Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 30

Валютын ханш

value

мэдээ

Ц.Тэлмүүн-Очир: Хөгжмийн төгс мэдрэмж, мэдлэгтэй хүн л “шидэт” дохиур барьдаг DNN.mn

trend

Админ

img

2024 оны 10 сарын 10

img

509

news-img

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн ярилцлагын зочноороо УДБЭТ-ын удирдаач Ц.Тэлмүүн-Очирыг урилаа. Тэрээр тус театрын 62 дэх улирлын нээлтийн тоглолтын нэг болох Ж.Вердийн “Риголетто” дуурийг дохиход бэлэн болжээ.


-Зуны турш нам гүм байсан театр одоо л нэг “амь орж”  байна уу гэлтэй. Хаалгаар нь ороход сонгодог аялгуу эгшиглээд нэг л гоё, дулаахан байна?

-Намрын улирал, аравдугаар сар өөрөө урлагийн байгууллагууд үзвэрийн хөшгөө нээж, үзэгчдээ  хүлээж авдаг сайхан улирал шүү дээ.

Энэхүү уламжлалын дагуу театр маань 62 дахь улирлын нээлтээ алдарт “Хунт нуур” бүжгэн жүжгээр хийлээ. Харин энэ амралтын өдрүүдэд “Риголетто” дуурийг хүргэхээр бэлтгэл хангагдаад байна.

-“Риголетто” дуурь театрын тайзнаа эргэн ирэх нь. Хамгийн сүүлд найман жилийн өмнө Э.Амартүвшин дуучны гоцолсноор үзэж байснаа санаж байна?

-Энэхүү дуурь дэлхийн сонгодог, сор болсон бүтээлийн нэг. Манай театрт таны хэлснээр хамгийн сүүлд найман жилийн өмнө тоглогдож байсан. Тухайн үед Ардын жүжигчин, дуурийн дуучин Э.Амартүвшин дуулж байгаад гаднын театруудад дуулахаар явсан тул ийнхүү түр завсарлаад байсан юм. Учир нь тухайн цаг үед манай гоцлол дууны ангид энэхүү дуурийн гол дүрд дуулах дуучны нөөц хараахан байгаагүй. Харин энэ удаад бид шинэхэн хоёр гоцлол дуучинтайгаар тайзнаа дахин тоглох гэж байна.

-Шинэхэн гоцлооч, шинэхэн удирдаач. Ямар хоршил болох бол. Хүлээлт бий шүү?

-Би “Риголетто” дуурийг өмнө нь дохиж байгаагүй. Анх удаа төрөлх театрынхаа тайзнаа удирдах болсондоо баяртай бас догдлолтой байна. Үүнээс гадна тус дуурийн хувцас хэрэглэл нь анх Монголын театрт тавьсан үеийнхээрээ буюу Ардын зураач А.Гунгаасүх агсны хийц загвараар гэсэн үг. Учир нь энэ онд зураачийн 80 насны ой тохиож байгаа юм. Тиймээс манай театрын уран бүтээлчид тэгш ойд нь зориулж, эрхэм зураачаа энэхүү алдаршуулахаар төлөвлөсөн нь энэ.

-“Риголетто” бол цар хүрээний хувьд их том дуурь. Дүрүүд нь дуучнаас ч хоолойн чадал шаарддаг. Харин удирдаачийн хувьд хэр шандас, ур чадвар “нэхдэг” бүтээл юм бол?

-Би өмнө нь театрын хөгжимчин байхдаа энэ бүтээлийг их олон удаа тоглож, оркестрт суусан. Тэгэхээр харьцангуй танил уран бүтээл. Тиймээс ачаалал гайгүй байна гэж хэлж болно. Гэхдээ удирдаач хүн аливаа дуурийг дохихдоо өөрийнхөө онцлогийг шингээх учиртай. Ялангуяа темпээ мэдэрч, дуурийн аль хэсгүүдийг өндөр байлгах вэ, ямрыг нь уянгалаг, зөөлөн сонсгох вэ гэдэг удирдаачийн чадвар, мэдрэмжээс шалтгаалдаг. “Риголетто” дуурийн хувьд ордны найр, хөгжөөний хэсэг ихтэй. Тайзан дээр гоцлол дуучнаас гадна  найрал дуучид гарч ирнэ. Тэднийг удирдахад, мөн уянгын хэсгүүдэд дуучнаа мэдрэх нь удирдаачийн хамгийн чухал ажил. Удирдаач зарим үед дуучнаа өргөж, бусад үед нь өөрөөр нь дуулуулах зэргээр аль болох дуучинтайгаа ойлголцож ажиллах ёстой.

-Өнгөрсөн жилээс л үзэгчид УДБЭТ залуухан, шинэ удирдаачтай болох нь гэдгийг мэдсэн. Учир нь та “Травиатта” дуурийг дохисон шүү дээ?

-Өнгөрсөн жилийн хувьд би оюутан байсан. Гэхдээ “Травиатта” дуурийг дохих үедээ сургуулиасаа түр чөлөө аваад, Монголд ирчихсэн байсан үе л дээ. Ингээд төрөлх театрынхаа тайзан дээр анх удаа удирдаачийн хувиар тайзнаа гарсан нь тэр. “Травиатта” бол “Риголетто”-г бодвол их тансаг дуурь. Ихэвчлэн хайр дурлалын тухай өгүүлдэг.

-Монголын сонгодог театрт ихэвчлэн Ж.Вердийн бүтээлүүд эгшиглэдэг.. Агуу Ж.Вердийн ертөнц яагаад ийм уянгалаг юм бол?

-Ж.Верди бол өөрийнхөө бүхий л амьдралыг дуурь бичихэд зориулсан хүн. Симфони, найрал хөгжмийн бүтээл бараг л байдаггүй. Түүний дууриудын онцлог нь дуучныг их сайн гаргаж өгсөн байдаг. Тиймээс ч бүтээлүүд нь дуучдын ур чадвар, хоолойн цар хүрээ, мэдрэмжийг шаардсаар ирсэн. Ж.Вердийн бүтээлүүдийг нь эхэн, дунд, сүүл гэж ангилдаг. “Риголетто” бол түүний эхэн үедээ бичсэн сод бүтээлийн нэг.

-Таныг 20 гаруй жил хөгжмийн боловсрол эзэмшсэн гэж сонссон. Сонгодог бүтээлд дурлах учир, шалтгаан юу байв?

-Манай удамд урлагийн чиглэлээр ажиллаж байгаа хүн байхгүй. Гэхдээ гэр бүлийнхэн минь урлагт их дуртай, хөгжмийн мэдрэмжтэй хүмүүс байдаг. Би анх цэцэрлэгт байхдаа хөгжмийн мэргэжлийн багштайгаа “учирч” байлаа. Ингээд нэгдүгээр ангидаа Хөгжим бүжгийн коллежийн хийл хөгжмийн ангид элссэн. Гэхдээ миний сонирхол илүү орчин үеийн, техник технологи давамгайлсан хөгжмийн чиглэл рүү байсан л даа. Гэтэл сургуулиа төгсөөд УДБЭТ-т ажилд орох боломж олдлоо. Ингээд энэхүү театрынхаа босгоор алхсанаар бага багаар сонгодог урлагт дурлаж эхэлсэн. Ж.Бүрэнбэх, Туулайхүү багш нарынхаа дуурь удирдаж байхыг хараад үнэхээр бахархах, хайрлах мэдрэмж төрдөг байлаа. Ур чадвар сайтай удирдаач хүн тухайн бүтээлийг хүмүүст хүргэхдээ илүү чанартай, сайн болгодог. Тиймээс энэ мэргэжилд татагдаж, сурахаар шийдсэн.

-Та театрт эхлээд хөгжимчин байсан. Тухайн үед ямар уран бүтээл тоглоход танд эрч хүч, сэтгэлийн таашаал мэдрэгддэг байсан бол?

-Театрт миний хөгжимчнөөрөө хамгийн анх ажилласан бүтээл нь мөн л Ж.Верди байсан юм байна. Харин тоглох дуртай, түүнээс эрч хүч авдаг бүтээл нь Пучиннигийн хөгжмүүд. “Тоска”, “Богема”, “Чио Чио Сан” гээд дууриуд бий. Бүжгэн жүжгээс “Спартак” балетын хөгжмийг тоглоход таатай мэдрэмж төрдөг байсан. Ер нь театрын залуу хөгжимчид их ачаалалтай ажилладаг. Нэг бүтээл сурах гээд эхэлж байтал дараагийн уран бүтээл нь ороод ирдэг. Долоо хоног бүр үзвэртэй. Ингээд эхний нэгээс хоёр жил өнөөх уран бүтээлээ гартаа оруулах гэж суралцсаар байгаад өнгөрнө. Харин гурав дахь жилээс арай дөртэй болдог гэх үү дээ. Энэ үеэсээ давраад гоцлол хөгжим тоглохыг хүснэ. Үүнийхээ дараа дуурь удирдахыг бодно. Би яг л энэ замналаар явсан. Би театрт ажиллаж байхдаа хөгжмийн най­руу­лагчийн мэргэжлээр сурсан. Ингээд энэхүү ангиа төгссөний дараа шууд үргэлжлүүлээд Ж.Бүрэнбэх багш дээрээ удирдаачаар суралцсан юм.

-Монголдоо удирдаачаар сурчхаад, БНСУ-д дахиад сурахад ямар байсан бэ. Солонгосын урлагийн сургууль таны төсөөллөөс хэр хол байв?

-Мэдээж сургалтын хөтөлбөр, материаллаг баазаасаа эхлээд тэнгэр газар шиг зөрүүтэй л дээ. Ялангуяа СУИС-д симфони оркестр байхгүй. Миний хувьд Монголд сурч байхдаа дадлагын ажлаа ихэвчлэн дуурийн театрынхаа хөгжимчидтэй зөвшилцөж хийдэг байсан. Харин БНСУ-д миний сурч байсан сургууль гэхэд л гурван оркестртой. Үүнийгээ дагаад бэлтгэл, сургуулилтаас эхлээд ачаалал өндөр. Мэргэжлийн багш нар нь оюутнууддаа өндөр шаардлага тавихаас гадна өөрсдөө оркестр удирдахаараа биднийг оруулна. Хичээлдээ сайн байсан оюутандаа оркестр удирдах эрх өгнө гээд биднийг бяцхан өрсөлдүүлчихдэг байлаа.

-Удирдаачийн ангид орохын тулд хөгжмийн өндөр мэдлэгтэй байхыг шаарддаг байх. Та олон улсын оюутнуудтай хамт сурч байсан уу?

-Тухайн сургуулийн найрал дууны удирдаачийн ангид тэнцсэн ганцхан өөр улсын оюутан нь би байсан. Надаас бусад нь солонгосчууд. Харин миний тэднээс ялгарах нэг давуу тал нь би арай туршлагатай. Учир нь эх орондоо энэ мэргэжлээр төгсөөд, театртаа долоон жил ажилчихсан байсан үе л дээ. Харин нөгөө талаас нь харах юм бол надтай сурч байсан залуучууд их багаасаа хөгжмийн боловсрол эзэмшсэн. Гэхдээ ганцхан бус 2-3 хөгжмийг төгс сурчихсан хүмүүс байлаа. Манай сургуулийн хувьд багш нар нь байнга солигддог онцлогтой. Дэлхийн шидэг оркестрын удирдаач нар ирж бидэнд хичээл заана.

-Дуучин хүн бурхнаас “бэлэглэсэн” хоолойн чадал, өвөрмөц өнгөтэй төрдөг. Харин удирдаач хүн төрдөг үү. Эсвэл суралцдаг юм уу?

-Удирдаач хүн ч ялгаагүй төрдөг гэж би боддог юм. Хөгжмийн торгон мэдрэмжтэй хүн энэ мэргэжил рүү тэмүүлдэг болов уу. Ер нь хөгжмийн зохиолчийн бичсэн тэр хөгжмийг биеийн хэлэмжээрээ илэрхийлж, гаргана гэдэг хүн бүрийн чаддаг зүйл биш. Энэ нь байгалиас заяагддаг. Харин энэхүү авьяасаа өөрөө өнгөлж, тордож, хөдөлмөрлөж чадсан хүн жинхэнэ удирдаач болдог жамтай.

-Урлагаар амьдрах хатуу гэдэг. Олон ч сайхан уран бүтээлчид шантарч, хүсэл мөрөөдлөө орхисон гэж ярьж байхыг сонссон. Удирдаач хүний гол шалгуур юу юм бол?

-Мэдээж хүнд мэргэжил. Уншиж, судлах зүйл тоймгүй их. Хөгжмийн төгс мэдлэгтэй байж л тэр шидэт дохиурыг барих эрхтэй болдог. Тиймээс ч сургуулиудын хувьд энэ мэргэжлийн босгыг өндөр тавьдаг байх. Намайг Солонгост сурч байхад манай сургуулийн бүх дамжааныхан нийлээд 15 хүүхэд л байсан. Удирдаач мэргэжлийн бас нэг онцлог нь мэргэжлийн хичээлээ багшаар заалгахаас гадна хичээлийн бусад цагаар өөртэйгөө, ноттойгоо ажиллах нь чухал. Ингэж чармайж байж л энэхүү мэргэжлийг эзэмшдэг дээ. Гэхдээ сургууль төгссөн хүн бүхэн удирдаач болж, мэргэжлээрээ ажилладаггүй. Солонгост хэдий олон оркестр байгаа болов ч түүнийгээ дагаад хэтэрхий их удирдаач байдаг. Тиймээс тогтсон ажил байхгүй. Ер нь диплом авсан хүн бүр ч удирдаач болдоггүй. Тухайн оркестр, хамт олныг удирдаж авч явах сэтгэлзүйн өндөр мэдрэмжтэй байх хэрэгтэй. Учир нь нэг театрт очоод тухайн хамт олонд буруу шаардлага тавих,  оркестртойгоо буруу ажиллахад олон хүний доог тохуу болно. Энэ чинь үзэгчдийн нүдэн дээр өрнөдөг ажил шүү дээ. Үүнээс болж цаашдын карьераа ч алдсан олон удирдаач бий. Харин нэг эвээ олоод, зөв ажиллах юм бол нас ахих тусам туршлагажиж, чанарждаг мэргэжил.

-Сургуулиа төгсөхдөө дипломын ажлаа их сайн удирдаж, өндөр үнэлгээ авсан гэж сонссон?

-Оюутнуудын дипломын ажлыг тухайн багш нь сонгож өгдөг. Би сургууль төгсөхдөө “Ромео Жульетта” дуурийн симфони найраглалыг удирдсан. Гэхдээ энэ хөгжмийг би өмнө нь театр ажиллаж байхдаа нэг удаагийн тоглолт дээр Ж.Бүрэнбэх багш маань дохих боломж олгож байсан юм. Тиймээс төгсөлтийн ажилдаа энэ дуурийг дохиход нэг бодлын надад ачаалал бага байсан ч жаахан “амтгүй” санагдаж байснаа нуухгүй.  Ингээд би тухайн дуурийг дохиж, хамгаалалтаа хийчхээд шууд Монгол руу ниссэн. Учир нь маргааш нь эх орондоо залуу удирдаачдын анхдугаар тэмцээнд оролцох хуваарьтай байсан юм. Энэхүү тэмцээндээ амжилттай оролцож, тэргүүн байр эзэлсэн.

-Солонгос бол сонгодог урлагийн хөгжлөөрөө топ улсын тоонд ордог. Мэдээж тус улсад боловсрол эзэмшсэн хүний хувьд театруудынх нь хөгжлийн гол “амин сүнс”-ийг юу гэж харсан бэ? 

-Аливаа урлагийг хийхдээ урьдаас төлөвлөж, их эмх цэгцтэй ажилладаг. Солонгосчуудын хувьд цаг барих тал дээр хамгийн төгс хүмүүс. Энэ нь ч ямарваа нэг уран бүтээл хийхээс гадна амьдрал дээр ч давуу тал болох нь бий. Мөн театрын барилгуудынх нь хувьд их орчин үелэг. Дуурь дээр солонгос хадмал нь тайзных нь дээр урсаж байх жишээтэй. Энэ мэдээж хөрөнгө мөнгөтэй холбоотой. Мөн Солонгосын сонгодог театрууд барууны зарчмаар ажилладаг. Манайх шиг өөрсдийн дуучин, бүжигчин, найрал дуучид гэж байхгүй. Бүгдтэй нь гэрээ хийж, урьж ажиллуулдаг. Жишээлбэл, дуучид нь гэхэд өөр, өөрийн харьяалагддаг агентлагтай.

-Хөгжимчнөөр ажиллаж байгаад, удирдаач болоод эргэж ирээд, уран бүтээлчид, хөгжимчдийнхөө урд гарахдаа та хэр догдолж байсан бэ?

-Би оюутан байхдаа л хурдхан шиг сургуулиа төгсөөд эх орныхоо театрт очоод, анхны бүтээлээ дохих юм сан гэж хүсэж, хүлээдэг байлаа. Уран бүтээл эхлэхэд удирдаач яам руу орж ирэхэд гэрэл тусдаг шүү дээ. Би хэзээ ингээд алхаж байх бол гэж байнга бодож, мөрөөдөж, догдолдог байсан. Гэтэл яг тэр мөрөөдөл биелэх мөчдөө би өнөөх сэтгэл хөдлөл, мэдрэмжээ гаргаж чадаагүй. Учир нь хариуцлагаасаа болсон болов уу.

-Дуучид бүхэн бүтээх юм сан гэсэн мөрөөдлийн дүртэй байдаг юм билээ. Харин удирдаач хүний хувьд яг ингэж хүсэж, тэмүүлдэг бүтээл бий юу?

-Би залуу уран бүтээлч. Тиймээс нас хүрдэг бол бүгдийг нь л дохих сон гэж боддог. Үүнээс онцолбол, Ж.Пуччинийн “Турандот” ч юм уу. Миний хувьд Ж.Пуччинийн бүтээлүүдэд их дуртай. Мөн “Фауст”-ыг нэрлэмээр байна. Монголдоо Г.Малерын бүтээлүүдийг эгшиглүүлэх гэсэн мөрөөдөлтэй гээд яривал цаг их орох байх.

-Дуурь, балет дохиход асар их ялгаа бий юу?

-Асар их ялгаа бий. Бүжгэн жүжгийн хувьд илүү бүжигчдийнхээ үсрэлт, дунд нь хийж байгаа ёсолгоог сайн гаргах хэрэгтэй. Мөн тухайн бүжигчний онцлог, давуу талыг тодотгож өгөх нь зөв. Том биетэй бүжигчин байлаа гэхэд их хурдан дохиж болохгүй. Учир нь бүжигчин маань хөдөлгөөнөө гүйцэхгүй жишээтэй. Харин дуурийн хувьд оркестроос гадна гоцлол дуучин, найрал дуучид гээд 100 гаруй хүнийг зэрэг удирдаж, хянана шүү дээ.

-Залуу насны эрч хүч, авьяас билгээ энэхүү төрөлх театртаа зориулахаар ирчихсэн байгаа хүний хувьд асуухад манай театр ер нь хөгжлийнхөө ямар замаар явж байна гэж хардаг вэ. Бидний алхаж буй энэ харгуй гэрэлтэй юм уу?

-Миний бодлоор бид анх их зөв замаар алхаж эхэлсэн. Мэдээж тухайн үед улс ч сонгодог урлагаа бодлогын түвшинд анхаардаг байсан байх. Ингээд бидний алтан үе гэдэг 1960-1980 оны үед театр хамгийн “хүчирхэг” үедээ ирсэн гэж ярьдаг. Дуучдын хувьд ч ур чадвар өндөр байхаас гадна орон тооны хувьд их өнөр байсан юм билээ. Симфони найрал хөгжим гэхэд л 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй. Бүжиг анги бараг 60 хүнтэй байсан гэж сонссон. Энэ том бүрэлдэхүүнээр ямар ч уран бүтээлийг итгэл төгс тавина шүү дээ. Харин Монголын нийгэм шилжихэд буюу 1990-ээд оны үеэс уналтад орсон байдаг. Тухайн үед театртаа үнэнч байж, галыг нь өрдөж байсан цөөхөн уран бүтээлч байсан юм билээ. Харин энэ цаг үед бол Монголын театр сэргэж, хөгжиж байна гэж боддог. Бид цар тахлыг амжилттай давлаа. Манай уран бүтээлчид ч олон улсад гарах эхлэлээ тавьж байна. Гэхдээ уран бүтээлчдийн орон тооны хувьд дутмаг хэвээрээ байгаа нь харамсалтай. Бид “Хунт нуур”, “Аида” гээд том бүтээлүүдийг тавихад тун хэцүү. Үргэлж гаднын урлагийн байгууллагаас уран бүтээлчид авчрах болдог. Яагаад энэ хүмүүс мэргэжлээрээ ажиллахгүй байна вэ гэвэл цалин асуудал яригдана. Цалин хангамж нь өндөр бол уран бүтээлч бүхэн л мэргэжлээрээ ажиллахыг хүснэ шүү дээ.

-Ямар театрыг сайн гэх вэ. Театрын хөгжил байшин барилга, хүний нөөцөөрөө хэмжигддэг юм уу. Эсвэл ур чадвар, авьяаслаг уран бүтээлчид чухал юм уу?

-Манай театрын хувьд боломж нь байгаад, хүний нөөц нь бүрдчих юм бол дэлхийн аль ч театраас дутах зүйлгүй. Бидэнд тийм потинциал бий. Театрын маань ямар ч дуучин олон улсад очоод өрсөлдөхөд гологдохгүй, ур чадвар, авьяастай. Үүнийгээ ч харуулаад олон сайхан дуучин маань дэлхийн зах зээлд өрсөлдөж, дэлхийн том тэмцээнүүдэд оролцож, гранпри шагнал авч байна.

-Та Солонгос руу сурахаар явахдаа л эх орныхоо театрт ирж ажиллана гэсэн бодолтой байсан уу. Олон улсын театрт очоод, илүү карьер хөөх боломж хэр байв?

-Миний хувьд энэ л театраасаа ажил, амьдрал, уран бүтээлийн гараагаа эхэлсэн. Мөн оркестрт хөгжимчнөөр ажиллаж байхад театрын уран бүтээлч ах эгч, найз эар минь намайг удирдаачаар сур гэж цэнэглэдэг байсан. Тэгэхээр нэг ёсондоо би симфони найрал хөгжмийн захиалгаар сурсан удирдаач шүү дээ. Тиймээс нэгдүгээрт би төгсөөд төрөлх театртаа эргэж ирэх нь миний үүрэг гэж бодсон. Өөрийн сурч мэдсэнээ Монголынхоо театрын хөгжилд зориулмаар байна. Мэдээж залуу уран бүтээлчийн хувьд дэлхийн өөр  театруудын хөгжилтэй танилцаж, шилдэг оркеструудыг удирдах юм сан гэсэн бодол, зорилго бий. Хувь тавилан минь хэрхэн эргэхийг би ч мэдэхгүй. Гэхдээ надад боломж гарлаа гээд төрөлх театраа шууд орхиод явна гэхэд төсөөлөгдөхгүй байна.

-Монголын дуучид дэлхийн зах зээл дээр “үнэтэй” байна. Харин удирдаачдын өрсөлдөөн хэрхэн өрнөж, шилдгүүд нь аль улсын оркестрт очиж ажилладаг юм бол?

-Мэдээж ур чадвар өндөртэй удирдаач хамгийн өндөр цалин амласан газар л ажиллана. Яг энэ цаг үед АНУ-д Италийн удирдаач хамгийн өндөр цалин авч байна. Мөн Лос-Анжелесийн театр өндөр хангамжтай гэж сонссон. Үүнийгээ дагаад өрсөлдөөн их. Тэд мөн зарим үед хамтарч ажиллах нь бий. Нэг нэгэндээ санал тавьж, өөр өөрийн театр урих ч юм уу.

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

ХӨСҮТ: Толгой өвдөж, халуурч байгаа бол шинэ жилд битгий оролцоорой DNN.mn DNN.mn

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс томуу ба томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Эндээс онцлоход, ...

img

2 цагийн дараа

Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь DNN.mn

Авто замын зарим боомтууд өнөөдрөөс /2024.12.30/ ажиллахгүй. Тухайлбал, Цагааннуур, Ульхан, Тэс, Булган зэрэг боомт арванхоёрдугаар ...

img

1 цагийн дараа

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын 83 удаагийн дуудлага бүртгэгдлээ DNN.mn

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 30 суманд аюулт үзэгдэл, ослын 83 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлаг...

img

1 цагийн дараа

2024 онд нийт 16.1 сая төл бойжуулжээ DNN.mn

Улсын хэмжээнд 2024 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 57.6 сая толгой мал тоологдлоо. Малын тоо өмнөх оноос 7.0 сая толгой...

img

26 минутын дараа

“Хүннүгийн язгууртны цогцолбор”-ыг тохижууллаа DNN.mn

Улаанбаатар хот орчмын түүх, соёлын дурсгалыг түшиглэн хөгжүүлж, аялал жуулчлалын эргэлтэд оруулах төсөл, арга хэмжээний хүрээнд Сүх...

img

1 минутын дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд