мэдээ
Бяцхан үрстээ бэлэг нэртэй хор өгөхөө хэзээ болих вэ?

2016 оны 12 сарын 30

1
Бид бяцхан үрстээ шинэ жилийн өвлийн баяраар хамгийн их чихэр, печень амттан орсон, нэр төрөл олонтой бэлэг авч өгдөг билээ. Ганцхан аав, ээж ч гэлтгүй өвөө, эмээ, ах, эгч тэр ч бүү хэл сургууль, цэцэрлэгээс нь шагнаж, урамшуулан уут уутаар нь өгдөг. Тэгвэл бидний үр хүүхэддээ өгч буй тэрхүү бэлэгт хэчнээн хэмжээний сахар агуулагдаж байдаг талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас судалгаа хийж гаргажээ.
Тухайлбал, 750 мл-ээр савласан жүүсэд 82 гр, 130 гр үрлэн чихэрт 85 гр, 274 гр печеньд 112 гр, 100 гр резинэн чихэрт 91 гр, 50 гр шоколадад 26 гр, 35 гр хөөсөн чихэрт 16 гр сахар тус тус агуулагдаж байдаг байна. Ингээд бодохоор нийтдээ зургаахан нэр төрлийн амттан хийсэн нэг уут бэлэгт 412 гр сахар агуулагдаж байгаа юм. Насанд хүрсэн хүний өдөрт авах ёстой сахарын хэмжээ ердөө 25 гр байдаг аж. Ингэхээр бид хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг сүйтгэгч чамин тансаг савлагаатай болохоос нэг ёсондоо хор бэлэглэсээр байх уу гэдэгт анхаарах цаг хэдийн болжээ.
Хүүхдийн бэлэгт ямар нэр төрлийн бүтээгдэхүүн ихэвчлэн орж буй талаар болоод ямар үнэ өртөгтэй зарагдаж байгааг сурвалжлахаар Баянзүрх болон Сүхбаатар дүүргийн хэд, хэдэн дэлгүүрүүдээр орлоо. Шинэ жилийн баяр дөхсөнтэй холбоотойгоор дэлгүүрийн лангуун дээр бэлэг түмэн янзаараа өрөөстэй байсан юм. Тус дэлгүүрүүдэд нэр төрлөөсөө хамаараад үнэ өртөг нь харилцан адилгүй бэлэг худалдаалагдаж байлаа. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Таны төлөө” хүнсний супермаркетэд бэлэг 3100-12500 төгрөгийн хооронд худалдаалагдаж байв. Бэлэгнүүдэд ихэвчлэн нөгөө л сахарын агууламж нэн ихтэй газтай ундаа, чипс, резинэн чихэр, шоколад, жигнэмэг зэрэг байсан юм.
Харин Баянзүрх дүүргийн 27-р хорооны “Хан Хөхий” дэлгүүрт ороход бэлэгнүүд нь 3000-7550 төгрөгийн ханштай байв. 3000 төгрөгний бэлгэнд рулет, соруултай ундаа, цэлцэгнүүр, иштэй чихэр байлаа. Гэтэл рулетийнх нь хугацаа арваннэгдүгээр сард дууссан байв. Энэ талаар дэлгүүрийн худалдагчид хэлэхэд “Анзаарахгүй ууталчихсан юм байлгүй” гээд хамт байгаа хүндээ “Тэр гурван бэлгэнд байгаа рулетийг авчихаарай” гэв. Энэ мэтчилэн хугацаа нь дууссан, хадгалалтын горим алдагдсан чихэр, печень амттанг гоёмсог зурагтай бэлэгийн уутанд нь хууртаж авч өгөхгүй байхыг эцэг, эхчүүд анхаарах хэрэгтэй юм. Ганц хоёр дэлгүүрээр орж гарт таарсан эхний бэлгийг анзаарахад л ийм байна шүү дээ.
Энэ тухай зарим нэг иргэдээс санал сонсоход Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны иргэн И.Намжил “Яг үнэндээ бид нэр төрөл ихтэй л бэлэг худалдаж авч өгөхийг боддог болохоос доторхийг нь уудалж хугацааг нь хардаггүй. Хүүхдээ баярлууллаа л гэж сэтгэл өег суудаг шүү дээ. Гэхдээ мэдээж энэ тал дээр анхаарах нь зүйтэй юм байна шүү. Биднийг арван жилийн сургуульд сурч байхад шинэ жилээр алим, мандарин бэлэглэдэг байлаа. Тэрний амт чанарыг одоогийнхтой харьцуулахын аргагүй л дээ. Бас хамгийн үнэтэй бэлэг нь 35 үсэгтэй тэмдэглэлийн дэвтэр байсан. Одоо их өөр болжээ. Олон төрлийн амттантай бэлгүүд л өгдөг болсон байна. Түүний ч гор байлгүй. Ач нарыгаа хараад байхад багаасаа л бүх шүд нь хорхойтсон байх юм. Чихэр, жимсний нэр төрөл ч яасан их нэмэгдсэн юм. Онц гойд амт, шимтгүй хэрнээ хүүхдийн анхаарал сонирхол татахаар хэлбэр, дүрстэй чихэр их байх юм” гэсэн юм. Мөн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны иргэн С.Энхгэрэл “Би хоёр хүүхэдтэй. Шинэ жилээр бололцоогоороо хүүхдээ баярлуулдаг. Гэхдээ анзаараад байхад дэлгүүрийнхэн бэлэгийн уутанд ганц том чипс хийгээд хажуугаар нь чанартай чанаргүй нь мэдэгдэхгүй хэдэн чихэр печень хийсэн болоод боочих юм” гэж байлаа.
Хүүхдүүддээ олон төрлийн чихэр л авч өгч байвал хамгийн том бэлэг болно гэсэн бодол бидэнд зах зээл хөгжөөгүй тэр үеэс л суучихжээ. Бүгд картын бараанд дугаарлаж, лангуун дээр давс, гоймонгоос өөр зүйлгүй тэр үед алим, жимс ёстой л нүдний гэм байсан. Хүүхдүүдэд алим, жимс, цагаан самар, нар хамба, нандин чавга аваад ирвэл ёстой л нар нь гардаг байсан тэр үе одоо ард нэгэнт хоцорч үеэ өнгөрөөж шүү дээ. Бүх зүйл элбэг дэлбэг болсон энэ үед аль болох чанартай, сөрөг нөлөөгүй чихэр жимс, сахарын агууламж багатай амттанг сонгож сурах соёл бидэнд суух цаг болжээ. Сахарын илүүдэл нь бага насны хүүхдийн шүд хорхойтох хамгийн том шалтгаан болдог бөгөөд бодисын алдагдал үүсгэснээр кальцийн шимэгдэлтийг бууруулж, шүдийг хэврэгшүүлдэг байна. Мөн хүүхэд ханиад ойр ойрхон хүрч буй нь сахарын илүүдэлтэй ч холбоотой байдаг аж. Түүнчлэн 2010 онд хийгдсэн “Монголын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний IV судалгаагаар судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 4.7 хувь нь тураалтай, 6.7 хувь нь илүүдэл жин эсвэл таргалалттай гэж гарчээ. Бага насны хүүхдийн дунд тохиолдож буй хоол тэжээлийн дутагдлын дийлэнх хувь нь тэдний зохисгүй хоолтой холбоотой байдаг. Тэр дундаа сахарын замбараагүй хэрэглээ нь хүүхдийг шим тэжээлийн дутагдалд оруулж, тэдний эрүүл саруул өсөж бойжих нөхцлийг бууруулж, төрөл бүрийн халдварт өвчин, хоол боловсруулах замын эмгэг, цаашлаад таргалалт, чихрийн шижин, хавдар зэрэг архаг өвчнөөр өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг байна.
Тиймээс ч гадны хөгжингүй орнуудад хүүхдүүддээ амттанаар дүүрэн бэлэг өгөхөөс аль болох зайлсхийдэг байна. Тэд ихэвчлэн үр хүүхдэдээ ямар зүйл хэрэгтэй байгааг урьдчилан судалчихсан байхаас гадна өвлийн өвгөнд бичсэн захианаас нь мэдчихдэг байна. Энэ нь хүүхэддээ ч тэр эцэг, эхчүүдэд ч тэр зөв сонголт хийх хамгийн хялбар арга байж болох юм. Ер нь заавал амттан гэлтгүй бээлий, малгай ороолт, сонирхол татахуйц тоглоом, бөмбөг, ном соёлын төрөл бүрийн зүйлс бэлэглэж болно шүү дээ.
О.АРУНЦЭЦЭГ





Чингэлтэй дүүргийн 24-р хороонд байрлах “Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралт чөлөөт цагийн бүс болгоно
Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны лагерийн бүсэд байрлах “Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг иргэд, хүүхэд залуучуудын гэр бүл, найз н...
3 цагийн дараа
Өрөвч, нинжин сэтгэлийн боловсрол олгох “Empathy education” хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хэдхэн хоногийн өмнө “Зуны зугаа-113” нэртэй шоу тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд дуулиан, шуугиантай боллоо. Өсвөр насны залуус хэдэ...
3 цагийн дараа
Хүүхдийн хөгжилд дэмжлэг үзүүлэх хөрөнгө бүрдэж, тэтгэврийн тогтолцооны баталгаа бэхжив
Парламентын гурван төгөлдөршил”-ийн бодлогыг хэрэгжүүлж буй 126 гишүүнтэй Улсын Их Хурал Үндэсний баялгийн өгөөжийг иргэдэд тэгш, шу...
2 цагийн дараа
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг хяналт шалгалтаар ирүүллээ
Интерполоор олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг Гадаадын иргэн, харьяатын газар хяналт шалгалтаар ирүүлж,...
2 цагийн дараа
Авлига, хүнд суртал ард түмнийг сөхрүүлдгийн ганцхан жишээ нь цахилгааны үнийн нэмэлт
Дэлхийн улс, орон бүр авлигатай тэмцдэг ч авлига, төрийн хүнд суртлаас болж ард түмэн нь сөхөрчихсөн орнууд хэдэн арваар тоологдоно....
1 цагийн дараа
Сэтгэгдлүүд