Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 27

Валютын ханш

value

мэдээ

Т.Сайнжаргал: Төмөр замын хил холболтын цэгүүд бүрэн шийдэгдсэн гэж ойлгож болно DNN.mn

trend

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

img

2024 оны 5 сарын 15

img

82

news-img

“Монголын төмөр зам” Төрийн өмчит компанийн Төслийн хэлтсийн дарга Т.Сайнжаргалтай ярилцлаа.


-Төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд хэр явагдаж байгаа вэ?

-Бүтээн байгуулалтын ажил гэвэл Шивээхүрэн-Сэхэ боомтын хилийн холболтын нарийн царигийн төмөр замыг тавиад дуусч байна. Манайх өмнө нь нарийн царигийг хил дамнуулан холбосон тохиолдол байхгүй. Тэгэхээр энэ удаагийнх анхных нь болж байгаа юм.

-Хэзээнээс үйл ажиллагаа нь жигдэрч, тээвэр хийж эхлэх вэ?

-Гол замын урт нь 6.96 км, дэлгэмэл урт нь 19.6 км хилийн холболтын цогц бүтээн байгуулалт гэж ойлгож болно. Төмөр зам барихаас гадна холбоо дохиолол, гүүрэн байгууламж, өртөө, депогийн барилга, ажилчдын орон сууц, эрчим хүч гээд цогцоор нь хийж байгаа. Хилийн холболтоо нарийн царигаар хийж байгаа учраас бас технологийн асуудлууд тулгарч байна. Манайх чинь 1520 мм буюу Оросын стандартын төмөр замтай. Харин нарийн цариг буюу олон улсын стандартын энэ зам чинь 1435 мм байдаг.

Ингээд царигийн ялгаа гараад ирэхээр манай улсад ашиглаж байгаа машин механизм, техник, тоног төхөөрөмжүүд нарийн цариг дээр гарч ирж чаддаггүй. Тийм болохоор дандаа гар аргаар хийж байна. Уг нь механикжсан анги явах ёстой. Гар аргаар хийж байгаа учраас нэлээд цаг хугацаа орсон. Гэвч маргааш техникийн комисс ажиллахаар ЗТХЯ-аас чиглэл өгсөн байгаа. Ингэснээр эхний шатны ажил бэлэн болж байна гэсэн үг. Харин үүний дараагаар комиссынхны дүгнэлтийн дагуу сайжруулах ажлуудаа хийгээд явна.

-Энэ ажил дээр урд хөршийн дэмжлэг авч, техник технологийг нь ашиглаж болоогүй юм уу?

-Урд хөршийн дэмжлэг, туслалцааг авч болно л доо. Гол нь Хятад улстай 2004 онд хийсэн Хилийн хэлэлцээрийн протокол байгаа юм. Үүнээс гадна өнгөрсөн хугацаанд хэд, хэдэн хэлэлцээр хийсэн. Энэ ажил Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”, “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд хийгдэж байгаа ажил. Ер нь ганцхан энэ гэлтгүй бусад төмөр замуудын холболтын ажлууд ч дээрх бодлогын хүрээнд хийгдэж байгаа. Хэлэлцээрүүдийн үеэр бид хятадуудад саналаа тавихад тэд та хэд боломжит нөхцөлийнхөө хүрээнд өөрсдөөсөө шалтгаалах ажлуудаа хийчих гэсэн. Нэг ёсондоо бид төмөр замаа барьж болно. Гэвч та нар уддаг шүү дээ гэсэн агуулгыг л ярьж байсан. Тийм болохоор бид боломжоороо бариад Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр зам хилийн цэг рүүгээ дөхүүлчихсэн. Ингээд ирэхээр Хятад талаасаа замаа барих зөвшөөрлөө дээд газруудаасаа аваад ажил нь эхлэх гэж байна. Хэрэв хятадууд төмөр замаа өмнө нь барьчихсан бол бид тэдний техник хэрэгслийг оруулж ирээд барих боломж байсан.

-Манай ажил уддаг, гацдаг учраас эхлээд замаа тавьчих гэсэн шаардлага тавьсан юм байна, тийм үү?

-Шулуухан хэлэхэд, биднийг хэлсэндээ байдаггүй. Тийм болохоор эхлээд та нар барьчих л гэсэн юм. тэгэх юм бол бид төмөр зам тавихад асуудалгүй гэдэг зүйлийг хэлсэн.

-Шивээхүрэнгийн төмөр замыг баруун босоо чиглэлийн төмөр замтай холбоно гэж байсан. Энэ ажил хэзээнээс эхлэх вэ?

-Баруун босоо чиглэлийн буюу Шивээхүрэн-Нарийнсухайт-Арц суурь гэсэн чиглэлтэй байх юм. Эхний ээлжинд Шивээхүрэн-Сэхэ боомтыг нарийн царигаар нь холбож байна. Хажуугаар нь өргөн царигийн зам тавигдана. Тэр нь үргэлжлээд Нарийнсухайт-Баянхонгор аймгийн Шинэжинст-Говь-Алтай аймгийн Чандмань-Алтай-Завхан аймгийн Арцсуурь боомт хүртэл явна. Энэ ажлын сонголт 2022 онд явагдсан. Тендер биш гэсэн үг. Ингээд сонгогдсон компанитай нь төрийн оролцоотой хамтарсан компани байгуулах Засгийн газрын тогтоол гарсан. Үүний дараагаар концессын гэрээ байгуулах процедур явсан. Нийтдээ 1255 км төмөр замын ТЭЗҮ-ийг бэлэн болгох байсан. Харамсалтай нь сонгогдсон компанийн талаас ажил удааширч, гэрээгээ байгуулж чадаагүй. Ингэсээр байтал ноднин жилийн 12 дугаар сарын 31-нээс Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр Концессын хууль хүчингүй болсон. Цаг хугацаа алдсанаас болоод баруун босоо болон зүүн босоо чиглэлийн төмөр замуудын аль аль нь гэрээгээ байгуулж чадаагүй. Одоо энэ хоёр төслийн ажил зогссон байгаа. Тийм болохоор төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дахин шалгаруулалт явуулна.

-Төмөр замууд барьж байгаа ч бүгдээрээ мухар гэсэн шүүмжлэл явдаг. Хил холболтын ажлуудыг хэзээ бүрэн дуусгах вэ?

-Монгол Улс 1949 оноос хойш төмөр зам тавиагүй байж байгаад 2019 онд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км замыг дотоодын аж ахуйн нэгжийн боловсон хүчнийг ашиглаж барьсан. Мөн Тавантолгой-Гашуусухайт чиглэлийн 212 км, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замыг барьж байгуулсан. Энэ 1000 орчим км төмөр замыг бид өөрсдийнхөө дотоодын нөөц бололцоогоор барьж чадсан. Яг цар тахлын хүнд нөхцөл байдалтай байсан үе шүү дээ. Өмнө нь бид нутгийнхаа гүнээс төмөр замаа барьж эхэлдэг байсан бол энэ удаад бид Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замыг хилээсээ нутгийн гүн рүү барьж байна. Цаад талтайгаа хилийнхээ цэгийг тохироод барьж эхэлсэн. Бид боомтоо боомилуулаад байхаар яаж эдийн засгийн эргэлт хөшдөг, мөнгөний урсгал хэрхэн зогсдог гэдгийг харлаа. Тийм болохоор энэ алдааг давтахгүйн тулд Боомтын сэргэлтийг нэгдүгээрт тавьж, хилийн гарцаа нэмэгдүүлж, Хятад улстай холбохоор болж байна. Үүнээс гадна ОХУ-тай хиллэдэг боомтуудыг ч нэмэгдүүлэхээр төлөвлөж, судалж байгаа. Ер нь хил холболтын цэгүүд бүрэн шийдэгдсэн гэж ойлгож болно. Жишээлбэл, Гашуунсухайт боомтын хилийн холболтын ажил яг одоо явагдаж байна. Хятад талаасаа баригдаад эхэлсэн.

-Ханги-Мандал боомтоор төмөр замын тээвэр эхэлсэн гэсэн мэдээлэл яваад байгаа. Хилийн холболтоо хийчихсэн гэсэн үг үү?

-Ханги руу тээврүүд хийгдээд хил дээр очиж байгаа. Гэвч төмөр замаар хил гарсан зүйл байхгүй. Одоо хилийн хэлэлцээрүүд нь явагдаж байна. Хятадын талаас хил холболтыг Үндэсний төмөр замаараа холбооч гэсэн зүйлийг тавьж байгаа юм билээ.

-Үндэсний төмөр замаараа тавина гэдэг нь юу гэсэн үг билээ?

-Одоогийн Монгол, Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам/УБТЗ/ чинь хуучин Монголын төмөр зам гэсэн нэртэй байсан. Үүнийг 2008 оноос өөрчилсөн. Тиймээс Монгол Улс Монголын төмөр зам гэсэн нэрээ авсан. Цаашдаа Тээврийн тухай хуулиараа төмөр замын суурь эзэмшигч нь төр байна. Харин төрийн 100 хувийн өмчит компани нь Монголын төмөр зам юм. Тэгэхээр төмөр замын суурь бүтэц буюу замууд нь энэ компанид харьяалагдаад явна. Дээгүүр нь явах тээврийг нь либералчлаад өгчихсөн.

-Ханги-Мандалын төмөр замын нэг онцлог нь өргөн, нарийн хос замтай байх тухай ярьж байсан?

-Манай Монголын төмөр зам компанийн чиг үүрэгт бол байхгүй. Гэхдээ бидний авсан мэдээллээр Ханги талдаа 13 км нарийн болон өргөн царигийн төмөр зам хил дээрээ оччихсон байгаа. Харин одоо Мандалаасаа бүтээн байгуулалт нь ирээд хил дээрээ холбогдох учиртай. Ингэж хос төмөр зам байна гэдэг чинь ачаа барааг буулгаж, ачих цаг хугацаа алдахгүй. Нэмээд зардал хэмнэнэ. Өргөн царигаараа Хятад руу ороод ачаагаа буулгаад, буцаагаад авчихна. Толгой солигдоод л яваад байна гэсэн үг.

-Энэ давуу талаа бусад боомтууд дээрээ ашиглах юм уу?

-Ашиглана. Үүний эхлэл нь Шивээхүрэн-Сэхэ боомт дээр нарийн царигаа тавьж байна. Харин баруун босоо тэнхлэгийн өргөн царигийн төмөр зам нь хажуугаар нь давхар холбогдоно.

-Богд хан төмөр замын асуудал юу болсон бэ?

-Бидний талаас мэдэх зүйл алга. Яагаад гэхээр Богд хан төмөр замын ТЭЗҮ-ийг Тавантолгой төмөр зам хариуцаж хийлгээд, барилгыг нь барихаар болсон. Гэвч оросууд оролцохоор болсон болон бусад нөхцөлүүдээс болоод өнөөдрийн байдлаар зогсонги байгаа. Энэ зам чинь Рашаант орчмоор салаад Богд уулаа тойроод Мааньт буюу Баян зөрлөг дээр нийлэхээр байгаа юм. УБТЗ чинь хоёр улсын 50:50 хувийн эзэмшил учраас зам салах болон нийлэх цэгийн асуудлыг хоёулаа зөвшөөрч байж л шийднэ. Монголын талаас мянга явуулъя гэсэн ч оросууд зөвшөөрөхгүй бол нэмэргүй. Нэг ёсондоо хоёр улсын асуудал болчихоод байгаа юм. Гэхдээ цаагуураа шийдэгдээд явах байх. Ямар ч байсан ТЭЗҮ, зураг төсөл нь гарчихсан. Тухайн үедээ өртөг нэлээд өндөр байна гэж байсан.

-Замын-Үүд-Алтанбулаг чиглэлийн төмөр замыг хос болгох тухай бас л ярьж байсан?

-Зам, тээврийн хөгжлийн яам дээр мэргэжлийн байгууллагууд оролцсон судалгаанууд явж байгаа. Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг 2013 онд батлагдсан.

Үүн дээр нэг, хоёр, гуравдугаар үе шаттайгаар 5600 км төмөр зам барина гэж тусгасан байгаа. Үүнийг цаашаа дөрөвдүгээр үе шаттай болгоод 10 мянган км төмөр зам барих боломж байна гэсэн судалгааны ажлууд явагдаж байна. Тэгвэл УИХ болоод Засгийн газрын тогтоолд нэмэлт, өөрчлөлт орж таарна. Гол магистрал буюу Замын-Үүд-Алтанбулаг чиглэлийн 1000 гаруй км төмөр замыг хос болгох уу. Эсвэл хоёр царигтай болгох уу гэдэг асуудал яригдана. Энэ чинь өөр ойлголт. Бид хос төмөр зам барина гэвэл зэрэгцүүлээд, далан, шороо тавиад шинээр барина гэсэн үг. Харин хоёр шугамтай болгоно гэвэл тэр далан дээр нь барих уу гэдэг асуудал байна. Тиймээс эдийн засаг талаасаа аль нь үр өгөөжтэй байх вэ гэдэг нь л чухал. УБТЗ зам өнөөдөр ачааллаа дийлэхгүй байгаа. Энэ чинь олон улсын транзит тээвэр. Эдийн засгийн судалгаанууд бүрэн гарч дууссаны дараа яахаа ОХУ-тай зөвшилцөж л таарна.

-Шинээр барьж байгаа эдгээр төмөр замуудаар зөвхөн ачаа тээвэр явах уу. Зорчигч тээвэр хийх юм уу?

-Төмөр зам баригдсаны дараа эхний нэг жилдээ ачаа тээвэр нь жигдэрнэ. Үүний дараагаар 4-5 жилийн хугацаанд үр ашгаа олох ёстой. Ингэсний дараа нийгмийн хариуцлагын хүрээнд зорчигч тээврийн асуудал яригдана. Нэг төмөр зам баригдахад 5-10 жилийн дараа зорчигч тээврийн асуудал яригддаг. Учир нь зорчигч тээвэр алдагдалтай байдаг. Хэрэв зорчигч тээвэр яваад эхэлбэл дахиад эдийн засгийн асуудлууд гарч ирдэг. Одоо ачаа тээвэр явж байгаа Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416 км замд нэг өртөө, таван зөрлөг л байгаа. Харин зорчигч яваад ирвэл өртөө, зөрлөгийн тоо 15-20 болж нэмэгдэнэ. Энэ чинь дахиад зардал нэмнэ. Сайн тал нь суурьшлын бүс, дэд бүтцээ дагаад төвлөрөл бий болдог. Сургууль, цэцэрлэг, соёлын хэрэгцээ бий болно. Улаанбаатар хот, аймгуудын төвлөрлийг саармагжуулахад чухал нөлөө үзүүлнэ.

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ирэх долоо хоногт халуун ус хязгаарлагдах байршил DNN.mn

Ирэх даваа гариг буюу долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 12-ны хооронд 14 хоног дараах байршлуудад халуун ус хязгаарлахыг R...

img

8 цагийн дараа

ЗӨВЛӨМЖ: Үерийн усанд ил шархтай орвол үхжил үүсгэгч фасцит өвчин тусах аюултай DNN.mn

Үерийн усанд агуулагдах эмгэгтөрөгч бичил биетүүд нь халдварт өвчин үүгэх эрсдэлтэйг ЭМЯ-наас онцгойлон анхааруулж байна. Тухайлбал,...

img

7 цагийн дараа

Аадар борооны улмаас эвдэрсэн замуудыг засаж байна DNN.mn

Олон улсын чанартай А14 дугаартай Манхан-Булган-Улсын хил чиглэлийн авто замд хүчтэй аадар бороо орсны улмаас 120-133км-ийн хооронд ...

img

6 цагийн дараа

Инфляци улсын хэмжээнд зургадугаар сард 5.1 хувьтай гарав DNN.mn

2024 оны зургадугаар сард хэрэглээний үнийн индекс улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 5.1 хувиар өссөнийг Үндэсний Статистикийн хороо...

img

6 цагийн дараа

Улаанбаатар хот орчимд усны түвшин нэмэгджээ DNN.mn

Өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газарт гэр, байшин үерийн усанд автсан, автомашин голын салаанд боогдсон гэх 5 удаагийн дуудлага м...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд