редакцийн-нийтлэл
Монголчууд Филлипин рүү 30 хоног визгүй зорчих эрхтэй болжээ

ЦЭЦЭГМААГИЙН БААСАНСҮРЭН
2013 оны 8 сарын 21

Бүгд найрамдах Филиппин Улсаас Монгол Улсад суугаа
Өргөмжит консул Л.Сэлэнгэтэй ярилцлаа.
-Манай улсын ажиллах хүч авч байгаа орны нэг бол Филиппин. Филиппинээс манайд хэчнээн хүн
ажиллаж байгаа вэ?
-Монголын эдийн засаг өсч, хөгжиж байгаа энэ үед
гаднаас ажиллах хүч авах шаардлага аяндаа гарч ирж байна. Хамгийн сүүлийн албан
ёсны судалгаагаар 300 гаруй ажиллах хүч Филиппинээс ирж ажиллаж байгаа. Ихэнх
нь уул уурхайн салбарт ажиллаж байна. Монголд ажиллахдаа хууль дүрмийнхээ дагуу
гэрээ хийсэн тохиолдолд тухайн хүний цалин хөлснөөс эхлээд бусад бүх асуудал хуулийнхаа
дагуу шийдэгдээд явна.
-Монгол иргэд Филиппинээс гэрийн үйлчлэгч их
авдаг болсон. Гэтэл сүүлийн үед цахилгаан зуух ч ажиллуулж чадахгүй хүмүүс их ирж
байна гэсэн гомдол гарч байгаа гэж дуулдсан. Манайхан сайн үйлчлэгч сонгож чадахгүй
байна уу, эсвэл цаанаасаа тийм хүн ирүүлээд байна уу?
-Таны ярьж байгаа асуудал хоёр талтай. Нэг талаас
манай зарим иргэд энэ асуудал дээр хариуцлагагүй хандаж байна. Монгол Улс бол
филиппинчүүдэд хөдөлмөрийн шинэ зах зээл учраас зайлшгүй мэдэх шаардлагатай зүйлс
аль аль талдаа бий. Хууль журмын дагуу баримт бичгээ бүрдүүлээд Филлипин улсын албан
ёсны зуучлах агентлагт хандах хэрэгтэй. Тэгээгүйгээс болж хүний эрх зөрчихөөс эхлээд
хоёр улсын харилцааны асуудал ч болох магадлалтай. Тэгэхээр бүх зүйлийг хуулийн
дагуу хийх учиртай. Энд нэг алдаа бол манайхан гэрийн үйлчлэгч авахдаа их яардаг.
Аль болох хурдан, богино хугацаанд үйлчлэгч авах гэдгээс болж аль аль талдаа хохирох
асуудал гардаг. Албан ёсны байгууллагад хандалгүй шууд л хувиараа хүн олж авчрах
тохиолдол байна. Хувиараа гэдэг нь зүгээр л хувь хүнээр дамжуулж буюу интернэтээс
хувь хүнийг олж авахыг хэлж байна. Эдгээр олдсон хүмүүс тодорхой ажлын дадлага туршлагатай
юу, аль эсвэл гудамжнаас олдсон уу гэдгийг ажиллуулах гэж байгаа хүмүүс мэдэхгүй
шүү дээ. Уг нь яаж ч бодсон хүний хамгийн нандин зүйл бол гэр бүл, үр хүүхэд. Тийм
нандин зүйлдээ гудамжнаас ямар ч баталгаагүй, буух эзэн, буцах хаяггүй хүн авчрах
нь тухайн хүнд эрүүл мэндийн болон амь насных нь хувьд эрсдэл авчрах өндөр магадалтай.
Магадгүй тэр хүн сэтгэл мэдрэлийн өвчтэй байвал яах вэ гэдэг том асуудал бий. Хүүхдэд
нь өвчин халдаахаас эхлээд эрсдэл үүснэ. Ямар нэг эрсдэлгүйгээр гэрийн үйлчлэгч
авъя гэвэл албан ёсны лицензтэй Филиппин улсын зуучлах байгууллагад хандах
хэрэгтэй. Манай консулын газар ч ийм бодлогыг барьж ажиллаж байгаа. Албан ёсны агентлагтай
гэрээ байгуулаад ажиллах хүч авах нь олон давуу талтай. Хууль ёсоор ажиллах хүч авахын тулд эхлээд албан ёсны эрхтэй газарт нь хандана. Тэгээд
өөрийн зүгээс тавьж байгаа шаардлагуудаа явуулна. Тухайлбал хоол сайн хийдэг, хоёроос
гурван насны хүүхэд асарч байсан туршлагатай гэх мэт тавих бүх л шаардлагаа явуулна.
Цаад газар нь яг тэр шаардлагад нийцсэн хүн санал болгодог. Гэрээний дагуу ирсэн
хүн таны таалалд нийцэхгүй тохиолдолд дахиж хандаад өөр хүнээр солиулах боломжтой.
-Санал болгосон хүнийх нь материалтай танилцаад
сэтгэлд нь хүрэхгүй бол ирэхээс нь өмнө өөр хүнээр солих боломж байдаг уу?
-Цаад газраас ирүүлсэн танилцуулах материалуудаас
сонгоно. Дараа нь сонгосон хүнтэйгээ интернетээр
ярилцлага хийнэ. Гадаад төрх нь ямар байна, асуултанд чинь яаж хариулж байгааг
нь хараад таалагдсан бол ажилчнаар авах саналаа хэлнэ. Таалагдаагүй бол дахиад сонголт
хийх боломж нээлттэй.
-Яг одоо манайд албан ёсны гэрээгээр хэчнээн гэрийн
үйлчлэгч ажиллаж байгаа вэ?
-Өнөөдрийн байдлаар 40-50 гэрийн үйлчлэгч албан
ёсны гэрээтэй ирээд аль аль талдаа сэтгэл хангалуун ажиллаж байна.
-Монголчуудын хувьд гудамжнаас хүн авчраад байдаг
нь мэдээлэл дутмагаас болдог юм болов уу?
-Мэдээллийг интернет рүү ороод харахад л авчихаж
болно. Гадаад руу ажиллах хүч илгээх асуудлыг эрхэлдэг Филиппиний Засгийн газрын
агентлаг гэж байдаг (Philippine Overseas Employment Administration буюу POEA www.poea.gov.ph.)
Энэ вэб хуудас дээр тодорхой мэдээллүүд байгаа, мэргэжлийн ажилтан авахаас
эхлээд гэрийн үйлчлэгч зуучилдаг агентлагийн жагсаалт ч байгаа. Миний бодлоор зарим
нь мэдэхгүй байхад зарим нь хүсэхгүйдээ л байгаа байх. Энэ бол аль болох хурдан
хугацаанд ажиллах хүч авах хүслээс л үүддэг болов уу.
-Гэрийн үйлчлэгч авах хүсэлтэй байгаа ч хэнд хандахаа
мэдэхгүй хүмүүс байж мэдэх юм. Энэ хүмүүс хаашаа хандах ёстой вэ?
-Тодруулах зүйл байвал манай консулын газрын philconmongolia@gmail.com хаяг руу мэйл бичиж болно.
-Гэрээгээр гэрийн үйлчлэгч авч байгаа хүний нууцыг
хадгалах үүргийг цаад байгууллага нь хүлээдэг үү. Манайхан энэ талын хувийн мэдээллээ
нууцлах сонирхолтой байдаг шүү дээ?
-Гэрийн үйлчлэгч авна гэдэг их нарийн процесс.
Агентлагаар дамжуулсан тохиолдолд нууц хадгалах гэрээ хийгддэг. Нөгөө талаасаа
гэрийн үйлчлэгчээр ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэнд болон нийгмийн даатгалын
асуудлыг ч шийдээд өгдөг. Филиппин улс 90 гаруй сая хүн амтай, тэдгээрийн 10 хувь
болох ажиллах хүчийг дэлхийн таван тивд гаргадаг
туршлагатай орон. Тэр утгаараа эрх зүйн тогтолцоо нь маш ойлгомжтой. Монголд ажиллах
хүч дөнгөж нийлүүлж эхэлж байгаа болохоор хууль бус асуудлууд бас гарч байна.
-Хууль бусаар ажилладаг хүмүүс хэр байгаа бол.
Хууль бусаар ажиллуулж байгаа хүнийхээ цалинг өгдөггүй, бичиг баримтыг нь хураагаад
авчихдаг гээд асуудал гардаг гэсэн. Энэ тал дээр гомдол санал ирж байгаа юу?
-Хууль бусаар цөөн тооны хүмүүс ажиллаж байгаа.
Энэ тал дээр бид Монголын хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Гэрийн үйлчлэгчээр ямар нэг улсын иргэнийг
авчирчихаад боолчлох, эрхийг нь боомилох, биед нь халдаж доромжлох, хүний ёсонд байхгүй үйлдлээр харьцаж
болохгүй л дээ. Энэ тохиолдолд хоёр улсын иргэний эрхийн асуудал яригдана. Бид
Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газартай хамтарч нэг сарын бүртгэлийн аян
зарлалаа. Хууль бусаар ажиллаж буй гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч байвал ил гарч
бүртгүүлнэ үү гэсэн агуулгаар зарласан аян л даа. Аян зарласны хүчинд нэлээд хүн
ирж бүртгүүллээ. Ажил олгогч нар нь тодорхой хэмжээний торгууль төлөөд хуулийн дагуу
хариуцлага хүлээсэн. Ингэснээр бүх зүйлийг тодорхой болгочихоор цаашдаа хуулийн
дагуу ажиллахад аль аль талдаа боломжтой болчихож байгаа юм. Эрх зөрчигдөх асуудал
ч тэр хэрээр багасна. Хууль бусаар гэрийн үйлчлэгч оруулж ирсэн хүмүүсийн талаар
хууль сахиулах байгууллагууд мэдээлэлтэй байдаг юм байна лээ.
-Гэрийн үйлчлэгч, уул уурхайн салбараас гадна
өөр ямар чиглэлээр филиппинчүүд манайд ажиллаж байгаа вэ?
-Статистик мэдээг харахад хамгийн олноороо ажиллаж
байгаа нь уул уурхай, тэгээд англи хэлний багш нар ордог. Филиппинчүүд бараг бүгд
багаасаа англиар ярьдаг болохоор тэр л дээ. Үйлчилгээний салбарт ч нэлээд хүн
ажиллаж байгаа. Филиппиний эмнэлгийн сувилагч, асрагч нарын үйлчилгээ дэлхийд
алдартай. Энэ чиглэлээр бас хэд хэдэн хүн ажилладаг.
-Филиппин, Монгол хоёрын харилцаа ямархуу түвшинд
байгаа гэж та боддог вэ?
-Энэ жил хоёр улсын дипломат харилцаа тогтоосны
40 жилийн ой тохиож байгаа. Манай улсад Филиппинээс 300-гаад хүн албан ёсоор ажиллаж
байна гэдэг бол хоёр улсын харилцаа ямар түвшинд очсоны том нотолгоо гэж бодож байна.
Хоёр улсын харилцаа хөгжиж байгаагийн бас нэгэн шалтгаан нь хоёр үндэстэн ойролцоо
сэтгэдэгтээ байгаадаа болов уу. Филиппин, монголчууд ойролцоо соёлтой гэж харагддаг.
Монголчууд гэр бүлийнхнээ гэдэг, гэр бүлсэг
хүмүүс. Филиппинчүүд ч ялгаагүй. Их гэр бүлсэг улс. Монголчуудыг дуулж хуурдах
дуртай, дуулдаггүй хүн байхгүй гэдэг, Филлипинчүүд бас тийм. Дуулж хуурдах дуртай
ард түмэн. Маш үнэнч, хүний итгэл даах чадвартай, мөн хийж буй ажилдаа чин сэтгэлээсээ
ханддагаараа онцгой.
-Ажиллах хүчнээс өөр ямар чиглэлээр хоёр улсын
харилцаа хөгжих боломжтой бол?
-Сүүлийн үед монголчууд гадагшаа их аялж байгаа.
Аялахад хамгийн тохиромжтой газрын нэг бол Филиппин улс. Далайтай, үзэх юм ихтэй,
хоол сайтай газар. Соёл урлаг нь нэлээд хөгжиж байгаа. Цаашлаад яривал ажиллах
хүч солилцохоос гадна соёл, урлаг, нийгэм, боловсролын чиглэлд хамтран ажиллах
бүрэн боломжтой. Филиппиний их, дээд сургуулиуд олон улсын стандартаар сургалтаа
явуулдаг учраас манайхаас Филиппин рүү сургуульд суралцах оюутны тоо сүүлийн үед өсч байгаа.
-Манайхан Филиппин рүү визгүй зорчих эрхтэй байх
аа?
-Манай хоёр улс харилцан тохиролцсоны дагуу
21 хоногийн хооронд визгүй зорчих эрхтэй. Энэ хугацааг Филиппин Улс саяхан нэмж
30 хоног болгосон.
-Филиппинд Монгол иргэд ажилладаг уу?
-Ажиллалгүй
яахав. Олон улсын байгууллагын хэд хэдэн төв Филиппинд байдаг. Жишээ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Азийн
хөгжлийн банк зэрэг байгууллагын төв нь Манилад бий. Миний мэдэхийн тэнд монгол
хүмүүс ажилладаг. Мөн Филиппин улсын иргэдтэй гэр бүл болсон Монголын иргэд ч бий.
Энд ч монгол хүнтэй гэр бүл болсон филиппинчүүд бас байгаа.
Ц.БААСАНСҮРЭН
С.АРИУНЖАРГАЛ
Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал амьтны гаралтай гоц халдварт өвчин тархах, улс, нийслэлийн хөрөнгө оруулал...
39 минутын өмнө
ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 15-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Эдийн засгий...
1 цагийн өмнө
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир: Би хууль зөрчөөгүй учир урдах ажлаа хийгээд явах болно
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Танай аймгийн ИТХ-ын хуралдаан саяхан болж ирэх оны төсвөө...
1 цагийн өмнө
ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 15-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын...
1 цагийн өмнө
МУИС-ийн 24 цагийн номын санд хоносон нь…
Оюутнуудын өвлийн амралт дөхөж, улирлын шалгалт эхэлж буйтай холбогдуулан МУИС-ийн номын сан энэ сараас эхлэн 24 цагаар ажиллаж эхэл...
2 цагийн өмнө
Сэтгэгдлүүд



