Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 28

Валютын ханш

value

мэдээ

М.Чимэддорж: Хөгжил бол дотоод шалтгаантай, тэр нь монгол хүн

trend

МӨНХЖАРГАЛЫН МӨНХЦЭЦЭГ

img

2025 оны 12 сарын 28

news-img

УИХ дахь АН-ын ахлах зөвлөх М.Чимэддоржтой ярилцлаа.


-Төсөв тасарлаа, эдийн засаг сайнгүй байна. Үүний шалтгааныг та хэрхэн харж байна вэ?

-Уул уурхай, банк санхүүгээс бусад эдийн засгийн салбар зогсонги, эсвэл агшиж байна. Энэ бол авлигад идэгдсэн, бүтээмжгүй, том төрийн бий болгосон орчны нөлөө. Элдэв зөвшөөрөл, татварын дарамт, төрийн өмчийн компаниуд эдийн засгийг боомилж, эрчим хүч, тээвэр, ложистикийн хүрэлцээгүй байдал эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж байна. Төсвийн цоорхой бол чухамдаа хэр хэмжээнээсээ давсан төрийн зардал. Хэнтий аймгийн бүх сумдыг автозамаар холбох, эзэнгүй талд хөшөө цогцолбор байгуулах, огт тээвэр хийдэггүй төмөр зам тавих, ашигладаггүй цахилгаан нөөцлүүр байгуулах, юу хийдэг нь тодорхойгүй төрийн агентлаг байгуулах нь хэнд ашигтай вэ?

Яагаад төсвийг ийм зүйлд зарцуулаад байна вэ? Үнэндээ монголчууд энэ зардлыг, энэ төслийн зээлийн хүүг л төлж байгаа юм. Тэр нь одоогийн бидний орлогоос давчихсан учраас төсөв тасарч байгаа юм. Уг нь сангийн яамны үүрэг бол ирэх жил орж ирэх орлогыг бодитоор тооцоод, тэрэндээ таарсан төсвийн зардлыг төлөвлөх. Гэтэл орж ирэх орлогыг хийсвэрээр хэт өндрөөр тооцож, улстөрчдийн хүссэн төсвийн зардлыг түүндээ тааруулж тэнцүүлчихсэний үр дүн. Бодит орлого, бодит зардал хоёрын зардал нь өндөр байсан гэсэн үг. Ийм байдлаар цаашаа явбал түүхий эдийн үнэ өсөхөөр цээжээ дэлдсэн бүтээн байгуулагчид, хөөсөө сахруулсан хуурамч эх орончид хоёрт хөтлөгдөөд байгаа байрандаа байсаар байх болно.

-Монгол ардчилсан улс биш боллоо, дарангуйлалд шилжиж байна гэх боллоо. Монголын ардчилал үнэхээр устаж байна уу?

– Пропорциональ тогтолцооны жагсаалтыг хэн, хэрхэн сонгож бүрдүүлэх нь тодорхойгүй, сонгогчдоос алсарсан хэт олон мандаттай сонгуулийн тойрог, нам дамнасан эрх ашгийн хэлхээ зэргийг харах юм бол ардчилал маш эмзэг болсон. 2024 онд сонгууль болоогүй, хуйвалдаан болсон. Хуйвалдагсад парламентад байгаа бүх намуудад олонх байх бүх нөхцөлөө бүрдүүлсэн. Эмзэг ч Монголд ардчилал оршиж байна. Ардчилал бодитоор оршин байгаа цор ганц тулах хүч нь Ардчилсан нам. Улс орныхоо өмнө тулгарсан, ардчилал ямар эмзэг байгааг бүрэн ухамсарласан УИХ дахь АН-ын гишүүдийн мөрөн дээр ардчилал оршиж байна. 2020 оноос хойш төрийн заналхийлэл, хяналтгүй хүчний сүүдэрт үг хэлэхээсээ айдаг болсон байсныг залуусын дуу хоолой, АН-ынхны бат байр суурь таслан зогсоож чадсан. Одоогийн Засгийн газар сөрөг хүчний хяналттай, иргэдээ айлгаж ичээж чадахгүй байгаа нь ардчилал оршиж буйн хэлбэр, хуйвалдагчид дарангуйлал тогтоож чадаагүй нотолгоо. Цаашид бидэнд анхаарах, улс төрийн системээ эрүүл болгох чиглэлээр хийх ажил их бий.

-Ингэхэд Монгол Улсын хөгжилд юу садаа болж байна вэ. Яавал бид хөгжилд хүрэх юм бэ?

-Аливаа улсын хөгжилд гадаад таатай нөхцөл байх нь эергээр нөөлөөлнө, гэхдээ хөгжил зөвхөн гадаад хүчин зүйлээс шалтгаалдаггүй. Хөгжил бол дотоод шалтгаантай. Бид харин хөгжил гэж чухам юу юм бэ гэдэг ойлголтоо цэгцэлж авмаар байна. Бусад улс өндөр барилга барьж, хот суурин босгочихсоныг, иргэдийнх нь эдэлж хэрэглэж буйг, чинээлэг байдлыг хараад хөгжчихөж гэж ойлгоод байна. Гэтэл энэ чинь маш эмх цэгцтэй, үр ашигтай, асар олон зүйлсийн нэгдэл, цогцолборын үр дүн. Чухамдаа чинээлэг байдал тийм амархан бий болчихдог зүйл биш. Эрдэс баялгаа зараад ашиг орлого арвин байлаа гээд хөгжчихлөө гэвэл эндүүрэл болно. Магадгүй гаднаас нь харахад хөгжсөн нийгэмтэй адилхан шилэн байшин, зам талбайтай болчих байх. Гэхдээ энэ бол хөгжлийн илэрхийлэл, харин их орлого олсны л тусгал. Тиймээс хөгжил бол дотоод шалтгаантай, тэр шалтгаан нь монгол хүн.

-Биднийг хоёр хөрш хөгжүүлэхгүй байна гэсэн ойлголт түгээмэл боллоо?

-Гадаад хүчин зүйлс, өнөөгийн дэлхийн байдал бидний хөгжилд сайнаар нөлөөлж байна уу, саараар нөлөөлж байна уу гэдэг мэдээж хэрэг чухал. Гэхдээ тусдаа асуудал. Зүүн Европ, Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн тогтворгүй байдал, зөрчил, дайны байдал ердийн зүйл биш. Гэхдээ энэ нь Монголын хөгжилд чухам ингээд муугаар нөлөөлчихлөө гэх юм одоогоор бага байна. Бид эрчим хүчний хувьд импорын хамааралтай, ганц улсад түүхий эд зардаг. Хойд хөршийн түлш, шатахууны нийлүүлэлт тасалдаж байна. Дутагдлыг нь өмнөд хөршөөсөө нөхөх гэж хичээж байна. Өмнөд хөршийн эдийн засаг өнөөг хүртэл өсөлттэй байна, Монголоос авах түүхий эдийн хэмжээ нэмэгдэж ирлээ. Бид байгаагаараа л байна, дэвшсэн юм алга. Харин Монголоос бусад нь хөгжиж байна. Төв Азийн таван орон нэгдээд хамтын хэлэлцээ хийдэг болчихлоо. АНУ, Японтой 5+1 хэлэлцээ хийж байна. Тэд дэлхий нийтэд эрэлттэй металл, ховор элемент, эрчим хүчний бүтээгдэхүүний хайгуул, олборлолт, үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулалт татаж байна. Эдгээр орнууд уул уурхайн дараагийн томчууд болж тодорно. Зарим нь реэкспорт, дамжин өнгөрөх тээвэрт хөрөнгө оруулалт хийж ашиг орлого нь нэмэгдэж байна. Харин манайд багахан нөөц олдсон дариуд хуурамч эх орончид, хөлсний этгээдүүд очиж дарамталж, төслийг зогсоож, улстөрчид нь түүнийг дагаж популизм хийж байна.

Глобалчлалын эрин үе дууслаа, улс орнууд өөрсдийгөө л бодох цаг ирлээ гэдэг хандлага бас бий болж, худалдаа, хөрөнгө оруулалт хязгаарлагдмал болж байна гэсэн хандлага манай улс төрийнхний дунд түгээмэл байна.

Даяарчлал гэдэг ойлголт нэгэн үе улс үндэстнүүдийн хоорондох чөлөөт худалдаа, нээлттэй эдийн засгийн харилцаа хөгжиж, улмаар бүгдээрээ хожино гэсэн таамаглалд үндэслэж, үр дүнд нь харилцан хамааралтай, энх тайван тогтсон, амгалан дэлхий ертөнц үүснэ гэж итгэж байсан. Гэтэл өнгөрсөн 40 жилийн хугацаанд улс орнууд бүгдээрээ хожигчид байсангүй, бас бүгдээрээ нийтлэг үнэт зүйлстэй ч болсонгүй. Харин аж үйлдвэр, тэргүүлэх технологийн салбарын хөгжлийн динамикийг харвал дэлхий нийтэд маш их нөлөөтэй эдийн засгийн томоохон төвүүд хоорондоо гүн гүнзгий харилцан хамааралтай болсон байна. Эдгээрээс бусад эдийн засгууд ердөө тэргүүлэх технологи эзэмшигчдэд төлбөр төлдөг, дагавар шинжтэй болж ирсэн. Үүнээс үүдэн хүн ам ихтэй улс орнууд зах зээлдээ нэвтрэх боломж олгохдоо технологийн шилжүүлж авах нөхцөл тавьж эхэлсэн нь олон улсын харилцааг 1980-аад онд төсөөлж байсан глобалчлалаас зарчмын хувьд өөр болгож хувиргалаа.

Гэхдээ тусгаар тогтнолын тухай ойлголт XX зуун, хүйтэн дайны үеийнхээс тэс өөр болсон. XXI зуунд бие даасан байдал гэдэг бол чухамдаа интердепенденс буюу харилцан хамаарал гэдэг агуулгатай боллоо. Дэлхийг хэрсэн нийлүүлэлтийн сүлжээг сайтар ажиглавал хагацаах аргагүй болтол хамааралтай болсон цөөн хэдэн эдийн засгуудыг харж болно. Тэд орлуулах аргагүй технологи, үйлдвэрлэлийн ноу-хау, чадварлаг хүний болон санхүүгийн нөөц зэргээсээ шалтгаалан нэгэнгүйгээрээ орших аргагүй болцгоосон. Эцэст нь энэхүү эдийн засгийн хамаарлаа хоорондын улс төр, стратегийн зөрчлөө шийдвэрлэх хэрэгсэл болгон ашиглаж эхэллээ. Харин монголчууд бидний хувьд, Монгол Улсын хувьд авч үзвэл энэ харилцан хамаарлын хаана нь ч нөлөөгүй. Товчхондоо дэлхийн хөгжилд ач холбогдолгүй улс орон болж үлдэж байна. Бид үүнд гүнзгий дүгнэлт хийх ёстой. Минийхээр бол Монгол улс дэлхийн, наанадаж бүс нутгийнхаа түвшинд аж үйлдвэр, эдийн засгийн сүлжээний хагацаашгүй хэсэг болох, гэхдээ биенийхээ эсрэг ашиглах боломжгүй нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Арай дэлгэрүүлж хэлбэл, бид XXI зууны аж үйлдвэрлэл, түүнийг дагалдсан нийлүүлэлтийн сүлжээний ач холбогдолтой нэг хэсэг нь болох ёстой. Гэхдээ аль ч улс орон Монгол Улсын энэ давуу байдлыг хоорондын зөрчилдөө ашиглах боломжгүй байх ёстой. Ингэж чадвал бидний аюулгүй байдал баталгаажиж, XXI зууны харилцан хамаарал бүхий бие даасан байдлаа баталгаажуулж, хөгжлийн орон зайгаа тэлнэ.

-Бид тэгвэл улс орноо хөгжүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ. Ямар хууль баталбал хөгжил ирэх вэ?

-Хэрэв ямар нэг эсвэл хэд хэдэн хууль баталчихаар хөгжчихдөг байсан бол дэлхийн бүх орнууд шилдэг хуулиудыг бүгдээрээ адилхан батлаад хөгжчих байсан биз. Би хөгжлийн тухай төсөөллийг хууль эрх зүйн орчин төдийгөөр ойлгох нь өрөөсгөл зүйл болох биз. Юуны өмнө бидэнд тохиолдоод байгаа үргэлжилсэн хямрал, хоцрогдлын шалтгаан бол бидний оюун санаанд, соёлд байна. Үүнийг хэт холын төсөөлөл, хийсвэр зүйл гэж битгий бодоорой. Бид худал хуурмагийн нийгмийг бүтээгээд байна. Хүмүүс хийж буй ажилдаа чин сэтгэлээсээ хандахгүй, ажлаа зөвхөн цалин авахын тулд хийж, суралцахдаа үнэний мөрийг хөөхийн оронд дүн авахын тулд суралцаад байна. Худал, хуурмагийг мэдсэн ч үнэнийг асууж, шаардах хүн улам цөөрөөд байна. Энэ бол хөгжлийн эсрэг хандлага, ялзралын шалтгаан. Бүгдээрээ биш шүү, энэ бүхнийг ойлгож, шаардаж байдаг цөөнх бий. Гэхдээ тэр цөөнх нь цуцаж, цөхөрч байна. Үнэний эрэлчид хүртэл худал хуурмагийн энэ далайг өөрчлөх нь бүү хэл гаталж барахгүй юм шиг төсөөлж байна. Гэхдээ энэ бол төгсгөл биш. Харин үнэнтэйгээ нүүр тулах завшаан ч байж болно.

-Тэгвэл юунаас эхлэх ёстой вэ?

-Монгол хүний саруул ухааныг сэргээх, тунгаан бодох боломж олгохын тулд хоёрхон зүйлийг хийчихмээр байна. Эхнийх нь төрийн зардлыг бүтнээр нь, үнэнээр нь нийтэлчихмээр байна. Товчхондоо нууцад авсан хулгайгаа ил болгоод, төр хийж байгаа бүхнээ ил тод байлгадаг болчих хэрэгтэй байна. Ингэж чадвал энэ төрийн ой гутам муухай үнэнийг олж үзэж, хэлэлцээд гарах гарцаа бодож тунгааж

эхэлнэ. Нөгөө зүйл нь боловсролын салбартаа үнэнийг сэргээмээр байна. Эрдэм гэдэг бол үнэнийг гэтлэх, үнэний мөрөөр явах, үнэний эрэлд явах замнал. Боловсролын салбар нь хэн хэлсэн нь тодорхойгүйгүй зүйл хуулж бичицгээгээд, нотлогдсон эсэх нь тодорхойгүй юм ярьж яваад эрдмийн зэрэг цол аваад байвал энэ улсад гэрэлт ирээдүй харагдахгүй. Монголын хөгжил бол юуны өмнө үнэнтэй нүүр тулж, түүнийг даван туулдаг хойч үеэс шалтгаална.

-Төрийн бодлого хөгжлийн үндэс биш үү. Эсвэл хувийн хэвшил л улс орныг хөгжүүлнэ гэж найдаад орхих ёстой юу?

-Хүний дотоод мөн чанараас урган гардаг зүйл бол сайхан амьдралын төлөөх тэмүүлэл. Аливаа хүн өөрийн амьдралын сайн сайхныг эн тэргүүнд тавьж, түүндээ хүрэхийн тулд бусадтай хамтран ажиллаж, бусдад итгэж, бусдын итгэлийг дааж амьдардаг. Ийм хүсэл тэмүүлэлтэй хүмүүсийн итгэлцэл бол улс орны хөгжлийн үндэс суурь. Харин нөгөө талд нь хүмүүсийн итгэлцэл дээр суурилсан харилцааг шүүмжлэн, бизнесийн шуналыг таслан зогсооё, тэгшитгэн тараая гэдэг төрийн нэр баригсад гарч ирдэг. Үнэн хэрэгтээ бизнесийг орлож ажил хийх гэсэндээ ч биш, гагцхүү Монголын баялагт хүрэх амар хялбар арга зам учраас л төр зохицуулах ёстой, төр хурааж авах ёстой гэдэг юм.

Гэхдээ би хөгжилд төрийн үүргийг үгүйсгэмээргүй байна. Өнөөгийн технологийн өрсөлдөөнд ялагч болж үлдсэн, хөгжсөн, чинээлэг улс орнуудыг харвал хөгжилд төр чухал үүрэгтэйг нотлох болно. Харин ямар төрүүд хөгжилд эергээр нөлөөлж байсан бэ гэдгийг судлах хэрэгтэй. Бас ямар төрүүд хөгжил биш сүйрэл авчирсан бэ гэдгийг түүнээс илүү судлах хэрэгтэй. Манай төр хөгжил авчирсан биш сүйрэл дагуулсан төрүүдтэй тун ижилхэн болоод байгааг анхаарууштай. Энэ талаар яривал хэдэн арван хуудас болох биз. Товчоор хэлэхэд, төр юу хийх ёстой, юуг хийхгүй байх ёстойгоо тодорхой болгох хэрэгтэй байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Х.Нямбаатар: Нийслэлээс ирэх онд эрчим хүчний долоон төсөл хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Ерөнхий сайд Г.Занданшатарт Төв цэнгэлдэх хүрээлэнд байгуулагдс...

img

7 цагийн дараа

Улсын хэмжээнд мал тооллогын урьдчилсан дүнгээр 58.1 сая толгой мал тоологдлоо

Улсын хэмжээнд 2025 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 58.1 сая толгой мал тоологдлоо. Малын тоо өмнөх оноос 445.1 мянган т...

img

6 цагийн дараа

Ирэх даваа гарагт бүх нийтээр амарна

“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд заасны дагуу ирэх даваа гараг буюу арванхоёрдугаар са...

img

5 цагийн дараа

Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2025 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2025 ОНЫ 12 ДУГААР САРЫН 30, 31-НИЙ ӨДРИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРАА...

img

5 цагийн дараа

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт чөлөөт цагаа өнгөрүүлэх мөсөн гулгуурын талбай, мөсөн хотхон байгууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Төв цэнгэлдэх хүрээлэнд байгуулсан тохижилтын ажилтай танилцлаа. Энэ жил өвлийн улиралд иргэ...

img

4 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд