мэдээ
Д.Янжиндулам: Эрдэсийн дутагдалд ороод эхэлбэл ямар нэг өвчний суурь нь тавигддаг

Админ
2025 оны 12 сарын 28

Эрдэсийн дутагдлын сөрөг нөлөө болон эрдэс нь биед ямар үүрэг гүйцэтгэдэг талаар их эмч Д.Янжиндуламтай ярилцлаа.
-Сүүлийн үед эрдэсийн дутагдал гэж ярих болсон. Тэгвэл хүний биед эрдэс ямар үүрэг гүйцэтгэдэг талаар эхлээд ярихгүй юу?
-Хүний бие махбод эсээс тогтдог. Тэр эсийн доторх найрлагад ус, эрдэс бодисууд байдаг гэсэн үг. Эрдэсийн тухайд хүний бие махбодод уураг, тос, нүүрс ус аминдэмийн адилаар зайлшгүй шаардлагатай. Жишээлбэл, монгол хүмүүс ихэвчлэн Д витамины дутагдалтай байна гэж ярьдаг. Яагаад вэ гэдэгт шинжлэх ухааны судалгаа хийхэд, манайх нарны системээс алслагдсан зайтай, дөрвөн улиралтай нь үүнд нөлөөлж байгаа. Д витамин нь нарны туяаны нөлөөгөөр бидэнд үүсч байдаг. Үүнтэй адил бидний биед бүх төрлийн бодисын солилцоо, химийн урвалууд явагддаг гэсэн үг. Бодисын солилцоо гэдэг нь хүний биед байгаа бүх бодисууд хоорондоо химийн урвалд орж, бие биеэ нөхдөг үйл явц. Бие өөрөө үйлдвэрлэгч хийдэг гэсэн үг. Үүн дээр нэмээд гаднаас орж ирж байгаа шим тэжээл буюу хоол хүнс, витамин бүгд хэрэгцээтэй байдаг гэсэн үг. Ингээд хаана ямар эрдэс бодис хэрэгтэй байна гэдгийг хуваарилдаг. Харин эрдэсийн дутагдал гэдэг нь бие махбодод шаардлагатай эрдэс бодисууд буюу кальци, магни, кали, зэрэг дутагдахыг хэлнэ.
-Сүүлийн үед бага насны хүүхдүүд гэлтгүй насанд хүрсэн хүмүүс түргэн хоол, хийжүүлсэн ундааг ихээр хэрэглэх болсон. Энэ нь хүний биед байх ёстой шим тэжээл, эрдэс бодисыг нөхөж чадахгүй гэж үзэж болох уу?
-Сүүлийн үеийн хүмүүс хоол хүнсэндээ ялангуяа хийжүүлсэн ундаа, бэлэн хоол маш их хэрэглэж байна. Мэдээж эдгээр хүнс нь хүний биеийн эрдэс бодис, шим тэжээлийг нөхөж чадахгүй. Бэлэн хоол, газтай ундаа нь эсийн түвшинд очих нөлөөллийг өөрчилж байдаг. Улмаар дархлааны системд нь нөлөөлнө. Ингээд эрдэсийн дутагдалд ордог. Тухайлбал, чихэрлэг зүйлсийн хэт их хэрэглээнээс шалтгаалан кальцийн дутагдал бий болдог. Шаардлагатай кальцийн хэмжээгээ нөхөлгүй энэ хэвээрээ үргэлжилбэл хүүхэд амархан ядарч сульдах, ясны сийрэгжилт болох зэрэг эрсдэлийг дагуулдаг.
-Тэгвэл эрдэс бодисын дутагдалгүй байхын тулд яах ёстой вэ?
-Зөв хооллолт нь эрдэс бодисын дутагдалгүй байхын гол үндэс гэж үздэг. Тиймээс ээжүүд маань хүүхдээ эхийн хэвлийд тээж байх үеэс нь эхлээд л зөв хооллож, бодисын солилцооны дутагдалгүйгээр бойжуулах хэрэгтэй. Үүнээс гадна дасгал хөдөлгөөн, агаарын солилцоо сайн байвал химийн урвалууд зөв явагдана. Орчин үед хүн бүхэн эрүүл ахуй, зөв хооллолт, эрүүл мэндээ сахин хамгаалах нь нийгмийн том асуудал болсон шүү дээ. Тийм учраас энэ тал дээр зайлшгүй анхаарах ёстой гэж зөвлөмөөр байна.
-Ер нь эрдэс бодис дутагдсанаар хүний биед наад зах нь ямар сөрөг нөлөө үзүүлдэг юм бол?
-Сөрөг нөлөө их бий. Хамгийн наад зах нь төмөр дутагдлаа гэхэд төмөр дутагдлын цус багадалт үүснэ. Шүд цооролт нь магни, кали, кальци гэх мэт элементүүд дутагдаж байна гэсэн үг. Шүдний бүтцэд орж байгаа элементүүд бүрэн байвал шүд цоорохгүй, эрүүл байна. Мөн кали, кальци ясанд дутагдвал яс хугаралт үүснэ. Үүнээс гадна кальци дангаараа дутагдаж байна гээд ихээр нь уугаад байвал хатуураад, амархан хугарахад хүргэдэг. Энэ мэтчилэн эрдэсийн дутагдалд ороод эхэлбэл ямар нэг өвчний суурь нь тавигддаг гэж ойлгож болно. Эрдэс дутагдах үед нийтлэг хэд хэдэн шинж тэмдэг илэрдэг. Үс, хумс хэврэгшиж, хугарч гэмтэх, арьс хуурайших, загатнах, нөсөө үүснэ. Мөн сэтгэл түгших, сандрамтгай болох, ой тогтоолт муудах, нойр муудах, шуугианд мэдрэмтгий болох зэрэг ерөнхий шинж тэмдэг илэрдэг.
-Хоол хүнснээс гадна нэмэлтээр эрдэс, витаминуудыг хүмүүс ихээр хэрэглэдэг болсон шүү дээ?
-Ер нь хүн хоолоороо шим тэжээлээ авч чадахгүй бол нэмэлтээр авахаас өөр аргагүй. Кальци, натрийн шингэн хийж байгаа нь эмчилгээний нэг зарчим гэсэн үг. Нэмэлт эрдэс, бүтээгдэхүүн олон бий. Гэхдээ дутагдаж байгаа эрдэсээ л нөхөх ёстой. Өөрөө дур мэдээд, тийм эрдэс витамин дутагдаж байгаа байх гээд шууд уугаад байх нь буруу. Эхлээд цусан дахь элементүүдийн харьцааг тодорхойлох хэрэгтэй. Жишээ нь, ийм төрлийн эрдэс цусанд тийм хэмжээтэй байх ёстой гээд химийн лабораторид цусны шинжилгээнүүдээ хийлгэнэ. Ингээд лабораторийн шинжилгээндээ үндэслээд натри, кальци, йон, төмрийн эрдэс тийм хэмжээтэй дутагдсан байна гэдэг нь гарч ирнэ. Мөн дутагдлаасаа илүүдэлд нь ч хортой нөлөө үзүүлэх тохиолдол бий. Тиймээс заавал мэргэжлийн эмчийн заавар зөвлөгөөг авах ёстой. Ялангуяа хүүхдэд биеийн жин, наснаас нь хамаараад хүүхдийн эмчээс зөвлөгөө авах ёстой байдаг.
Г.БАЛГАРМАА
Х.Нямбаатар: Нийслэлээс ирэх онд эрчим хүчний долоон төсөл хэрэгжүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Ерөнхий сайд Г.Занданшатарт Төв цэнгэлдэх хүрээлэнд байгуулагдс...
7 цагийн дараа
Улсын хэмжээнд мал тооллогын урьдчилсан дүнгээр 58.1 сая толгой мал тоологдлоо
Улсын хэмжээнд 2025 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 58.1 сая толгой мал тоологдлоо. Малын тоо өмнөх оноос 445.1 мянган т...
6 цагийн дараа
Ирэх даваа гарагт бүх нийтээр амарна
“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд заасны дагуу ирэх даваа гараг буюу арванхоёрдугаар са...
5 цагийн дараа
Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2025 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2025 ОНЫ 12 ДУГААР САРЫН 30, 31-НИЙ ӨДРИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРАА...
5 цагийн дараа
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт чөлөөт цагаа өнгөрүүлэх мөсөн гулгуурын талбай, мөсөн хотхон байгууллаа
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Төв цэнгэлдэх хүрээлэнд байгуулсан тохижилтын ажилтай танилцлаа. Энэ жил өвлийн улиралд иргэ...
4 цагийн дараа
Сэтгэгдлүүд


