Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 28

Валютын ханш

value

мэдээ

Л.Дэлгэрзул: Агаарын бохирдол нь ураг зулбахтай шууд хамааралтай

trend

Админ

img

2025 оны 12 сарын 28

news-img

Орчны эрүүл мэнд судлаач, хүний их эмч Л.Дэлгэрзултай агаарын бохирдол ураг зулбахад нөлөөлж буй талаар ярилцлаа.


-Сүүлийн жилүүдэд агаарын бохирдлыг бууруулах шийдэл хайж байгаа ч тодорхой үр дүнд хараахан хүрээгүй байна. Гэтэл агаарын бохирдлоос үүдэн ураг зулбах эрсдэлт нөхцөл үүсч байна уу?

-Тийм. Лос Анжелосын их сургуулийнхан манай Эх хүүхдийн эрүүл мэндийн төвтэй хамтран 2015 онд нэгэн судалгаа хийсэн байдаг. Энэ судалгааны үр дүн юу гэж гарсан бэ гэхээр галлагааны улиралд ураг өөрөө зулбах тохиолдол огцом нэмэгддэг. Судалгааны үр дүнг илүү нарийвчлаад яривал, хэрвээ бид агаарын бохирдлыг тав дахин бууруулж чадвал ураг өөрөө зулбахыг дөрөв дахин бууруулах боломжтой.

Түүнчлэн ургийн гажиг тодорхойлдог лабораторийнхны судалгаагаар галлагааны улиралд ургийн гажиг огцом ихэсч байна. Энэхүү лаборатори нь судалгааныхаа үр дүнг одоогоор нийтлүүлээгүй байгаа. Гэхдээ бодитоор ирж буй хүмүүсийн тоо огцом ихэссэн тохиолдол бий. Саяхан Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захирал асан Ж.Энхцэцэг телевизэд яриа өгсөн байсан. Энэ үеэрээ өсөлтгүй буюу жирэмсэн үедээ бойжилт нь зогсох тохиолдол яалт ч үгүй өвлийн улиралд нэмэгдэж байна гэх агуулгыг хөндсөн юм. Энэхүү судалгааг өөрийнх нь магистрант оюутан хийсэн юм билээ. Энэ бүгдийн үр дүнд нийт төрөлтийн тоо 70 орчим мянгаас одоо 50 орчим мянга руу орчихсон байх жишээтэй. Энэ юуг хэлж байна вэ гэхээр шууд гэр бүлээ төлөвлөөд хүүхэд гаргахгүй байя гэх шийдвэрээс илүү өөр хүчин зүйл нөлөөлж буй гэдгийг харуулж байна.

-Агаарын бохирдол нь ураг зулбах, гажихад анагаах ухаан талаасаа хэрхэн нөлөөлж байна вэ. Та үүнийг хамгийн энгийнээр тайлбарлахгүй юу?

-Дэлхий дахинд агаарын бохирдол, тэр дундаа нарийн ширхэгт тоосонцор нь ихэсийн хаалт буюу эх, хүүхэд хоёрын дундах хаалтыг давах бүрэн боломжтой гэдгийг судалгаагаар баталчихсан байдаг. Гэтэл ХДВ-ийн халдвар эхээс урагт дамжихгүй байгаа. Үүнийг анагаах ухаан маш сайн таслан зогсоож чаддаг. Яагаад гэвэл ихэсийн хаалт гэдсэн дотор буй хүүхдийг хамгаалах зориулалт, үүрэгтэй. Тийм учраас ихэсийн хаалтыг давахгүй зүйл байна. Мөн давах зүйлийнх нь тоонд нөгөө нарийн ширхэгт тоосонцор орчихсон байгаа юм. Нийгмийн эрүүл мэндийн төвийнхөн дэгдэмхий органик нэгдлийг туршиж үзсэн байдаг юм билээ. Судалгааныхаа хүрээнд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, үзвэр үйлчилгээний газруудыг сонгож аваад, дэгдэмхий органикийг нэгдлийг хэмжихэд 95 хувьд нь хавдар төрүүлэгч дэгдэмхий органик бодис байна гэх үр дүн гарсан. Агаар дээр хавдар төрүүлдэг бодис огт байх ёсгүй. Гэтэл “Байна” гэдэг чинь өрөө их, бага хэмжээгээр нөлөөлөх боломжтой гэсэн үг. Ерөнхийдөө хүүхэд төрөхгүй, төрж буй хүүхдийн тоо буурч буй энэ үзэгдэл нь үндэсний аюулгүй байдал буюу хүн амын тоо буурахад нөлөөлөх бүрэн боломжтой гэж ойлгож болно.

-Агаарын бохирдлоос үүдэн ураг зулбасаны дараа залуу гэр бүлүүд дахин хүүхэдтэй болох сонголтыг харьцангуй  бага хийж байна уу?

-Анагаах ухаанд хүн эрүүл байхыг юу гэж тодорхойлдог вэ гэхээр бие махбод болон сэтгэл санааны хувьд эрүүл байх ёстой. Эхний удаа хүүхдээ алдсан, эсвэл жирэмслэлт нь амжилтгүй болсон учраас сэтгэл санааны хувьд эрүүлт биш байвал тухайн хүн эрүүл биш гэсэн албан ёсны тодорхойлолтод орно. 2000 оныг хүртэл бие махбодыг л эрүүл гэх тодорхойлолттой явсан. Харин 2000 оны эхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага эрүүл хүн гэдэг чинь сэтгэл санаа, бие махбодын хувьд ч эрүүл байх ёстой гэж тодорхойлсон юм. Угаасаа асуудал үүссэн учраас айдастай байна. Дахин хэзээ жирэмсэн болохоо сайн мэдэхгүй. Эсвэл дахин жирэмсэн болохоос айдаг ийм нөхцөл байдал үүсч байгаа юм.

Жишээлбэл, миний нэг танил ургийн гажигтай буюу дотор эрхтэн нь гадагшаа гарчихсан гажигтай гээд жирэмслэлтийг нь тасалсан юм. Тэгээд над руу утасдаад би яагаад ийм ургийн гажигтай болчихсон юм бол гэж асуусан. Ээж хүнд зөн совин гэж байдаг. Та хувьдаа юу нөлөөлсөн байх магадлалтай гэж бодож байна вэ гэхэд би автобусны жолооч хийдэг юм. Өглөө таван цагт бааз руугаа ороод, бүх автобусаа нэг дор асаадаг юм. Тухайн газар удаан байхад нүднээс нулимс гоождог. Гол нь дизель түлшээр цаг гаруй автобусаа халааж байгаад баазаасаа гардаг. Жирэмсэн болсноо мэдэхгүй хэдэн сар ийм орчинд байсан. Энэ нөлөөлсөн байх магадлалтай юу гэж надаас асуусан. Мэдээж, химийн бодисын хордлого урагт зайлшгүй их, бага хэмжээгээр нөлөөлнө. Одоо бол эх барих салбарын эмч нар энэ асуудлыг яриад эхэлсэн. Урьд нь зөвхөн агаарын бохирдол судалдаг хүмүүс ярьдаг байсан шүү дээ. Энэ асуудал бидний амьдрал дээр, кейсээр илэрдэг боллоо. Генетикийн лабораторид хүртэл улиралтайгаа шууд хамааралтай хэмээн илэрч байна.

-Одоо дахин судалгаа хийвэл үүнээс өөр үр дүн, ахиц дэвшил гарах болов уу?

-Миний ярианыхаа эхэнд дурдсан Лос Анжелосын судалгаа одоогоос арван жилийн өмнө хийгдсэн. Үүнээс хойш агаарын бохирдол огцом 50,60,70, 80 хувиар буурсан зүйл огт байхгүй. Өмнөх түвшинтэйгээ ойролцоо байна. Одоо дахин энэ судалгааг давтаж хийх ямар ч шаардлага байхгүй. Аль хэдийнэ батлагдсан зүйл. Агаарын бохирдол нь ураг зулбахтай шууд хамааралтай байна.

-Та жирэмсэн эмэгтэйчүүдэд хандаж зөвлөгөө өгөхгүй юу?

-Манай монголчууд “Би Зайсанд эсвэл нэг, хоёр гүүрний цаана арай бага орчны бохирдолтой орчинд амьдардаг” гэж ярьдаг. Жишээлбэл, энэ жил агаарын бохирдол өмнөх жилүүдтэй харьцуулахад арай бага байна гэдэг ч юм уу. Гэтэл өчигдөр, өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад агаарын бохирдол 10, 15 хувиар л буурсан байх жишээтэй. Бодит амьдрал дээр мэдрэгдэхүйц тоогоор буурсан зүйл байхгүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын өгсөн зөвлөмжөөс хэд дахин их. Энэ нь эргээд иргэн бүрийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна. Тиймээс нэгдүгээрт, жирэмсэн ээжүүд маань 12, 1 дүгээр сард хотоос гарах хэрэгтэй. Хоёрдугаарт, жирэмслэхээр төлөвлөж буй залуу гэр бүлүүдийн хувьд 11, 12, 1 дүгээр саруудад аль болох жирэмслэхгүй байх хэрэгтэй. Яагаад гэвэл ургийн эхний гурван сар нь өөрөө хамгийн эмзэг, эрсдэл үүсэх магадлалтай үе нь байдаг. Гуравдугаарт, бага насны хүүхэд ихэвчлэн гэртээ байдаг. Гадаа бараг гардаггүй. Тиймээс гэрийнхээ дотоод орчны агаарын чанарыг маш сайн хянаарай. Хэрэв ханиад хүрсэн хүүхэд байвал дотоод орчны агаарын чанар, чийгшил гээд бүгд хүүхдийн томуу өвчин хүндрэхэд нөлөөлдөг юм шүү. Би өөрөө агаарын бохирдол хэмждэг багаж оруулж ирж зарж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ багаж нь дотоод орчны агаарын бохирдлыг, чанартай нь хамт хэмждэг. Үүнийг зарах болсон гол шалтган нь жирэмсэн болон бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийг аваасай гэх үүднээс юм. Яагаад гэвэл бага насны хүүхдийн хатгалгаа өвчний нас баралтын 45 хувь нь дотоод орчны агаарын чанар буюу гэр дотор буй агаар муу байдагтай холбоотой. Түүнчлэн амьсгалын замын өвчин хүндрэхэд нөлөөлдөг хүчин зүйл нь агаарын чанар байдаг.

 

А.Даваадулам

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Х.Нямбаатар: Нийслэлээс ирэх онд эрчим хүчний долоон төсөл хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Ерөнхий сайд Г.Занданшатарт Төв цэнгэлдэх хүрээлэнд байгуулагдс...

img

6 цагийн дараа

Улсын хэмжээнд мал тооллогын урьдчилсан дүнгээр 58.1 сая толгой мал тоологдлоо

Улсын хэмжээнд 2025 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 58.1 сая толгой мал тоологдлоо. Малын тоо өмнөх оноос 445.1 мянган т...

img

5 цагийн дараа

Ирэх даваа гарагт бүх нийтээр амарна

“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд заасны дагуу ирэх даваа гараг буюу арванхоёрдугаар са...

img

4 цагийн дараа

Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2025 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2025 ОНЫ 12 ДУГААР САРЫН 30, 31-НИЙ ӨДРИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРАА...

img

4 цагийн дараа

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт чөлөөт цагаа өнгөрүүлэх мөсөн гулгуурын талбай, мөсөн хотхон байгууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Төв цэнгэлдэх хүрээлэнд байгуулсан тохижилтын ажилтай танилцлаа. Энэ жил өвлийн улиралд иргэ...

img

3 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд