мэдээ
Найман нэрийн хүнсний дэлгүүрийн худалдагч Г.Банзрагч: Бид урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж амьдарч байна

Админ
2025 оны 12 сарын 27

“Долоон буудал”-д найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг иргэн Г.Банзрагчтай ярилцлаа. Тэрбээр 30 гаруй жил хүнсний дэлгүүр ажиллуулж буй бөгөөд иргэдийн худалдан авах чадвар муу болсноос үүдэн эргэлтийн хөрөнгө нь муудаж, өөр бизнес хийхээр шийджээ.
-Найман нэрийн дэлгүүрийн орлого, иргэдийн худалдан авах чадвар ямархуу байгаа талаар яриагаа эхэлье?
-Миний хувьд одоо 50 гаруй настай. 20 настайгаасаа эхлээд л дэлгүүр, худалдааны салбарт ажиллаж эхэлсэн. Харин найман нэрийн хүнсний дэлгүүрээ ажиллуулаад арав гаруй жил болж байна. Гэхдээ өдий хүртэл дэлгүүрээ ажиллуулахдаа хоёр идэхгүй, хоосон хонохгүй явж ирлээ. Гэвч сүүлийн үед цалин хөлс, юмны үнэ, улс орны хямралаас болж хүмүүсийн худалдан авах чадвар муудсан.
Татвар, НӨАТ, түрээс, түлээ түлшний асуудлаас эхлээд жижиг бизнес эрхэлдэг бид өр ширнээсээ гарч чадахгүй явсаар эцсийн дүндээ манайх дэлгүүрээ зарахаар шийдсэн. Тэгээд өөр бизнес эрхлэх санаатай байгаа. Гэвч одоо цагт бэлэн мөнгөтэй хүн ховор шүү дээ. Тийм болохоор бартераар л дэлгүүрээ зарах байх. Одоохондоо бол дэлгүүрээ ажиллуулж л байна.
-Иргэд юмны үнэ нэмэгдлээ гэж их ярьж байна л даа. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Үнэндээ бид сүрхий ашиг олоод байгаа юм байхгүй шүү дээ. Яг л падаан дээрээ бичигдсэнээр нэг литр сүү 4700 юм уу, 4800 төгрөгөөр ирлээ гэхэд арван хувь л нэмж зардаг. Ингээд сүүн дээр арван хувь нэмэхэд 5200 төгрөгөөр зарна. Анх нэг литрийн сүү худалдаанд их гардаг байсан бол одоо 500 граммын ууттай сүү гарч, хүмүүс ч авах болсон. Энэ чинь хүмүүсийн амьдрал ямар байгааг илтгэх хамгийн наад захын жишээ. Ерөөсөө л нэг айл өдөрт хоёр талх авдаг байсан бол одоо нэг талх авдаг болсон. Хоёр юм уу, гурав хоногт нэг удаа боов боорцог авдаг байсан бол одоо долоо хоногт ганцхан удаа л авч байна. Ийм байхад бид бараагаа нугалж зараад, ашиг олоод байсан юм алга, урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж амьдарч байна. Өвлийн хүйтэнд, хүмүүс түлээ нүүрсэндээ л санаа зовно уу гэхээс биш амттан, шимттэн авч идэхээ больсон. Өндөр цалинтай боломжийн орлоготой хүмүүс нь яадаг юм гэхээс биш, тансаг хэрэглээ чинь гэр хорооллын айлуудаас тасраад удаж байна шүү дээ. Дээрээс нь найман нэрийн жижиг хүнсний дэлгүүрүүд чинь хамгийн ихдээ л өдөрт 20 ширхэг талх авч байгаа. Тэрийгээ л зарвал их юм. Заримдаа бүр 10 ширхэгийг ч авах үе бий. Манайх бол талх боорцгоо хүргэлтийн машинаас авчихдаг юм.
-Танайх дэлгүүрийн бараагаа өмнө нь авдаг байсан үетэйгээ харьцуулахад жил бүр л үнэ нэмэгдэж байна уу?
-Жил бүр л нэмэгддэг. Цалин, тэтгэвэр бага багаар нэмэгдэх бүрд юмны үнэ нэмэгдэж байна. Үүнтэй маргах хүн байхгүй. Одоо тэгээд юмны үнэ тэнгэрт туллаа гээд хоосон хонохгүйн тулд иргэд хоногийн хүнсээ аргацаагаад л аваад гарч байна. Үүнтэй адилхан бид хүртэл иргэдэд зээлээр ч болтугай өгөөд, сарын сүүлээр цалин буухаар авъя аа л гэдэг. Ер нь эргэлтийн хөрөнгө гээд байх юмгүй болсон доо. Мөнгөний ханш унаад, 2-3 авдар юм авахад л нэг сая төгрөг гарчихаж байна. Тийм болохоор зарим дэлгүүр түрээс нь өндөр бол бараан дээрээ 15 хувь нэмдэг байх. Гэхдээ бид бүгдээрээ л амьдрахын тулд, хоосон хонохгүйн тулд ажиллаж байгаа. Харин миний хэлэх гээд байгаа ганц зүйл бол, хүн юу ч хийж болно. Хүнсний дэлгүүр, ТҮЦ ажиллуулах гээд ямар ч ажил хийж болно. Харин түүнийхээ үр шимийг хүртэх ёстой. Гол нь үүнд төр засаг оролцоод байвал тэр л жинхэнэ асуудал болно. Гэхдээ төр засаг оролцсон шүү. Хэдэн ТҮЦ-ийг яаж хөөж буулгасныг санаж байна уу.
-Ер нь жижиг бизнес эрхлэгчид цаашдаа оршин тогтноход хэцүү болсон гэдэгтэй та санал нийлэх үү?
-Нийлнэ. Яагаад гэвэл бид чинь түрээс төлж, зарлагаа давсан орлоготой байж бизнес маань өргөжнө. Гэтэл энэ нийгэмд бизнес эрхэлнэ гэдэг хэцүү болсон шүү дээ. Залуус бүгд л гадагшаа явах хүсэлтэй болсон байна. Бид бол яах вэ. Харин хойч үеийн залуус маань л энэ нийгмийг багахан ч болов гэрэлтэй болгоосой гэж хүсэх юм. Нуулгүй хэлэхэд, манайд согтуу хөлчүү, хоногийн хоол ундгүй гэсэн хүмүүс зөндөө орж ирнэ ээ. Тэгэхээр нь ядарсан юм, өнөөдөр хоолгүй байгаа юм чинь ганц хоолны мах өгчихье хэмээн өрөвдөөд “За та цалингаа буухаараа өгөөрэй” гээд л гаргадаг. Энэ чинь л монголчуудын бодит амьдрал болсон байна.
Г.БАЛГАР
Г.Занданшатар: Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байгаа нь бодит үр дүн
-Бүх зүйл сайхан болж байна гэж бие биеэ хуурахгүй. Бас бүх зүйл болохгүй байна гэж муу амлахгүй- УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу ...
8 цагийн дараа
Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхий...
8 цагийн дараа
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы (2025.12.26) үдээс хойших нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нары...
7 цагийн дараа
А.Итгэлт: Иргэд баяр ёслол тэмдэглэхдээ хувийн мэдээллээ цахим орчинд байршуулснаар орон байрны хулгайн гэмт хэргийн хохирогч болдог
Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.Итгэлттэй ярилцлаа. -Шинэ жилийн баяр бо...
6 цагийн дараа
Найман нэрийн хүнсний дэлгүүрийн худалдагч Г.Банзрагч: Бид урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж амьдарч байна
“Долоон буудал”-д найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг иргэн Г.Банзрагчтай ярилцлаа. Тэрбээр 30 гаруй жил хүнсний д...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд


