онцлох-нийтлэл
“Эрдэнэт” олсон мөнгө, зарсан төгрөгөө “Оюутолгой” шиг тайлагнадаг болмоор байна

ЦЭЦЭГМААГИЙН БААСАНСҮРЭН
2016 оны 2 сарын 03

1
“Оюу толгой” компани саяхан ажлаа тайлагналаа. Өнгөрсөн оны сүүлийн улирлын үйлдвэрлэлийн тайлангаас нь энэ компанийн олборлосон зэс, алтны хэмжээнээс эхлээд орц найрлагыг нь хүртэл харчихаж болох юм билээ. Ноднин жилийн дөрөвдүгээр улирлаас гадна уржнангийн сүүлчээс өнгөрсөн оны туршид уурхай руу ямар агуулгатай хүдэр орж, хэр орц найрлагатайгаар баяжмал болж гарч ирснийг, хэдийг нь зарж борлуулснаа хүртэл хүснэгт гаргаж байгаад жагсаасан нь хэнд ч ойлгогдохоор болж. Оюу толгой түрүү жил 202200 тонн зэс үйлдвэрлэжээ. “Туркойз хилл” уг нь 175000-195000 тонн зэс үйлдвэрлэнэ гэж төлөвлөж байж. Үйлдвэрлэсэн алтны хэмжээ нь 653000 унци. 600000-700000 унци алт үйлдвэрлэнэ гэсэндээ хүрчээ. Уурхайн олборлолт 19.3, боловсруулсан хүдрийн хэмжээ 23.9, баяжмалын үйлдвэрлэл 39.9, зэсийн үйлдвэрлэл 36.3, алтны үйлдвэрлэл 10.9 хувиар өссөн өөдрөг мэдээг Оюу толгойн тайлангаас харж болно. Өнгөрсөн оны сүүлийн улирлын хувьд үйлдвэрлэлийн гарцыг өмнөх улирлынхаас 8.5 хувиар нэмэгдүүлжээ. Үйлдвэрлэл эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн нь энэ гэнэ.
Ил уурхайн хоёр дахь шатны өндөр агуулгатай хүдрийг олборлож, олборлолтын хэмжээг нэмэгдүүлснээр алтны үйлдвэрлэл өмнөх улирлынхаас 68.3 хувиар нэмэгдсэн аж. “Оюу толгой” энэ жил 175000-195000 тонн зэс, 210000-260000 унци алт үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Өнөө жил үйлдвэрлэх алтны дийлэнх хэсгийг оны эхний хагаст үйлдвэрлэх нь. “Оюу толгой” компанийн гүний уурхайн санхүүжилт бүтсэн нь эдийн засгийн гэгээтэй ганц мэдээ болоод байгаа. Энэ хавраас гүний уурхайн бүтээн байгуулалт ид өрнөж, ам.долларын хөрөнгө оруулалтын урсгал эхэлнэ. ”Оюутолгой” тайландаа энэ талаар “4.4 тэрбум ам.долларын төслийн санхүүжилтийн багцад гарын үсэг зурсан нь “Туркойз Хилл”-ийн хувьд онцлох үйл явдал боллоо. ТЭЗҮ 2015-ыг дуусгах, хөрөнгө оруулалтын зардлын тооцоог шинэчлэх, далд уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай зөвшөөрлүүдийг авах ажил үргэлжилж байна. Эдгээр алхмуудыг 2016 оны нэгдүгээр улиралд багтаан дуусгаснаар 2016 оны хоёрдугаар улирлын эхээр “Туркойз хилл”, “Рио тинто”, “Оюу толгой” компанийн төлөөлөн удирдах зөвлөлүүд ажил эхлүүлэх зөвшөөрлийг албан ёсоор гаргах төлөвтэй байна” гэж онцолжээ. Тэгэхээр тун удахгүй их хэмжээний хөрөнгө оруулалт даллах гүний уурхайн бүтээн байгуулалт эрчимжих нь.
Ер нь “Оюу толгой” улирал тутам ажлаа ингэж тайлагнадаг. Цаг үеийн байдал ямар байгаа, юу хийхээр төлөвлөснөө хүртэл тайландаа онцлоод өгчихдөг. Өнгөрсөн оны сүүлийн улирлын тайлангаа гаргасныхаа дараахан шилдэг ханган нийлүүлэгчээ тодруулаад авсан. Жил бүр тэмдэглэдэг арга хэмжээ л дээ. Хүсвэл хэн ч “Оюу толгой”-д ямар компани юу зарж борлуулдгийг энэ арга хэмжээн дээр ирээд мэдэх боломжтой. “Оюу толгой” компани өнгөрсөн онд 989 ханган нийлүүлэгчтэй ажилласны 60 гаруй хувь нь үндэсний ханган нийлүүлэгчид байж. Өнгөрсөн жил дотоодын худалдан авалтын хэмжээ үйл ажиллагааны нийт зардлын 80 хувь болсон юм билээ. Шилдэг ханган нийлүүлэгчдээ шалгаруулах үеэрээ Өмнөговийн хэмжээнд хийсэн худалдан авалтын дүн 2010 онд 0.5 сая ам.доллар байсан бол 2015 оны эцсийн дүнгээр 66 сая ам.долларт хүрсэн гэж ирээд ханган нийлүүлэлтийнхээ байдлыг танилцуулах жишээний. Гүний уурхайн санхүүжилт бүтсэн болохоор “Оюутолгой”-д ханган нийлүүлэлт хийх компаниудын тоо өсөх нь ойлгомжтой. Олон компани “Оюу толгой”-той гэрээ байгуулах бэлтгэлээ хийгээд эхэлсэн байх. 4.4 тэрбум ам.долларын санхүүжилт бүтсэний дараа “Оюу толгой”- гоос ханган нийлүүлэгчдийн форум гэж зохион байгуулаад ямар үйлчилгээ, бараа худалдаж авахаа нээлттэй зарлачихсан учраас энэ аварга төсөлд ханган нийлүүлэлт хийх сонирхолтой компаниуд бизнес төлөвлөгөөгөө гаргачихсан гэдэгт эргэлзэх зүйл алга. Худалдаж авах бараа бүтээгдэхүүндээ ямар шалгуур тавихаас эхлээд бизнес эрхлэгчдийн сонирхдог бүх л асуултын хариуг форумын үеэр авчихаж болохоор байсан.
“Оюутолгой”-той харьцуулж ярьдаг ганц уурхай бол Эрдэнэт. Гэхдээ уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр “Оюу толгой” шиг ийм ил тод биш. Уг нь улирал бүр тайлангаа гаргаж, хэнээс юу авахаа хэвлэлээр мэдээлж, хэдийг олж хэчнээнийг нь яг юунд зарснаа нууж хаалгүй тайлагнах учиртай газар. Учир нь Эрдэнэтийн хувь эзэмшигч хоёр талын нэг нь Монгол Улс. “Эрдэнэт”-ийн зэс молибденийг зарж олсон мөнгө, татвар энэ тэр нь Монголын төсөвт ордог. Тэр утгаараа энэ том үйлдвэрийн хөшигний цаана юу өрнөж байгааг монголчууд мэддэг байх учиртай. Гэтэл өнөөг хүртэл ”Эрдэнэт”-ийн хөшиг хаалттай байгаа. “Эрдэнэт”-д үе, үеийн засгийн эрх баригчид бараа бүтээгдэхүүнээ шахаж, эрх барьж буй цөөхөн хүмүүсийн бизнес болсоор ирсэн гэж мэдрэгддэг нь нууц биш. Ямар сайндаа л “Эрдэнэт” үйлдвэрийн агуулахаас хэдэн мянган бэлгэвч гарч ирж шуугиан болохов. Юу худалдаж авахаа тухай бүрт нь хэвлэлээр мэдээлж, шалгаруулалтаа ил тод зарладаг учраас “Оюу толгой”-д бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зарах хүсэлтэй компаниудад танил талаа ашиглаж мэдээлэл хайж гүйх шаардлага гардаггүй. Гэтэл ”Эрдэнэт” тодорхойгүй. Шуудхан хэлэхэд “Эрдэнэт”-ийн ханган нийлүүлэгчид “Оюу толгой”-нх шиг бизнесийн зарчмаараа чадлаараа шалгарсан жирийн компаниуд биш. Том дарга нар л ханган нийлүүлэгчид нь болчихдог. “Эрдэнэт” үйлдвэрт юу хэрэгтэй, яах ийх нь тэдэнд хамаагүй. Өөрсдийнх нь ашиг л эн тэргүүнд тавигдсаар ирснийг өнгөрсөн жилүүдийн элдэв шуугиан хэлээд өгнө. Одоо ч ялгаагүй, хөшигний ард далд наймаа хийгдсээр байгаа. Сүүлийн үед зэсийн үнэ навс унасан болохоор ийм дэмий зардал нь бага ч гэсэн танагдаж байгаа болов уу. “Эрдэнэт”-ийн удирдлагууд зардлаа хэмнэсэн талаараа мэдээлэх болсон. Хямралын үеэр ажиглагдаж байгаа “давуу” тал л даа. Ингээд зогсохгүй ирэх өдрүүдэд хэчнээн хэмжээний зэс молибден үйлдвэрлэж, хэдийг нь зарж хэдэн ам.доллар болгосноо Оюу толгой шиг ил тод тайлагнадаг болмоор байгаа юм. Компаниудаас ямар үйлчилгээ авахаа ил тод зарлаж, шилдэг ханган нийлүүлэгчдээ зарлаж яагаад болохгүй гэж. Тэгвэл хөшигний ард дэмий наймаа явагдаж улсын мөнгө хэрэггүй зүйлд урсахгүй.
“Оюу толгой”-н хувьцаа эзэмшигчийн нэг нь Монгол Улс. “Эрдэнэт”-ийн хувь эзэмшигчийн нөгөө тал нь ч Монгол Улс. Тэгэхээр ил тод байдлаараа “Оюу толгой” шиг байхаас аргагүй газар.





Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц болон уг конвенцийн Хорооны тухай сэдвээр уулзалт-хэлэлцүүлэг үргэлжиллээ
Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ) хамтран зохион байгуулж байгаа Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын хү...
8 цагийн дараа
АН-ын бүлэг: Нийгммйн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 100 хувь дэмжлээ
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлаар УИХ-ын гишүүн Б.Түвшин нарын 41 гишүүний өргөн барьсан Нийгммйн даатгалын ерөнхий хуульд нэ...
8 цагийн дараа
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 84 гомдол, мэдээллийг хянан шалгав
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны зургаадугаар сарын 16-20-ны өдрүүдэд нийтийн албанд томи...
7 цагийн дараа
МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг: Би өөрийнхөө цаг үед өөрийнхөөрөө хийж бүтээж яваа
МҮОХ-ны дөрвөн давхрын коридориор цэмцгэр өндөр залуу “За та намайг их хүлээсэн үү” хэмээн шуурхай алхсаар орж ирсэн нь Б.Баттүшиг. ...
7 цагийн дараа
“Камертон” хамтлагийн 30 жилийн ойн тоглолтын хэвлэлийн бага хурал маргааш болно
“Камертон” хамтлаг 30 жилийн ойн тоглолтынхоо хэвлэлийн бага хурлыг өдөрлөг хэлбэрээр зохион байгуулах гэж байна. “...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд