Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 27

Валютын ханш

value

мэдээ

Н.Тэгшбаяр: Монголын парламент ураны гэрээг байгуулснаар шинжлэх ухаан ялж, популизм ордны баруун хаалган дээр үлдсэн

trend

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

img

2025 оны 12 сарын 27

news-img

Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяртай ярилцлаа.


-Монгол Улс жил хүрэхгүй хугацааны өмнө Франц улстай хамтран ураны төслөө хэрэгжүүлэхээр боллоо гээд гэрээнд гарын үсэг зурсан. Түүнээс хойш ажил ямар шатандаа явна. Ер нь энэ гэрээний үнэ цэнэ, ач холбогдол юу вэ?

-Энэ бол Монгол Улсын Засгийн газар, Франц улсын Засгийн газар хооронд хийгдсэн хөрөнгө оруулалтын гэрээ. Уг гэрээг Н.Тэгшбаяр, эсвэл “Мон-Атом”-ын Далайжаргал хүсээд хийчихдэг зүйл биш л дээ. Хоёр улсын Ерөнхийлөгч харилцан төрийн өндөр дээд түвшний айлчлал хийж, тэр хүрээндээ ярилцаад протоколд гарын үсэг зурсан. Тэр протоколд цацраг идэвхт бодис ураны төслийг хамтарч эхлүүлэх хөрөнгө оруулалтын гэрээ хийнэ гэж заасан юм. Урьд нь ч нэлээд удаан хугацаанд яригдаж байсан. Харин протокол зурагдсанаар Засгийн газар дээр хэлэлцэгдээд, ҮАБЗ-өөр дэмжигдэж, УИХ-аар орж батлагдсан. Ингэснээр энэ чинь олон улсын түвшний гэрээ буюу зайлшгүй биелүүлэх үүрэг бүхий гэрээ болчихож байгаа юм. Дээрээс нь манай улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд гуравдагч хөршийн бодлого гэж байгаа. Тэгэхээр энэ бодлогыг баталгаажуулсан бичиг баримт болсон гэж ойлгох хэрэгтэй. Мөн энэ гэрээний хамгийн том ач холбогдол бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван оронтой манай улс эн тэнцүү түвшинд харилцаж, аюулгүй байдлаа хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх арга замыг цөмийн энергийн салбараар дамжуулан бэхжүүлж байгаа юм.

Манай улс өмнө нь Оростой хамтраад Дорнод ураныг олборлож, экспортолж байсан. Харамсалтай нь үүнээс монголчууд хэзээ ч ашиг хүртэж байгаагүй гэдгийг тодорхой хэлэх хэрэгтэй.

-Гэрээг батлах үеэр эрдэмтдээс саналыг нь асуусан байх аа?

-Улсын Их хурал энэ гэрээг батлахдаа анх удаа эрдэмтдийг дуудаж ирүүлэн санаа бодлыг нь сонссон. Олон салбарын эрдэмтэн ирж, тал талаас нь мэдээлэл, ойлголтыг өгсөн. Гишүүд ч уран гэж юу юм гэсэн танин мэдэхүйгээс эхлээд олон улсын харилцаа хүртэл олон талаас нь асуусан. Бараг Чингис хаанаасаа хойш эрх барих дээд байгууллага энэ олон эрдэмтнийг авч ирж санаа бодлыг нь сонссон байж магадгүй.

-Уран бол цацраг идэвхт аюултай ч гэсэн шинжлэх ухаан, анагаах ухаан гээд олон талын ашиг тустай биз дээ?

-Физик талаас бол уран үнэхээр гайхамшигтай элемент. Цөмийн энерги гаргаж авдаг гол элемент бол уран. Ураны гинжин урвалаас үүдэлтэй халуунаас цахилгаан энерги гаргаж авдаг. Хоёрдугаарт, хэдийгээр эрсдэлтэй, хортой боловч олон улсын норм нормативын дагуу, цацрагийн аюулгүй байдлаа хангаад олборлож чадах юм бол эрүүл мэнд, аюулгүй байдал, хил гааль, хөдөө аж ахуй гээд олон салбарт дэлхий нийтээрээ ашиглаж байна. Одоогоор ураныг дэлхийн 14, 15 орон олборлож байгаа. Үүн дээр манайх нэмэгдэж нэг олборлогч орон болно. Ирэх 2028 оноос жилд 2500 тонныг гаргана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

-Харамсалтай нь энэ гэрээг байгуулах үеэс эхлээд одоог хүртэл тодорхой хүмүүс эсэргүүцсээр байгаа. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Өнгөрсөн хугацаанд цацраг идэвхт бодисын судалгаа, хайгуул бүгд улсын нууцад байсан бол энэ гэрээг байгуулахдаа ил тодоор хэлэлцэж, парламентын олонх дэмжсэн. Тэгэхээр төрийн эрх барих дээд байгууллага маань ингээд баталчихаад байхад үүнийг эсэргүүцээд байгаа нөхдүүд төрийн бодлогын эсрэг явж байгаа хэрэг. Тийм болохоор эдгээр хүмүүсийг хууль шүүхийн байгууллагууд нь хариуцлага тооцох шаардлагатай. Зарим нь бүр эрдэмтэн, судлаачдыг буудаж ална гэж хүртэл заналхийлсэн шүү дээ. Тэдгээр хүмүүст зохих хариуцлагыг нь хүлээлгэх байх гэж би найдаж байгаа. Ер нь төртэй улсад амьдарч байгаа юм бол бид хуулийн хүрээнд л амьдрах ёстой. Дээрээс нь хүмүүст нэг буруу ойлголт байна. Н.Тэгшбаяр хувийнхаа уурхайг ажиллуулах гэж байгаа юм шиг хандах юм. Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага намайг дуудаад асуухаар би хариулж л таарна. Түүний төлөө намайг үзэн ядаад байгаа нь гайхаж байгаа. Ямар сайндаа манай 10 жилийн багш маань “Чи Брунотой адилхан байна” гээд бичсэн байна лээ. Дэлхий бөөрөнхий гэснийх нь төлөө Бруног шатааж байсан. Болдог бол намайг ч тэгэх санаатай хүмүүс байх шиг байгаа юм. Гэхдээ та нар чадахгүй за юу. Ер нь хүн төрөлхтний түүхэнд соёл, шинжлэх ухааны дэвшилтэт болгоныг эсэргүүцдэг хүн сүрэг байсаар ирсэн. Телевиз, хөргөгч гарахад эсэргүүцсэн. Сонин хэвлэгдэхэд, ном олноор хэвлэдэг болоход ч шашны байгууллагууд эсэргүүцэж хөдөлж байсан. Гэвч шинжлэх ухаан, үнэн гэдэг юм чинь эцэстээ ялж, тэнэглэл, популизм хоёр гудамжинд үлдсээр ирсэн. Энэ удаад ч гэсэн Монгол Улсын парламент энэ гэрээг байгуулснаар шинжлэх ухаан ялж, популизм ордны баруун талын хаалган дээр үлдсэн юм шүү дээ.

-Ер нь ингээд төсөв нь хэдэн их наядаар тасардаг. Багш, эмч нарынхаа цалин, ахмадуудынхаа тэтгэврийг нэмж чаддаггүй байж ганц мөнгө олж байгаа уул уурхайгаа эсэргүүцээд л байх юм. Ямар зорилго байдаг юм бол оо?

-“Монголчууд бол алтан дээр суусан гуйлгачид” гэж санаандгүй хэлсэн үг биш юм шиг байна аа. Тэр алтыг чинь, газрын ховор, ураныг ухахад техник технологи, мөнгө санхүү, хүн хүч хэрэгтэй. Үүнийг чинь бид гадны улстай хамтрахгүй бол өөрсдөө чадахгүй. Ер нь Монгол Улсад одоо мэдэгдэж байгаа нь л Зөөвч-Овоогийн орд болохоос биш, өөр зөндөө ураны нөөцүүд илэрчихсэн байгаа. Одоо манайх дэлхийн ураны нөөцийн хоёр хувийн нөөцтэй. Харин энэ хайгуулын үр дүнг улс хүлээж авах юм бол таван хувь хүрэх бүрэн боломжтой. Манайх одоогоор эсгий таавчигнаас өөр юм үйлдвэрлэж байгаа зүйл бараг байхгүй. Тэгэхээр төрийн албан хаагчид, багш, эмч, цагдаа нарынхаа цалинг бид уул уурхайгаас олсон мөнгөөр л тавьж байгаа. Тийм болохоор уул уурхайг утга учиргүй эсэргүүцэж байгаа хүмүүс бол Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалд заналхийлж байгаа үйлдэл. Энэ хүмүүс мэдэхгүйдээ ингээд байгаа бол сэхээрүүл, сэнхрүүл. Галзуу бол СЭМҮТ-д нь хэвтүүл. Гадны гар хөл болж байгаа бол шоронд гянданд нь хий. Энэ ажлаа төр сайн хийх хэрэгтэй. Би бол сүүлийн үед ийм байр суурьтай болсон. Нэг сонин юм нэмж хэлэхэд манайд “Урангүй Монголын төлөө” гэсэн хөдөлгөөн байна. Тэгэхээр нь урангүй болох гээд байгаа юм бол тэр ураныг чинь мөнгийг нь өгөөд, татвараа төлөөд, өөрсдийнхөө мөнгөөр гадны улсынхан аваад явъя гэж байгаад баярлах ёстой гээд хэлсэн чинь дахиад энэ нь болохгүй болчихож байгаа юм. Ер нь энэ хүмүүс өнөөдөртөө уул уурхайг эсэргүүцэж байна. Маргааш зүгээр худаг ухахыг, хэдэн жуулчин авч ирээд гол ус үзүүлэхийг ч эсэргүүцнэ.

-Таны хувьд доромжилсон, заналхийлсэн хүмүүсийг хуулийн байгууллагад өгч шалгуулна гэж байсан. Өгсөн үү, хуулийнхан шалгаж тогтоож, хариуцлага тооцсон уу?

-Ална, тална гэсэн хүмүүсийг барьж аваад асуудлыг нь шийдэж байх шиг байна. Харин хүний нэр төрд халдсан хүмүүст цагдаа нар их хойрго ханддаг юм байна. Би шахаж байгаа. Хүний нэр төр, алдар хүнд гэдэг бол коммунизмын үед үнэ цэнэгүй байдаг. Харин ардчиллын үед хамгийн үнэ цэнэтэй зүйл бол хүний ажил хэргийн алдар хүнд байдаг юм. Тиймээс энэ асуудал дээр хойрго хандаж ерөөсөө болохгүй.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

А.Итгэлт: Иргэд баяр ёслол тэмдэглэхдээ хувийн мэдээллээ цахим орчинд байршуулснаар орон байрны хулгайн гэмт хэргийн хохирогч болдог

Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.Итгэлттэй ярилцлаа. -Шинэ жилийн баяр бо...

img

8 цагийн дараа

Найман нэрийн хүнсний дэлгүүрийн худалдагч Г.Банзрагч: Бид урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж амьдарч байна

“Долоон буудал”-д найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг иргэн Г.Банзрагчтай ярилцлаа. Тэрбээр 30 гаруй жил хүнсний д...

img

7 цагийн дараа

Н.Тэгшбаяр: Монголын парламент ураны гэрээг байгуулснаар шинжлэх ухаан ялж, популизм ордны баруун хаалган дээр үлдсэн

Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяртай ярилцлаа. -Монгол Улс жил хүрэхгүй хугацааны өмнө Франц улстай хамтран ураны төслөө хэрэгжүүлэх...

img

6 цагийн дараа

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -9 градус хүйтэн

Малчид иргэдэд зориулсан мэдээ:  27-нд Алтайн уулархаг нутгаар, 28-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно.  УЛААНБААТ...

img

6 цагийн дараа

Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдалд анхааръя

Шинэ он гарах мөч ойртож буй энэ үед айл бүхний хойморт бяцхан хүүхдүүдийн хөөр баясал, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг нэмэн...

img

9 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд