мэдээ
Ч.Батцэнгэл: ХХ зууны манлай дуурийн дуучдын гарын шавь болсондоо маш их талархаж явдаг DNN.mn
Админ
2024 оны 7 сарын 15
396
Монгол Улсын Консерваторийн Дуулаачийн тэнхимийн багш, МУСТА дуучин Чулууны Батцэнгэлтэй ярилцлаа.
-Та дуурийн театрт олон жил дуулсан. Багш нарынхаа талаар эхлээд дурсвал?
-Би багаасаа драмын жүжигчин болно гээд Дархан хотын “Залуучууд театр”-т анх 1994 онд драмын жүжигчнээр ороод гурван жил ажилласан байдаг. Тэр хугацаандаа Дархандаа тавигдаж байсан жүжгүүдэд тоглоод явж байсан. Жүжигчнээрээ СУИС руу шалгалт өгөх гэж яваад жүжигчнийхээ ангид орж чадалгүй дуулаачийн ангид орчихсон юм. Тэр цагаас хувь тохиолоор сайн багшийн гарын шавь болж таарсан. Тэр нь Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Ц.Пүрэвдорж багш маань юм. 1997-2007 он хүртэл багшийнхаа амьдралынх нь хугацааны сүүлийн арван жилд ойр дотно байж тэр хүний зөвлөгөө, мэдлэг боловсролыг чадлаараа сурсан гэж хэлж болно. 2002 онд манай ангийнхан СУИС-ийг төгсөөд ангиараа 14 залуу дуурийн театрт уригдаж орж байсан. Тэр үед бодлогоор залуу боловсон хүчнээ сайн бэлдэж, “Дон Жуан, Чингис Хаан, Богема, Увдист лимбэ” том дууриудыг шинээр сэргээн тавихаас гадна хуучин тоглогдож байсан дууриудаа хийж эхэлсэн.
2012 онд СУИС-д магистр болоод Ардын жүжигчин А.Дашпэлжээ, Гавьяат жүжигчин Л.Халиунсүрэн багш нарынхаа удирдлагад магистр хамгаалсан. Урлаг гэдэг бол залуу насны юм, тийм учраас сайн багшийн юм чамд байж магадгүй багшил гэсэн учраас багшлах арга зам руугаа хандсан.. Хажуудаа их зүйл заасан хүн бол Х.Уртнасан багш маань. Одоо эргээд харахаар XX зууны манлай дуурийн эрэгтэй дуучны гарын шавь болоод, дараагаар нь XX зууны манлай дуурийн эмэгтэй дуучин Х.Уртнасан багшийн хажууд багшлах аргыг нь суралцсандаа маш их талархаж явдаг.
-Хөгжмийн зохиолч Ч.Сангидорж гуайгаас эхлээд олон сайхан хүнтэй та нөхөрлөж явсан гэсэн. Энэ тухайгаа яривал?
-Нөхөрлөнө гэхээр тэр хүмүүсийн шавь, дүү нь л болж байгаа юм. Сангиа багш, Халтарын Билэгжаргал, Бямбасүрэнгийн Шарав, Сайнцогийн Мөнхбат гээд сайхан хөгжмийн зохиолчид байна. Монголчууд цөөн гэлтгүй их авьяастай ард түмэн. Үнэхээр тэр хүмүүсийг бид өөрсдөө хайрлахгүй бол өөр хэн хайрлах вэ гэж боддог. Тэр ч утгаараа энэ хүмүүстэй ойр байж, өмнө нь хийчихсэн уран бүтээлээс нь дуулахыг хичээж, шинээр хийж байгаа бүтээлээс нь хамт дуулж уралдаан тэмцээнд оролцож явлаа. Х.Билэгжаргал багш маань хэлдэг байсан юм. Дуурьт хоолой, хөгжмийн онол, хэлний чадвар, өгөгдөл гээд олон юм жүжигчнээс шаардана. Багш маань надад чамд энэ дүрүүд илүү зохимжтой, алсдаа энэ дүрүүдийг хийгээрэй гэж захиж байсны нэг нь Ламбагуайн нулимс байсан. 2007 онд улсын тавдугаар уралдаанд ороод түрүүлж байсан. Театрын уран бүтээлчид маань намайг сайхан хүлээж авч, сэтгэлээсээ дүр гаргасан Лодон байж чадлаа гээд мэргэжлийнхээ хүрээнд үнэлгээ авч байсан.
-Таны нутаг ус Завхан аймгийн Шилүүстэй сум. Нутгийнхаа “Андиа гэгээн” гэж гэгээнтэнд зориулсан дуу хийсэн. “Очирваань уулын цагаан үүл, Ялгуусан хутагтын уул” гээд Очирваань хайрхны тухай олон сайхан дуунууд, концертууд хийсэн байдаг. Уран бүтээлийнхээ талаар дурсвал?
-“Очирваань уулын цагаан үүл”-ийг анх хийсний дараа Нарванчин гэгээн, Андиа гэгээн гээд нутгийнхаа хутагт хувилгаадын дуунуудыг дуулах тохироо бүрдсэн. Уран бүтээлүүд цуглаад ирэхээр цогц юм хийх шаардлага гардаг. 2012 онд “Зүрхэнд уяатай уул” гэж дан Отгонтэнгэр хайрхны дуунуудаар цомог гаргасан. Тэгээд олон найзууд маань энэ цомгийг ингээд орхиж болохгүй, багцалсан зорилтот төсөл хийх хэрэгтэй гээд зүтгэсэн. 2016 онд “Дорнын намуухан Отгонтэнгэр” гэсэн дуугаар нэрлэсэн телевизийн кино концерт хийсэн. Бавуудорж маань “Монголын, Азийн” гэж тэр уулаа хэлээгүй “Дорнын” том уул юм аа гэж хүндэтгэлтэйгээр хандсан. Тэр нь бас надад их сэтгэгдэл төрүүлж ингэж нэрлэсэн. Тэр төсөл маань олон түмэнд нэлээд өгөөжтэй байж, хүмүүст хүрсэн байдаг. Одоо харахад нэг өнцгөөсөө дуучин Батцэнгэл дандаа нутгийнхаа дуунуудыг дуулаад байгаа юм шиг. Нөгөө өнцгөөсөө залуучууддаа ийм онгон дагшин байгальтай шүү гэсэн үзүүштэй юм хийжээ гээд сэтгэл дүүрэн явдаг юм. Хамгийн олон дуу хамт хийсэн гэвэл Бавуудорж, Батсүх хоёр маань байх. Бид нэг нутгийн хүмүүс. Энэ хоёртойгоо нийлээд 40-өөд дуу болох байх. А.Эрдэнэ-Очир, Л.Ганзултайгаа бас олон дуу хийсэн.
-Таны дууны урын санд олон түмэнд хүрсэн дуунуудаас Т.Сэр-Од гуайн бүтээл “Миний хүү аавыгаа битгий санаарай, ээжтэйгээ эрхлэн тоглоорой” гээд дуу хүмүүст их хүрсэн байдаг. Энэ дууныхаа түүхээс хуваалцаач?
-Тэр чинь их сонин шүү дээ. 2002 онд сургуулиа төгсдөг жил хийсэн дуу. Хөгжмийн зохиолч Т.Сэр-Од багш маань Шанхайд сураад төгсөөд ирсэн, бидэнд хичээл ордог байсан. Тэр үед манай доод талын ангийн Жавхлан, Баясгалан гээд нийтийн дуу руу оюутан байхаасаа хүчтэй ороод ирсэн залуучууд байсан. Тэгээд нэг дуу надад сонсгосон, тэрийг нь дуулсан. Манай ангиас бас нэг залуу “Хонхны нулимс” гээд дуу дуулсан. Сургуулиа төгсөхөд учиргүй нөгөө хоёр дуу маань хүнд хүрээд тэр үед радио цөөхөн байж, хуулж аваад оруулчихсан байсан. Тэр бол Т.Сэр-Од хөгжмийн зохиолч Энхманлай ахыг, хүүгээ санаад Шанхайд сурч байхдаа хийсэн дуу. Хөгжмийн зохиолч маань үгийг нь хийчихсэн учраас хүүгээ санаад, сэтгэлээс нь ундарч гарсан. Тийм учраас хүний зүрх сэтгэл рүү их очсон байх гэж боддог.
-Та 2012 оноос хойш одоог хүртэл Монгол Улсын Консерваторын Дуулаачийн тэнхимд багшилж байна. Шавь нартаа уран бүтээлчийн хувьд ямар зөвлөгөө, санамжийг голдуу өгдөг вэ?
-Миний гарын бэлдсэн шавь гэвэл 40 гаран залуучууд байна. Аймгийн театрын чуулгууд, төвийнхөө чуулгуудад залуус маань одоо л дуулж эхэлж байна. Өмнө жил Хятадад зохиогдсон А зэрэглэлийн том уралдаанд Монголоос гурван дуучин шалгарснаас хоёр нь миний шавь. Багш хүний гол зорилго бол шавь нар л амжилттай байх. Шавь нараа энэ нь илүү хоолойтой гэж ялгахгүй байх юмсан гэж боддог. Яагаад гэвэл аль ч байгаа газраа соёлын үрийг тарих гэж хичээж байгаа. Харин нийтлэг араншинг хүсдэг нь юу гэхээр маш уран бүтээлч хандлагатай байх хэрэгтэй. Уран бүтээлч хандлага нь сулраад ирвэл одоо шүүмжлэгдээд байгаа олон дуучид, адилхан дуунууд ихээр төрж байгаагийн нэг илрэл болно. Шавь нартаа олон зүйлийг хэлэхийг хичээнэ, битгий яар, наад үгээ өөрөө бичээд хуулаад суу, энэ үг нь ямар агуулгатай юм, тэр аялгууны энэ нугалааг ийм учраас ингэж хийсэн байна, тайтгарах хэсэг нь энэ юм байна гэдэг тал руу нь их ажиллавал уран бүтээлч хандлага өөрийн эрхгүй бүтээлд нь нөлөөлнө гэж хэлэхээр байна.
-Таны аав ээж тань урлагийн авьяастай хүмүүс байв уу?
-Багахан юм уламжлагдсан байж болно. Манай аав, ээжийн аль аль талд нь урлагийн авьяастан байсан. Гэхдээ тэр үед дандаа л ардын авьяастнууд байсан. Манай аав бол жолооч хүн, айлд хөдөө явахдаа хэнийд ч орсон баян хуур, гитар, аман хуур гээд ямар ч хөгжмийн зэмсэг байсан бариад тоглочихдог. Тэр хүнд хөгжмийн мэдрэмж байсан. Ялангуяа манай урд талын сумынхан “Оройн Чимэг” гэж Отгонтэнгэрийг магтсан сайхан дуу дуулдаг. Тэр дууг аав маань их сайхан, хуучин ая дангаар нь дуулдаг хүн байсан. Тэгээд би боддог. Цаанаасаа энэ олон шавьтай, түмэн олонд хайрлагдаад явж байгаа маань өөрийн юм бол биш, энэ хүмүүсийн түмэнд тусалж байсан буян нь яваа байх л гэж бодож явдаг.
Г.Балгармаа
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн-д “Чингис хаан” одон хүртээнэ DNN.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг БНСУ-ын иргэн, Н...
8 цагийн дараа
Д.Хишигбаатар: Тогтолцооны гажуудал, хяналтын систем муу ажиллаж байгаа учраас гал түймэр, гамшиг ослын тоо буурахгүй байна DNN.mn
Гал түймэртэй тэмцэх байгууллагын ахмад ажилтан, бэлтгэл комиссар, Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан Д.Хишигбаатартай ярилцл...
8 цагийн дараа
Тусгай замын автобусны UBRT болон уулзвар, гарцын нэвтрэх хөдөлгөөнийг нэмэгдүүлэх “20/90” төслийг 2025 онд хэрэгжүүлнэ DNN.mn
20 минутын хот Үндэсний хорооны хоёрдугаар хуралдаан болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжли...
8 цагийн дараа
Оросын нөлөөллийн эсрэг жагсаал DNN.mn
Гүржийн ерөнхийлөгч Саломе Зурабишвили болон сөрөг хүчний намууд аравдугаар сарын 26-нд болсон сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхий...
7 цагийн дараа
ЗГ: Хиймэл оюунд суурилсан мэдээллийн хөтчийг сурган, хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ DNN.mn
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг иргэдэд хүртээмжтэй мэдээлж, сурталчлах зорилгоор хиймэл оюун ухаанд суурил...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд