мэдээ
Их эмч С.Батсүх: Өвдөгний гэмтэл ихэсч байгааг үгүйсгэхгүй

Админ
2025 оны 6 сарын 23

77

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төвийн Спортын гэмтлийн тасгийн эрхлэгч С.Батсүхтэй уулзаж ярилцлаа.
-Монголынхоо нэрийг дэлхийд гаргаж байгаа тамирчдаас эхлээд нийт монголчуудын дунд хамгийн түгээмэл байдаг гэмтэл нь өвдөгний гэмтэл гэж ойлгодог. Сүүлийн үед энэ төрлийн гэмтэл ихэсч байна уу?
-Сүүлийн үед спортоор хичээллэнэ гэдэг эрүүл амьдрах хэв маягийн салшгүй нэг хэсэг болчихлоо. Өөрөөр хэлбэл, амьдралын нэг салшгүй хэсэг болж, эрүүл амьдрах аргын хамгийн зөв хэлбэр боллоо гэсэн үг. Үүнийгээ дагаад өвдөгний гэмтэл ихэсч байгааг үгүйсгэхгүй. Ялангуяа спортынхонд илүү ажиглагдаж байна. Тулааны спорт биш л бол барилдаж байгаад шууд гар хөлийг нь хугалчихгүй л дээ. Биеийн хүчний үйлдэл, мушгих эргэх зэргээс ихэвчлэн зөөлөн эдийн гэмтэл, үе хоорондын суналт, шөрмөсний урагдал элбэг тохиолддог болчихсон. Бидний харж байгаагаар сүүлийн жилүүдэд хагалгааны тоо улам ихэсч байна. Гэмтэл ч ихэсч байна. Жишээлбэл, манай амбулаторийн үзлэг гэхэд 10-15 хоногийн дараалалтай байх жишээтэй. Тэгэхээр ихсэх хандлагатай л гэсэн үг.
-Эрүүл аж төрөхийн тулд хүмүүс их анхаардаг болсон нь сайн хэрэг. Урьд байгаагүйгээр явган аялал хөгжиж байна. Нийслэлээ тойрсон дөрвөн ууландаа их алхдаг болж. Гол нь зөв алхах хэрэгтэй болов уу. Мэргэжлийн хүний хувьд Та үүн дээр юу хэлэх вэ?
-Гэмтлийг дээрээс нь доош нь ангилбал, ууланд алхалтын спорт түгээмэл биш, ховор гэмтэл авдаг зүйл л дээ. Тухайлбал, гэмтэл авсан 10 хүн ирэхэд 8 нь сагсан бөмбөг, нэг нь бөх барилдах гэж байхад үлдсэн нь ууланд явж байгаад хий гишгэсэн байх жишээтэй. Ууланд алхаж байгаа тухайд гэмтэл нь юунаас болж байна гээд механизмыг нь судлахаар буухдаа хий гишгэх, эсвэл чулуун дээр гишгэмэгц гулгалт үүсээд тэр нь доошоо нурах зэргээс үүдэлтэй байдаг. Үүнтэй холбоотой өвдөгний бэртэл гэмтэл үүсдэг. Ялангуяа хий гишгэлт илүү байна уу гэж хараад байгаа юм. Үүнтэй холбоотой жийргэвч мөгөөрсний гэмтэл оношлогддог. Энэ нь яваандаа мэс засалд орох шаардлага гардаг. Зарим нь харьцангуй гайгүй өнгөрөх нь ч бий.
-Монголчуудын дунд өвдөгний асуудал их түгээмэл юм. Яагаа ч үгүй эрт, 50 нас гараад л хөлний өвчин тэр тусмаа өвдөгний асуудал яригдаж, улмаар үе солиулах дээрээ тулах юм. Ийм төрлийн хагалгаа хэр баталгаатай байдаг юм бол?
-Юуны өмнө наслалттай холбоотой. Хүнийг хараад төд орчим насных гэж дүгнэдэг шиг, зургийг нь үзээд “За, энэ бол ийм хэмжээний өөрчлөлтөд орсон өвдөг байна” гэж харах боломжтой. Элэгдэл хорогдлыг нь дүгнэнэ гэсэн үг шүү дээ.
Өвдөгний протезны хувьд тусгай шинжлэх ухаан. Гэхдээ дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн үе солих хагалгаа бол хамгийн түрүүнд бус хамгийн сүүлд хийгддэг мэс засал. Энэ мэс заслыг яг заалт гарсан тэр үед нь л хийдэг. Түүнээс бус түрүүлээд юм уу, аль эсвэл дунд шатандаа явж байгаа, арай гайгүй үед нь хийж болдоггүй.
Хийхийн тулд ганц нэг зураг аваад шийдчихдэг зүйл биш. Тэр хүнийхээ амьдралыг судлах шаардлагатай. Тэр нь юу гэхээр шөнө өвдөж байна уу, шатаар өгсөхөд, эсвэл уруудахад өвдөж байна уу, өвдөлтийг 1-8 баллаар дүгнэх юм бол тухайн хүнд хэдэн балл байна, зүгээр байхад өвдөөд байна уу, дээрээс нь хэдэн км яваад өвдөж байна вэ гэдгийг нарийн судалж байж энэ хагалгааг тохиромжтой гэж үзсэн тохиолдолд хийдэг.
-Эмч хүний хувьд энэ төрлийн гэмтэл их байна гэж ажигласан тохиолдол танд бий юу?
-Байлгүй яахав. Бусад орныг бодвол манайд харьцангуй өндөр гэж дүгнэдэг. Манайхан чинь нэг талаараа спортлог биш хүмүүс шүү дээ. Булчин шөрмөсийн хувьд гадны орныхонтой харьцуулахаар сайн гэж би хэлэхгүй. Үүнтэй холбоотой үений өөрчлөлтүүд монголчуудад их гардаг. Хооллолт, биеийн жин, амьдралын хэв маяг, дасгал хөдөлгөөн хэр хийж байна гээд олон төрлийн нөлөөллүүд байна.
-Мөн шагайн гэмтэл их байдаг. Эвгүй гишгээд шагайгаа мулталчих юм уу, таксинаас буухдаа харалгүйгээр бродюр гишгээд шагайгаа хугалчихдаг ч юм уу. Энэ бүхэн юутай холбоотой вэ?
-Ерөнхийдөө шагайн гэмтэл элбэг тохиолддог. Сүүлийн үеийн судалгаанаас харахад спортынхон дунд шагайн булгарал маш их болсон. Эхний булгаралт өвдөлт ихтэй. Шөрмөс хоорондын суналттай болохоор тамирчиндаа өвдөлт ихтэй, хавагнал ихтэй, тэр хэрээрээ хүнд хэлбэрээр тохиолддог. Харин хоёр, гурав дахь гишгэлтээсээ өвчин нь хөнгөрч эхэлдэг.
-Яагаад?
-Сорвижилт явагдаад булчин шөрмөс суларчихдаг учраас тэр хэсэгтээ урагдах юмгүй болчихсон хэрэг. Мэдээж өвдөнө, гэхдээ 2-3 хоногоос буцаад хэвэндээ орчихдог.
-Хөл гэдэг яалт ч үгүй хүний тулгуур эрхтэн. Ер нь хүн үе мөчөө яаж хамгаалах ёстой юм бэ?
-Хүн хөл, үе мөчөө яаж хамгаалах ёстой вэ гэхээр эхлээд спортын хүн бол хамгаалалтын хэрэгслээ зайлшгүй өмсөж зүүх хэрэгтэй. Зөв хамгаалалтын наалтууд хэрэглэх ёстой. Ингэснээр аливаа гэмтлээс маш өндөр хувьтай хамгаалж чаддаг.
Жирийн хүний хувьд спортоор зөв хичээллэх, биеийн жин хэвийн, хооллолт зөв байх учиртай. Дасгал сургуулилт хийж байгаа талбайгаас эхлээд хийж байгаа дасгал нь техникийн дагуу зөв байх ёстой. Дээр нь спортоор хичээллэж байгаа бол хамгаалалтын хэрэгсэл хэрэглэх нь зөв.
Н.САРАНЧИМЭГ





Их эмч С.Батсүх: Өвдөгний гэмтэл ихэсч байгааг үгүйсгэхгүй
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төвийн Спортын гэмтлийн тасгийн эрхлэгч С.Батсүхтэй уулзаж ярилцлаа. -Монголы...
10 минутын өмнө
Ж.Золжаргал: Засгийн газрын ажиллагаа буруу явбал солихоос айх шаардлагагүй
Энэ удаагийн “Speak out” булангаараа УИХ-ын гишүүдийн шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн дээрх байр суурь хийгээд яма...
14 минутын өмнө
Сонсголонгийн гүүрний орчимд хүүхэд голын усанд осолдож амиа алдлаа
2025 оны зургаадугаар сарын 23-ны 17:00 цагийн байдлаар нийслэлийн Шуурхай штабт үер усны холбогдолтой дуудлага мэдээлэл бүртгэгдээг...
15 минутын өмнө
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Нийслэлийн Онцгой комиссын II хурал өнөөдөр болж, улаанбурхан өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Улаанбаатар хоты...
1 цагийн өмнө
Зүүн 4 замын уулзвараас Офицеруудын ордны тойрог хүртэлх замын урд хэсгийн 2.3 км явган замыг шинэчилж байна
Зүүн 4 замын уулзвараас Офицеруудын ордны тойрог хүртэлх замын урд хэсгийн 2.3 км явган замыг шинэчлэх ажил үргэлжилж байна. Энэхүү ...
1 цагийн өмнө
Сэтгэгдлүүд