мэдээ
Энгэртээ гялтайх ч одонгүй буцсан энгүй авьяастан Гончигдамбын Дарамзагд

Дашдаваагийн Мөнхжаргал
2017 оны 10 сарын 31

1
–НАЦАГИЙН ЖАНЦАННОРОВ: ДАРАМЗАГДЫН “ӨРГӨН СЭЛЭНГЭ” МОНГОЛЧУУДЫН БҮТЭЭСЭН НИЙТИЙН ДУУН ДОТОР ТӨГӨЛДӨРТ ДӨХСӨН БҮТЭЭЛ ЯАХАРГАГҮЙ МӨН ЮМ-
Шагнал гэдэг аливаа уран бүтээлч, хувь хүнийг хэмжих хэмжүүр биш л дээ. Гэхдээ хийсэн бүтээснээ огтоос үнэлүүлэлгүй, төрдөө үнсүүлэлгүй буцчихсан харамсмаар хувь тавилангийн эзэд бий. Ардын дууны Адарсүрэн, “Говийн зэрэглээ”-гийн Арслан буюу Гүрсэдийн Доржсамбуу, “Ирж яваа цаг” киноны Шагдар, өнөө ангийн байцаагч Няндагийн Цэвээнравдан…өөр хэн хэн ч байна. Ийм л тавиланд төрсөн авьяастны нэгэн Монголын нэрт хөгжмийн зохиолч Гончигдамбын Дарамзагд бүлгээ. Түүний “Миний эх орны өглөө” хэмээх мэргэжлийн дуучны чадал чансаа хоолойг шаардсан хүчирхэг дууг сонсохуйд “Аа яа яа” гэх бодол эрхгүй сэтгэлд бууна. Тэгээд аргагүй л аварга амьтан байжээ хэмээн хүлээн зөвшөөрдөг юм. Энэхүү билэг танхай авьяастан “Цэргийн хүүгийн дууль”, “Их жанжны магтуу”, “Цэрэг танаа”, “Ардын цэргийн марш”, “Монголын сайхан орон”, “Миний эх орны өглөө” зэрэг цэрэг, эх орны сэдэвт бүтээлүүд туурвиж Монголын хөгжмийн урлагт нэгэн том шинэчлэл хийснийг судлаачид хэлдэг. “Шивээ хиагт”, “Магнаг үсэгтэй туг” тэргүүт хувьсгалын дуунуудаас хойш цэрэг эх орны сэдэвтэй дуунуудыг шинэ шатанд хөгжүүлсэн гэж тодотгодог. Хоёр мянга арван оны сүүлээр түүний наян насны ойд зориулж 108 дууны аялгууг ноттой нь багтааж, мөн олон арван шавь нар, урлагийн үе үеийнхний дурсамж дурдатгалыг хадгалсан “Монголын сайхан орон” номыг үр хүүхдүүд нь хэвлүүлж байлаа.
Тэрээр нэгэн мянга есөн зуун дөчин найман онд 18 настайдаа Загарын Сандагаагийн “Болзоо” дууны хөгжмийг бичсэн байдаг. Сандагаа зохиолчийг “Хүний ганц”, “Эр бор харцага” тэргүүт үргэлжилсэн үгийн бүтээл, бөхийн тухай номуудаар нь ард түмэн мэднэ. Харин “Сарьдаг өндрийн оройгоор сайхан яргуй цэнхэртэнэ, Саахалт айлын хоньд нь сархиагаа даган идээшилж байна” гэх дууг нь зарим нэг нь ардын дуу гэж андуурах нь бий. Уг бүтээл зохиогдсоноос хойш өдгөө 70 жилийн нүүр үзэх гэж байна. Ардын дуу шиг бүтээл хийнэ гэдэг өнөө л багтаж ядсан авьяастан Дарамзагдын хийдэг ажил мөнөөс мөн ажгуу. Дөчин найман онд тэрээр ардын дуу гэж андуурагдам “Болзоо”-гийн ая данг урсгаж байхдаа ямар чиг боловсролгүй нэгэн байжээ. Юун их дээд сургууль, гадаад дотоодын нэр алдартай сургууль. Зөвхөн Монголын зүүн хязгаар Дорнодын Цагаан-Овоо сумын дөрөвдүгээр ангийг дөнгөн данган дүүргэсэн “товарищ” байжээ.
Намтар түүхийг нь аваад үзэхээр бас чиг өрөвдмөөр. Гучин долоон оны буриадуудын их хэлмэгдүүлэлтэд төрсөн эцэг Чойнхорыгоо алдсан, таван настай жаалхан хүүхэд ахуйдаа хайрт ижийгээ алдан бүтэн өнчин хоцорч, Гончигдамба гэж лам хүнд өргүүлсэн гэдэг. Харин бага сургуульд онц сурч байсныг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч Гүрбазарын Амар гуай дурссан нь бий. Тэр хоёр нэг ангийн нөхөд байсан юм гэнэ лээ.
“Амьдралын бололцоо байгаагүй учир дахиж сураагүй дээ” гэж Дарамзагд гуай өөрөө хэлж байж. Сумын улаан булангийн дуучин, улаач зараалчийн ажилтай бандийг олон түмнээ “Залуу жанжин” хэмээн алдаршсан Жамъянгийн Лхагвасүрэн нийслэл хотын бараа харуулсан түүхтэй. Аливаа юмны учир ерөөл гэж сайхан. Лхагвасүрэн жанжин өнчин өрөөсөн түүнийг харчихаад “Ийм авьяастай амьтныг чинь энэ хөдөө гандааж орхиод яахав. Цэргийн чуулгын клубт аваачиж тушаана, тэнд байх нөхөр мөн дөө” гээд одоогийн Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын босгыг алхуулж байжээ. Ингэж л Цагаан-Овоо сумын улаан булангийн Дарамзагд Монголын цэрэг, армийн чуулгыг удирдах эхлэл тавигдсан удаатай.
Дөнгөтийн Цоодол найрагчийг арван хэдтэй жаал хүү Бүрэнгийнхээ Талын булаг, Сарваацуцахын хөндийгөөр зүг чиггүй “нисч” явахад хаврын тэр нэг өдөр Онгон хайрхных нь урд хөтөл дээгүүр цагаан тоос манарган ачааны машин иржээ. Тэр бол жараад оны эхэн үе. Эсгий бүхээгний урд хоёр унинд тэлж татсан улаан даавуун дээр “Урлагийг бүх ард түмэнд хүргэе” гэсэн лоозонтой бригадын ахлагч нь цэрэг хувцастай, жавхалзсан залуу, олны нүд сэтгэлийг соронзодсон нь Гончигдамбын Дарамзагд байсан гэдэг. “Ахуй нутгаа юунд орхив, алс газар юуг зорив гэдгийг бичсэн Лермонтов яг дүрээрээ байж билээ” гэж ардын зохиолчийн дурсамжид байдаг сан.
Дарамзагд гуай хөгжмийн нарийн мэдрэмжээс гадна хэл сурахдаа онцгой хүн байжээ. 1956 онд цэргийн ансамбль гадаадын олон орноор айлчлан тогложээ. Тэрхүү тоглолтод найрал дууны багш, удирдаачаар явсан байна. Очсон орныхоо дууг эх хэл дээр нь сурч тэр дор нь найруулаад тоглох нь гайхмаар. Ялангуяа хамгийн адармаатай гэгддэг румын хэлийг маш хурдан сурч, цэрэг эх орны сэдэвтэй хүчирхэг дуунуудыг гайхалтай дуулаад тайзнаас буухад гадныхан “Та бүхэн их сайхан дууллаа. Энэ дууг хэдэн жил дуулж байгаа вэ” гэж асууж байсан гэдэг. “Өнөөдөр л сурлаа, багш маань сая өөрөө сураад бидэнд зааж өгсөн юм” хэмээн чуулгынхныг нь хэлэхэд, уг тоглолтыг найруулж удирдсан Дарамзагдыг румынчууд дээд зэргээр бахархан хүндэтгэж байсан тухай олон чиг дурсамжид бий. Чех, солонгос дуунуудыг мөн адил тэр дор нь сураад бишрүүлж байжээ.
1961 онд Москвагийн Чайковскийн нэрэмжит хөгжмийн их сургуульд найрал дууны удирдаачийн ангид суралцахаар явсан байна. 30 гарсан хойноо хөгжмийн сургуульд анх суралцаж байгаа нь тэр. Москвагийн найрал дууны удирдаачийг ахмад үеийнхнээс Дагвын Лувсаншарав, Гончигдамбын Дарамзагд нар төгссөн байдаг. Тэрхүү далайцаараа явчихсан даа гэж үе үеийн хөгжмийн нэрт мастерууд үнэлдэг нь ийм учиртай. Оюутан байхад нь дэлхийд алдартай Москвагийн төв чуулга урьж ажиллуулж байсан түүх бичигдэнэ. Тэр тухайн Элчин сайдын яаманд ажиллаж байсан хүмүүс бахархан дурсдаг. Хуучин ЗХУ гэдэг дэлхийн том гүрэн. Тэр том гүрний төв чуулгад Монголоос уригдсан анхны хүн нь Гончигдамбын Дарамзагд гээд бодохгүй юу.
Түүний нэрийн хуудас болсон бүтээлийнх нь нэг яах аргагүй “Өргөн Сэлэнгэ” дуу юм. “Өргөн Сэлэнгэ минь холын замдаа ойн дундуур шуугин урсана, Өтгөн шаргал тариалан минь түүний дэнжид халиуранхан байна” хэмээн элгэн халуун монголчуудынхаа сэтгэлийг сүлж, зүрхэнд нь шигтгэж үлдээсэн энэ дууны шүлгийг түүх, утга зохиол судлаач Галдангийн Даваацэрэн бичжээ. “Хонгор даага” гээд бас чиг хэд хэдэн номтой энэ хүн “Бороо бороо ороосой, оросын маамуу ирээсэй” гэсэн дууны шүлгийг бас бичсэн байна. Төрийн хошой шагналт, ардын жүжигчин Нацагийн Жанцанноров Дарамзагдын уран бүтээлийн тухай нэгэнтээ ярихдаа “Төгөлдөр юм гэж энэ хорвоод байдаггүй юм гэсэн. Гэхдээ монголчуудын бүтээсэн нийтийн дуун дотор төгөлдөрт дөхсөн бүтээл бол яах аргагүй “Өргөн Сэлэнгэ” мөн. Тэрхүү аялгын өндөрсөл, оргил, буулт, хийж байгаа нотны сонголт, дуучнаас шаардаж байгаа хоолой, чадамж, үсрэлт, огтлол гээд бүх зүйлээрээ агуу” хэмээн дуун алдсан удаатай. Өөрийгөө дуучин гэж тоодог, дуучин болох юмсан гэж хүсдэг, дуучин болоод нэр хүнд олсон хүн бүхэн “Өргөн Сэлэнгэ”-ийг дуулах учиртайг тэрээр бахдам хэлээд “Москва орчмын үдэш”-тэй л үзэлцэнэ дээ гэж тодотгосон юм.Монголын хөгжмийн урлагийн өнөө цагийн ноён оргилуудын нэг Жанцанноров ийнхүү “Өргөн Сэлэнгэ”-ийг дахин байранд нь тавьж өгсөн.
Дуу бүхэн нь өөр өөрийн гэсэн давтагдахгүй онцлогтой гэж мэргэжлийн хүмүүс шүүрс алдаад байдгийн баталгаа нь бүтээл бүр дээр мэдрэгддэг. Дэндэвийн Пүрэвдоржийн галтай залуу насандаа бичсэн “Чи минь битгий мартаарай” шүлэгт өнөө л аугаа их Дарамзагд хайлган сайхан аялгуу хийж ханьдаа зориулжээ.
“Хархан нүдний талимаанд чинь
Хайлан уяран суухад минь
Ханийн жаргал амсуулснаа
Хайрт минь битгий мартаарай
Бадамлянхуа уруулын чинь
Балыг амтлан суухад минь
Хорвоогийн жаргал амласнаа
Хонгор минь битгий мартаарай
Шан туушин гэзэгний чинь
Шанхыг нь илбэн суухад минь
Чин хайраа амласнаа
Чи минь битгий мартаарай …” гэх амраг хайрын асгарсан чиг аялгуутай уг бүтээл тухайн цагтаа хэтэрхий нялуун энээ тэрээ гэж шүүмжлүүлж байсныг бид мэднэ. Палам гэж сайхан дуучны давтагдашгүй хоолойгоор Монголын радиогийн алтан фондонд бичигдэж үлджээ. Пүрэвдорж Дарамзагд хоёрын бас нэг аварга бүтээл нь
“Орчлонд би азтай төржээ” гэсэн дуу юм. Уг бүтээлийг ардын жүжигчин, Монголын урлагийн “алтан гургалдай” Аюушийн Загдсүрэн үнэндээ бяртай дуулсан байдаг. Мөн гавьяат жүжигчин Д.Банзрагч гуай төгөлдөр хууртай дуулсан нь ч сэтгэл булаадаг юм. “Орчлонд би азтай төржээ” дууг мэргэжлийн дуучдын дуулах урын санг баяжуулах зорилгоор хийгдсэн бүтээл гэж үнэлэх нь бий. Зууны манлай Цогзолмаа гуайн дотносож, элгэмсэж хэлдэгчлэн өнөө л аварга Дарамын чинь бас нэг бүтээлийг хэлэхгүй өнгөрч боломгүй. Ономын Жигмэдготов гэж радиогийн ахмад сэтгүүлчийн үгийг нь бичсэн “Тогтохоо болилоо” дуу. Монгол Улсын ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл анх дуулж олонд хүргэсэн бол өнөөдөр “морины” Г.Батбаяр гавьяат, “Би монгол эр хүн”-ий Батболд нар хоршин дуулж буйг уншигч олон сайн мэднэ. “Арван найман нас хүрэхээр
Аавынхаа гэрт тогтохоо байлаа
Амраг жаалхан чамдаа очъюу гээд
Агсам зээрдийг сойдог боллоо” хэмээн Дарханы театрын залуухан гавьяат Барьдын Энхбатын хоолойгоор “Ирж яваа цаг” киноны дундуур энэ дуу явахад нэг л бүлээн дулаахан сэтгэгдэл төрөөд, бодол санаа тунгалагшаад ирдэг сэн. Үүнд л нэрт хөгжмийн зохиолчийн авьяас билэг, ая дангийн даац далайц байдаг биз ээ.
Тэрээр сонгодог бүтээлийн томоохон төрөл дуурьт авьяасаа сорьсон нэгэн. Тухайлбал, хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Лодонгийн Түдэвийн “Нүүдэл суудал” романаар Пунцагийн Бадарч найрагчийн цомнолыг нь бичсэн “Нүүдлийн замд” дуурь бий. Түдэв гуайг Монголын хувьсгалт залуучуудын байгууллагыг тэргүүлж байхад нь очиж уулзан “Нүүдэл суудал” романаар нь дуурь хийх тухайгаа дуулгажээ. “Цомнолыг нь манай Бадарч бичнэ, та зөвшөөрнө биз дээ” гэж сүрхий тулган асуусан байна. Романыг нь дуурь болгоно гэхийг сонсоод Түдэв гуай ихэд цочирджээ. Тэгснээ М.Шолоховын “Дөлгөөн Дон”-оор дуурь бүтээж байсныг санаад зөвшөөрсөн гэдэг.
“Аавыгаа сэрүүн тунгалаг байхад нь уг дуурийг нь би сонсч чадаагүй юм. Гадаадад оюутан байсан. Саяхан радиогийн алтан фондноос олж сонсоод аавыгаа дахин биширлээ. Ханиа алдчихсан, амьдралынхаа тийм их гунигтай, хүнд хэцүү үедээ бичсэн юм шүү дээ гэж бодохоос нулимс асгарсан” хэмээн нэрт хөгжмийн зохиолчийн охин соёл судлаач, доктор Оюун нь дурсч байсан юм. “Аав минь хошин шогийн өндөр мэдрэмжтэй хүн байсан. Эгч Баясгалан маань царайлиг сайхан бүсгүй байсан. Манай байрны хүүхдүүд болоод сургуулийнх нь банди нар эгчийн араас гүйнэ. Орой гэртээ цүнх дүүрэн захиатай орж ирдэг сэн. Аравдугаар ангид байхад нь гадаа хүүхдүүд дуудаад, эгч санаа зовоод гарч чадахгүй байхад аав хэдийнэ мэдчихсэн “Ганган залуу хархүү, гадуур эргээд байна уу. Гараад очъё гэсэн чинь ааваас айгаад байна уу. Ирээч гэсэн дохиогоор исгэрч дуудаад байна уу, итгээд очъё гэсэн чинь ээжээс айгаад байна уу” гээд дуу хүртэл зохиож байсан сан. Шаравын Сүрэнжав гуай аав хоёр ууж явах цагтаа ийм нэг дуу хийгээд Баадайжав гуай дуулж байсан юм. Үндсэндээ эгчид зориулсан дуу юм” гэж хуучилж билээ.
Монголын хөгжмийн урлагийн аваргуудтай нөхөрлөж, дээрээс нь Цэгмидийн Гайтав, Бэгзийн Явуухулан, Чойжилын Чимид, Сормууниршийн Дашдооров гээд нэрт зохиолчидтой ижилсэж явсан энэхүү билэг авьяастан Сэлэнгэ мөрөндөө үйчихсэн нь харамсалтай. Авьяастай хүнд л байдаг адармаатай гэнэн цайлган түүнийг хэн хүнгүй хүний хайлан хэмээн хүндэтгэдэг. Аливаад тэр бүр хөл алдаад байдаггүй Явуухулан найрагч нэгэнтээ “Дарамзагд бол төрийн шагнал авах тийм л авьяастай хөгжмийн зохиолч” гэж бичиж байжээ. Гэвч “Өргөн Сэлэнгэ”-ийг долгилуулсан энгүй их авьяастан юун төрийн шагнал энгэртээ ганц ч одонгүй хүмүүний хорвоог орхисон байнам. Харин жилийн жилд түүний нэрэмжит олон улсын дуулаачдын уралдаан ёс юм шиг зохиогдож, Монголын болоод монгол туургатны, мөнхүү дэлхийн нэртэй дуучид хуран цуглаж чадал чансаагаа сорьдог нь сайхан. Энгэртээ ганц ч одонгүй хальсан Дарамзагдын бүтээл ийнхүү дэлхийн дуучдын чансааг тогтоож байна. Үүн шиг том бахархал гэж үгүй л болов уу.





Д.Амарбаясгалан: Үндэсний үйлдвэрлэлээ л дэмжиж байвал бүтээгдэхүүн үнэтэй байсан ч яахав гэсэн үзлээр хандаж хэрхэвч болохгүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар гурилын гаалийн татварыг буцааж нэмэх асуудал яригдаж байна. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “С...
8 цагийн дараа
Кажа Каллас: АНУ өөрийн боломжийг ашиглахгүй байна
Европын Холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Каяа Каллас АНУ-ыг Украинд гал зогсоохын ...
8 цагийн дараа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар улсад айлчлал хийнэ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто-гийн урилгаар 2025 оны 4 дүгээр сарын 24-...
7 цагийн дараа
Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард багтаан буцаан олгоно
Монгол Улсын иргэн анх удаа орон сууц худалдан авсан болон амьдрах зориулалттай байр барьсан бол 6 сая хүртэлх төгрөгийн хувь хүний ...
7 цагийн дараа
ТЦА: Ачааны автомашинтай мөргөлдсөн ослыг шалгаж байна
Цагдаагийн байгууллагад 2025 оны дөрөвдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 01.00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар х...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд