Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 23

Валютын ханш

value

мэдээ

Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц болон уг конвенцийн Хорооны тухай сэдвээр уулзалт-хэлэлцүүлэг үргэлжиллээ

trend

Админ

img

2025 оны 6 сарын 23

img

28

news-img

Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ) хамтран зохион байгуулж байгаа Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын хүний эрхийн механизмуудад парламентын оролцоог бэхжүүлэх асуудлаарх уулзалт-хэлэлцүүлгийн хоёрдугаар хэсэг Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц болон уг конвенцийн Хорооны тухай сэдвээр үргэлжиллээ.

Энэ хэсэгт НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн хорооны ерөнхийлөгч болон гишүүн асан, ОУПХ-ны тус конвенцийн асуудлаарх шинжээч, Бүгд Найрамдах Гана Улсын Хуулийн хүрээлэнгийн ректор, хатагтай Хилари Гбедемах уг конвенц, түүний Хороо, нэмэлт Протоколын тухай танилцуулга хийлээ. Энэхүү конвенцийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1979 онд баталсан бөгөөд 1981 оны есдүгээр сард 20 дахь улс соёрхон баталснаар хүчин төгөлдөр болжээ. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн тухай хууль гэж тооцогддог уг конвенцид эмэгтэйчүүдийн эсрэг ялгаварлан гадуурхалтын бүхий л хэлбэрийг тодорхойлж, тэдгээрийг таслан зогсоох үндэсний арга хэмжээний хөтөлбөрийг тусгасан байдаг юм.

Конвенцоор эмэгтэйчүүдийг сонгох, сонгогдох зэргээр улс төр, олон нийтийн амьдралд оролцох хүртээмжтэй тэгш боломжоор хангагдаж, боловсрол, эрүүл мэнд болон ажил эрхлэх харилцаанд эрэгтэйчүүдтэй эрх тэгш байх үндэс суурийг тогтоодог бөгөөд тэдний бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд өртөхгүй байх, нөхөн үржихүйн эрхийг баталгаажуулж, гэр бүлийн харилцаа, жендэрийн үүргийг ард түмнүүдийн соёл, уламжлалын онцлогт нь уялдуулан авч үзсэн хүний ​​эрхийн гэрээ гэж хүлээн зөвшөөрөгддөг байна.

Манай улс тус конвенцид 1981 онд нэгдэн орсон бөгөөд конвенцид нэгдэн орсон улс орнууд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш эрхийг эрх зүйн тогтолцоондоо тусгах, эмэгтэйчүүдийг алагчилсан хууль, тогтоомжийг халж, дахин ийм хууль батлахыг хориглох, энэ асуудлаар дагнасан шүүх, төрийн байгууллага байгуулах, ялгаварлан гадуурхалтыг бодитойгоор арилгах үүрэг хүлээж, энэ талаар авсан арга хэмжээний талаарх үндэсний тайлангаа дөрвөн жил тутам тус конвенцийн Хороонд хүргүүлэн хэлэлцүүлж байх учиртайг хатагтай Хилари Гбедемах танилцуулгадаа дурдав.

Конвенцийн хэрэгжилт, ахиц дэвшилд хяналт тавих чиг үүрэгтэй бие даасан шинжээчдийн байгууллага болох Хороо нь дэлхийн өнцөг булан бүрээс сонгогдсон, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар мэргэжсэн 23 шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг. Тус Хорооны шинжээчдийн бүрэлдэхүүнд манай улсаас Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Л.Идэр 1982-1987 онд ажиллаж байсан бөгөөд 1985 оны Хорооны даргаар томилогдож байсан юм.

Улс орнуудын үндэсний тайланг Хорооны шинжээч нар авч хэлэлцээд, анхаарал хандуулан шаардлагатай гэж үзсэн асуудлуудаар зөвлөмж гаргадаг бөгөөд 2022 оны зургадугаар сард хэлэлцүүлсэн манай улсын ээлжит 10 дугаар тайланд 22 үйл ажиллагааны чиглэлээр 93 төрлийн зөвлөмж өгсөн байна. 2000 онд хүчин төгөлдөр болсон нэмэлт Протоколын хүрээнд тус Хороо харилцааны болон хяналт шалгалтын журмуудыг хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр нь тодорхой шалгуур үзүүлэлтэд үндэслэн явуулдаг хагас шүүхийн шинжтэй хариуцлагын механизм болохыг тэрбээр танилцуулгадаа онцолсон юм.

Уулзалт-хэлэлцүүлгийн хоёрдугаар хэсэгт Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан дээрх 10 дугаар тайлангийн зөвлөмжийн хэрэгжилтийн талаар танилцуулав. Манай улсын ээлжит 10 дугаар тайланд Засгийн газраас эмэгтэйчүүдийн эрх, хамгаалал, хөгжил, ялангуяа нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлснийг дурдаж, мөн жендэрийн тэгш байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хяналт тавьж ажиллах үндэсний болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх салбар дундын тогтолцоог бүрдүүлсэн талаар онцлон, тодорхой үр дүн гарсныг тэмдэглэсэн байна. Харин жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмолжуулах, ялангуяа охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах, эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх, ажлын байран дээрх эрх болон ажил, амьдралын тэнцвэрийг хангах зэрэг асуудалд илүү анхаарч ажиллах шаардлагатайг онцолжээ.

Үндэсний ээлжит 10 дугаар тайланг хүргүүлснээс хойшхи хугацаанд нийслэлд Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүх байгуулагдсан, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулга, Гэр бүлийг дэмжих тухай, Саадгүй байдал хүртээмжийн тухай, Дохионы хэлний тухай зэрэг 10 гаруй хуулийг боловсруулж байгаа, 2024 онд болсон Улсын Их Хурлын ээлжит сонгуульд улс төрийн намуудаас нийт 1341 хүн нэр дэвшсэний дотор 537 эмэгтэй байсны 32 сонгогдож, гурав нь Засгийн газрын гишүүн, сайдаар давхар ажиллаж байгаа зэрэг ахиц дэвшил гарч буйг Байнгын хорооны дарга илтгэлдээ дурдав. Үүний үр дүнд манай улс ОУПХ-ноос гаргадаг “Парламент дахь эмэгтэйчүүд” үзүүлэлтээр 34 байр урагшилж, 96-д эрэмбэлэгдэх болзол хангаад байгааг тэрбээр онцолсон юм. Мөн жендэрийн мэдрэмжтэй сургагч багш, мэргэжилтнүүдийг бэлтгэх тогтолцоо сайжирч, төрийн албан хаагчдыг жендэрийн мэдрэмжтэй болгох сургалт тогтмолжин, төрийн байгууллагууд жендэрийн асуудал хариуцсан нэгж, албан тушаалтантай болсон, Хүүхэд хамгааллын тухай хуулийг 2024 онд шинэчлэн найруулж батлан, тус хуулийн хүрээнд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх болон уг үйлчилгээг үзүүлэх салбар дундын хамтарсан баг байгуулж, ажиллах журмууд, түр хамгаалах байрны стандарт боловсруулж батлах ажлууд хийгдэж байгаа, Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг Жендэрийн зөрүүтэй байдлын тайланд Монгол Улс 2025 онд өмнөх оноос 20 байр ахиж, 65 дугаарт эрэмбэлэгдсэн зэрэг ахиц дэвшлийг нэрлэсэн юм. Цаашид эмэгтэйчүүдийн талаарх судалгаа, статистик мэдээллийг нарийвчлан гаргах, тэдний өмчийн эрхийг баталгаажуулахад анхаарч ажиллах шаардлагатайг тэрбээр онцоллоо.

Байнгын хорооны дарга Л.Энхнасангийн илтгэлтэй холбогдуулан уулзалт-хэлэлцүүлэгт оролцогч Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн ажилтан Ц.Мөнхтуяа, Сэтгэлзүйн мэдрэмж ТББ-ын захирал Ч.Сэмжидмаа нар конвенцийн хэрэгжилтийг хангах хүрээнд 2007 онд батлагдсан 126 заалт бүхий ажлын ерөнхий төлөвлөгөө, түүний хэрэгжилт, мөн өсвөр насны охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар асуулт асууж, дэлгэрэнгүй хариулт авлаа. Уулзалт-хэлэлцүүлэг үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Их эмч С.Батсүх: Өвдөгний гэмтэл ихэсч байгааг үгүйсгэхгүй

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төвийн Спортын гэмтлийн тасгийн эрхлэгч С.Батсүхтэй уулзаж ярилцлаа. -Монголы...

img

6 цагийн дараа

Ж.Золжаргал: Засгийн газрын ажиллагаа буруу явбал солихоос айх шаардлагагүй

Энэ удаагийн “Speak out” булангаараа УИХ-ын гишүүдийн шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн дээрх байр суурь хийгээд яма...

img

6 цагийн дараа

Сонсголонгийн гүүрний орчимд хүүхэд голын усанд осолдож амиа алдлаа

2025 оны зургаадугаар сарын 23-ны 17:00 цагийн байдлаар нийслэлийн Шуурхай штабт үер усны холбогдолтой дуудлага мэдээлэл бүртгэгдээг...

img

6 цагийн дараа

Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Нийслэлийн Онцгой комиссын II хурал өнөөдөр болж, улаанбурхан өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Улаанбаатар хоты...

img

6 цагийн дараа

Зүүн 4 замын уулзвараас Офицеруудын ордны тойрог хүртэлх замын урд хэсгийн 2.3 км явган замыг шинэчилж байна

Зүүн 4 замын уулзвараас Офицеруудын ордны тойрог хүртэлх замын урд хэсгийн 2.3 км явган замыг шинэчлэх ажил үргэлжилж байна. Энэхүү ...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд