Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 16

Валютын ханш

value

гадаад

Камала Харрис: Би улс орноо үргэлж өөрийн нам болон өөрийнхөө өмнө тавьж ажиллана DNN.mn

trend

Админ

img

2024 оны 9 сарын 02

img

392

news-img

Энэ бол АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрисыг ерөнхийлөгчид нэр дэвшүүлснийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн Ардчилсан намынхаа их хурал дээр тавьсан түүний илтгэл. Түүнийг гарч ирэхэд цэнгэлдэх хүрээлэнд цугларсан их хурлын төлөөлөгчид тасралтгүй алга ташиж байсан учир Харрис “Баярлалаа, баярлалаа. За,одоо албан ажилдаа орцгооё. Ажилдаа орцгооё.Сайн байна” гэж хэдэнтээ давтан хэлж байж үгээ эхэлсэн билээ.

Миний гайхалтай хамтрагч Коул, Элла хоёрын минь гайхамшигт аав Дугласдаа талархаж байгаагаа хэлье. Дуги би чамд маш их хайртай. Манай ерөнхийлөгч Жо Байденд талархаж байгаагаа хэлье.Бидний хамтдаа туулсан замыг харахад Жо-д талархахаас өөр аргагүй.Таны амжилт, таны ер бусын намтар, таны зан чанар бидэнд урам зориг өгдөг.Иймээс Даг бид хоёр танд болон Жиллд хайртай байдаг бөгөөд та хоёрт үүрд талархах болно. Мөн дасгалжуулагч Тим Вальз, та гайхалтай дэд ерөнхийлөгч болно. Мөн би Их хурлын төлөөлөгчид болон манай сонгуулийн кампанит ажилд оролцож байгаа бүх хүмүүст талархаж байна. Америкчууд аа, сүүлийн долоо хоногт намайг энд авчирсан зам бол үнэхээр эргэлзээгүй гэнэтийн зүйл байсан.

Гэхдээ би гэнэтийн явдалд сандрах хүн биш ээ. Тийм ээ, миний ээж Шямала Харрис бидэнд гэнэтийн явдалд сандрахгүй, хатуужилтай байх чадвар суулгасан. Ээж минь 19 настайдаа хөхний хорт хавдрыг эмчилдэг эрдэмтэн болно гэсэн хоёргүй хүсэл мөрөөдлөөр Энэтхэгээс Калифорниа хүртэлх бүх замыг ганцаараа туулсан.

Тэрээр хувь заяаны эрхээр Ямайкийн оюутан миний аав Доналд Харристай танилцсан. Тэд бие биедээ дурлаж, гэрлэж, Маяа эгч бид хоёр бий болсон. Бид хүүхэд байхдаа их нүүдэллэдэг байв.Аав ээжийнхээ тухай миний анхны дурсамжууд маань баяр, цэнгэлээр дүүрэн байдаг. Инээд, хөгжмөөр дүүрэн гэр бүл. Цэцэрлэгт хүрээлэнд ээж маань “Хол явахгүй ойрхон байгаарай” гэж хэлсэн. Гэтэл аав маань инээмсэглэн: “Гүй, Камала, гүй. Битгий ай. Юу ч байсан чамайг зогсоохыг бүү зөвшөөр” гэж хэлсэн.Бага наснаас минь тэр л надад айдасгүй байх ёстой гэдгийг сургасан.Гэвч намайг бага ангид байхад тэд салж, ээж маань биднийг голлон өсгөсөн. Манай ээж таван футын өндөртэй, аялгатай ярьдаг, гялалзсан хар бараан арьстай эмэгтэй байсан. Хүүхэд байхдаа би заримдаа амьдрал түүнд хэрхэн таагүй ханддагийг хардаг байсан. Гэхдээ ээж минь сэтгэлээр хэзээ ч унаж байгаагүй. Тэр хатуу, зоригтой, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн төлөөх тэмцлийн анхдагч байсан бөгөөд Майя бид хоёрт шударга бус байдалд хэзээ ч гомдоллохгүй, харин үүний эсрэг ямар нэгэн сайн зүйл хийх ёстой гэдгийг заасан.Тэр бас бидэнд ямар ч зүйлийг дутуу хийх ёсгүй гэдгийг сургасан. Иймээс би иргэний эрхийн хөдөлгөөний үзэл баримтлалд шимтэж өссөн.Тиймээс л би багаасаа хуульч болохыг хүсдэг болсон. Би ахлах сургуульд байхдаа хамгийн сайн найз Вандагаа нэг л гунитай болсныг анзаарсан. Тэр хойд эцгийнхээ бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаагаа хэлсэн. Би түүнд түүнийг манайд ирэх ёстой гэж хэлсэн, тэр ирсэн.Энэ бол миний прокурор болсон нэг гол шалтгаан.

Тодруулж хэлбэл, намайг прокуророор ажиллаж байхад надад зөвхөн нэг л үйлчлүүлэгч байсан. Тэр бол хүмүүс.Иймээс л би “Намайг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн та бүхний шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Мөн энэ сонгуулиар аль нэг нам, фракцийн гишүүд биш, америкчууд өнгөрсөн үеийн хорсол, харгислал, хагалан бутаргалтыг ардаа орхиж, цаашдын шинэ зам мөрөө зөв тодорхойлох түр зуурын боломж бидэнд нээгдэж байна. Энэ үдэш улс төрийн өөр, өөр үзэл бодолтой хүмүүс биднийг харж байгааг би мэдэж байна. Иймээс би “Бүх америкчуудын ерөнхийлөгч байна” гэж тэдэнд амлаж байна. Би өөрийн нам болон өөрийнхөө өмнө үргэлж улс орноо тавьж ажиллана гэдэгт та бүхэн итгэж болно. Хууль дээдлэхээс эхлээд чөлөөт, шударга сонгууль, эрх мэдлийг тайван замаар шилжүүлэх зэрэг Америкийн үндсэн зарчим ариун байх ёстой. Би бидний дээд хүсэл мөрөөдлийн хүрээнд америкчуудыг нэгтгэдэг ерөнхийлөгч байх болно.Удирдахын тулд тэднийг сонсдог, бодитой, практикч, эрүүл ухаантай, Америкийн ард түмний төлөө үргэлж тэмцдэг ерөнхийлөгч байх болно. Энэ бол Шүүхийн байрнаас Цагаан ордон хүртэл явсан миний амьдралын гол зорилго байсан. Би Калифорнийн Оакландад залуу прокурор байхдаа эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хүчирхийлэгч “махчин амьтад”-аас хамгаалж байсан. Харин Калифорнийн ерөнхий прокурор байхдаа би томоохон банкуудтай тэмцэж, тэдэнд барьцаалагдсан дундаж давхаргын гэр бүлүүдэд 20 тэрбум долларын нөхөн төлбөр олгуулж, орон сууц өмчлөгчдийн эрхийг хамгаалахад тусалсан нь манай улсад гарсан ийм төрлийн анхны алхмуудын нэг байсан юм. Би манай хилийн аюулгүй байдал, ард иргэдийн аюулгүй байдалд заналхийлдэг зэвсэг, хар тамхи, хүний наймаа хийдэг картелуудтай тулалдсан. Би та нарт хэлье, эдгээр тэмцэл яг л энэ сонгуулийн явц шиг тийм ч амар байгаагүй юм.Гэхдээ би хэзээ ч бууж өгөөгүй. Учир нь ирээдүйнхээ төлөө байнга тэмцэж байх нь хамгийн үнэ цэнтэй зүйл байдаг. Энэ бүхэн бол америкчуудын ирээдүйн төлөөх бидний өнөөгийн тэмцэл юм.Энэ сонгууль бол бидний амьдралын хамгийн чухал зүйл биш, энэ бол манай үндэстний төлөө хамгийн чухал зүйл юм.Дональд Трамп олон талаараа тийм ч ноцтой хүн биш ээ. Гэхдээ Доналд Трамп Цагаан ордонд буцаж ирсний дараа гарах үр дагавар нь маш ноцтой зүйл юм. Та бүхэн түүнийг засгийн эрх барьж байх үеийн эмх замбараагүй байдал, гамшгийн талаар төдийгүй сонгуулиар суудлаа алдсанаас хойш түүний хийсэн ноцтой үйл явдлуудын талаар бодоод үзээрэй.Дональд Трамп иргэдийн саналыг хөсөрдүүлэх гэж оролдсон.Тэрээр сонгуулийн дүн найдлагагүй болонгуут АНУ-ын Капитол руу зэвсэглэсэн танхайчуудыг илгээж, хууль сахиулах байгууллагын ажилтнууд руу дайруулсан. Намынх нь улстөрчид түүнийг энэ танхай явдлыг таслан зогсоож, хүчний байгууллагын тусламж илгээхийг гуйхад тэрээр эсрэгээр нь үйл явдлыг улам дэврээсэн. Одоо түүнд энэ хэргээс нь гадна жирийн америк иргэдээс бүрдсэн тангарагтны шүүх түүнд огт өөр төрлийн гэмт хэрэг болох залилангийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт хариуцлага хүлээлгэх гэж байна. Хэрэв бид түүнд дахин эрх мэдэл өгвөл тэр юу хийх бол гэдгийг маш сайн бодоорой. Капитол дахь хууль сахиулах ажилтнуудад халдсан хүчирхийлэгч хэт даврагчдыг суллах гэж буй түүний зорилгыг анхаарч үзээрэй.Тэрээр сэтгүүлчид, улс төрийн өрсөлдөгчид гээд өөрийн дайсан гэж үзсэн хүн бүрийг шоронд хорих гэж байгааг санаарай. Түүний бас нэг гол зорилго бол манай цэргийн хүчийг бидний дайсны эсрэг бус өөрийн иргэдийн эсрэг ашиглах гэж буй явдал юм.Бодоод үз дээ, ялангуяа АНУ-ын Дээд шүүх түүнийг яллахгүй гэсэн шийдвэр гаргасны дараа түүний эрх мэдэл яаж нэмэгдэхийг бодож үзээрэй. Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн асар их эрх мэдлийг хязгааргүйгээр хэрхэн ашиглахыг төсөөлөөд үз дээ.Та бидний амьдралыг сайжруулахын тулд биш, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэхийн тулд биш, харин түүнд байдаг цорын ганц үйлчлүүлэгч нь болох өөрийнхөө төлөө Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаа ямар байхыг бид мэднэ.Энэ бүхнийг түүний хамгийн ойрын зөвлөхүүдийн бичсэн “2025 он төсөл”-д тодорхой бичсэн байгаа.Энэ бол манай улсыг өнгөрсөн рүү нь буцаан татаж оруулах төсөл юм. Бид буцаж очихгүй.Америкчууд бид буцахгүй.Мөн бид график гаргаж, урагшлах шинэ замын зургийг гаргаж байна.Хүчтэй, өсөн нэмэгдэж буй дундаж давхаргатай ирээдүй рүү тэмүүл. Учир нь хүчирхэг дундаж давхарга Америкийг амжилтад хүрэхэд чухал ач холбогдолтой байдгийг бид мэдэж байгаа бөгөөд ийм дундаж давхаргыг бий болгох нь миний ерөнхийлөгчийн ажлын тодорхойлогч гол зорилт байх болно. Би та бүхэнд хэлье, миний хувьд дунд анги бол миний ирсэн газар.Ээж маань төсвөө хатуу гараар зарцуулдаг байсан.Үүний ачаар бид боломжийн амьдарч байсан. Тийм ч учраас бид боломжийн эдийн засаг гэж нэрлэж байгаа хөдөө орон нутагт, жижиг хотод эсвэл том хотод амьдардаг эсэхээс үл хамааран хүн бүр өрсөлдөх, амжилт гаргах боломж бүхий эдийн засгийг бий болгоно.Бид жижиг дунд бизнес эрхлэгчид, үүсгэн байгуулагчдад хөрөнгө хүртээмжтэй олгоно. Мөн бид Америкийн орон сууцны хомсдолыг зогсоож, нийгмийн даатгал, “Medicare”-г хамгаалж, хөгжүүлэх болно. Одоо та бүхэн энэ бүхнийг Дональд Трампын ярьж, хэлж буйтай харьцуулаад хар даа. Учир нь түүнийг хэзээ ч дундаж давхаргын төлөө тэмцдэггүй гэдгийг хүн бүр мэдэж байгаа гэж би бодож байна. Тийм ээ, тэр үнэхээр хэзээ ч дундаж давхаргын төлөө тэмцдэггүй.Харин тэр өөрийнхөө болон тэрбумтан нөхдийнхөө төлөө тэмцдэг. Мөн тэрээр тэдэнд дахин татварын хөнгөлөлт үзүүлэх гэж байгаа бөгөөд энэ нь улсын өрөнд таван их наяд доллар нэмнэ гэсэн үг юм. Харин Трамп үндэсний хэмжээнд борлуулалтын татвар ногдуулахаар төлөвлөж байгаа нь дундаж давхаргын гэр бүлийн зардлыг жилд бараг 4000 доллараар өсгөх болно.Трампын нэмэх гэж буй татварын оронд бид 100 сая гаруй америкчуудад ашиг авчрах дундаж давхаргын татварыг бууруулах болно.Найзууд аа, америкчууд өөрсдийнхөө амьдралын төлөө, ялангуяа гэр бүлийн асуудлаар өөрсдөө шийдвэр гаргах чадваргүй л бол Америк хөгжиж чадахгүй гэдэгт би итгэдэг. Гэвч өнөө орой л гэхэд ийм шийдвэр гаргаж чадахгүй дэндүү олон эмэгтэйчүүд Америкт байна.Бид ийм байдалд яаж хүрснийг тодорхой хэлье.Дональд Трамп АНУ-ын Дээд шүүхийн гишүүдийг манай эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрх чөлөөг нь хасуулах гэж сонгосон.Тэгээд одоо энэ тухайгаа тэр онгирон сурталдаж байна.Тэрээр “Би үүнийг хийсэн, хийж чадсанаараа бахархаж байна” гэж байна. Зүгээр л гэр бүлээ зөв зохиох гэж байгаа хосууд, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд жирэмслэлтээ үргэлжлүүлэхээс өөр аргагүй болж байна.Доналд Трампын ач тусаар манай улсад энэ бүхэн болж байна. Та бүхэн ойлгоорой, тэр үүгээр зогсохгүй цааш улам ахих болно. Түүний мөрийн хөтөлбөрт жирэмслэлтээс хамгаалах хүртээмжийг хязгаарлаж, эмийн үр хөндөлтийг хориглож, үр хөндөлтийг улс даяар хориглох болно гэсэн байна.Нөхөн үржихүйн эрх чөлөөг сэргээх тухай хуулийн төслийг Конгресс батлах үед би АНУ-ын ерөнхийлөгчийн хувьд тэр хуульд гарын үсэг зурж байгаагаараа бахархах болно.

Өнөөдөр бидний өөр олон олон үндсэн эрх чөлөө эрсдэлд орчихоод байна. Тухайлбал, манай сургууль, олон нийт, мөргөлийн газруудад галт зэвсгийн аюулаас ангид аюулгүй байх эрх чөлөө, хайртай хүнээ илэн далангүй, бардам хайрлах эрх чөлөө, цэвэр агаараар амьсгалж, цэвэр ус ууж, уур амьсгалын хямралыг өдөөж буй орчны бохирдлоос ангид амьдрах эрх чөлөө, бусад бүх эрх чөлөөг нээж өгдөг санал өгөх эрх чөлөө хангалтгүй байна. Энэ сонгуулиар бид Жон Льюисийн “Санал өгөх эрхийн тухай хууль” болон “Санал өгөх эрх чөлөөний тухай хууль”-ийг батлах боломжтой болно. Хууль сахиулах байгууллагад олон арван жил ажилласны эцэст би аюулгүй байдал, ялангуяа манай хилийн аюулгүй байдал хэчнээн чухал болохыг мэдэж байгаа гэдгээ тодорхой хэлье. Өнгөрсөн жил Жо бид хоёр Ардчилсан нам, консерватив

Бүгд найрамдах намын гишүүдийг цуглуулж, сүүлийн хэдэн арван жилийн хувьд гарч байгаагүй хамгийн хүчтэй “Хилийн тухай” хуулийн төслийг бичиж, манай хил хамгаалах байгууллага уг хуулийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч Дональд Трамп энэ хуулийг түүний сонгуулийн кампанит ажилд сөргөөр нөлөөлнө гэж Конгресс дахь холбоотнууддаа уг хуулийг цуцлахыг тушаасан. Иймээс улсын аюулгүй байдлаараа улс төр хийхээс татгалзана гэдгээ би Трампад амлаж байна. Би ерөнхийлөгчийн хувьд түүний татгалзуулсан хилийн хамгаалалтын тухай хуулийн төслийг эргүүлэн авчирч, гарын үсэг зурна. Мөн америкчууд бид аюулгүй байдал, үнэт зүйлсээ гадаадад сурталчлахдаа тууштай байх ёстой.Ерөнхий командлагчийн хувьд би Америк үргэлж дэлхийн хамгийн хүчирхэг цэрэгтэй байхыг баталгаажуулах болно. Би цэргүүдээ халамжлах ёстой ариун үүргээ биелүүлэх болно.Бид дэлхийг сансар огторгуй, хиймэл оюун ухаанаар ирээдүй рүү хөтлөх болно. Энэ зууны төлөөх өрсөлдөөнд Хятад биш Америк ялна. Бид дэлхийн манлайллаа бууруулах бус улам хүчирхэгжүүлнэ.Харин Трамп НАТО-оос гарна гэж сүрдүүлсэн. Тэрээр Путиныг манай холбоотнууд руу дайрахыг уриалсан.Тэр “Орос хүссэн бүхнээ хийж чадна” гэж хэлсэн.Орос Украин руу довтлохоос тав хоногийн өмнө би ерөнхийлөгч Зеленскийтэй уулзаж, Оросын түрэмгийлэх төлөвлөгөөний талаар түүнд анхааруулсан. Би Путины түрэмгийллээс Украиныг хамгаалах дэлхийн 50 гаруй улсыг нэгтгэхэд өөрийн хувь нэмрийг оруулсан.Мөн ерөнхийлөгчийн хувьд би Украин болон НАТО-гийн холбоотнуудын талд тууштай зогсох болно. Газын дайны талаар ерөнхийлөгч Байден бид хоёр цаг наргүй ажиллаж байна. Учир нь одоо барьцаалагчдыг суллаж, гал зогсоох цаг болсон.Би Израилийн өөрийгөө хамгаалах эрхийг үргэлж хамгаалж, Израилийн өөрийгөө хамгаалах чадварт тусалсаар байх болно. Учир нь Израилийн ард түмэн хөгжмийн наадам дээр ХАМАС хэмээх террорист байгууллагаас тэдний залуучуудын эсрэг үйлдсэн аймшиг хүчирхийлэл, аллага, тэр дундаа үгээр хэлэхийн аргагүй бэлгийн хүчирхийлэлтэй дахин хэзээ ч нүүр тулах ёсгүй. Үүний зэрэгцээ, сүүлийн 10 сарын хугацаанд Газад болсон үйл явдал маш их сүйрэл авчирсан. Өчнөөн олон гэм зэмгүй амь нас хохирсон.Ерөнхийлөгч Байден бид хоёр энэ дайныг зогсоохоор ажиллаж байгаа бөгөөд ингэснээр Израиль аюулгүй болж, барьцаалагдсан хүмүүс чөлөөлөгдөж, Газын зурвас дахь зовлон зүдгүүр дуусч, Палестины ард түмэн нэр төр, аюулгүй байдал, эрх чөлөө, өөрийгөө тодорхойлох эрхээ хэрэгжүүлэх боломжтой болно. Бас нэг зүйлийг мэдэж аваарай. Иран болон Ираны дэмжлэгтэй алан хядагчдаас өөрийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд би ямар ч арга хэмжээ авахаас хэзээ ч буцахгүй.Би Ким Чен Ун шиг Трампыг дэмждэг дарангуйлагчдын өмнө хэзээ ч бөхийхгүй.Трампыг хэн, хэн дэмжиж байгааг хүн бүр мэднэ. Тэд Трамп дарангуйлагч болох хүсэлтэй байгаа учраас дарангуйлагчдад хариуцлага тооцохгүй гэдгийг мэдэж байгаа. Ерөнхийлөгчийн хувьд би Америкийн аюулгүй байдал, үзэл санааг хамгаалахад хэзээ ч эргэлзэж тээнэгэлзэхгүй.Учир нь ардчилал ба дарангуйллын хооронд үргэлжилж буй тэмцэлд би хаана зогсож байгаагаа сайн мэдэж байгаа бөгөөд АНУ хаана байх ёстойг ч сайн мэднэ. Тиймээс, ахан дүүс америкчууд аа, Би хаашаа ч явсан, хаана ч байсан үргэлж урагшлахад бэлэн америк үндэстэнг харж байдаг. Би дэлхий дахинд урам зориг өгөх, итгэл төгс Америкийг харж байна.Энд, энэ улсад бүх зүйл боломжтой. Хүрч боломгүй зүйл гэж үгүй. Бид бие биенээ харж, халамжилж, бид дотроо хагарахаас илүү нэгдэн нийлэх нийтлэг зүйлтэй гэдгээ ойлгодог.Америкт амжилтад хүрэх тэмүүлэлтэй хэн ч байсан бүтэлгүйтэх учиргүй.Мөн эв нэгдэлд хүч чадал байдаг. Энэ сонгуулийн уралдаанд оролцож буй манай өрсөлдөгчид бүх зүйл ямар аймшигтай байгааг өдөр бүр ярьж, Америкийг доромжилж байгааг та бид харж байна. Ээж минь өөр нэг сургамж бидэнд үлдээсэн. Тэр нь “Хэнд ч өөрийгөө хэн болохыг бүү ярь. Тэдэнд өөрийгөө хэн болохоо л харуул” гэсэн сургаал юм. Америкчууд аа, эрх чөлөө, боломж, энэрэн нигүүлсэхүй, нэр төр, шударга ёс, эцэс төгсгөлгүй боломжуудаа нээж, юуны төлөө амьдарч байгаагаа бие биедээ болон дэлхий нийтэд харуулцгаая.Үр хүүхэд, ач зээ нарынхаа нэрийн өмнөөс, эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө золиос төлсөн бүх хүмүүсийн өмнөөс бид энэ мөчийг авчрах ёстой.Өөдрөг үзэл, итгэлээр удирдуулсан бидний өмнөх үеийнхний хийсэн зүйлийг үргэлжлүүлэн хийж, хайртай эх орныхоо төлөө, эрхэмлэн дээдэлдэг үзэл санааныхаа төлөө тэмцэж, хамгийн том давуу эрх олгодог аугаа хариуцлагын төлөө зогсох бидний ээлж ирээд байна.Дэлхийд америк хүн байна гэдэг бол бахархал мөн.Ингэхийн тулд гарч ирцгээж, үүний төлөө саналаа өгцгөөе. Ингэж байж бид хамтдаа түүхийнхээ хамгийн ер бусын дараагийн гайхалтай хуудсыг бичиж чадна.

Баярлалаа. Бурхан та бүхнийг ивээг. Бурхан Америкийн нэгдсэн улсыг ивээг. Баярлалаа.

 

Орчуулсан

Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Нүүдэлчдийн наадамд оролцсон Монголын баг 19 дүгээр байрт жагслаа DNN.mn

“Астана-2024” Дэлхийн нүүдэлчдийн V наадам Казахстан улсын нийслэл Астана хотод есдүгээр сарын 8-13-ны өдрүүдэд болж, 89...

img

2 цагийн өмнө

Автобусны нэгдүгээр эгнээгээр автомашин зорчих зөрчил бага зэрэг буурчээ DNN.mn

Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвөөс/ЗХУТ/ өнгөрсөн долоо хоногийн ажлын өдрүүдэд буюу 2024 оны есдүгээр сарын 9-13-ны хооронд бүртгэ...

img

2 цагийн өмнө

Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв DNN.mn

2024 оны есдүгээр сарын 16-25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Есдүгээр сарын 18-нд газар тариалангийн бүс нутгаар нойтон ца...

img

3 цагийн өмнө

Бэрх төгөл орчмын 10 га талбайд ойн зурвас байгуулжээ DNN.mn

Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ойн экосистемийг бий болгож, ой хамгааллын болон нөхөн сэргээлтийн тогтвортой менежментийг шинжлэ...

img

3 цагийн өмнө

Нисэхийн тойргоос Хурдны зам хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ DNN.mn

Хан-Уул дүүрэг 8, 21-р хорооны нутаг дэвсгэр Архивчдын гудамж буюу Нисэхийн тойргоос Хурдны зам хүртэлх авто замыг есдүгээр сарын 20...

img

3 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд