мэдээ
Э.Эрдэнэчимэг: 2030 онд дэлхий дахинд нийт тээврийн хэрэгслийн 48 хувь нь цахилгаан болно гэсэн судалгаа бий DNN.mn
Админ
2024 оны 11 сарын 29
55
Зам тээврийн яам, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран “Цахилгаан тээврийн хэрэгсэлд шилжих чиг хандлага” зөвлөгөөн зохион байгуулав. Энэ үеэр “Азийн дэд бүтцийн судалгааны хүрээлэн”-ийн гүйцэтгэх захирал Э.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.
-Манай улсад цахилгаан тээврийн хэрэгслийг нэмэгдүүлэх тал дээр ямар бодлого, төлөвлөгөө хэрэгжүүлж байна вэ?
-Зам тээврийн яам, Эрчим хүчний яам, Байгаль орчны яам хамтран 2024-2026 онд цахилгаан тээврийн хэрэгслийг нэмэгдүүлэх төлөвлөгөөг боловсруулан хамтран баталж, хэрэгжүүлж эхлээд байна.
Энэ удаагийн зөвлөгөөн нь нийтийн тээврийн салбараас ялгарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах болон Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” баримт бичигт “нүүрстөрөгч багатай хүртээмжтэй ногоон эдийн засгийг хөгжүүлж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах олон хүчин чармайлтад хувь нэмэр оруулна гэж тодорхойлсон. Манайд цахилгаан тээврийн хэрэгслийн нэмэгдэлт нь энэ зорилтод хүрэхэд зарим талаар хүндрэл гарч байгаа. Яагаад гэвэл манай улс эрчим хүчний хомсдолтой, цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх станцын сүлжээ бага байгаа нь нөлөөлж байна. Мөн Монгол орны хувьд цаг агаарын эрс тэс уур амьсгалтай учраас цахилгаан тээврийн хэрэгслийн батерей бүрэн цэнэглэлтээрээ өвлийн цагт зохих замдаа явж чаддаггүй асуудал үүсдэг. Харин сүүлийн хоёр жил цахилгаан автобусны тоо нэмэгдсэн. Одоогоор 113 цахилгаан автобус байгаагийн 22 нь троллейбус, 91 нь цахилгаан автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна. Нийтийн тээврийг цахилгааны оргил ачаалалгүй үед буюу шөнийн цагаар цэнэглэдэг. Шинээр авсан автобуснууд нь бүтэн нэг цэнэглэлтээрээ тухайн өдрийнхөө гүйлтийг хийдэг. Анх 2018 онд авсан автобуснуудын хувьд батерейны асуудал гараад хоёр удаа цэнэглэх тохиолдол гарч эхэлсэн. Одоогоор Улаанбаатарт тээврийн хэрэгслийн цэнэглэх станц 13 байгаа.
-Цахилгаан тээврийн хэрэгсэл нь байгаль орчин болоод хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь энгийн машинтай харьцуулахад ямар байдаг вэ?
-Цахилгаан тээврийн хэрэгслийн давуу тал нь хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө бага байдаг. Харин дизель түлшнээс ялгарч байгаа хорт хийн агууламж маш өндөр учраас амьсгалын замын өвчин болон хорт хавдрын гол шалтгаан болж байна шүү дээ. Худалдан авахад эхний хөрөнгө оруулалт нь үнэтэй боловч цаашдын зардал нь хямд байдаг.
-Дэлхий нийт цахилгаан тээврийн хэрэгслийг нэмэгдүүлэх тал дээр ямар ажлууд хийж байгаа бол?
-Зарим улс орнууд иргэдийнхээ цахилгаан тээврийн хэрэгсэл унах сонирхлыг янз бүрийн байдлаар дэмжиж байна. Тухайлбал, төр нь татвараас хөнгөлдөг. Эсвэл анхны худалдан авалтаас нь хөнгөлөлт үзүүлдэг байх жишээтэй. 2030 он гэхэд дэлхий дахинд нийт тээврийн хэрэгслийн 48 хувь нь цахилгаан болно гэж үзэж байгаа. Улс орнууд эх дэлхийгээ хамгаалах дор бүрнээ хүчин чармайлт гаргаж байна. Манай улсын хувьд ч уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж байгаа хүлэмжийн хийн ялгарлыг багасгахад хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Тиймээс төр бодлогоор цахилгаан тээврийн хэрэгслийг дэмжиж байгаа.
Жишээлбэл, ногоон дугаартай машинууд нэгдүгээр эгнээгээр зорчих боломжтой. Мөн татвараас чөлөөлөгдөнө. Дугаарын хязгаарлалтад орохгүй зэрэг давуу талтай.
-Манай улсад хэчнээн цахилгаан тээврийн хэрэгсэл байна вэ. Ашиглалтын зардлын хувьд иргэдийн эдийн засагт ямар давуу талтай бол?
-Монголд 2017 онд 86 цахилгаан автомашин байсан бол энэ онд 1308 болж өссөн байна. Ашиглалтын зардал нь батерейны төрлөөсөө хамаараад өөр өөр. Тухайлбал, “АПУ” компани хоёр цахилгаан авто машинаар хүргэлтээ хийдэг юм билээ. Өөрсдөө дотроо цэнэглэгчтэй. Харин станцад нэг удаагийн цэнэглэлт нь 76000 төгрөг болно. Дизель түлшээр явдаг машинтай харьцуулахад ашиглалтын зардал хамаагүй бага. Дээрээс нь ногоон эдийн засгаа дэмжчихнэ. Харин дизель түлшээр явдаг автомашин ашиглалтын зардал өндөр, байгальд хортой байдаг.
-Цахилгаан тээврийн хэрэгсэл ашиглалтын явцад ямар асуудал үүсч болох вэ?
-Ер нь батерейны асуудал гардаг. Өөрөөр хэлбэл, батерей ашиглах хугацаа дуусвал яах вэ гэдэг хог хаягдлын менежментийг бодох хэрэгтэй. Ямар төрлийн батерейнаас хамаараад түүнээс гарч байгаа хорт бодис нь өөрөө аюултай. Үүнийг ямар бодлогоор шийдэхээ анхаарах ёстой.
Цахилгаан тээвэр хэрэглэсэн ч эрчим хүчний үүсвэр өөрөө цэвэр байх хэрэгтэй. Эрчим хүчний салбараас гарч байгаа хүлэмжийн хийн ялгарал манай улсын хувьд дэлхийн улс орнуудтай харьцуулахад өндөр байдаг. Энэ нь бид нүүрс түлдэгтэй холбоотой. Нүүрснээс хүхрийн хүчил, азотын хүчил, нүүрсхүчлийн хий, цацраг идэвхт бодис гэх мэт олон төрлийн химийн хорт бодис ялгардаг. Бид эрчим хүчний салбарыг сэргээгдэх эрчим хүчээр хөгжүүлэх хэрэгтэй. Манай орны хувьд сэргээгдэх эрчим хүчинд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй боловч нарны болон салхин цахилгаан станцаас гарах эрчим хүчний хэмжээ нь бага болоод байдаг. Тийм учраас цөмийн эрчим хүчийг сонирхож болно. Япон зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй орон бол нүүрсний дулааны цахилгаан станцдаа яндангаас нь гарсан утааг цэвэршүүлж, дундаас нь хүхрийн ислийг ялгаж авч хүхрийн хүчил хийдэг. Азотын ислийг нь ялгаж аваад азотын бордоо хийдэг гэх мэтчилэн химийн үйлдвэрлэл болон эдийн засгаа хөгжүүлдэг. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж байгаа энэ үед манай улс зорилтот үе шаттай арга хэмжээ авах хэрэгтэй гэж бодож байна.
Г.БАЛГАРМАА
ТОЙМ: “Өдрийн сонин”-ы дулаан арал худалдаж авах санаа 25 дахь өвөлдөө үргэлжилж байна хэмээв DNN.mn
“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт НИТХ-ын төлөөлөгч Ч.Бат...
8 цагийн дараа
ГССҮТ-ийн эмч нар өвдөгний тойгийн эмгэгтэй өвчтөнийг эмчлэх шинэ технологи нэвтрүүлэв DNN.mn
Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Хүүхдийн мэс заслын тасгийн хамт олон Монголд анх удаа зүүн өвдөгний нь тойг мултралтай төрс...
6 цагийн өмнө
Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn
Прокурорын байгууллага 2024 оны 11 дүгээр сарын 25-наас 29-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 43999, мөрдөн байцаалтын 47...
6 цагийн өмнө
Үхрийн мах кг нь 14-15 мянган төгрөг байна DNN.mn
“Малчин лавлах-109” мэдээллийн төвийн мэдээгээр, нийслэлийн “Хүчит шонхор-Дэнжийн мянга” захад 12 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар ...
6 цагийн өмнө
АТГ: 10 обьектод нэгжлэг хийжээ DNN.mn
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 01-ний өдрүүдэд гэмт хэргий...
7 цагийн өмнө
Сэтгэгдлүүд