редакцийн-нийтлэл
Самурай бондыг газрын тосны үйлдвэр, V цахилгаан станц зэрэг том төслүүдэд зарцуулна

ЦЭЦЭГМААГИЙН БААСАНСҮРЭН
2014 оны 1 сарын 13

1
Өнгөрсөн намраас яригдаж эхэлсэн “Самурай” бондын мөнгө Монголд
ороод ирчихэж. Тодруулж хэлбэл энэ долоо хоногийн даваа гаригт Хөгжлийн банкны
дансанд 24 тэрбум 250 сая иен оржээ. 30 тэрбум иень орж ирсэн гэх тоо ч
дуулдаж байна. Энэ тоог ам.долларын өнөөгийн ханшид шилжүүлбэл 290 орчим сая ам.доллар эдийн засагт
эргэлдэхэд бэлэн болсон гэсэн үг.
Хөгжлийн банкны хувьд бондын мөнгө орж ирснийг батлаагүй, бас үгүйсгээгүй. “Процедур нь дуусаагүй.
Ойрын хугацаанд нэгдсэн мэдээлэл өгнө” гэснээс нь харахад бондын мөнгө шилжээд
ороод ирсэн нь тодорхой байна. Ерөнхий сайдыг Японд айлчлах үед бондын хүү 1.5
хувиас хэтрэхгүй гэж байсан. Арван жилийн хугацаатай энэ бондын хүүг 1.52 хувь
гэж тогтжээ. Харин “Чингис” бондын
жилийн хүү нь 4.125 хувь байгаа. Хөгжлийн банкны өмнө нь босгосон бондын
жилийн хүү 5.75 хувь. Эндээс харахад бид тун бага хүүгээр их мөнгө босгож чадсан гээд дүгнэчихэж болохоор байна.
ӨҮЛЭН, ЧИНГИС, САМУРАЙ…
“Самурай
бондоос босгосон иень бол манай улсын дэлхийн захаас босгосон гурав дахь том
мөнгө. Эхний бондыг Хөгжлийн банк гаргаж байв. Нэр нь “Өүлэн”. Араасаа олон ашигтай бонд дагуулаасай гэсэн
бэлгэдлээр ингэж нэрлэсэн гэдэг. “Өүлэн” бонд гаргаж олсон мөнгөний хэмжээ нь 580 сая ам.доллар. Дараа нь
Засгийн газар өрийн бичиг гаргаж дэлхийн
захаас 1.5 тэрбум ам.доллар босгосон. Энэ бондыг дэлхийн хөрөнгө
оруулагчид “Чингис” гэдэг нэрээр нь
мэднэ. “Өүлэн” гэдэг нэрнээс улбаалж ийн нэрлэсэн юм билээ. Гурав дахь нь “Самурай” бонд.
Ерөнхий сайдаас энэ бондод нэр өгөхийг хүссэн гэж бонд гаргах яриа эхлэх
үед албаны хүмүүс онцолж байсан. Бодвол
алтан урагтай холбоотой хэн нэгний нэр тун удахгүй дуулдах байх.
САМУРАЙ БОНД ГЭЖ ЮУ ВЭ?
Самурай бонд гэдэг нь зөвхөн Японы зэх зээл дээр хөрөнгө босгодог
хэлбэр. Япон бол дэлхийн томчуудаас хамааралгүй оршиж чаддаг, газар зүйн хувьд биеэ
даасан том эдийн засаг. Шинзо Абэ засгийн
эрхэнд гарснаас хойш хасахтай байсан эдийн засгаа 3.7 хувиар өсгөж чадсан. Бага
тоо шиг сонсогдож болох ч тэр том эдийн засагт бол өндөр өсөлт гэж шинжээчид онцолдог.
Ийм өндөр өсөлттэй, биеэ даасан зах дээрээс бид мөнгө босгоод байна. Иенийн зах
дээр 1970-аад онд анхны бонд гарч байж. Мөнгөн хуримтлалаараа Америкийн эдийн засгаас
давдаг энэ улсын Засгийн газар иргэдийнхээ хадгаламжийг маш бага хүүтэйгээр улс
орнууд буюу тодорхой компаниудад зээлдэг юм.
Иргэд нь мөнгөө хадгалуулахдаа хүү авдаггүй, шимтгэл төлдөг шахуу учраас
хүү нь бага байдаг. Япончууд эрсдэл багатай, рейтинг өндөртэй улсад бол манайд өгснөөс
илүү бага хүүгээр мөнгөө зээлдэг. Хүүгийн түвшин нь 0.07-1.5 хувийн хооронд хэлбэлздэг.
Зээлжих зэрэглэл өндөртэй орнууд, жишээ нь ААА зэрэглэлтэй улс “Самурай” бонд гаргаж мөнгө
босговол 0.7-0.8 хувийн хүү төлдөг.
САМУРАЙ БОНДООС ХАМГИЙН ИХ МӨНГӨ БОСГОСОН НЬ “ЖИ ПИ МОРГАН”
Самурай бондын хүүг манай Хөгжлийн банктай хамтран ажиллах бичигт гарын үсэг зурсан Японы Олон улсын хамтын ажиллагааны
банк тогтоодог. Энэ банк манайх шиг хөгжиж байгаа улсуудад баталгаа гаргаж дэмжлэг
үзүүлдэг учраас “Самурай” бонд амархан бүтсэн
гэж эдийн засагчид онцолж байна. Африкийн улсуудаас гадна Индонези, Франц зэрэг
хашрууд ч арлын орны зах дээрээс хөрөнгө босгож байжээ. Жишээ нь Францын “BNP
Paribas” банк самурай бонд босгож байж. Самурай бонд гаргаж хамгийн их мөнгө босгосон
банк бол Америкийн “Жи пи морган”. Тус банк 111 тэрбум иенийн самурай бонд гаргаж байжээ.
Тунисын төв банк гэхэд л хоёр жилийн өмнө 25 тэрбум иен босгож гаргаж байжээ. Зээл авсан шалтгаанаа экспортоо
дэмжихийн тулд гэж тайлбарлаж байсан гэнэ.
Ерөнхий сайдыг өнгөрсөн намар Японд айлчлах үеэр хамгийн сүүлд самурай бонд
босгосон улс бол Индонези гэсэн мэдээллийг албаныхан өгч байсан юм. Н.Алтанхуяг
сайдыг очихын өмнөхөн польшууд ирж бонд гаргах
яриа хөөрөө үүсгээд явсан байсан.
ИЕН ХАМГИЙН ТОГТВОРТОЙ ВАЛЮТ
Ам.долларын ханш өссөн энэ үед “Чингис” бонд
эрсдэл авчирч байгаа. Хүүнд төлөх
мөнгөнөөс гэхэд л бид багагүй алдагдал хүлээж
буй. Иенийн ханш америк ногоон шиг савладаггүйг олон улсын байгууллагууд прогноз,
судалгаагаар баталчихсан. Иенийн захаас мөнгө босговол 10-15 жилдээ
ханшийн эрсдэлд орохгүй гэж тэд хэлж байна. Бид арван жилийн хугацаатай мөнгө
зээлж байгаа.
Тэгэхээр манайд ханшийн эрсдэл бараг л байхгүй гэсэн үг. Улс орнууд
хямд мөнгөний эрэлд гарчихаад байгаа энэ үед хамгийн таатай валют бол иен гэдгийг
дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байна.
ДОЛЛАРЫН ХАНШИД НӨЛӨӨЛНӨ
Самурай бондоос орж ирсэн
мөнгө сүүлийн өдрүүдэд чангараад байгаа долларын
ханшийг сулруулахад зохих хэмжээгээр нөлөөгөө үзүүлнэ гэж эдийн засагчид хэлж
байна. Долларын ханшийг буулгахаар их хэмжээний мөнгө биш гэж хэлэх судлаач ч байгаа. Эдийн засагч Ө.Ганзориг ам.долларын ханшийг буулгахын
тулд дахин бонд гаргах хэрэгтэй гэж онцолж
байсан. Тэгэхээр Засгийн энэ удаагийн бонд
гаргаж босгосон мөнгө долларын ханшид зохих хэмжээнийхээ нөлөөгөө үзүүлэх нь
дамжиггүй. Иенийн захаас босгох мөнгө цаашдаа
нэмэгдэх болохоор энэ таамаглал биеллээ олно гэдэгт эргэлзэх юм алга. Гэхдээ бондод
найдахаас илүү гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр хийж буй ажлуудынхаа эрчийг нэмэх
шаардлага шийдвэр гаргагчдын өмнө бий. Хөрөнгө оруулалтын хуулийг дагаж гарах
журмаа тодорхой болгох, Ашигт малтмалын хуулинд оруулах өөрчлөлтөө даруйхан хийх,
гадаад зах зээл дээр бодлого шийдвэр, хандлагаа сурталчлах гээд хүлээлт үүсчихсэн
ажлууд зөндөө байгаа. Тэгж чадвал бонд дагасан их мөнгө эдийн засгийг дор нь өндийлгөөд
ирнэ.
БОНДЫН МӨНГИЙГ ЮУНД ЗАРАХ ВЭ?
Иенийн захаас босгосон энэ мөнгийг Японтой хамтран хэрэгжүүлж
байгаа том төслүүдэд зарцуулна. Анхнаасаа тийм тохироогоор гаргаж байгаа. Манай улс
Дарханы газрын тосны үйлдвэрийн төслийг “Марбуени”-тай, тавдугаар цахилгаан
станцын төслийг “Сожиц”-той гээд хэд хэдэн том төсөл дээр арлынхантай хамтарч
буй. Эдгээр төсөл дээр япончуудтай хамтарч
байгаа үндэсний компаниуд төслөө үргэлжлүүлэх
мөнгөтэй болсон гэсэн үг. Япончуудын хувьд хамтарч буй том төслүүдийн 15
хувийг дотоодоосоо санхүүжүүл гэсэн болзол тавьж эхэлсэн. Тэгэхээр бондоос орж ирэх
мөнгө том төслүүдийн 15 хувийг санхүүжүүлэхэд зарцуулагдана. Одоогоор бондын мөнгийг
дэд бүтцийн төслүүд, Дарханы газрын тосны үйлдвэр барихад зарцуулна гэсэн мэдээлэл
цацагдаж байна. Дотооддоо шатахуунаа үйлдвэрлээд эхэлбэл эдийн засагт үнийн савлагаа үүсэх нь багасна.
Инфляцийн суурь шалтгаан нь манай улсын хувьд шатахуун болоод байгаа. Япончуудтай
хамтарч буй тавдугаар цахилгаан станцын хөрөнгө оруулалт ч тодорхой хэмжээгээр шийдэгдэх
байх. Ингээд бодохоор “Самурай” бондын мөнгө эдийн засагт бодитой нөлөө үзүүлэхээр
харагдаж байна. Ерөнхий сайд “Самурай” бондын хөрөнгөөр эдийн засгийн өндөр үр ашигтай
төслүүдийг санхүүжүүлнэ гэдгээ зарлачихсан болохоор эдийн засагт шууд утгаараа нөлөөлөхгүй зүйлд энэ мөнгийг зарахгүй
нь тодорхой.
ДАРААГИЙН МӨНГӨ УДАХГҮЙ ОРЖ ИРНЭ
Ерөнхий сайдыг Японд айлчлах үеэр тэрбум доллартай тэнцэхүйц хэмжээний
иен зээлэх бололцоотой гэсэн мэдээллийг албаныхан өгч байсан. Яг одоогоор бол
600 сая ам.доллартай тэнцэхээр иенийг бид авахаар болсон гэх мэдээлэл цацагдаж
байгаа. Японы хөрөнгө оруулагчдын манай зах зээлд мөнгөө оруулах сонирхол өндөр
байгаа учраас үлдсэн мөнгө ойрын хугацаанд
орж ирэх магадлал өндөр гэсэн үг. Гүйцэтгэх засаглалын тэргүүн Японд айлчлах үеэрээ
самурай бондод мөнгөө оруулах сонирхолтой эрхмүүдийг байрлаж буй зочид буудалдаа
урьсан юм. Тэр уулзалтад 49 компанийн төлөөлөл ирснийг Японы тал “Их хүн оролцлоо”
гэж онцолж байв. “Самурай” бонд гаргасан улс орон, компаниуд ийм уулзалт зохиодог
жишигтэй юм билээ. Өмнө нь зохиогдсон ийм уулзалтуудад дээд тал нь хориод компанийн
төлөөлөл ирж байж. Тэд манайхыг илүү сонирхож
байгаа учраас магадгүй жилдээ багтаад
600 сая ам.долларын биш нэг тэрбум доллартай тэнцэхээр иен зах зээлд орж ирж мэдэх
юм. Энэ бондыг Засгийн газар таван тэрбум ам.долларын бонддоо багтаан авч байгаа
билээ. Одоогоор дэлхийн зах дээрээс ам.доллараар 1.5 тэрбум ам.доллар босгоод буй.
Иенийн захаас босгох мөнгийг 600 сая ам.доллартай тэнцэхээр гэж тооцвол өнөөдрийн
байдлаар хоёр тэрбум гаруй ам.доллар босгоод
байна. Төсвийн тогтвортой байдлын хуулиар
бол Засгийн газрын өр ДНБ-ий 30 хувиас хэтрэх учиргүй. Самурай бонд
гаргаж босгосон мөнгийг нэмбэл засаг хуулиа зөрчихөөр байгаа юм. Гэхдээ Засгийн
газар УИХ-д төсвийн тодотголын төслийг өргөн барих гэж байгаа. Парламент энэ төслийн
хэлэлцүүлгээр өр тавих хувь хэмжээг өсгөх юм бол гүйцэтгэх засаглал хуулиа зөрчөөгүй
гэж харагдана. Юутай ч Сангийн сайдын “Хөгжлийн хөрөнгө оруулалт” гэж онцлоод буй
багагүй хэмжээний мөнгө эдийн засагт орж
ирчихээд байна. Хөгжлийн банк энэ мөнгийг компаниудад төгрөгөөр зээлнэ гэх мэдээлэл
бий.
Ц.БААСАНСҮРЭН





Хэт халах үед наршихаас сэргийлэх зөвлөмж
ЦУОШГ-аас мэдээлснээр Улаанбаатар хотод өнөөдрөөс эхлэн ирэх лхагва гарагийг хүртэл халж, агаарын температур +30 хэмээс буухгүй. Хэт...
7 цагийн дараа
Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
Төсвийн хэмнэлтэд нийцүүлэн чиг үүргийн давхардал, хийдэл, хүнд суртлыг арилгах, үйл ажиллагааны үр дүн, иргэдэд үзүүлэх үйлчилгээни...
6 цагийн дараа
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8862 болжээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар ...
6 цагийн дараа
Санхүүгийн зохицуулах хорооны хязгаарлалтуудаас болж ББСБ-уудын зээл хумигджээ
Банк бус санхүүгийн байгууллага(ББСБ)-ууд сүүлийн үед зээл гаргах нь эрс багасчээ. Зарим нь огт зээл гаргахгүй байгаа талаар иргэд я...
6 цагийн дараа
А.Бат-Эрдэнэ: Дулааны төлбөрөө хэрэглээгээрээ төлбөл задгайгаар буюу м.кв-ын хэмжээгээр төлснөөс 30-50 хувь хэмнэнэ
Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ) болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) хамтран зохион байгуулсан “Хэрэглээ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд