бүдүүн хадуун хэрнээ наргиантайхан яриагаа дэвсэж цүл пал бай­сан. Энэ удаа харин сураг чимээ алга шүү. За тэгээд Өсөхөө аваргыг ид үед нь буюу 2007 онд тавын да­ваанд өвдөглүүлж улсын цо­лонд хүрсэн Бадамдорж, өн­гөр­сөн жил Мөнхбаатар арс­ланд тавын да­ваанд унасан ч өнөөх нь допингтой болж таараад “өсөх идэр” чимэг нэмсэн Жадамбаагийн Оргил гээд начингууд энэ л уулсын дунд өссөн байх жишээний.

Их-Уулын төвийн урдхан байх хуучин модон гүүрээр Идэр мөрнөө гаталж сумынх нь шатахуун түгээ­гүүрийн гадна ирийтэл зогслоо. Тэр­хэн зуурт нэг л мэдэх нь ээ, баахан хужаа мотоцикльтой залуу­чууд цуглачихсан, Уриан­­хай, Цоо­долыг таним­хайрч, Мэндээ захи­рал, Сэ­рээ, Бавуу нартай зургаа татуулж хоорондоо хөшил­дөц­гөөгөөд архайж дэрхийн хараг­дана. Тэндээс хөд­лө­хүйд Тосон­цэнгэлийн наах­на Хөвсгөлийнхөн хоёр фургон машиныхаа ааг амьс­гааг түр ч атугай дарж буй бололтой ногоон ширэг дээр сууцгааж байна. Идэрийн эх хэлнийхээ олимпиадыг зорьж яваа нь тэр. Хүүхдүүд нь зүл­гэн дээр наадан тоглоц­гоо­гоод жар­галтай. Нялх уна­ганууд голын зүлгэн дээр тоглодог шиг л. Хөвс­гөлийн­хөн шиг Говь-Алтайгаас, Ув­саас, Завханы бүхий л сумаас фургон, “жа­ран ес” хөлөг­лөсөн багш су­рагчид Идэрийн­хээ эх хэлний чуул­ганыг яг одоо зорьж яваа. Газар газрын шигшмэл хүл­гүүд нэг хэсэг эртний буурал Хар­хорумынхаа туурин дээр тоосоо өргөж байсан удаа­тай. Түүн шиг эх хэлний баярт оролцохоор баруун бү­сийн­хэн хаврын сүүл сард дуу шуутайхан уулзацгаадаг. Ийм л уламжлал тогтоод да­руй олон оныг үджээ. Жилээс жилд эх хэлний баяр өргөжиж, шандсаа сорьж буй “морьд”-ын тоо олшроод, Идэрийн хөвөөнд үнэндээ багтаж ядах бол­сон билээ. Хөвсгөлийнх­нийг Ойдовын Бадмаадорж бээр ах­лаад иржээ. Сүүлийн үед Ц.Оюун­гэрэл сайдтайгаа сүрхий сүжирч, Хамба гэгээ­нийхээ судар номыг авшиг­ласныхаа шидийг үзүүлэн, түүхийн дурсгалт бүтээ­лүү­дийг өвөртөө эрдэнийн хөө­рөг адил бөмбөрүүлж, 
лаа мэт гэрэлтэн буй тэрээр эх хэлний боловсрол, соё­лыг дэмжих “Үлэмж эгшиглэн” сангийн Удирдах зөвлөлийн ги­шүүн юм.

“Сайн цагийн мянган бур­хад”-ын нэгэн түүнийг төр засаг, түмэн олон ийн хүн­дэтгэж байхуйд суу­гуул нутаг Хөвсгөлийн Жаргалан­гийн удирдлагууд жигтэйхэн хар­даж сэрдэж шүүх цагдаа бол­сон гэдэг. Яагаав дээ, өнгөр­сөн хавар Бурхан багшийн шүд буюу амил­сан шүтээн пэлдэнг манайхан ёс төртэй­хэн залав даа. Тэр нь Бад­маа­дорж гэгээнтэнд хадгалаг­даж байсан. Засгийн хар ма­шинд сайд шиг сууж, саарал ордонд уригдаж хэдэн өдөр газар гишгэлгүй хүнд­лүүлээд Жаргаландаа очиход өм­нөөс нь хадагтай сүү бус дайзтай сум, буутай угтсан нь тэр. Гэвч үнэн гэдэг үнэнээрээ л байдаг хойно. Эл бүгдийг нь үнэлж түүнд “Үлэмж эгшиглэн” сан дээд шагнал болох “Үлэмж соёрхлоо” хүртээсэн билээ.

Бөхөн шарын нурууны ардхан тушаа, Идэрийнхээ хойхно шар цагаан шаргал эсгий дэлгэчихсэн мэт дэвсэг дээр Лутын Лхагважав багш тэргүүтэй эрхмүүд угтлаа. Бид Тосонгоор дайрч, Мэргэн толгойн шил дээр түр буу­дал­лаж, Тэл­мэний Хүрэн талаар давхиулсаар ирж буй нь энэ. Жилийн жилд яг л энэ газраа ингэж л идээ будааны дээд­тэй халуун дулаан сэтгэлээ дэвсэж угтдаг даа, Идэрийн­хэн минь. Лхагважав багш маань жил ирэх бүр л улам залуужаад байх шиг. Царай зүс тунгалагхан. Өнөө л ган­ган хүрэн бүрхээ духдуулж, шар торгон дээлээ хөөргөн бүсэл­сэн тэрээр Урианхай, Цоодолоо санасан гэж жиг­тэйхэн. Үдийн наран Бөхөн шарын сунайсан шаргал ну­руун дээгүүр хадаг шиг дэлгэг­дэж, Туна, Жаргалантын амаар адуу мал дэлхэн, го­лын урдтайх хоёр гэрээс шин­­гэн цэнхэр утаа эгц дээ­шээ олгойдно. Тэртээ дээр мөнгөрөн цавцайх Сэвжид­балбарынхаа зүг харахуйд эц­гийнхээ гэрт ирсэн мэт нэг л сайхан сэтгэгдэл төрөх нь юу билээ. Хоёр хутагтын минь нутаг ингэж л хөхрөн дуниарч байдаг даа. Тэнгэрт тэв­нийн чинээ үүлгүй гэдэг шиг Идэрийн гол нэг чиг мө­сөн жин­гэлэггүй хар хөх ал­маа­заар давал­гаалан мэл­мэрч байна. Энэхэн бөмбөрц­гийн хаанаас чиг юм Идэрийн голыг зорин хоёр сугаа хол­готол нисч 
ирсэн шувууд түмэн янзын чуулбар үүсгэн, жаргалтайн дэлгэрт умбанам.

Голын чимээ дэрлэн хэсэг­хээн сууж сум орон нутгийн удирд­лагууд, ургаа уулс ши­гээ тэлмүүхэн ах нартай яриа хөөрөө дэлгэ­чихээд оройн сэрүүнд Төрөө ахын хамтаар адуун дээр нь очлоо. Төв аймгийн Баянцагаан, зүүн­тээх Дорнод, Сүхбаатараас угшилтай үрээ морьдыг нь үзлээ. Эрмэг хүлэг эзнээ хараад магнайгаа тэнийтэл эвшээдгийг мэднэ. Гэхдээ бүгд л магнай тэнийн баярлахыг харах үнэндээ бахтай юм билээ. Юм гэдэг өөр л байдаг аж. Зүлгэчихсэн зандан шиг хүрэн азарга, Сандаг­дор­жийн оонон хар шиг нарийхан хар азаргууд шууд л нүднээ тусч байгаа юм. 
Ойртож ир­сэн үрээнхэн морьдыг хасч хөөгөөд л. Үе үехэн хүзүү дэвссэнээ, суман хоёр чих солбилзуулан ийш тийшээ сэрвэл­зээд л. Зандан хүрэн азарга на­рийн хоолойгоор цангинатал үүр­сэхэд Улаан хаданд үүрлэсэн шувууд дэр­хийн нисэлдэнэ. Адуу­чин за­луу Батмөнхийн мөрөн дээр нь суучихав уу гэлтэй болж­мор босон суун жиргэнэ. Идэр мөрний хөвөө ийм л зураг хөргөөр тодорч байлаа. Адууны дэргэдээс гол уруу­дан харахуйд буурал хоёр найрагч, Лхагважав багшийн хам­таар голын зүлгэн дээгүүр алхаж явна. Бүх л зүйл ер бусын санагдаж бай­гаа юм.

Үргэлжлэл бий

Н.ГАНТУЛГА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

ИРГЭД: Нохойноос айдаг ч хүүхэд рүү дайрвал заавал очиж тусална

Хүүхэд нохойд хазуулж буй бичлэг цахим орчинд нийтлэгдээд байгаа билээ. Нохой хүүхдийг гурван минут орчим зууж, хазсаны дараа паркий...

img

8 цагийн дараа

Д.Амарбаясгалан: Үндэсний үйлдвэрлэлээ л дэмжиж байвал бүтээгдэхүүн үнэтэй байсан ч яахав гэсэн үзлээр хандаж хэрхэвч болохгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн  хуралдаанаар гурилын гаалийн татварыг буцааж нэмэх асуудал яригдаж байна. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “С...

img

8 цагийн дараа

Кажа Каллас: АНУ өөрийн боломжийг ашиглахгүй байна

Европын Холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Каяа Каллас АНУ-ыг Украинд гал зогсоохын ...

img

7 цагийн дараа

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар улсад айлчлал хийнэ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто-гийн урилгаар 2025 оны 4 дүгээр сарын 24-...

img

7 цагийн дараа

Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард багтаан буцаан олгоно

Монгол Улсын иргэн анх удаа орон сууц худалдан авсан болон амьдрах зориулалттай байр барьсан бол 6 сая хүртэлх төгрөгийн хувь хүний ...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд